Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2018/01100

 

 

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2018/01100

Улаанбаатар хот

                          

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

         Нэхэмжлэгч:  Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Ш.Ш-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн, Б.Т-гаас хамтран ажиллах гэрээний үүрэгт 23 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн Ш.Ш-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг  тус тус хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т нь Ш.Ш-ээс2015 оноос 2-3 удаа бараа зээлээр авч, төлбөр тооцоогоо хийж дуусгасан. Үүнийг хариуцагч болон Б.Т өөрөө зөвшөөрдөг. Харин 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс Б.Т Ш.Ш-тбэлэн мөнгө өгч бараа захих болсон. Эхлээд  4 400 000 төгрөгийг 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын АТМ-аас шилжүүлсэн, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дахин 750 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 5 050 000 төгрөгийг өөрийн данснаас Ш.Ш-ийн Хаан ны 5028573361 тоот данс руу шилжүүлсэн. Ингээд нийтдээ 2016 оны 4 сараас эхэлж 10 200 000 төгрөгийг бэлнээр буюу дансаар Ш.Ш-тшилжүүлсэн.  Гэвч хэдэн төгрөгийн бараа авч, өгсөн тал дээр маргадаг. Ш.Ш нь Италиас авчирсан бараанаасаа өгдөг, Т таалагдсанаа авдаг, зарим барааг буцаадаг. Гэтэл Ш.Шбуцааж авснаа хэлдэггүй, хоорондоо тооцоо байхгүй. Б.Т нь 2016 оны 4 дүгээр сард шилжүүлсэн 10 200 000 төгрөгийг Ш.Ш-ээсгаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Т, Ш.Ш нар нь нэг ангийн найзууд учраас 2015 оны 4 дүгээр сараас бараа өгч авдаг байсан. Ш.Ш 10 200 000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргахгүй. Гэхдээ 10 200 000 төгрөгийг авсныхаа дараа Итали явсан, энэ нь гадаад паспортын хуулгаар харагддаг. Б.Т Ш.Ш-т 10 200 000 төгрөгөө өгөхөөс өмнө 2 500 000 төгрөгийн өртэй байсан нь хар дэвтрээр нотлогддог. Шилжүүлсэн 10 200 000 төгрөгөөс нь 2 500 000 төгрөгөө хасч 8 500 000 төгрөгөнд нь гутал авчирч өгөхөөр болсон. Үүнд 3 800 000 төгрөгийн гутал, хүүхдийн гутал 4 ширхэг 70 000 төгрөгөөр тооцож 280 000 төгрөг, эрэгтэй гутал, цүнх зэрэг нийт 5 680 000 төгрөгийн бараа өгсөн. Мөн Б.Т ээждээ авч өгнө гэж 1 цүнх нь 250 000 төгрөгөөр тооцож 2 цүнх 500 000 төгрөгөөр, хар саарал гутал 200 000 төгрөг, хүүхдийн гутал 2 ширхгийг 440 000 төгрөг, сэвхний тос 150 000 төгрөг нийт 1 140 000 төгрөгийг бараа авсан. Ингээд барааны нийт дүн 6 820 000 төгрөг болсон. 8 500 000 төгрөгөөсөө хасч тооцоход 1 680 000 төгрөг үлдсэн. 2016 онд АСЕМ-ын чуулга уулзалтын үед Б.Т дүү Б.Ту-гаа хоолоор үйлчлэх тендер авч хамтран ажиллахад Ш.Ш хүнсний бараа 1 270 000 төгрөгөөр авсан байдаг. Дараа нь Б.Т ээждээ 60 000 төгрөгийн сандаал, дүүдээ 40 000 төгрөгийн сандаал, утасны төлбөр 55 750 төгрөгөө төлүүлж 155 750 төгрөгийг Ш.Ш-ээс авсан. Мөн Б.Т зам тээврийн осол гаргаж 200 000 төгрөгийн гутлыг хохирогчдоо өгсөн. АСЕМ-ын үеэр тог, цахилгаан тасарчлаа гээд 600 000 төгрөг дансаар авсан. Дахин мөнгө дутлаа гээд 300 000 төгрөг, Б.Т буудлын хөлсгүй болчихлоо мөнгө гэхээр нь Ш.Ш 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нямка гэж хүний данс руу 60 000 төгрөг хийсэн. Энэ бүгдийг тооцоход 8 500 000 төгрөг болж байгаа. Ингээд тооцоо нийлж тохиролцоод дараа нь хоёр талаасаа мөнгө нийлүүлж урлан ажиллуулсан. Одоо өгөх төлбөргүй гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ш 17 650 000 төгрөг, Б.Т 10 600 000 төгрөгийг хөрөнгө оруулалт хийж урлан ажиллуулж, Батноров хийцийн иж бүрэн эмээл хоёр, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, ташуур хоёр ширхэг зэргийг хийлгэсэн. Нэг эмээлээ Швед улс руу хүнд заруулахаар явуулсан. Мөнгөн аяга ташуур нь байгаа. Нэг эмээлийг нь Б.Т  н.Н г гэж хүнд 37 000 000 төгрөгөөр зарж, 37 000 000 төгрөгдөө  газар авсан байгаа. Тэгэхээр урланд 70, 30 хувийн хөрөнгө оруулалт орж байгаа учраас оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ ашгаа хувааж авах ёстой. Иймд эмээлийн ашгаа авахаар тооцож 23 400 000 төгрөгийг Б.Т-аас нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Урлан ажиллуулахаар гаргасан мөнгөний хэмжээнд маргахгүй. Газрыг Элбэг туяарах ХХК, Оч гэрэлт ирээдүй ХХК-ний хооронд шилжүүлэх гэрээ хийсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэтг авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Т нь Ш.Ш-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн, Ш.Ш нь Б.Т-гаас хамтран ажиллах гэрээний үүрэгт 23 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4 550 445 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Б.Т нь Ш.Ш-т Итали улсаас бараа худалдан авахаар 2016 оны 4-р сарын 18-ны өдөр 4 400 000 төгрөг, 2016 оны 4-р сарын 19-ний өдөр 750 000 төгрөг, 2016 оны 4-р сарын 27-ны өдөр 5 050 000 төгрөг нийт 10 200 000 төгрөгийг түүний ХААН банкны 5028573361 тоот дансанд шилжүүлсэн нь зохигчийн тайлбар, банкны дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд мараагүй байна.

