Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0018

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гуравдагч этгээд “Т*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.Ч, гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: Б сайд

Хариуцагч: Б, яам

Хариуцагч: Б******* захиргаа

Гуравдагч этгээд: “Т*******” ХХК

Гуравдагч этгээд: “Э*******” ХХК

Гомдлын шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 673 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Л*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х*******, хариуцагчийн Б, яам, Б сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагч Б******* захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х*******, гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, гуравдагч этгээд “Т*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0311/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Б******* захиргаанд холбогдуулан “...“Г” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг хүсэлтийг Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хуульд заасан хугацаанд хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох”, Б, яаманд холбогдуулан “Богдхан уулын дархан цаазат газрын хасгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар албан бичгээр уламжилсан санал болон 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/189 дүгээр албан бичгээр Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн хамгаалалтын бүс нутгийн удирдлагын газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу Г ХХК-д  газар эрх олгохоос татгалзсан Б, яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох”,  Б, сайдад холбогдуулан “Б, сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаартай “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалын “Т*******” ХХК болон “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Г” ХХК-д газар ашиглах эрх олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 673 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Г ХХК-иас Б сайд, Б, яам, Б******* захиргаанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Г” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хуульд заасан хугацаанд хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож”, “Богдхан уулын дархан цаазат газрын хасгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар албан бичгээр уламжилсан санал болон 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/189 дүгээр албан бичгээр Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн хамгаалалтын бүс нутгийн удирдлагын газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу “Г” ХХК-д  газар эрх олгохоос татгалзсан Б, яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоож”,  “Б, сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаартай “Газар ашиглах эрх олгох тухай”  тушаалын “Э*******” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь “Т*******” ХХК-ийн газартай давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “... Б, сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаартай “Газар ашиглах эрх олгох тухай тушаалын “Т*******” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчтэй давхцаагүй хэсгийг хүчингүй болгох”  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

3. Гомдлын шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох. 

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч "Г" ХХК нь Б******* захиргаанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн "Тодорхойлолт хүсэх тухай" албан бичгээр хандсан байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1. "Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.", 17 дугаар зүйлийн 17.1. "Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаарх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана." Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2. "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана." гэж тус тус заасан.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд захиргааны акт гэж... захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байх ба мөн хуулийн 37.2 дахь хэсэгт захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй -г ойлгохоор, харин эс үйлдэхүй гэж "иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаас тус тус үзвэл нэхэмжлэгч компанийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагч байгууллагын эс үйлдэхгүйтэй холбогдуулан нэхэмжлэгч компани маргаагүй, харин ч 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тухайн асуудлаар буюу дахин тодорхойлолт авахаар хандсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтны гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байхад дээрх үйлдэхүйтэй маргаж нэхэмжлэл шаардлагыг шүүх шууд хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй гэж үзэж байна.

2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0673 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 10 дахь заалтад "Учир нь энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д дурдсанчлан нэхэмжлэгч нь газар ашиглахаар хүсэн гаргасны дагуу Б******* захиргаанаас хариуцагч Б, яаманд санал ирэх үед маргаан бүхий Б, сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар "Газар ашиглах эрх олгох тухай" тушаал гараагүй байсан болох нь тогтоогдож байна" гэжээ.

Шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэлэхдээ цаг хугацааны асуудалд дүгнэлт хийхээс гадна хариуцагч байгууллагад хандсан хуулийн этгээдүүдийн хүсэлтийн агуулгад дүгнэлт хийгээгүйгээс алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна.

Тодруулбал, хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч "Г" ХХК нь анх 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болон мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын удирдлагын захиргаанд "... Иймд бидний үйл ажиллагааг дэмжиж, уг газрыг ашиглах боломжоор хангаж, давхцалгүйг тодорхойлж өгнө үү” гэх агуулгатай "Тодорхойлолт хүсэх тухай" тэргүүтэй албан бичгээр ханджээ.

