Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/01286

 

 

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/01286

Улаанбаатар хот

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Д-аад холбогдох  зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б /үнэмлэх 0922/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.О-той хамт ирж Б.Б-гөөс 19 000 000 төгрөгийг зээлье гэж ирсэн. Тухайн үед “байрны зээл хаагаад дахин мөнгө зээлэх гэсэн юм, мөнгө зээлүүлээч” гэсэн. Одон өмнө нь мөнгө зээлээд өгөөгүй байсан тул Бат-Өлзий өгөхгүй гэсэн. Гэтэл Д.Д мөнгийг 5 хоногийн хугацаанд өгнө гэж баталгаа гаргаад 19 000 000 төгрөгийг түүний 5003399670 тоот дансанд 2015 оны 10 дугаар сарын 29-нд шилжүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар Д.Д-д мөнгө зээлүүлсэн тул 19 000 000 төгрөгөө нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагадаа 20 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч 1 000 000 төгрөгийн баримт байхгүй учраас  19 000 000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Д.Д-гийн хадам эцэг н.Ж нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус н.О-д зээлсэн. Нийтдээ Ж нь н.Одонгоос 20 000 000 төгрөг авах ёстой байсан, Д.Д-ааг О-той уулзуулж мөнгөө шаардсан байдаг. Тэгээд О Б.Б-гөөс хадам эцгийн чинь мөнгийг аваад өгье гээд Д.Д-г дагуулж очсон. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 19 000 000 төгрөгийг Д.Д-гийн дансаар шилжүүлж өгсөн. Шилжүүлсэн мөнгийг Д.Д 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу нэг хоногийн дараа 19 000 000 төгрөгийг “О-гийн зээлийг хаав” гээд Ж-гийн дансанд шилжүүлсэн байдаг. Д.Д-д байрны зээл чөлөөлүүлэх шаардлага байхгүй, хэрвээ тийм байсан бол 19 000 000 төгрөгийг банкинд шилжүүлнэ. Б.Б, Д.Д нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй. Д.Д нь О-гоос мөнгөө авсан болохоор Б.Б-д мөнгө төлөх тухай ойлголт байхгүй. Б.Б гомдол гаргаж Д.Д-г эрүүгийн журмаар шалгуулсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд Д.Д нь 19 000 000 төгрөгийг хариуцах этгээд биш гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад    

                 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь Д.Д-аад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд 19 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул энэ хэмжээнд хэргийг шийдвэрлэлээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.   

 

Б.Б нь 2015 оны 10-р сарын 29-ний өдөр Д.Д-гийн ХААН банкны 5003363997 дансанд “өөртөө орлого” гэсэн агуулгатайгаар 19 000 000 төгрөгийг шилжүүлсэн /хх 10/ байх ба Д.Д-гаас зээлийн гэрээний үүрэг шаардаж маргасан бол, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “зээлийн гэрээ байгуулагдаагүй, О нь Ж-д 20 сая төгрөгийн өртэй байсан, мөнгөө өгөхийн тулд Б-Ө дээр дагуулж очсон, 19 сая төгрөгийг миний дансанд шилжүүлж зээлээ хаасан” гэж маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01-р сарын 18-ны өдрийн 24 тоот шийтгэх тогтоолоор Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч Б.Б-д 31 600 000 төгрөг гаргуулж олгохоор /хх 30-44/  шийдвэрлэсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3-р сарын 28-ны өдрийн 208 тоот магадлалаар Г.О-д холбогдох эрүүгийн хэргээс хохирогч Б.Б-д учирсан 31 600 000 төгрөгийн хохирлоос Д.Д-д шилжүүлсэн 19 000 000 төгрөгийн үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож /хх 3-9/ шийдвэрлэжээ.

 

Иргэн Г.О нь С.Ж-гаас 2014 оны 12-р сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 12-р сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг тус тус зээлсэн, 2015 оны 1-р сарын 15-ны өдөр зээлийн гэрээг 1 сараар сунгасан, 2015 оны 2-р сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөг зээлж нийт 18 000 000 төгрөгийг 3-р сарын 6-ны өдөр төлж тооцоог дуусгахаар тохирч, гарын үсэг зурсан, баримт эх хувиараа хэргийн 75-д авагдсан байна.

Харин Г.О нь С.Ж-нд дээрх төлбөрийг төлөөгүй байсан, энэ зээлийг төлөх зорилгоор Б.Б-гөөс 2015 оны 10-р сарын 29-ний өдөр 19 000 000 төгрөгийг зээлэхдээ Д.Д-гийн дансаар шилжүүлсэн, Д.Д нь  нь 2015 оны 10-р сарын 30-ны өдөр С.Ж-д “О-гоос зээл хаав” гэж 18 960 000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс хойш буюу 2015 оны 11-р сарын 22-ны өдөр Г.О- “Б-Ө-өөс авсан 19 сая төгрөгийг Д-гийн хадам ааваас зээлсэн мөнгийг өгсөн” гэсэн баримтыг үйлдсэн /хх 74/, өөрөөр хэлбэл, Б.Б-гөөс мөнгө зээлэх, бусдын өр төлбөрийг төлөх хүсэл зориг Г.О-д байсан, дээрх нөхцөл байдал, баримтууд нь хоорондоо шалтгаант холбоотой байжээ.

 

Эдгээр баримтыг няцаасан баримтыг нэхэмжлэгч гаргаагүй байна.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын 2016 оны 02-р сарын 12-ны өдрийн 56 тоот тогтоолоор Б.Б-гөөс 19 000 000 төгрөгийг залилсан гэх Д.Д-аад холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон /хх 64/, нөгөө талаас, Д.Д нь банкны зээл төлөх байсан, байраа барьцаанаас чөлөөлөх зорилгоор Б.Б-гөөс мөнгө зээлсэн гэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Д-гаас 19 000 000 /арван есөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Б.Б-Ө-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.   

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА