Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00032

 

Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00275 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар магадлалтай,

Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй,

Б.******* холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 45.688.095 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Байгалмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Байгалмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Б.******* нь амьдралын хэцүү байдлаа ярьж, Завхан аймагт нөхөн сэргээлтийн ажил авч байгаа хурдан хугацаанд мөнгийг чинь буцааж өгнө гээд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 30.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Тухайн мөнгийг тоолж өгч байхад Г.Гэрэлт-Од хамт байсан. Сүүлд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай эксковатор хөлслөж чиний 30.000.000 төгрөгийг гаргаж өгөх учраас 10.000.000 төгрөг шилжүүл гэж хэлээд би өөрийнхөө данснаас Б.*******гийн данс руу шилжүүлсэн. Мөнгө зээлэхээс өмнө Б.*******, Г.Гэрэлт-Од, манай нөхөр Т.Шонт, Ц.Ангирмаа бид 5 Минж ресторанд уулзаж байсан ба нийт 40.000.000 төгрөгийг зээлсэн. Нөхөр Т.Шонт бид хоёр ХААН банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд банкнаас зээлээ төлөхийг шаардаад хэцүү байдалд байна. Бид нар Б.******* эгчтэй алт болон газар шорооны ажлаар хамтарсан зүйл байхгүй. Иймд Б.*******д зээлдүүлсэн 40.000.000 төгрөг, хүү алданги нийт 45.688.095 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.*******д мөнгөө өгснийхөө дараа өгөхгүй удаа дараа худлаа хэлээд байхаар нь цагдаад өгч шалгуулж байсан. Мөн Төв зах дотор зогсдог Юра эмчийн эхнэр ******* гэх эмэгтэйд Б.*******гийн хүнсний 1 сая төгрөгний өрийг төлөөд 9.000.000 төгрөгийн алтыг би аваад явсан учир 40.000.000 төгрөгнөөс 9.000.000 төгрөгийг хасч тооцно. Одоо би нэхэмжлэлийн шаардлагаа багасган 31.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.*******гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч Б.******* миний бие нэхэмжлэгч Ю.Байгалмаа болон Т.Шонтой нартай танилын хүрээнд олон жил нөхөрлөж ирсэн бөгөөд нэхэмжлэгч Ю.Байгалмаа болон Т.Шонтой нар анх надад бизнесийн ажлын боломж байгаа эсэх талаар болон Завхан аймгийн Мандал сум дахь Шувуут уул гэх газар алтны чулуун ордны газар байдаг гэсэн түүнд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэлж намайг тэнд хүмүүстэй уулзуулж зуучилж өгөхийн зэрэгцээ хамтран хөрөнгө оруулах санал тавьж харилцан тохиролцож хамтаараа ажиллахаар болсон. Ийнхүү нэхэмжлэгч Т.Шонтой, Ю.Байгалмаа бид хамт А.Дэлгэрням, Г.Гэрэлт-Од нартай уулзаж хэдэн сар ярилцаж тохиролцсоны эцэст Завхан аймгийн Мандал сум дахь Шувуут уул гэдэг газар алтны чулуун ордны ажилд хамтарч ажиллахаар болж зөвшилцөн уг ажлаа эхлүүлж үйл ажиллагаа явуулахын тулд зайлшгүй шаардагдах тоног төхөөрөмж техник хэрэгсэлтэй холбоотой гарах зардлаа нэг бүрчлэн тооцоолон эхний ээлжинд зайлшгүй шаардагдах төлбөрийг хувь хувиасаа гаргахаар харилцан тохирч эхний ээлжид хариуцагч Б.******* миний бие 16.000.000 төгрөг нэхэмжлэгч Ю.Байгалмаа Т.Шонт нар 20.000.000 төгрөг тус тус гаргаж нийт 36.000.000 төгрөг зарцуулахаар харилцан тохирч А.Дэлгэрнямд бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл А.Дэлгэрням бидэнтэй харилцан тохиролцсон үндсэн зүйлээсээ өөр зүйлд уг мөнгийг зарцуулж биднийг хохироосон бөгөөд бид А.Дэлгэрням гэгч хүнээс гарсан зардал болон харилцан тохиролцсон үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан хэдий ч өнөө маргаашийг аргацааж худал ярьсаар өнөөдрийг болтол биднийг хохироож байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч Ю.Байгалмаа, Т.Шонтой нар нь ижил хэмжээний зардал гаргаж ижил хэмжээгээр А.Дэлгэрням гэгчид хамт залилуулсан хирнээ дээрх гарсан зардал мөнгөө хамтран хохирогч надаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч Б.******* миний бие нэхэмжлэгч Ю.Байгалмаа, Т.Шонтой нарыг А.Дэлгэрням, Г.Гэрэлт-Од гэгч хүмүүстэй бизнесийн хүрээнд хамтарч ажиллахад нь зөвхөн зуучилж танилцуулж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн мөнгөнөөс хувьдаа авч ашиглаж хэрэглэсэн зүйл огт байхгүй болохыг анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00275 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.12-д заасныг баримтлан хариуцагч Б.*******гээс 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.Байгалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,400 /гурван зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 190,950 /нэг зуун ерэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.Байгалмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 1 дүгээр хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудсанд авагдсан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Г.Гэрэлт-Одыг гэрчээр асуусан мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудсанд авагдсан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Д.Ариунжаргалыг гэрчээр асуусан мэдүүлгүүдийг нотлох баримтаас хассугай гэж шийдвэрлэжээ.