Гэтэл гуравдагч этгээд "Э*******" ХХК 2022 оны 12 дугаар сарын 15-ны Өдрийн "... Иймд олон нийт цаг заваа зөв боловсон, тав тухтай орчинд өнгөрүүлэх үйлчилгээний газрыг бий болгох ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Богдхан уулсын дархан цаазат газарт орших зориулалт бүхий 4 га газрыг 5 жилийн хугацаагаар аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд зориулан хуульд заасан журмын дагуу ашиглах зөвшөөрөл олгож өгнө үү”, мөн гуравдагч этгээд "Т*******" ХХК 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "... Бид дээрх зорилгоо биелүүлэхийн тулд Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах 4 га газрыг ашиглах хүсэлтэй байна. Иймд бидний хүсэлтийг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэн өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү" гэж Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус хандсан байна.

Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт нэхэмжлэгч компани "газар ашиглах" хүсэлтийг Өмнө нь гаргаж байгаагүй, харин цаг хугацааны хувьд хожим буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 2.-т “Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж болох газар нутгийн хэсгийг тодорхойлж, төлөвлөсөн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны саналыг авсны үндсэн дээр батална" гэж зааснаар Б******* захиргааны саналыг үндэслэн газар ашиглах эрх олгодог

Б******* захиргаанд гуравдагч этгээд "Э*******" ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр. "Т*******" ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус тус хүсэлт гаргасан байна. Үүний дагуу Б******* захиргаанаас Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр саналыг хүргүүлсэн байна. Б, яам газар ашиглах эрх олгохдоо тус саналыг үндэслэсэн ба бичиг баримт боловсруулах тодорхой хугацаа шаардлагатай учир Б, сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаал гарсан.

Харин нэхэмжлэгч компани Б, яамны Тусгай хамгаалалттай газрын бүс нутгийн удирдлагын газарт 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүсэлт гаргах үед Б******* захиргаанаас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт ирж, тушаал боловсруулагдаж байсан тул Б, яамны татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэл бүхий хуульд нийцсэн шийдвэр гаргасангүй.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

3.2. Гуравдагч этгээд "Т*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "Т" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/106 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүсэд 5,7 га газрыг авлагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах отоглох зориулалтаар ашиглах хүсэлтийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасныг тус захиргааны байгууллага өргөдөл гомдол хянан шийдвэрлэх хугацаанд буюу 30 хоногт хянан шийдвэрлээгүй тул хүсэлтийг 2022 оны 11 дуг тэр сарын 30-ны өдрийн 1/108 дугаар албан бичгээр дахин гаргасан. Тус өргөдлийг хугацаанд нь хянан шийдвэрлээгүй тухай эс үйлдэхүйг анхан шатны шүүхээс дүгнэхдээ Богдхан уулын дархан цаа газрын хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлэх боломжтой байсан гэж дүгнэсэн байна.

Шүүхийн энэ дүгнэлт нь бодит үнэнд нийцэхгүй байх бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг Б******* захиргаанаас шийдвэрлэсэн хэдий ч тухайн хүсэлтийг Б яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар хангаж шийдвэрлэх байсан эсэх нь тодорхойгүй асуудал юм. Мөн тухайн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй Б******* захиргааны эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрөөгүй бол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу гомдол гаргаж хүсэлтийг шийдвэрлүүлэх боломжтой байжээ. Иймээс анхан шатны шүүхийн дүгнэсэн дүгнэлт нь бүрэн дүүрэн үндэслэлгүй байх тул Б******* захиргаанд холбогдуулан гаргасан "Г" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг хүсэлтийг Б яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хуульд заасан хугацаанд хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Б, яамны тустай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын хүргүүлсэн хүсэлтийн дагуу “Г" ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Б, яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд “Террам ресурс майнинг” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/01 тоот хүсэлтийг Б******* захиргаанаас Б, амны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1922 тоот албан бичгээр газар ашиглуулах саналыг хүргүүлсэн, і энд эл эр ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/15 дугаар бүхий албан хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1895 дугаар албан бичгээр газар ашиглуулах саналыг тус тус хүргүүлсэн харин нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/108 тоот хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 тоот албан бичгээр тус тус уламжилсан байна.

