Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/00041

 

 П.Гансүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/001120 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1300 дугаар магадлалтай,

П.Гансүхийн нэхэмжлэлтэй,

Д.Даваадорж, Н.Оюунчимэг нарт холбогдох

Нэхэмжлэл: 12.040.000 төгрөг гаргуулах

Сөрөг нэхэмжлэл: алданги 12.720.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, хариуцагч Д.Даваадорж, Н.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Гансүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Д.Даваадорж, Н.Оюунчимэг нараас орон сууц худалдан авахаар, урьдчилгаа төлбөрт Д.Даваадорж болон түүний хүү Д.Мөнгөнбаярын дансанд 6.500.000 төгрөг, 10.000.000 төгрөг, 500.000 төгрөг, нийт 17.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч өгөхөөр тохиролцсон. Банкны зээл батлагдаагүй тул наймаа буцахад хүрсэн. Ингээд Д.Даваадорж, Н.Оюунчимэг нараас урьдчилгаанд өгсөн төлбөрөөс байр шилжүүлэхэд гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хасч үлдэгдэл мөнгийг буцааж авах гэсэн боловч урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг олон өдөр ажил алдагдуулсан шалтгаанаар өгөөгүй. Иймд Д.Даваадорж, Н.Оюунчимэг нараас 12.040.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Даваадорж Н.Оюунчимэг нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр П.Гансүх зарын дагуу бэлэн мөнгөөр байр худалдаж авна гэхэд нь орон сууцны үнийг 69.000.000 төгрөгөөс 65.000.000 төгрөг болгож бууруулсан. П.Гансүх ажлын 5 хоногт зээл бүтээж, байрны мөнгө өгнө ямар ч асуудалгүй гэж хэлсэн. П.Гансүхэд итгэлцлийн 500.000 төгрөг өг гэхэд тэрээр зөвшөөрч 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн ба 6 дахь хоногоос төлбөр төлөхгүй бол 500.000 төгрөг танай мөнгө болно гэсэн. Тохиролцсон өдрөөс хойш 6, 7 хоног өнгөрөхөд П.Гансүх нь ...зээл хөөцөлдөж байна, зараа зогсоо танай байрыг би авна, найдвартай гэсэн бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 6.500.000 төгрөг шилжүүлсэн. П.Гансүхээс зээл нь юу болж байгааг асуухад одоохон, түр хүлээж бай гэдэг байсан. Сүүлдээ бид орон сууцаа зарахгүй, болъё гэж удаа дараа хэлсэн. Байрны мөнгөө өгөөгүй байхад нь П.Гансүхийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж, итгэл үзүүлсэн боловч усанд хаясан чулуу шиг алга болсон. П.Гансүх биднээс үндэслэлгүй мөнгө авсан гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Гансүх хүн хохироосон бол хохирлоо төлөх ёстой. П.Гансүхийн шилжүүлсэн 17.000.000 төгрөгөөс өөрийнх нь хэлснээр 500.000 төгрөг хасна. Үлдэх 16.500.000 төгрөгөөс бэлнээр өгсөн 7.000.000 төгрөг, үл хөдлөх шилжүүлсэн төлбөр 2.680.000 төгрөгийг хассанаар 6.700.000 төгрөг үлдэнэ. Уг мөнгөнөөс зээлийн гэрээний алдангийн төлбөрийг хасч 3.000.000 төгрөг үлдэх бөгөөд П.Гансүх ...сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөг өгч байна гэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаас нэг ч төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.Даваадорж, Н.Оюунчимэг нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Бид зуны 53 хоног ажлаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч, амьдралын хэв маяг алдагдсан, одоог хүртэл хохирч байна. Иймд 48.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд алдангийн талаар тохиролцсон тул 12.720.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Гансүхийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд 65.000.000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Урьдчилгаа 17.000.000 төгрөгийн төлсөн. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байрны үлдэгдэл төлбөр 48.000.000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ баталгаа болсноос гэрээгээр талууд мөнгө өгч, авалцаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01120 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Даваадорж, Н.