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, Ж.Энхжаргал, хариуцагч Б.******* нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч Ю.Байгалмаа, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, М.Эрдэнэ-Оюун нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгч Ю.Байгалмаа нь хариуцагч Б.*******д 2016 оны 07 сарын 26-ны өдөр 30.000.000 төгрөг бэлнээр өгсөн, 2016 оны 08 сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийг бэлэн бусаар Б.*******гийн данс руу шилжүүлсэн, үүнээс 9.000.000 төгрөгт тооцож алт авсан 31.000.000 төгрөгийг буцааж аваагүй гэх үйл баримтын талаар талууд маргаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд ...Энэ зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэл байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ... гэснийг анхаарсангүй. Нэхэмжлэгч Ю.Байгалмаа, хариуцагч Б.******* нарын хооронд Иргэний хуулийн 476.1-д хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй. Энэ нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд гэрээний харилцааны гол нөхцөл талуудын эрх үүрэг, ашиг алдагдлыг хувиарлах, гэрээний хугацаа, гэрээг дуусгавар болгох үндэслэл дундын эд хөрөнгийг хувиарлах зэрэг хуулинд заасан шаардлагыг анхнаасаа тохиролцоогүй нь нотлогдсон байхад Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар талуудын хоорондох хамтран ажиллах гэрээ дуусгавар болох үндэслэл, Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, 477.2-т Хураамжийг мөнгөн эсхүл хөрөнгийн түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэжээ. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна, 478.11-т Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12-д зааснаар тэдний хүлээх хариуцлагын хэмжээг тэнцүү хувиарлах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэнд гомдолтой байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно, мөн хуулийн 7.3-т Бичил уурхайгаар ашигт I малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмалын эрх олгосон баримт бичгийг, мөн хуулийн 4.1.21 тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, 1 ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг хэлнэ... гэжээ. Энэ нь хэргийн 96 дугаар хуудсанд хариуцагч Б.*******гийн Долчим ХХК-ийн 2011 оны 03 сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл мах махан бүтээгдэхүүн бэлтгэх, хадгалах, үйлдвэрлэх борлуулах зориулалттай гэжээ. Өөрөөр хэлбэл Долчим ХХК нь алт олборлох, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, мөн алт олборлох тусгай зөвшөөрлийг хувь хүнд биш, хуулийн этгээдэд олгодог юм байна. Нэхэмжлэгч Ю.Байгалмаа хариуцагч Б.******* нарын тайлбар болон бусад нотлох баримтаар зохигчийн хооронд алт олборлох, ашиг олох, хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцаж алдагдал хувиарлах талаар хамтран ажиллах гэрээ хийгдээгүй тохиролцоогүй байтал хамтран ажиллах гэрээний харилцааг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Ю.Байгалмаа хариуцагч Б.*******д 40.000.000 төгрөг зээлсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, Хаан банкны хуулга, зохигчийн тайлбараар нотлогдсон байтал хамтран ажиллах гэрээний алдагдал гэж 20.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хариуцагч Б.******* нь алт олборлож байсан, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан гэх боловч хариуцагч нь олсон ашиг, алдагдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, байхгүй нотлох баримтыг үндэслэж Иргэний хуулийн 477, 480.1.4, 477.2, 478.8, 478.11, 478.12-д заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хамтран ажиллах гэрээ гэсэн нь хуулинд нийцсэн эсэх, гэрээний талуудын эрх үүргийг тодруулаагүй. Харин хариуцагч Б.******* нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд шаардах эрхтэй. 492.1.1 хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсныг анхаарсангүй. Харин нэхэмжлэгч Ю.Байгалмаа нь хариуцагч Б.*******д нийт 40.000.000 төгрөг зээлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Хоёрдугаар хавтаст хэргийн 222 дугаар хуудсанд гэрч Ю.Байгалмаагийн өгсөн мэдүүлэгт ...******* таниас 40 сая төгрөг зээлж авахдаа юу гэж хэлж авсан бэ? Ха: Эгч нь ажлаа амжуулчихаад мөнгийг чинь өгнө эсвэл 2-3 Хово чулуу гаргаад эсвэл бэлнээр хамгийн түрүүнд мөнгийг чинь өгнө хэлж хэлсэн... гэх мэдүүлэг, 2-р хавтаст хэргийн 223 дугаар хуудсанд гэрч Т.Шонтын өгсөн мэдүүлэгт ...Тэгээд ******* 30 сая төгрөг 7-10 хоногийн хугацаатай өгөөч Завхан аймгийн Шувуун гэдэг газраас алтны чулуу авах гэж байна та 2-т чулуу авч өгье эсвэл мөнгийг чинь 2-3 нугалж буцааж өгий тус болооч гээд гуйгаад байсан... гэх мэдүүлэг, Хэргийн 218 дугаар хуудсанд Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 02 сарын 22-ны өдрийн 5/122 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, хэргийн 220 дугаар хуудсанд нэхэмжлэгч Ю.Байгалмаа гаргасан өргөдөл, хэргийн 228 дугаар хуудсанд Ховд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Доржсүрэнд гаргасан гомдол, хавтаст хэргийн 223 дугаар хуудсанд Ю.Байгалмаагийн 2016 оны 12 сарын 26-ны өдөр өгсөн тайлбар, хавтаст хэргийн 235 дугаар хуудсанд Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 5/52 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай" прокурорын тогтоол нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ю.Байгалмаа, хариуцагч Б.******* нарын хооронд Иргэний Хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээл гэдэг үгэнд ярианы нийтлэг хэлэнд нэг этгээд өөр этгээдэд мөнгийг чөлөөтэй, эсхүл тодорхой нэг зорилгоор захиран зарцуулах эрхтэй шилжүүлэх бөгөөд хүлээн авсан этгээд тохирсон хугацаанд тухайн үнийн дүн бүхий мөнгийг хүүтэй, эсхүл хүүгүйгээр буцаан төлөхийг ойлгоно, зээлдүүлэгчийн үндсэн үүрэг нь зээлдэгчид мөнгө эсхүл бусад зүйлийг шилжүүлэх болон тохирсон хугацаанд захиран зарцуулах эрхийг олгоход оршдог. Зээлдэгчийн үндсэн үүрэг нь мөнгө эсхүл эд хөрөнгийг буюу анх шилжүүлж авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн ижил хэмжээний ба чанарын эд хөрөнгийг хугацаанд нь буцааж өгөхөд оршдог. Хэрэв зээлдэгч нь тохиролцсон хугацаа дуусгавар болоход үндсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй бол зээлдүүлэгчид Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасан шаардах эрх үүснэ. Харин буцааж өгөх үүрэг нь хариу үүрэг биш учраас Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан шаардах эрх үүсэхгүй гэжээ. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно. Өөрөөр хэлбэл гэрээний зүйлийг шилжүүлэх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлсэнээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр зээлийн гэрээ байгуулсанд тооцно. Энэ нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан бичмэл нотлох баримтууд болох хэргийн 69 дүгээр хуудсанд нэхэмжлэгч Ю.Байгалмаагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ю.Байгалмаа нь өөрийн Хаан банкны 5845504455 тоот данснаас 40.000.000 төгрөг аваад хариуцагч Б.*******д гэрч Т.Шонт, Г.Гэрэлт-Од нарын хажууд бэлнээр зээлсэн байдаг. Мөн хэргийн 70 дугаар хуудсанд нэхэмжлэгч Ю.Байгалмаагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Ю.Байгалмаа нь өөрийн Хаан банкны 5845504455 тоот данснаас хариуцагч Б.*******гийн 5845058421 тоот данс руу 10.000.000 төгрөгийг Ю.Байгалмаагаас 7 хоногийн хугацаатай зээлэв гэж шилжүүлсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох, хуулийн дагуу асуугдсан хэргийн 198-201 дүгээр хуудсанд гэрч Т.Шонтын мэдүүлэг, хэргийн 184-193 дугаар талд шүүх хуралдаанд Г.Гэрэлт-Одын өгсөн тайлбар, мэдүүлэг, хэргийн 202-206 дугаар хуудсанд шүүх хуралдаанд гэрч Ц.Ангирмаагийн өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулсан нь нотлогдсон. Гэтэл хариуцагч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн зүгээс хамтран ажилласан гэж тайлбарладаг боловч хамтын үйл ажиллагаандаа хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн, хичнээн төгрөг зарцуулсан, хэдэн төгрөгний алдагдалтай ажилласан талаарх эх сурвалжаа заасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг талууд хамтран хариуцах зүйтэй гэж дүгнэж хариуцагч Б.Долгосүрэнгээс 11.000.000 төгрөг гаргуулж, үлдсэн 20.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.******* нь хамтын үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөөрөө 400 грамм алт худалдаж авсан үйл баримтыг анхаарсангүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн үйл баримт болон хуульд нийцээгүй хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна" гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Харин Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478,12-д зааснаар хүлээх хариуцлагын хэмжээг тэнцүү хувиарлах, хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон эардлыг хамтран хариуцах нь зүйтэй. Хариуцагч Б.******* нь өөрөө мөнгө гаргасан гэдгээ нотолж чадаагүй, татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр 11.000.000 төгрөгийг Б.*******гээс гаргуулж нэхэмжлэгч Ю.Байгалмаад олгуулахаар шийдвэрлэснийг хүлээн эөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай бөгөөд Б.******* нь нэхэмжлэгч Ю.Байгалмаагаас мөнгө зээлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Б.******* нь хамтран ажиллахдаа хэдий хэмжээний хөрөнгө гаргаснаа эаавал нотлох үүрэггүй юм. Хариуцагч Б.*******гийн Алттай чулуун дээр ажиллаад ашиг олсон бол Ю.Байгалмаа нь оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ ашгаа хувиарлан авах байсан гэсэн тайлбар нь үндэслэлтэй бөгөөд нэгэнт оруулсан хөрөнгийн хэмжээгээр ашиг хувиарлагдах тохиолдолд эрсдэлийг мөн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцах нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д заасан зохицуулалттай нийцнэ. Хариуцагч Б.******* нь анхан шатны шүүх хуралдаан болсон 2019 оны 05 сарын 30-ны өдөр Монгол улсын Дээд шүүх дээр Ариунжаргалын нэхэмжлэлтэй шүүх хуралдаад оролцох тул шүүх хуралдааныг хойшлуулж, биечлэн оролцох эрхээр хангаж өгөхийг хүссэн боловч биечлэн оролцуулаагүй нь хууль ёсны эрх ашгаа хамгаалах боломжийг олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхэд нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангагдах боломжтой бөгөөд давж заалдах, хяналтын шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ эрх нь хуулиар хязгаарлагдсан байдаг. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ю.Байгалмаа, хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45.688.095 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 31.000.000 төгрөг болгож багасгажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...2016.07.26-ны өдөр 14 хоногийн хугацаатай 30.000.000 төгрөгийг бэлнээр, 2016.08.16-ны өдөр 7 хоногийн хугацаатай 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж зээлдүүлсэн, 9.000.000 төгрөгт алт авсан. 31.000.000 төгрөг гаргуулна... гэж, хариуцагч татгалзлаа ...алттай чулуу олборлон, ашиг олохоор хамтран хөрөнгө оруулсан, н.Дэлгэрнямд өөрийн 16.000.000 төгрөг, Ю.Байгалмаагийн 20.000.000 төгрөгийг өгсөн, алдагдал хүлээсэн ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж тус тус тайлбарлаж, зохигч маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.12-д зааснаар хариуцагчаас 11.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэрэгт авагдсан баримтанд үндэслэн, маргааны зарим харилцаа нь зээлийн гэрээний харилцааг үүсгэсэн байна гэж дүгнэн энэ үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Б.*******, нэхэмжлэгч Ю.Байгалмаагаас 2 удаа нийт 40.000.000 төгрөг хүлээн авснаа маргаагүй байна.

Эхний 30.000.000 төгрөгийн хувьд уг мөнгө зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагчийн өмчлөлд шилжсэн, хариуцагч мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцжээ.

Хамтран ажиллах гэрээгээр хоёр ба түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд зохигч ашиг олох зорилгоор алттай чулуу олборлохоор хамтран ажиллахаар  тохиролцон, уг тохиролцооны үндсэн дээр нэхэмжлэгч өөрийн төлөх хураамжид 30.000.000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон тухай шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1,  477 дугаар зүйлийн 477.1-д заасныг зөрчөөгүй байна.

Харин шүүх 40.000.000 төгрөгийг бүхэлд нь хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчийн оруулсан хураамж гэж үзсэн нь учир дутагдалтайгаас гадна уг мөнгийн 50 хувийг гэрээний нэг тал буюу Б.*******гээр төлүүлэх эрх зүйн үндэслэлгүйг анхаараагүй нь буруу болжээ. Анхан шатны шүүх Ю.Байгалмаагийн хураамжийн тал хувийг хариуцагч Б.Долгосүрэнгээс гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478.12-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч эксковатор хөлсөлж, алттай гэх шороог ачуулах үйл ажиллагаа явуулсан, тухайн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө алдагдал болж аливаа ашиг гаргаагүйг зохигч үгүйсгээгүй болно.

Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.5, 15.10.6, 15.10.22-т зааснаар ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, үүсмэл орд ашиглах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэнэ гэж заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21, 4.1.22-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг, хуулийн этгээд гэж Иргэний хуулийн 33.1-д заасан компани, нөхөрлөлийг хэлнэ гэж тус тус заажээ.

Эдгээр зохицуулалтаас үзвэл, ашигт малтмал буюу алт олборлох нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр ийм ажиллагаа явуулсан бол хориглосон үйл ажиллагаа гэж үзнэ. Зохигч хэн аль нь энэ талаар мэдэх боломжтой, мэдэж байжээ. Иймд тэдний хамтран ажиллах үйл ажиллагаа, гэрээний зүйл нь агуулгын хувьд хуулиар хориглосон буюу хууль зөрчсөн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Гэрээ хүчин төгөлдөр бус бол хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэйг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заажээ.

Гагцхүү шилжүүлсэн хөрөнгө хуулиар хориглосон үйл ажиллагаанд зарцуулагдсан тул нэхэмжлэгчийн хувьд мөнгөө нөгөө талаас шаардах боломжгүй, өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалт үйлчлэхгүй юм.

Энэ талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-т хүчин төгөлдөр бус болсон үүргийн хувьд өмнө нь гүйцэтгэсэн үүрэг ёсоор шилжүүлсэн өр төлбөрийн гэрээг гүйцэтгэх үед хөрөнгөө буцаан шаардах шаардлага нь хуульд харшилж байвал шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заасан байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагч Б.*******гээс 21.000.000 төгрөг гаргуулах Ю.Байгалмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Хоёр дахь удаагийн 10.000.000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн хураамж гэж үзсэн шүүхийн дүгнэлт буруу байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгчийн тайлбар, түүний данснаас хариуцагч Б.*******гийн дансанд  7 хоногийн хугацаатай зээлэв гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн банкны дансны баримтыг үгүйсгэх үндэслэлгүйг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцүүлэн дүгнээгүй байна.

Иймд зохигчийн хооронд 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцнэ гэж үзнэ. Зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч мөнгөө шаардах эрхтэй байна.

Харин хууль бус үйл ажиллагааны буюу хамтран ажиллах гэрээний явцад  нэхэмжлэгч хариуцагчаас 400 гр буюу 9.000.000 төгрөгийн алт авсныг  зээлийн гэрээний үүрэгт харилцан тооцох боломжгүйг дурдаж, хоёр шатны шүүх хариуцагчаас хамтран ажиллах гэрээний дагуу 11.000.000 төгрөгийг гаргуулсныг, зээлийн гэрээний дагуу 10.000.000 төгрөг гаргуулж олгохоор өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн болон тэдгээрийн өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаагүй байна.

Дээр дурдснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн, хариуцагч, түүний өмгөөлөгчийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн гомдлуудыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар магадлалын тогтох хэсгийн 1 дэх заалт, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00275 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.*******гээс 10.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Байгалмаад олгож, 21.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтад 190.950 /нэг зуун ерэн мянга есөн зуун тавь/ гэснийг 174.950 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ю.Байгалмаа 258.000 төгрөг, хариуцагч Б.******* 190.950 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