Дээрх хүсэлтүүдийг хүлээн аваад шийдвэрлэхэд багадаа 2-оос дээш хоногийн хугацаа шаардлагатай байдаг тухай хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа хэлж байсан бөгөөд нэхэмжлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтийг 30-ний өдөр шийдвэрлэсэн тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед хариу тайлбартаа дурдсан байдаг. Шүүх энэ нөхцөл байдлыг үнэн зөвөөр үнэлж дүгнээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болоход нөлөөлсөн байна гэж үзэж байна.

Дээрх нөхцөл байдлуудын улмаас нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд үндэслэлгүй гарсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

3.3. Гуравдагч этгээд "Э*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч анх Б******* захиргаанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүсэлт гаргасан боловч тухайн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгөөгүй хэмээн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1-т заасан гомдлыг гаргаагүй бөгөөд тухайн хүсэлтийг гаргаснаас хойш 57 хоногийн дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин шинэ хүсэлт бичиж өгсөн байгаа нь эхний хүсэлтийг шийдвэрлээгүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн нэхэмжлэгчийн сүүлд гаргасан хүсэлтийг Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрх олгох тухай саналыг хүргүүлсэн байгаа нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй талаар маргаагүй ба нэхэмжлэгч энэхүү захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрснөөр дахин шинээр хүсэлт гаргаж, түүнийг нь Б******* захиргаанаас хуульд заасан хугацаанд шийдвэрлэсэн байтал нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн.

Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс тухайн үедээ эхний хүсэлтийг шийдвэрлээгүйг хүлээн зөвшөөрч, захиргааны байгууллага шүүхэд ч гомдол гаргалгүйгээр дахин шинэ хүсэлт хүргүүлж, зүүнийг нь захиргааны байгууллага шийдвэрлэсэн байхад ямар үндэслэлээр эхний хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа нь тодорхойгүй байсан ч анхан шатны шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хатаж, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн хэмээн хангаж шийдвэрлэсэн байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна.

...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт нэхэмжлэгч 2022 оны 10, 11 дүгээр саруудад Б******* захиргаанд хандан газар ашиглах хүсэлтийг гаргасан байхад тус хүсэлтүүдэд хариу өгч шийдвэрлээгүйн улмаас энэхүү маргаан үүссэн..." гээд захиргааны байгууллага нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хуульд заасан хугацаа хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн газар ашиглах хүсэлтийг Б******* захиргаа хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1957 дугаартай албан бичгээр газар ашиглах эрх олгох тухай саналыг хүргүүлэн шийдвэрлэсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэл хэсэгтээ "2022 оны 10. 11 дүгээр саруудад... хүсэлтийг гаргасан байхад тус хүсэлтүүдэд хариу өгч шийдвэрлээгүйн улмаас..." хэмээн зөрчилдөөнтэй дүгнэлт хийж, үүнийгээ үндэслэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Мөн гуравдагч этгээдийн зүгээс хариу тайлбар болон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн энэхүү эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох шаардлага нь ЗХШХШТХ-ын 52 дугаар зүйлийн 52.5.3-т "нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны  ашиг сонирхол үүсэхийн тодорхойлж өгсөн байх шаардлагыг хангаагүй тухай дурдаж байсан. Энэхүү шаардлага нь 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлэх эрх зүйн харилцаа байсан эх тухай бөгөөд нэхэмжлэгчийн 11 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлт шийдвэрлэгдэж аль хэдийн тус захиргааны байгууллагад 1957 албан бичгээр санал нь уламжлагдсан байтал өмнөх хүсэлтийг хүргүүлэх эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох нь нэхэмжлэгчид хууль заасан ямар ч хууль ёсны эрх, ашиг сонирхол үүсэхгүй нь илэрхий байна.

