Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 821

 

МАГАДЛАЛ

 

2017.03.29                                                     Дугаар 821                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

Д.Бямбаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/00328 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Бямбаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Ариунтуяад холбогдох,

Гэм хорын хохиролд 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2015 оны 10 дугаар сарын 12-нд болсон Өмнөговь аймгийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Х.Ариунтуяа, Д.Бямбаа нарт холбогдох хэргийг хэлэлцээд Х.Ариунтуяа нь өөрийн бурууг хүлээн зөвшөөрч түүний гэм буруутайг тогтоосон. Х.Ариунтуяа нь миний эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 500 000 төгрөг төлнө гэж тохиролцсон ба шүүх хуралдаан болохоос өмнө 300 000 төгрөгийг төлсөн үлдэх 200 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 1-нд төлнө гэж өөрөө бичиж, нотариатаар баталгаажуулсан боловч уг мөнгийг өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Х.Ариунтуяагаас миний эмчилгээний зардлын 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 119 дугаартай, хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын 4-т “...Х.Ариунтуяа, Д.Бямбаа нь бусдад төлөх төлбөр хохиролгүй...” тухай заасан байдаг. Өөрөөр хэлбэл Х.Ариунтуяа нь Д.Бямбаад учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Түүнчлэн 500 000 төгрөгийг Х.Ариунтуяа нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө бэлнээр Д.Бямбаад өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан Х.Ариунтуяагаас 200 000 төгрөгийг гаргуулж, Д.Бямбаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 650 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Бямбаад буцаан олгож, хариуцагч Х.Ариунтуяагаас 6 650 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 119 тоот шийтгэх тогтоолоос харахад нэхэмжлэгч хариуцагч нар хоёулаа хохирогч, мөн хоёулаа шүүгдэгчээр оролцсон байдаг. Д.Бямбаа нь хохирогчийн хувьд Х.Ариунтуяатай эвлэрлийн гэрээ байгуулснаа шүүхэд гаргаж өгснийг үнэлж дүгнэсэн байдаг бөгөөд, хууль сануулан шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө, эмчилгээний хохирол төлбөрийг төлж барагдуулсан, цаашид ямар нэгэн гомдол саналгүй гэсэн. Өөрөөр хэлбэл хуулийи хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэгдсэн нөхцөл байдлыг шүүх дахин үнэлж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар, Т.Батсүх, Д.Уранзул нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг зөрчин, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Онолын хувьд аливаа бичмэл нотлох баримт нь тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой, түүнийг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан байвал нотолгооны хэрэгсэлд тооцогддог. Мөн шүүхийн практикаас харахад ч иргэний хэрэгт эрүү, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүгчийн шийтгэх тогтоол, шийдвэрийг нотлох баримтаар үнэлж дүгнэдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Бямбаа нь хариуцагч Х.Ариунтуяад холбогдуулан гэм хорын хохиролд 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...мөнгийг төлсөн...” гэж маргажээ.

Хэрэг авагдсан баримтуудаас үзвэл 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Д.Бямбаа, Х.Ариунтуяа нар нь маргалдаж бие биенийхээ эрх чөлөөнд халдсанаар хэн алиных нь биед хөнгөн гэмтэл учирсан гэмт хэргийн үйл баримт нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 119 дүгээр Шийтгэх тогтоолоор тогтоогдсон, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр Х.Ариунтуяа, Д.Бямбаа нарын үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Түүнчлэн Х.Ариунтуяа, Д.Бямбаа нар нь бусдад төлөх төлбөр, хохиролгүйг дээрх тогтоолд заасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Х.Ариунтуяа нь гэм буруугаа хүлээж, хохирол 500 000 төгрөгийг төлөхөөр хоёр талын өмгөөлөгчийн байлцуулан, шүүхийн шийдвэрийг гаргуулсан, 300 000 төгрөгийг өгч, үлдэх 200 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 1-нд өгөхөөр тохиролцон, бичиг үйлдэж, гарын зүсэг зурсан боловч өгөхгүй байгаа...” гэжээ.

Хариуцагч нь дээрх бичвэрийн агуулгын талаар маргаагүй, харин 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэж маргаж байгаа боловч тайлбараа баримтаар нотлоогүй, энэ талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Хэдийгээр шүүхийн шийтгэх тогтоолд зохигчдыг бусдад төлөх төлбөргүй гэж   заасан ч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар 200 000 төгрөгийг Д.Бямбаад төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр нотлох баримтанд үндэслэгдсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох...” гэж давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2017/00328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

 

   ШҮҮГЧИД                                                   Б.НАРМАНДАХ

 

                                                                         М.НАРАНЦЭЦЭГ