 

Харин 10 200 000 төгрөгөнд хэдэн төгрөгийн бараа авчирсан, хичнээн хэмжээний барааг Б.Т авсан, хэдэн төгрөгний үнэтэй  барааг буцаасан талаар хоорондоо баримт, тооцоо хийдэггүйгээс маргаан гарч, нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөө бүхэлд нь гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “төлбөр тооцоо дууссан” гэж тайлбарлаж, нотлох баримтаар 2 ширхэг тэмдэглэлийн дэвтэр гаргасан байх ба нэхэмжлэгч эдгээр баримтыг няцаасан ямар нэг баримт гаргаагүй байна. Иймд зохигчийн тайлбар, дансны хуулга, эдгээр дэвтэрт бичигдсэн төлбөр тооцоог үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.

 

Тэмдэглэлийн /жижиг/ дэвтэрийн 56 дахь талд Б.Тгийн шилжүүлсэн 10 200 000 төгрөгийн тэмдэглэгээ хийгдсэн байх ба үүнээс хойш түүнд өгсөн, авсан буцаасан барааны тэмдэглэл хийгдсэн байна. Үүнд: 57 дахь хуудсанд 840 000 төгрөгийн, тэмдэглэлийн /том/ дэвтэрийн 8 дахь талд 7-р сарын 7-нд 60 000 төгрөгийн гуйвуулга, 9 дэх хуудсанд АСЕМ чуулганы үед хийсэн тооцоо буюу хэргийн 34 дэх талд авагдсан карт уншуулсан баримтаар 693 829 төгрөгийн, том дэвтэрийн 27 дахь хуудсанд Туяад охины хамт 2 хүний тосны үнэ 300 000 төгрөг, гуталны 2 950 000 төгрөг, 35 дахь хуудсанд тос 1 ширхэг 150 000 төгрөг, хэргийн 33 дахь хуудсанд 2016 оны 7-р сарын 23-нд Баярсүрэнгийн данснаас 600 000 төгрөг, 2016 оны 7-р сарын 22-ны өдөр Б.Т-гийн 9919-5006 дугаарын утасны төлбөрт 55 750 төгрөгийг /хх 83, 84/ тус тус нийт 5 649 555 төгрөгийг төлжээ. Эдгээр төлбөр тооцоог нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцлоо.

 

Хариуцагч Ш.Ш нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд сөрөг нэхэмжлэл гаргаж Б.Т-гаас 24 850 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. 

 

Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэгдэх шаардлага байх ёстой боловч үндсэн шаардлага нь худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой бол сөрөг нэхэмжлэл нь хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой байна. Иймд сөрөг нэхэмжлэл нь энэ шаардлагатай харилцан тооцогдох шаардлага биш тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Харин хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа бие даасан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.   

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

 

                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Ш.Ш-ээс4 550 445 /дөрвөн сая таван зуун тавин мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөг гаргуулж Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу  5 649 555 төгрөгийн нэхэмжлэл болон Б.Т-гаас 24 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн Ш.Ш-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 150 төгрөг, хариуцагчаас төлсөн 662 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ш-ээс 87 757 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

            3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА