Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00610

 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/03075 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаар магадлалтай, 

Б.Т-гийн нэхэмжлэлтэй

Ш.Ш-т холбогдох, 

16.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэл гаргасан нэхэмжлэлд: ...Ш.Ш-т 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 4.400.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 750.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 5.050.000 төгрөгийг, нийт 10.200.000 төгрөгийг түүний Хаан банк дахь 5028573361 тоот дансанд бараа худалдан авахаар шилжүүлсэн. Мөн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 200.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 380.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 20.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 250.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 500.000 төгрөг нийт 1.900.000 төгрөгийг Ш.Ш-т дансаар шилжүүлсэн. Ш.Ш- нь 1 ширхэг пиджакийг 100.000 төгрөгөөр бодож 20 ширхэг пиджак авчирч өгнө гээд нийт 2.000.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сард бэлнээр авсан. 2016 онд Б.Т-г Япон улсад байхад түүний дүү н.Тунгалагаар 1.000.000 төгрөгийг шилжүүлж мөн авсан. Иймд нийт 16.100.000 төгрөгийг Ш.Ш-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Ш.Ш- Итали улс руу бараанд явж гутал, хувцас, куртик зэргийг авч ирсэн. 2015 онд 2-3 удаа бараа зээлж аваад мөнгийг нь өгч байсан. 2016 оны өвөл 2.500.000 төгрөгийн бараанаас урт түрийтэй гутал, цамц, өндөр гутал, зуны сандаал зэргийг өгсөн. Дараа нь хавар, намрын хагас түрийтэй 200.000 төгрөгийн үнэтэй гутал 2 ширхэгийг, 150.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй гутал 1 ширхэгийг, нүдний шил 1 ширхэгийг 250.000 төгрөгөөр, ээжийнх нь төрсөн өдрөөр 993 сорьцтой Солонгос загварын алтан бөгж 1.060.000 төгрөгөөр өгсөн. н.Тунгалагт нь бараа материалийн баримт байдаг. 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 4.400.000 төгрөг, дансаар 750.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 5.050.000 төгрөг, хүнс авах гэж 100.000 төгрөг дансаар явуулсан. Итали улсад байхад 350 доллар буюу 700.000 төгрөг явуулсан. Сүүлийн явуулсан 2 мөнгийг нэхэмжлэлд бичээгүй байдаг. Ингээд 11.000.000 төгрөг өгснөөс 2.500.000 төгрөгийг хассан гэж Б.Т- хэлсэн байдаг. Үлдсэн 8.500.000 төгрөгөөс өмнө хэлсэн эмэгтэй гутал, Goex гутал, сандаал, могойн арьсан гутал, 200.000 төгрөгийн гутлыг нийлүүлээд 3.800.000 төгрөг болж байгаа. Хүүхдийн 4 ширхэг гутал 240.000 төгрөг, армен цүнх 200.000 төгрөг, тап 1 ширхэг, эрэгтэй ногоон гутал 180.000 төгрөг, эрэгтэй 45 размерийн буузан гутал 200.000 төгрөг, лакан эрэгтэй гутал 200.000 төгрөг, цүнх 200.000 төгрөг, плаж 60.000 төгрөг нийт 5.680.000 төгрөгийн бараа өгсөн. Мөн ээждээ 250.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг цүнх, хагас түрийтэй Калбин брэндийн хар саарал эмэгтэй гутал 200.000 төгрөг, хүүхдийн сандаал 2 ширхэг нь 140.000 төгрөгөөр дүүгийнхээ охинд авч өгсөн. Мөн сэвхний тос 150.000 төгрөгөөр 2 ширхэгийг авсан. Эдгээр нь нийт 6.820.000 төгрөг болсон. Түүнчлэн урлангийн ажил хийж байхад хамтарч орно гэж хэлсэн бөгөөд Ш.Ш- 17.650.000 төгрөг гаргаж, Б.Т- 10.600.000 төгрөг оруулсан. Батноров хийцийн эмээл хийсэн зүйл байдаг. Ассемийн үеэр хүмүүст хоол хийж өгөх эрхийг нь авсан юм. 1 тонн гурил авчихаад мөнгө дутлаа гэж 1.570.000 төгрөгийн барааг Ш.Ш-ээр авахуулсан. Баарны тогоочид нүдний шил 220.000 төгрөгөөр, цүнх 250.000 төгрөгөөр авч өгч 470.000 төгрөг болсон бөгөөд авсан мөнгө нь нийт 2.400.000 төгрөг. Мөн тог цахилгаан тавиулсан байдаг. Ингээд үндсэн нэхэмжлэл болох 10.200.000 төгрөгийг бараа болон бусад зүйлээр төлсөн. Нэмэгдүүлсэн шаардлага болох 5.900.000 төгрөгийн хувьд 20 пиджакийг өгсөн. Пиджакийг Б.Т- өөрөө Итали улсаас захиж авч, Газрын албаны туслахад өгч газар авч байсан. Нэмэгдүүлсэн шаардлагын бүх мөнгийг төлсөн, үүнийг төлөх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/03075 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Ш.Ш-ээс 8.694.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.405.750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Т-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287.500 төгрөгөөс 238.450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 49.050 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ш.Ш-ээс 154.058 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/03075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1 гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ш.Ш- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Б.Т- нь миний ХААН банкны данс руу 10.200.000 төгрөг шилжүүлсэн дээр маргахгүй. Харин урьд нь зээлээр авсан барааны тооцоо 2.500.000 төгрөгийг хасч тооцоод үлдэх 7.700.000 төгрөгөд бараа авчирч өгөхөөр тохиролцсон. Харин Италиас ирээд захисан барааг нь өгөөгүй талаар маргаж улмаар нэхэмжлэлийн шаардлагаа 5.900.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байдаг. Ер нь нэхэмжлэгч нь хариуцагчаас урьд нь удаа дараа бараа зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан аваад тооцоогоо хийгээд явдаг байсан ба улмаар хариуцагчийн хүнд итгэдэг зангийг нь ашиглан урьд барааны үнэнд шилжүүлсэн мөнгөө бараа захисан гэж гүтгэж нэхэмжилж байгаа нь үнэнд нийцэхгүй. Учир нь Б.Т- нь Ш.Ш-т нэг ч бараа худалдаж байгаагүй зөвхөн өөрийн зээлээр худалдан авсан барааныхаа үнийг дансанд шилжүүлээд тооцоо хийдэг байсан ба тэр шилжүүлсэн мөнгөндөө бараа аваагүй мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Үүнийг тодорхой тайлбарлавал 2016 оны 3 сарын 29-нд 600.000 төгрөг, 30-нд 350.000 төгрөг шилжүүлсэн байгаа нь 2016.03.30-ны өдөр Б.Т- бид нар нь тооцоогоо нийлж өглөг авлагаа тооцсон нь тэмдэглэлийн дэвтэрийн 33-р хуудсанд тодорхой байдаг. Энэ нь Итали руу бараа захихаас өмнөхөн байгаа нь харагдана. Энэ тооцоогоор нэхэмжлэгч Б.Т- 2.500.000 төгрөгийг надад төлөх болсон. Иймд тооцоо нийлсэнээс хойно 2016 оны 4 сарын 18,19,27-ны өдрүүдэд 10.200.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа ба өмнөх барааны үлдэгдэл төлбөр 2.500.000 төгрөгийг хасч тооцоод үлдэх 7.700.000 төгрөгөнд бараа авчирч өгөхөөр тохирсон тодорхой болж байгаа юм. Тэгээд Италиас ирээд бараагаа ав гэж дуудахад Б.Т- гэрт ирээд бараагаа авсан болох нь гэрч н.Алтаагийн мэдүүлгээр нотлогддог. Б.Т-д 7.700.000 төгрөгөндөө бараа авчирч өгөхөөр тохирцсоноос нийт 6.860.000 төгрөгний барааг нийлүүлж үлдэх 755.000 төгрөгийн тооцоотой байсан. Энэ тооцоо нь дараа Асемийн үеэр шүүхийн шийдвэрт тусгагдсан 60.000 төгрөг, 300.000 төгрөг, 840.000 төгрөг, 55.750 төгрөг зэрэг баримтуудаар хаагдсан болохоор би Б.Т-д өртэй бус харин ч авлагатай гэдэг нь тодорхой байна. Миний бие 1 сая төгрөг өгсөн гэж тайлбар гаргасан нь 2016.03.29-нөөс 30-ны өдөр шилжүүлж өгсөн 950. 000 төгрөгийг хэлж байгаа юм. Энэ нь Б.Т-тай тооцоо хийгээд үлдэгдлээ тодорхой болгохын тулд дээрхи мөнгийг шилжүүлэн авч Б.Т- нь надад 2.500.000 төгрөгийн өртэй болсон тооцоо юм. Надад пиджак захиж 2 сая төгрөг өгсөн гэдэг нь намайг Италиас ирсэний дараа Францад амьдардаг Баяраа гэдэг хүнд банкаар дамжуулан 20 пиджак захиж авчруулаад өөрөө авч яваад зарж үрсэн. Энэ мөнгө надад огт хамаагүй ба тэр үед би Монголд байсан тул тэрээр надад мөнгө өгч бараа захих боломжгүй байсан нь миний гадаад паспортын хуулбараар нотлогдоно. Н.Тунгаагаар 1 сая төгрөг өгсөн тухай бол надад Б.Т-гийн өгсөн мөнгө гэж ямар ч мөнгө өгөөгүй. Н.Тунгаа надад өртэй байсан ба түүнийхээ тооцоог хийж 1 сая төгрөг өгсөн. 2016.06.05-нд 250.000 төгрөг, 8.26-д 200.000, 9.22-д 500.000 төгрөг, нийт 950.000 төгрөг миний дансанд шилжүүлсэн нь барааны үнэ ч биш Б.