 Б******* захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар албан бичгээр уламжилсан санал болон 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/189 дугаар албан бичгээр Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу "Г" ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Б, яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоох шаардлагыг хангасан тухайд: “...Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлаа хангасан үндэслэлээ "Шүүхээс нэгэнт Б******* захиргаанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Б яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б******* захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар албан бичгээр уламжилсан санал болон 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/189 дугаар албан бичгээр Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу “Г” ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Б, яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна" хэмээн тайлбарлажээ. Тодруулбал, өмнөх хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь гуравдах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болсон байна. Тиймээс гуравдагч этгээдийн зүгээс дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй тухай дүгнэлтээ нэгэнт илэрхийлсэн тул үүн дээр үндэслэн гарсан гурав дахь нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг ч мөн хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй юм.

...Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "Нэхэмжлэгчээс манайх 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр газар ашиглах хүсэлтээ гаргаж байхад Б, сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаал гараагүй байсан. Өөрөөр хэлбэл тухайн бидний ашиглахыг хүссэн газар хэн нэгэн этгээдийн эзэмшил, ашиглалтад огт байгаагүй..." гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд хариуцагч Б, сайд нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид газар ашиглах эрх олгосон атлаа нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлт, түүнийг уламжилсан саналыг шийдвэрлээгүй гуравдагч этгээдүүдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчимд нийцээгүй хажуу талын сайдын 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/649 дугаартай "Газар ашиглах эрх олгох тухай" тушаалын  манайд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр саналаа хүргүүлэх 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн сайдын газар ашиглуулах эрх олгох Тухай тушаал гараагүй байсан атал өөрийнх нь саналыг харгалзаагүй гэсэн тайлбарыг шүүх бичиг баримтад үзлэг хийж үндэслэлтэй гэж үзсэн боловч хариуцагчийн хариу тайлбар болон түүх хуралдаандаа дурдан бодит нөхцөл байдлыг харгалзаагүй бөгөөд ямар үндэслэлээр хүлээн аваагүй талаар ч тайлбар хийгээгүй байна. Гуравдагч этгээдийн санал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1895 дугаар бүхий албан бичгээр хүргэгдсэн ба хариуцагч тус хүсэлт нь тушаалын төсөл боловсруулах албан хаагчид удирдлагын цохолтоор 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирсэн тул хянан шалгах боломжит хугацаа байгаагүй гэж үзнэ хэмээн дурдсан. Өөрөөр хэлбэл баримт бичиг боловсруулах тодорхой хугацаа ордог тул тушаалын огноо дээр 12 дугаар сарын 30-ны өдөр хэмээн тэмдэглэгдсэн ч шийдвэрлэгдсэн огноо нь 12 дугаар сарын 28-аас өмнө /12 дугаар сарын 29 нь бүх нийтээр амрах баярын өдөр тул ажлын өдөрт тооцохгүй/  болох тухай тодорхой болгож өгч байна. Гэвч анхан шатны шүүх нь хариуцагчийн зүгээс бодит нөхцөл байдлын тухай тайлбарыг үнэлэлгүй, зөвхөн баримт бичиг дээрх огноог үнэлсэн нь үндэслэлгүй юм.

Шүүх газар ашиглах эрх олгосон захиргааны актын "Э*******" холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч шийдвэртээ зөвхөн "Геррам ресурсет" ХХК-ийн газар ашиглах эрх авахад баримт баримт бичгийн бүрдэл дутуу тухай дурдсан ба "Э*******" ХХК-ийн газар ашиглах эрхийн талаар огт дүгнээгүй. "Эй энд эл эф" ХХК нь хуульд заасны дагуу хүсэлт болон холбогдох баримт, улсын тэмдгийн хураамж зэргийг төлсөн. Б******* захиргаа, Б, яамнаас холбогдох хуульд заасны дагуу газар ашиглах эрхийг олгосон байтал зөвхөн хүсэлт гаргасан компанийн нэхэмжлэлээр ийнхүү хуульд заасан журмын дагуу газар ашиглах эрхтэй болсон этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь яавч хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр болж чадахгүй юм.

Шүүх нь энэ тохиолдолд гуравдагч этгээдийн итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй тухайгаа ЗХШХШТХ-ийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан "бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхол эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн" захиргааны акт байх тул хэмээн тайлбарласан. Гэвч дээрх үндэслэлүүдээс харахад энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх хангалттай үндэслэл байхгүй байх тул шүүхийн энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэлдээ "Г ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй Б******* захиргааны эс үйлдэхүйг шүүхээс хууль бус болохыг тогтоож, Байгаль, орчин, сайдын 2022 оны А/649 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “Г” ХХК-д хүсэлт гаргасан газарт ашиглах эрх олгохыг даалгах нь зүйтэй гэсэн” хэмээн тайлбарлаж, газар ашиглах эрх олдохын даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглуулах эрх олгох асуудлыг шийдвэрлэх зохицуулалт нь өөрчлөгдсөн бөгөөд шүүх хуулийг буцаан хэрэглэх эсхүл хэрэглэхгүй аль ч нөхцөлд нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохоор даалгах нь  үндэслэлгүй байна.

Байгаль, орчин, сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаартай Газар ашиглах эрх олгох тухай" тушаалын гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан зохицуулалтаар төрийн захиргааны төв байгууллага нь газар ашиглуулах шийдвэрийг хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн  шийдвэрлэх бүрэн эрхтэй байсан. Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасан "олон улсын стандарт, түвшинд хүрсэн байх шаардлагыг хангасан эсэх талаар хариуцагчийн болон хөндлөнгийн этгээдийн дүгнэлт огт хийгдэхүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлэн эхэлж хүсэлт өгсөн аж ахуйн нэгжид шууд л газар ашиглах эрхийг захиргааны байгууллагаас өгдөг мэт тайлбар хийж, шийдвэрлэсэн нь хуулиар олгогдсон захиргааны байгууллагын бүрэн эрхэд халдсан гэж үзэхээр байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй зохицуулалтаар тусгай хамгаалалттай газрыг ашиглуулах шийдвэрийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн шийдвэрлэхээр байгаа тул нэхэмжлэгчид газар ашиглуулахаар захиргааны байгууллагад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасныг зөрчсөн байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 673 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг зөв үнэлж, хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. “Т*******” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/01 дүгээр албан бичгээр газар ашиглах хүсэлт гаргасныг Б******* захиргаанаас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1922 албан бичгээр Б, яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1922 албан бичгээр газар ашиглуулах саналыг,

3. “Эй энд эл эф” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/15 дугаар албан бичгээр газар ашиглах хүсэлт гаргасныг Б******* захиргаанаас Б, яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1895 дугаар албан бичгээр газар ашиглуулах саналыг тус тус хүргүүлж, уг саналуудыг үндэслэн Б, сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт орших Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын аманд 40041 м.кв газрыг “Т*******” ХХК-д, 38956 м.кв газрыг “Эй энд эл эф” ХХК-д ашиглах эрх олгожээ.

4. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/108 дугаар албан бичгээр газар ашиглах хүсэлт гаргасныг Б******* захиргаанаас Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар албан бичгээр газар ашиглуулах саналыг хүргүүлсэн байна.

5. Анх “Г” ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/106 дугаар албан бичгээр Б******* захиргаанд хандаж, Баянзүрх дүүргийн Хүрэлтогоотын аманд 5.7 га газарт газар ашиглах хүсэлт гаргаж байжээ. 

6. Гэтэл уг хүсэлтийг хүлээн авсан Б******* захиргааны газар зохион байгуулалт, газрын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Т.Төмөр-Очир уг хүсэлтэд хариу өгөөгүй орхигдуулсан талаараа тайлбар өгсөн, тухайн хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж хариу өгөөгүй байгаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

7. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн газар ашиглахаар гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй Б******* захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг хуульд заасан хугацаанд Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

8. Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “...Хэрэгт авагдсан Б******* захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар албан бичгээр уламжилсан санал болон Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн хүсэлтийн дагуу “Г” ХХК”-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Б, яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлжээ.

