Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 481

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00037 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Д-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 19 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г.Одон гэх хүнтэй хамт ирж уулзан 19 000 000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай 1 000 000 төгрөгийн хүүтэй зээлээч, байраа чөлөөлүүлээд 20 000 000 төгрөг болгож өгнө гэж авсан Г.Одон нь надад урьдын өглөгтэй байсан тул миний бие Г.Одонд мөнгө өгөхгүй гэдгээ хэлж Д.Д-ийн 5003363997 тоот дансанд мөнгөө шилжүүлсэн. Гэтэл мөнгө төлөх хугацаа болоход Д.Д нь утсаа авахгүй алга болсон Д.Д нь Г.Одонтой хамт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148 4 дэх хэсэгт зааснаар эрүү үүсгэгдэн шалгагдаж, бусдаас болон надаас онц их хэмжээний мөнгө авсан үйлдэлдээ Г.Одон ял шийтгүүлсэн. Д.Д нь мөрдөн байцаалтын шатанд надаас зээлсэн мөнгөө дангаар захиран зарцуулснаа мэдүүлж тус үйлдэл нь Г.Одонд хамааралгүй гэж хэрэгсэхгүй болсон бөгөөд иргэний мapгaaн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Иймд хэрэгт бичгээр хийсэн хэлцэл эх хувиараа байхгүй байгаа тул хүүгийн төлбөрт шаардсан 1 000 000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 19 000 000 төгрөг болгон багасгаж байгаа тул энэхүү шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д-ийн дансанд уг 19 000 000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн. Үүнтэй хариуцагч талын зүгээс маргахгүй. Харин уг мөнгийг Д.Д хувьдаа зарцуулалгүйгээр, нэг өдрийн дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хадам аавынхаа зээлийн төлөлтийг хийдэг данс руу шилжүүлсэн. Тухайн мөнгийг Г.Одонгоор дамжуулж авсан. Учир нь Г.Одон нь Д.Д-ийн хадам аав С.Жалсанд өртэй байсан бөгөөд Б.Б-с авсан мөнгийг Г.Одонгийн зээлийн төлбөр гэж ойлгож дансаараа хүлээж авсан байдаг. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын 19 000 000 төгрөгтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо уг мөнгийг Г.Одон аваагүй гэж дүгнээгүй, харин уг асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлж буруутай этгээдээс шаардах эрхтэй гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй. Д.Д өөрийн данснаас бусдын өрийг төлж байгаа нь Б.Б-ийн өмнө харицлага хүлээх үндэслэл болохгүй. Хэлцэл хийгдсэний дагуу шаардаж байгаа гэвэл тэр үед Г.Одон мөн хамт байсан учир түүнийг мөн хамтран хариуцагчаар оролцуулах ёстой. Иймд хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д-с 19 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүипи 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бодит байдал дээр Б.Б, Д.Д нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Анхан шатны шүүхээс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гүйлгээ ямар зориулалттайгаар "Өөртөө орлого" гэсэн утгатайгаар Д.Д-ийн дансанд орсон талаар дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Зээлийн гэрээ нь бусад бүх гэрээний нэгэн адил санал гаргах болон түүнийг хүлээн авснаар байгуулагдана. Өөрөөр хэлбэл харилцан хүсэл зоригоо илэрхийлснээр байгуулагдана. Энэхүү тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчид ямар нэгэн байдлаар хүсэл зоригоо илэрхийлж хүчинтэй санал тавин саналыг хүлээн авсан тухай хүчинтэй мэдэгдэл гаргасан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Д.Д нь Б.Б, Г.Одон нар уулзсаны дараа түүний данс руу шууд мөнгө шилжүүлэхэд Г.Одонг түүний хадам аав С.Жалсангаас зээлсэн мөнгийг буцаан өгч байна хэмээн ойлгож хүлээн авсан байдаг. Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхийн тулд талууд гэрээ байгуулах талаар санал нэгдсэн байх ёстой хуулийн зохицуулалтыг шүүх агуулгаас нь буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхийн тулд гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн байхыг нэмж шаарддаг гагцхүү мөнгө шилжүүлсэн тохиолдолд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно хэмээн мөн л хуулийг агуулгаас нь буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.

Г.Одон нь өмнө нь хариуцагчийн хадам ааваас 20 887 000 төгрөг зээлсэн. Мөн уг зээлээ Б.Бат-Өлзийгөөс авч түүний бэр Д.Д-д олгосон талаарх нотлох баримт байдгаас гадна өөрөө ч уг үйлдлээ хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар бичиж Д.Д-д өгсөн байдаг. Уг ноглох баримтыг шүүхэд эх хувиар нь гарган өгсөн боловч шүүхээс огт үнэлээгүй байна. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй бөгөөд түүнийгээ нотолсон нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Харин хариуцагч нь уг асуудалд хамааралгүй болохоо нотолсон бүхий л нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч тэдгээр нотлох баримтыг үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх зарчмыг зөрчиж байна.

Г.Одон, С.Жалсан нар хоорондоо зээлийн гэрээ байгуулсан. Мөн үүний дагуу Д.Д нь Г.Одонгоос өрөө шаардсан. Хариуд нь Б.Б-с авч өгсөн энэ талаарх өөрөө гараар бичсэн тодорхойлолт нь хариуцагчийн тайлбар үнэн болон нэхэмжлэл үндэслэлгүй гэдгийг нотолсон хуулийн шаардлага хангасан нотлох баримт боловч анхан шатны шүүхээс огт үнэлэлгүйгээр хэргийг буруу шийдвэрлэсэн. Уг асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлэхэд Д.Д-г ямар ч хамааралгүй бөгөөд уг мөнгийг хувьдаа захиран зарцуулалгүй. Хадам аавын банкнаас зээлж Г.Одонд зээлдүүлсэн мөнгийг буцаан төлсөн буюу хадам аавын зээлийн данс руу шилжүүлсэн гэдгийг тогтоосон байдаг. 19 000 000 төгрөгийн асуудлыг анхан шатны шүүхээс Г.Одон нь Б.Б-с залилсан хэмээн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна хэмээн дүгнэснийг Д.Д-г хариуцах ёстой хэмээн шийдвэрлэсэн мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг агуулгаас нь буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлээгүй шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн байх тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Д.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19 000 000 төгрөг, зээлийн хүү 1 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсанаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зээлийн хүү 1 000 000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах боломжоор хангагдсан буюу хэргийн оролцогчийн эрх хангагдсан нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргах учиртай.

 

Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2017/13342 дугаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргахаас өмнө хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулсанаас хойш хэрэгт цугласан баримтыг танилцуулаагүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхийг хангаагүй шүүх хуралдааныг явуулжээ.

 

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаан даргалагчаар А.Сарантуяаг томилсон захирамжийг албажуулсан байна. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр уг хэргийн шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч М.Баясгаланг, шүүх бүрэлдэхүүнд Р.Алтантуяа, З.Доржнамжин нарыг томилж албажуулсан захирамж гаргажээ. Энэ тохиолдолд шүүгч А.Сарантуяа шүүх хуралдааныг даргалахаар томилогдсон байсан эсэх нь эргэлзээтэй болжээ.

 

Дээрх үндэслэлээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад хэрэгт цугларсан нотлох баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00037 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