Т- бид нар хамтарч эмээл, ташуур, аяга зэрэг урлангийн зүйл хийхээр тохирон Туяагаас урланд зориулан оруулсан хөрөнгө оруулалт гэж надаас зээлж авсан 1 сая төгрөгний буцаан төлсөн мөнгө юм. Энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч тусдаа асуудал гэж шүүх хүлээн авахаас татгалзсан. Иймээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгчийн дурьдсан шаардлага нь бодит үнэн харин хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар нь хэдий нотлох баримт гаргаж өгсөөр байхад тэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь миний өөрийн хөтөлдөг хар данс ба тэр дээр хэдийгээр он сар өдөр бичээгүй боловч Туяа\о\-д өгсөн барааны талаар тодорхой байгаа. Энэ нь гэрч Алтаагийн мэдүүлэг болон надад ирсэн барааны тэмдэглэл зэргээр нотлогддог. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэл нь нэхэмжлэгч Б.Т-гийн бэлнээр өгсөн гэх мөнгө нь ямар ч нотлох баримтгүй байхад нотлогдож байгаа гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага үнэн зөв гэж дүгнэснээр тодорхой байна. Нэхэмжлэгч нь нотлох баримтгүйгээр хүнээс мөнгө нэхэж болдог харин хариуцагч нь нотлох баримтаа гаргаж өгсөөр байхад тэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль зөрчин хэт нэг талыг барин гарсан гэж үзэх үндэс болж байгаа юм. Иймд дээрхи шийдвэр, магадлалыг дахин хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Б.Т-, Ш.Ш-т холбогдуулан 16.100.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “2016.03.29-нд 200.000 төгрөг, 2016.03.29-нд 380.000 төгрөг, мөн өдөр 20.000 төгрөг, 2016.03.30-нд 350.000 төгрөг, 2016.4.18-нд 4.400.000 төгрөг, 2016.04.19-нд 750.000 төгрөг, 2016.04.27-нд 5.050.000 төгрөг, 2016.06.05-нд 250.000 төгрөг, 2016.08.26-ны 200.000 төгрөг, 2016.09.22-ны 500.000 төгрөг, 2016.6-р сард 1.000.000 төгрөг, 2018.02-р сард 1.000.000 төгрөг, нийт 16.100.000 төгрөгийг Итали улсаас бараа авчруулахаар захисан, бараа өгөөгүй тул мөнгийг гаргуулах” гэснийг, хариуцагч “шилжүүлсэн мөнгөнд бараа, хувцас өгсөн, тооцоогүй” гэж маргасан байна.

        Анхан шатны шүүх 8.694.250 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

            Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

          Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн баримтын хүрээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

           Нэхэмжлэгч Б.Т- хариуцагч Ш.Ш-т бараа захиж мөнгийг дансаар болон бэлнээр шилжүүлж байсныг хариуцагч үгүйсгээгүй тул зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.

         Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлага, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй бөгөөд Ш.Ш- гэрээний дагуу захиалсан барааг худалдан авагчид шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлснээ нотлоогүй байна.

        Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн гаргасан мөнгө шилжүүлсэн баримт, хариуцагчаас гаргасан 2 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, түүний хүсэлтээр асуугдсан  гэрч А.Алтаагийн мэдүүлэг зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас харьцуулан үнэлж, нэхэмжлэгч нийт 12.900.000 төгрөг шилжүүлснээс хариуцагч 4.205.750 төгрөгийн бараа, материал өгсөн гэж дүгнэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

         Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ 8.694.250 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй  гэж үзлээ.

            Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь гэрээнээс татгалзах агуулгатайг анхаараагүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг буюу худалдах-худалдан авах гэрээний харилцан хүлээх үүргийн зохицуулалтаар тодорхойлсон нь алдаатай байгааг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн “...шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй...” гэх гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 154.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