9. Дээр дурдсан нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-нд гаргасан хүсэлтэд Б******* захиргаанаас 2022 оны 12 дугаар сарын 27-нд Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт газар ашиглуулах саналыг хүргүүлсэн тул нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1/189 дүгээр албан бичгээр  тус газарт “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүс дэх 57588 м.кв газрыг олгож өгнө үү” гэх хүсэлтийг хүргүүлсэн байна.

10. Үүний дараа Б, яамнаас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09/451 дүгээр албан бичгээр “Б******* захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар саналд тусгагдсан төсөл хэрэгжүүлэх 57588 м.кв газрын байршил нь бусад газар ашиглагчийн нэгж талбартай давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь  заалтыг зөрчиж байх тул газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг хүргүүлжээ.

11. Дээрхээс үзэхэд Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт нэхэмжлэгчийн газар хүссэн өргөдөл очих үед  Б, сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дүгээр тушаал гараагүй буюу гуравдагч этгээд компаниудад газар ашиглах эрх олгогдоогүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газрыг бусад  этгээдийн газартай давхцалтай гэж үзэхгүй.

12. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага тавьсан. Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “хязгаарлалтын бүсэд бд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа явуулж болно: аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, тоглох, ашиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар орон байр барих, ашиглах” гэж заасны дагуу газар ашиглуулах боломжтой газрын хувьд түрүүлж хүсэлтээ гаргасан этгээдийн эрхэд хамгаалалт үүсгэнэ.

13. Харин нэхэмжлэгч “Г” ХХК-ийн тухайн газрыг ашиглах хүсэлтээ түрүүлж илэрхийлсэн байдал энэ зохицуулалтад хамаарна.

14. Учир нь 2022 оны 12 дугаар сард нийт 3 аж ахуйн нэгжээс маргаан бүхий газарт газар ашиглахаар Б******* захиргаанд хүсэлт ирүүлсэн байх бөгөөд Б, яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт уламжилсан 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар албан бичигт дурдсанаар “2021 оны А/79 дүгээр тушаалаар газар ашиглах эрх нь цуцлагдсан хуулийн этгээдийн газартай давхцаж байна” гэж тодорхойлсон байхад Б, яамны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09/451 дүгээр албан бичгээр “...бусад газар ашиглагчийн нэгж талбартай давхцалтай... гэж байгаа нь хууль бус байна.

15. Нөгөөтэйгүүр хариуцагч нараас маргаан бүхий санал, тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчийн гаргасан газар ашиглах хүсэлт, холбогдох баримтыг нягталж шалгаж үзэхгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлт, түүнийг уламжилсан саналыг шийдвэрлэлгүйгээр  сүүлд хүсэлт гаргасан хуулийн этгээдүүдэд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.2.2-д заасныг тайлбарлан хэрэглэсэн шүүхийн дүгнэлтийг буруутган тайлбарлах боломжгүй.

16. Харин хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газар нь Б, сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар “Т*******” ХХК-д ашиглуулахаар олгосон газартай хэсэгчлэн,  “Эй энд эл эф” ХХК-д ашиглуулахаар олгосон газартай бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдсон байна.

17. Гуравдагч этгээд “Т*******” ХХК-ийн хувьд хүсэлтэд хавсаргасан төсөл нь шаардлага хангаагүй, кадастрын зураг байхгүй, ямар солбицолд, ямар хэмжээтэй газар эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа нь тодорхойгүй байхад маргаан бүхий байршлаас өөр байршилд газар эзэмших хүсэлт гаргасан талаар анхан шатны шүүх тодорхой дүгнэжээ.

18. Ийнхүү нэхэмжлэгч нь 2022 оны 10, 11 дүгээр саруудад буюу хамгийн эхэнд газар ашиглах хүсэлтээ шаардлага хангасан баримтын хамт гаргасан байхад хүсэлтийг нь шийдвэрлэлгүйгээр сүүлд хүсэлт гаргасан гуравдагч этгээдүүдэд газар ашиглах санал гаргаж, газар ашиглуулах шийдвэр гаргасан үйлдэл хууль бус болох талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

19. Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Б, яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийн төлөөлөгч, “Т*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

                      ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ

 

                      ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

                       ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН