Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0059

 

 ”Д” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч И.А

Гомдол гаргагч: “Д” ХХК

Хариуцагч: ХСХГАЗУБ

Гомдлын шаардлага: “ХСХГАЗУБ И.Аын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0108007 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0896 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, түүний өмгөөлөгч Ц.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0728/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Д” ХХК-иас ХСХГАЗУБ И.Аод холбогдуулан “Хотын стандарт хяналтын газрын авто замын улсын байцаагч И.Аын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0108007 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0896 дугаар шийдвэрээр: Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6, 29 дүгээр зүйлийн 29.2.6, 29.3.2, Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7-д заасныг баримтлан гомдол гаргагч “Д” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Д” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0108007 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах тухай гомдол гаргасны дагуу тус шүүх 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0896 дугаартай шийдвэрийг эсэргүүцэж дараах тайлбарыг гаргаж байна.

3.1. Энхтайвны өргөн чөлөөний авто зам нь Улс, Нийслэлийн чанартай авто зам бөгөөд Авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт Авто зам нь дараах хэсгээс бүрдэнэ:

-16.1.1 зорчих хэсэг,

-16.1.2 замын хөвөө,

-16.1.3 замын байгууламж,

-16.1.4 авто замын зурвас газар,

-16.1.5 хяналт тавих зурвас газар,

-16.1.6 авто замын тусгайлсан эгнээ,

3.2. Мөн хуулийн 4.1.11-д (“замын байгууламж” гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг) гэж заасны дагуу Драгон төвийн урд талын авто зогсоол, явган хүний зам, үерийн далан нь авто замын бүрдэл хэсэг юм.

3.3. Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-н 6.24 дэх хэсгийн 10 дугаар хүснэгтэд зааснаар Энхтайвны өргөн чөлөө нь Гол гудамж замын 1 дүгээр зэрэглэлийн замд хамаарах ба явган замын 1.5 метрийн өргөнийг 1.5 метрийн өргөнтэй болгосноор тухайн замын зэрэглэлийг бууруулж, явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулсан.

3.4. “Д” ХХК нь тухайн авто зам, замын байгууламжийн ажлыг хийхдээ Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх (Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг магадлалын дүгнэлт бүхий баталгаажсан зураг төсөлгүй, техник, технологийн хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглоно) заалтыг зөрчиж, ажлын зураг төсөлгүй гүйцэтгэсэн.

3.5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Д” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 01/03 дугаартай Хамтын ажиллагааны санамж бичиг нь авто зам, замын байгууламжийн хийцэд өөрчлөлт оруулахтай холбоотой зөвшөөрөл биш бөгөөд санамж бичиг нь хууль, норм, дүрэм, стандартаас давсан эрх зүйн акт биш юм

3.6. Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалт (Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна) гэж заасны дагуу тухайн авто зам% замын байгууламжийн эзэмшигч байгууллага нь нийслэлийн Замын хөгжлийн газар юм. Гэтэл “Д” ХХК нь нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвшөөрөл авалгүй Энхтайвны өргөн чөлөөний олон улсын зэрэглэлтэй замын 4.5 метр өргөн явган хүний замыг 1.5 метрийн өргөнтэй болгон нарийсгаж, явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй болж, байдал тэр дундаа явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0896 дугаартай шийдвэрийг хянан үзэж, газар дээр нь үзлэг хийж, улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 0108007 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.1. Хэргийн үйл баримтаас үзвэл гомдол гаргагч “Д” ХХК нь нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 01/03 дугаартай “Монгол Улсын нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Д” ХХК нарын хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулсан байна.

2.2. Уг санамж бичгийн дагуу “Д” ХХК нь “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн хүрээнд Шинэ Улаанбаатар баруун терминал төв болон төвийн гадна орчны тохижилт, ногоон байгууламж, явган хүний зам болон автомашины зогсоолын ажлыг гүйцэтгэхээр болжээ.

2.3. Гэтэл хариуцагч ХСХГАЗУБ И.А нь тус газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 02-13-04/023/08 дугаар удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийгээд “Д” ХХК-ийг “Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Шинэ Улаанбаатар баруун терминал төслийг хэрэгжүүлэх явцад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явган хүний зам хуулж, эвдсэн” үйлдэлд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.4. Улмаар зөрчилд холбогдогч “Д” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж үзэж, маргаан бүхий 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0108007 дугаар шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, мөн зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж тус тус заажээ.

3.1. Дээрх хуулийн заалтаас үзвэл Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж тооцсон, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх ба шийтгэлийн хуудаст дурдсан зөрчлийг “Д” ХХК үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна.

4. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлд “Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах” гээд 7-д “Инженерийн шугам сүлжээ хийх, эсхүл өргөтгөх зорилгоор зөвшөөрөлгүй авто зам эвдэж сэтлэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай, хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

4.1. Хэрэгт авагдсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02/09, 02/10 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Д” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 01/03 дугаартай хамтын ажиллагааны санамж бичиг, мөн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Шинэ Улаанбаатар баруун терминал” цогцолбор төсөл хэрэгжүүлэх тухай” А/1462 дугаар захирамж, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан “Д” ХХК-ийн зорчигч тээврийн терминал, үйлчилгээний цогцолбор барилгын загвар зураг зэргээс үзвэл “Д” ХХК нь “... цэцэрлэгт хүрээлэнг байгуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд байгууламжийн ойр орчмын цэвэрлэгээг хариуцах, хашаа, хайс татах, иргэд зорчиход дугуй, явган хүний зам байгуулах, нийтийн эзэмшлийн газрыг иргэдэд нээлттэй хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлэх” зорилгоор явган хүний замыг засан сайжруулах, тохижуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

4.2. Өөрөөр хэлбэл, “Д” ХХК-иас Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан инженерийн шугам сүлжээ хийх, эсхүл өргөтгөх зорилгоор явган хүний замын байгууламжид засвар, тохижилт хийгээгүй бөгөөд мөн авто замыг эвдэж сэтлэх, орц, гарц гаргах, зогсоолын талбай, хурд сааруулагч хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй байхад түүнийг зөрчил үйлдсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

4.3. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “... холбогдогч нь тухайн авто зам, замын байгууламжийн ажлыг хийхдээ Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, ажлын зураг төсөлгүй гүйцэтгэсэн, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 01/03 дугаартай хамтын ажиллагааны санамж бичиг нь авто зам, замын байгууламжийн хийцэд өөрчлөлт оруулахтай холбоотой зөвшөөрөл биш” гэж тайлбарлах боловч “Д” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

5. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1-д “зөвшөөрөл” гэж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон эрхийг” гэж, Авто замын тухай хуулийн 29 дүгээрр зүйлийн 29.2.6-д “барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авч, ажил дууссаны дараа ашиглалтын хэвийн байдлыг ханган, хүлээлгэн өгөх” гэж тус тус заажээ.

5.1. “Д” ХХК нь нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Д” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 01/03 дугаартай хамтын ажиллагааны санамж бичиг, мөн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Шинэ Улаанбаатар баруун терминал” цогцолбор төсөл хэрэгжүүлэх тухай” А/1462 дугаар захирамжийн дагуу явган хүний замыг засан сайжруулах, тохижуулах ажлыг гүйцэтгэсэн энэ тохиолдолд зөвшөөрөл авах шаардлага бий болоогүй байна.

5.2. Түүнчлэн дээрх “Шинэ Улаанбаатар баруун терминал” цогцолбор төслийг хэрэгжүүлэх талбайд зөрчил гаргасан гэх зам, талбай хамаарч байх ба хэрэгт авагдсан зургаас үзвэл авто зам, явган хүний замыг засан сайжруулсан, тохижилт хийсэн, авто замын хэвийн байдлыг алдагдуулаагүй байх тул “замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан” гэж буруутгах үндэслэлгүй.

5.3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0896 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