Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч С.Энхтуул,

шүүгдэгч Ц.Цолмонбаатар, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Цэндэмийн Цолмонбаатарт холбогдох эрүүгийн 2016 2501 1395 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, буриад, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамтаар Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Салхитын дээд задгай 396 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,

1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621.1-д заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сар хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

3. Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 27 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Бодонгууд овогт Цэндэмийн Цолмонбаатар, /РД:ЖЯ91011110/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Цолмонбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 05 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 15 дугаар гудамжинд иргэн Т.Пүрэвдоржийг авсан пүүзээ буцаах гэлээ хэмээн хувийн таарамжгүй харьцааны улмаас зүүн чих, хацар, сарвуунд нь шилээр зүсч түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Инжой” /Enjoy/ шөнийн цэнгээний газрын гадаа иргэн А.Оюунбилэгийг найзыгаа үлдээсэнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан,

2016 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө хамтран амьдрагч С.Энхтуулыг таксины жолоочтой хардан түүний дух, хацар, бэлэг эрхтэн, гуя, өгзөг зэрэг газруудад улайсгасан төмрөөр түлж, зовоон тарчлаан түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Цолмонбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогч Пүрэвдоржид пүүзээ зарсан. Пүрэвдорж мөнгөө өгөхгүй зугтааж явсаар байгаад Цагаан сарын шинийн 2 өдөр тааралдаад “Пүрэвдоржоо найзынхаа мөнгийг өгөөч” гэхэд “өгөхгүй, чиний пүүзийг чинь буцааж өгнө” гэхээр нь бид 2 заамдалцаж авахад миний хажуу талаас Занданхүү цохисон. Тэгээд би хагархай шил байхаар нь Пүрэвдоржийг айлгах гэж байгаад чихийг нь сэтэлсэн байсан. Тэгээд би гэртээ хариад унтсан. Маргааш нь цагдаа ирсэн. Би найз охинтойгоо Дэнжийн 1000-д хамтран амьдардаг байсан. 2016 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө гэртээ ирэхэд хохирогч Энхтуул байгаагүй, найзуудтайгаа уусан юм шиг байгаа юм. Өмнө нь би найзтайгаа уулзаад архи уучихаад ирье гээд гарсан. Хохирогч Энхтуул гэртээ үлдсэн. Би гараад 1 цаг болоогүй байж байхад Энхтуулын утаснаас чи хаана байна, гэрт ирэх болж байна уу, би Баянзүрхийн гэртээ ирсэн байна, чи хүрээд ир гэсэн мессеж ирсэн байсан. Тэгэхээр нь би “чи яагаад Дэнжийн 1000 гэрээсээ гараад яагаад Баянзүрхийн гэртээ очсон бэ” гэж асуухад би мэдэхгүй байна гээд утас нь тасарсан. Тэгээд би хорооллоос Баянзүрхийн гэр рүү такси бариад очиход гэрт нь хүн байгаагүй, гэр нь онгорхой байсан. Тэгээд гэрт нь байж байхад миний утас руу Энхтуул залгаад “чи хаана байна” гэхэд би “танай гэрт байна” гэсэн. “Чи яагаад манайд байж байдаг юм, хэзээ ирсэн юм” гэхээр нь “чи над руу 30 минутын өмнө залгасан шдээ” гэхэд гэрийн гадаа машин ирсэн. Тэгээд би гараад харахад Энхтуул жолоочийн хажуу талд суугаад байж байхаар нь очоод машиных нь шилийг тогших гэхэд зугтаагаад явсан. Удалгүй танихгүй дугаараас над руу залгаад “чи хэзээ гэрт ирсэн юм, яагаад ирсэн юм” гэхээр нь би “хайраа зүгээр хүрээд ир, би гал түлээд байж байя, чи найзтайгаа байсан юм уу, найзыгаа аваад ороод ирэхгүй яагаад зугтааж байгаа юм бэ” гэсэн. Энхтуул “таксины жолооч орохгүй гэж байна” гээд утас нь тасарсан. Энхтуул орж ирээд унтах гээд хувцасаа тайлж байхдаа миний уур хүргэх зүйл яриад “би тэр хүнтэй унтаагүй, би тэр хүнтэй унтахгүй, чи хар” гээд хувцасаа тайлаад байсан. Би тухайн үед гал түлээд байж байхад уурандаа цохисон. Мөрдөн байцаалтын шатанд Энхтуулын эгч нь төмөрөө улайсгаж байгаад гэж хэлсэн байсан. Надад улайсгасан зүйл байгаагүй. Би өнөөдрийг хүртэл найз охинтойгоо цуг байгаа. Би найз охиндоо хайртай. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Би Хонгорзул гэдэг охинтой үерхдэг байсан. Тэгээд надтай юм яриад уугаач гэхэд Хонгорзулын найз нь авч явна гээд байхаар нь би түлхсэн. Тэгтэл намайг алгадсан гэж хэлсэн байсан. Энэ хэргийг бичсэн камерын бичлэг байгаа. Мөрдөн байцаалтад энэ талаар камерын бичлэгийг нотлох баримт болгоогүй байсан. Надад цохисон үйлдэл байгаагүй, би түлхсэн. Машины түлхүүрийн хувьд түлхүүрийг нь аваад буцаагаад өгсөн гэв. 

Хохирогч С.Энхтуул нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө энэ хэрэг гарсан. Өдөр нь би шүүгдэгчтэй уулзах ёстой байсан ч уулзаагүй. Орой нь гэртээ ирээд бид 2 маргалдаад шүүгдэгч найз нартайгаа гарч явсан. Тэгээд би гарахад миний утас байхгүй болсон байхаар нь шүүгдэгчийг аваад явсан юм байна гэж бодсон. Тэгээд би 00-01 цагийн үед гэр рүүгээ харих гээд шүүгдэгч рүү залгаад утас аваад ир гэхэд утас чинь байхгүй гэсэн. Би тухайн үед найзынхаа гадаа унагаасан байсан. Таксины жолоочтой шүүгдэгч яриад уурлаад байсан. Таксины жолоочтой хамт гэрийн үүдэнд ирэхэд шүүгдэгч гарч ирж байгааг харсан, таксины жолооч хөдлөөд явсан. Би тэр жолоочид чи хүн хардаж байгааг мэдсээр байж хөдлөөд явчих юм, буцаагаад намайг хүргээд өг гэхэд буцаж намайг хүргэж өгөөд намайг машинаас буухын хооронд их түргэн яваад өгсөн. Шүүгдэгч гарч ирээд чи юу болоод надаас зугтаагаад байгаа юм гээд бид 2 маргалдсан. Тэгээд би унтах гээд байж байхад шүүгдэгч гал түлж байсан төмрөөрөө миний хөлийг түлсэн. Тухайн үед хорсоод урдаас нь зүгээр байгаагүй боль гэж хэлсэн. Тэгээд энд тэнд халуун төмрөөр хүрсэн. Шүүгдэгч би чиний биеийг эдгэх хүртэл асрах уу гэж байсан. Би гэртээ очиход ээж, аав мэдээд эмнэлэгт үзүүл гэхээр нь үзүүлсэн. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Ц.Цолмонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Пүрэвдоржидтой уулзаад “хулхи пүүз юм байна мөнгө өгөхгүй, пүүзээ ав” гэхээр нь би айлгах гээд машины гадна байсан пивоны шилийг Ж.Цолмонбаатараар авхуулсан юм. Тэгээд Пүрэвдоржийн зүүн чихийг нь зүсчихсэн юм. Би гал ухаж байсан хутгуураар Энхтуултай хэрэлдэж байгаад гэдэс, хүйс орчимд нэг удаа шилбэний булчин орчимд нэг удаа шударч нөгөө хутгуураар цохисон. Энхтуул уг төмрыг надаас булааж авах гэж байгаад баруун гараа түлсэн. Би Энхтуулыг эмнэлэг явъя гэхэд явахгүй гэсэн. Энхтуулын бөгс болон бэлэг эрхтэнг би түлээгүй. Энхтуул уг хутгуурыг надаас булааж авахдаа бөгсөндөө хүргээд өөрөө түлсэн байх. ...Хонгороог хамт явъя гэхэд найз эмэгтэй нь Хонгороог дагуулж явах гээд надтай маргалдахаар нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг. /1 хх 122-130, 196, 215 дугаар хуудас/,

Хохирогч С.Энхтуулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би найз залуу Цолмонбаатартай маргалдсан. Орой гэр рүүгээ такси бариад явж байхдаа таксины жолоочийн утаснаас Цолмонбаатартай яриад утсаа авъя гэж ярьсан. Гэр рүү ороход хашаан дотор намайг унагаад гэр рүү авч ороод “чи хүнтэй унтлаа” гээд дайрч байгаад “намайг ингээд хуураад байвал өөр хүнтэй унтаж чадахгүй болгочихно шүү” гээд миний бүх хувцсыг тайлаад галын дэгээ төмөр галд улайсгаж байгаад миний бөгс, гуя, гэдэс, бэлэг эрхтэн, дух, гар зэрэг газруудад улайсгасан төмөр хүргээд аваад байсан. Би ухаан балартаад юу болсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /1 хх 53-56, 66-67, 193-194 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц.Цолмонбаатар 2015 оны 12 дугаар сарын сүүлээр надад 150.000 төгрөгөөр бодож пүүз зарсан юм. Тухайн үед би мөнгийг дараа өгөхөөр болоод авсан. Дараа нь Ц.Цолмонбаатарт “чиний пүүз хулхи пүүз гэнэ, чи пүүзээ аваарай, би мөнгө өгч чадахгүй” гэсэн юм. Тэр шөнийн 04 цагийн үед байх Ц.Цолмонбаатар хажуудаа өндөр Ж.Цолмонбаатарыг дагуулж ирээд “пүүзнийхээ мөнгийг авъя” гэхээр нь “мөнгө өгч чадахгүй, чи пүүзээ ав, хулхи пүүз байна” гэж хэлээд хэрүүл маргаан болсон юм. Ц.Цолмонбаатар намайг пивоны хагархай шилээр зүүн чихийг зүсч гэмтээсэн юм...” гэх мэдүүлэг. /1 хх 61-65 дугаар хуудас/,

Хохирогч А.Оюунбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө найзуудын хамтаар Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Инжой /Enjoy/ гэх нэртэй шөнийн клубээс 04 цагийн үед гарах гэтэл нэг танихгүй эрэгтэй манай найз болох Хонгорцэцэгийг дагуулж яваад гар хөлнөөс нь татаад яваад байсан. Таксинд суух гэтэл уг танихгүй эрэгтэй манай Хонгорцэцэг гэх найзыг үлдчих гээд гарнаас нь татаад байсан. Тэгээд уг таксины машиных нь түлхүүрийг авчихаад өгөхгүй байсан. Болороо уг таксины түлхүүрийг авах гээд муудалцаж байхад уг эрэгтэй Болороог зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би Болороог авах гээд очиход миний нүүр рүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг. /1 хх 57-60, 192 дугаар хуудас/,

Гэрч С.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дүүгийн найз Хулан над руу залгаад “Энхтуул найз залуудаа зодуулаад хөлөө хугалаад, гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байна” гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг ороход манай дүү Энхтуул орон дээр хэвтэж байсан. Хөнжлийг нь сөхөөд харахад биеийн ихэнх хэсэгт түлэгдсэн ба бэлэг эрхтэн, бөгс, хөх зэрэг газруудад нь түлэгдсэн шарх сорвинууд байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 68-69 дүгээр хуудас/,

Гэрч Т.Занданхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цолмонбаатар Пүрэвдоржийн чихийг гэмтээсэн. Ямар учраас гэмтээх болсон талаар нь сайн мэдэхгүй байна. Урьд нь хоорондоо пүүз зарж авсан юм шиг байна лээ. Тэгээд тэр пүүзийг нь хулхи гээд хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Пивоны шилний хагархайгаар гэмтээчихсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 77-80 дугаар хуудас/,

Гэрч С.Болортуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр их сургуулийн ангийхантай Инжой /Enjoy/ бааранд ороод 04 цагийн орчим гарах гэтэл Хонгорцэцэг таньдаг нэг залуутай таарсан. Уг залуутай мэндэлчихээд гараад явах гэтэл Хонгорцэцэгийн цүнхнээс нь татаад зулгаагаад явуулахгүй гээд байсан. Тэгэхээр нь би Хонгорцэцэгийг татаад таксинд суулгасан. Гэтэл уг үл таних залуу таксины жолоочийн түлхүүрийг авчихаар нь би түлхүүрийг нь өг гэж хэлтэл намайг тэр залуу зүүн хацар руу цохисон. Манай найз нар машинаас бууж ирээд Оюунбилэг бид хоёрыг салгах гэхэд Оюунбилэгийг уг залуу цохисон. Цагдаа нар ирэх үед уг залуу зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг. /1 хх 72 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹5125 актад:

1. Энхтуулын биед зүүн гуя, хэвлий, умдаг, баруун өгзөг, баруун, зүүн өгзөгний гол хонхор хэсэг, шулуун гэдэсний амсар, баруун гуя, өвдөг, тахим, баруун өвдөг, зүүн гарын 2, 3, 4-р хуруу, баруун, зүүн гарын сарвуу, баруун хөх, баруун бугалга, дух, оочинд шарх, зүүн гуя, шилбэнд цус хуралт, шарх гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх зүүн гуя, хэвлий, умдаг, баруун өгзөг, баруун, зүүн өгзөгний гол хонхор хэсэг, шулуун гэдэсний амсар, баруун гуя, өвдөг, тахим, баруун өвдөг, зүүн гарын 2, 3, 4-р хуруу, баруун, зүүн гарын сарвуу, баруун хөх, баруун бугалга, дух, оочинд шарх гэмтэл өндөр хэмийн үйчлэл, зүүн гуя, шилбэнд цус хуралт, шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /1 хх 88 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэгийн ¹4958 дүгнэлтэд:

1. А.Оюунбилэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун хөлийн шагайн зөөлөн эдийн няцралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй гэжээ /1 хх 89 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹2222 актад:

1. Пүрэвдоржийн биед зүүн чихний дэлбэнгийн том шарх, зүүн хацар, зүүн гарын сарвуунд шарх, баруун хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /1 хх 90 дүгээр хуудас/,

С.Энхтуулын биед үүссэн шархыг фото зургаар бэхжүүлснийг хураан авсан тэмдэглэл, фото зураг /1 хх 42-44 дүгээр хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 45-50 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол, тэмдэглэл /1 хх 51-52 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 132 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 134 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Цолмонбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 05 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 15 дугаар гудамжинд иргэн Т.Пүрэвдоржийг авсан пүүзээ буцаах гэлээ хэмээн хувийн таарамжгүй харьцааны улмаас зүүн чих, хацар, сарвуунд нь шилээр зүсч түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Инжой” /Enjoy/ шөнийн цэнгээний газрын гадаа иргэн А.Оюунбилэгийг найзыгаа үлдээсэнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2016 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө хамтран амьдрагч С.Энхтуулыг таксины жолоочтой хардан түүний дух, хацар, бэлэг эрхтэн, гуя, өгзөг зэрэг газруудад улайсгасан төмрөөр түлж, зовоон тарчлаан түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Цолмонбаатарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ц.Цолмонбаатарт ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэмт хэрэг давтан үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалт тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.Цолмонбаатарт Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 27 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар ялтай байдал нь хамрагдаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгөөс шүүгдэгч Ц.Цолмонбаатар хохирогч С.Энхтуулын биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь зовоон тарчлаах шинжийг агуулаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгож зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөөч гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэргийн 43, 44 дүгээр хуудас дахь гэрэл зураг, хохирогч С.Энхтуулийн биед зүүн гуя, хэвлий, умдаг, баруун өгзөг, баруун, зүүн өгзөгний гол хонхор хэсэг, шулуун гэдэсний амсар, баруун гуя, өвдөг, тахим, баруун өвдөг, зүүн гарын 2,3,4-р хуруу, баруун зүүн гарын сарвуу, баруун хөх, баруун бугалга, дух, оочинд зэрэг газарт өндөр хэмийн үйлчлэлээр учирсан түлэгдэлт, шарх зэргээс дүгнэхэд хохирогчийн биед олон тооны түлэгдэлт үүсч хүндэвтэр гэмтэл учруулсан нь зовоон тарчлаах шинжтэй байсан гэж үзэхээр байна. Шүүгдэгч Ц.Цолмонбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн нь хэрэгт байгаа бусад нотлох баримтууд, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байгаа болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ц.Цолмонбаатарын цагдан хоригдсон 136 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, мөн урьд нь 2 удаагийн хорих ял эдэлж байсан түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Ц.Цолмонбаатарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.