Оюунчимэг нараас 6 660 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Гансүхэд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5 380 000 төгрөг гаргуулах хэсэг болон хариуцагч Д.Даваадорж, Н.Оюунчимэг нарын П.Гансүхээс хохиролд 12 720 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 550 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 470 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 121 510 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1300 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/01120 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 030 төгрөг, хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 550 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Даваадорж, Н.Оюунчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Бид өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 49 дүгээр байрны 12 тоот, 51м2 талбай бүхий хоёр өрөө орон сууцаа худалдан улмаар орон сууцаа шинэчлэн амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор 2018 оны 6 сард цахимаар болон сонин хэвлэлээр зар өгсний дагуу 2018 оны 6 сарын 26-ны өдөр П.Гансүх гэгч байр сонирхож байна гэж уулзсан. Тэгээд танай орон сууцыг оролцуулан барьцаа хөрөнгө болгон байршуулаад зээл авах гэсэн юмаа харин одоо ганцхан танай байрны гэрчилгээг л банкинд өгвөл миний зээл 5 хоногт багтаад гарах гээд байна гэхэд нь бид байраа зөвхөн бэлэн мөнгөөр өгнө гэсэн. Ингээд бид харилцан ярилцаад 69.000.000 төгрөгөөр зарахаар ярьж байсан байраа 65.000.000 төгрөг болгон хямдруулж зарахаар болж, гэрчилгээг шилжүүлэхээс өмнө төлбөрөө барагдуулах, П.Гансүхийн хэлсний дагуу 2018 оны 6 сарын 27-ны өдрөөс эхлэн орон сууц зарах зараа зогсоох, эхний ээлжинд 500.000 төгрөгийг итгэлцлэлийн төлбөр болгон шилжүүлэхээр тохироод манай байрны гэрчилгээний зургийг гар утсаараа аваад явсан. Гэсэн ч П.Гансүх нь нэг өдрийн дараа 500.000 төгрөгийг шилжүүлээд түүнээс хойш 2018 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл ямар ч төлбөр хийлгүйгээр ...миний зээл өнөө маргаашгүй гарлаа, банкнаас судалгаа хийхгүй удаад байна... гэсэн тайлбарыг өгч бидэнд хүндрэл учруулж эхэлсэн. Дахин дахин шаардуулж байж байрны үнийн дүнгийн 10-н хувийг 2018 оны 07 сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Үүнээс хойш мөн хэд хоногийн дараа Хаан банкнаас ирж манай байрыг үзээд явсан боловч мөн л хурлаар орохгүй байна гээд хойшлуулсаар байгаад 2018 оны 7 сарын 25-ны өдөр П.Гансүх нь над руу ярьж гэрчилгээгээ шилжүүлэх хэрэгтэй байна гэхэд нь бид мөнгөө эхлээд шилжүүл гэсэн. Харин П.Гансүх нь гэрчилгээ шилжүүлээд л маргааш нь ...миний зээл гарна, тэгээд л танай мөнгийг тэр дорно шилжүүлнэ... гээд удаа дараа гуйсаар байгаад биднийг зөвшөөрүүлж 2018 оны 7 сарын 26-нд 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Бидний хооронд орон сууц худалдах худалдан авах болон зээлийн гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар П.Гансүх нь манай гэр бүлийн өмчлөлийн орон сууцыг худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнийг бүрэн төлсөн байдлаар 2018 оны 7 сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, мөн өдрөө уг гэрээний үүргийн баталгаа болгож, уг орон сууцны үнээс төлөгдөөгүй байсан төлбөр болох 48.000.000 төгрөгийн хэмжээнд 2018 оны 7 сарын 25-наар огноолсон Зээлийн гэрээ-г тус тус байгуулсан болох нь нотлогдож байгаа. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу П.Гансүх нь 65.000.000 төгрөг төлөх, Д.Даваадорж болон Н.Оюунчимэг бид 2 өрөө орон сууцыг П.Гансүхийн өмчлөлд шилжүүлэх үүргийг харилцан хүлээсэн. Бид нар хоёр өрөө сууцны өмчлөх эрхийг П.Гансүхэд тэр өдрөө шилжүүлэн өгч орон сууц түүний өмчлөлд шилжсэнээр бид уг гэрээгээр хүлээсэн үүргээ 100% биелүүлсэн. Харин П.Гансүх нь орон сууцны үнэнд 65.000.000 төгрөг төлөхөөс 17.000.000 төгрөгийг төлж үлдсэн 48.000.000 төгрөгийг төлөөгүй атлаа зуун хувь төлснөөр Худалдах, худалдан авах гэрээ-нд заасан. Иймээс бид Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг Зээлийн гэрээ-ний үүргээр харилцан тооцож, Зээлийн гэрээ-ний дагуу Д.Даваадорж надаас П.Гансүхэд олгох 48.000.000 төгрөгийг, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл 48.000.000 төгрөгт тооцож, зээлийг түүнд бэлнээр өгснөөр харилцан тооцож баримт үйлдсэн бөгөөд энэ тохиролцоонууд Иргэний хуулийн 238.1 дэх хэсэгт нийцсэн байсан. Ийнхүү 48.000.000 төгрөгийг зээлдүүлэх тухай 2018 оны 7 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдүүлэгчийн үүрэг бүрэн биелэгдэж, үндсэн зээл, хүү төлөх зээлдэгчийн үүрэг тооцох хугацаа хэрэгжиж эхэлсэн. Зээлийн гэрээнд зааснаар төлбөрийг 2018 оны 8 сарын 02-ны өдөр төлж дуусахаар тохиролцсон боловч П.Гансүх зээлдүүлсэн мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байсан ба гэрээний хугацаа дууссанаас хойш 15 хоногийн дараа буюу 2018 оны 8 сарын 17-ны өдөр бид худалдах худалдан авах гэрээнээс татгалзсанаар П.Гансүхтэй байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болгосон. Зээлийн гэрээгээр төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний тохиролцооны дагуу П.Гансүх нь 48.000.000 төгрөгийг 2018 оны 8 сарын 02-ны өдөр төлөх ёстой боловч уг хугацаанд зээлийг төлөөгүй, 2018 оны 8 сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, үл хөдлөх эд хөрөнгө буцаж бидний өмчлөлд шилжсэнээр уг зээлийн гэрээгээр П.Гансүхийн үүрэг биелэгдсэн. Иймээс П.Гансүх нь зээлийн гэрээнд заасны дагуу 2018 оны 8 сарын 02-оос 8 сарын 17-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаанд хамаарах 3.600.000 төгрөгийн алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Давж заалдах шатны шүүх нь бидний хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах болон Зээлийн гэрээ-ний үүргүүдийг хооронд нь шилжүүлэн тооцсон үйл баримтад хамаарах Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн холбогдох хэсгийг хэрэглээгүйгээс үүргийн гүйцэтгэлүүдийн талаар буруу дүгнэлт хийж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлд тусгагдсан зээлийн гэрээний алданги болох 3.600.000 төгрөгийг П.Гансүхээс гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Гансүх хариуцагч Д.Даваадорж, Н.Оюунчимэг нарт холбогдуулан 12.040.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан, шилжүүлсэн 17.000.000 төгрөгөөс 3.660.000 төгрөг буцаан авсан, ХАОАТ-т 1.300.000 төгрөг хасч, үлдэх мөнгийг гаргуулах... гэснийг, хариуцагч эс зөвшөөрч, ...7.000.000 төгрөг буцаан өгсөн, үлдэх 10.000.000 төгрөгөөс зар зогсоосны 500.000, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсний 2.680.000, зээлийн гэрээний алданги 3.000.000, сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөг тус тус суутган, төлөх төлбөргүй... гэж маргасан байна.

Мөн хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт алдангид 12.720.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй хэн аль нь маргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 6.660.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч нарын ...шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн холбогдох хэсгийг хэрэглээгүй, ...2018.07.25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу алдангид 3.600.000 төгрөг гаргуулж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах-г хүссэн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

1. Д.Даваадорж, Н.Оюунчимэг нар хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 49 дүгээр байрны 12 тоот, 2 өрөө орон сууцыг П.Гансүхэд 65.000.000 төгрөгөөр худалдахаар зохигчийн хооронд 2018.07.26-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ, уг гэрээ байгуулахын өмнө буюу 2018.07.25-ны өдөр Д.Даваадорж, П.Гансүх нарын хооронд 48.000.000 төгрөгийг хүүгүйгээр, мөн оны 08.02-ны өдөр буцаан төлөх, хугацаа хэтрүүлбэл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр зээлийн гэрээ, 2018.08.17-ны өдөр Н.Оюунчимэг, П.Гансүх нарын хооронд дээр дурдсан орон сууцыг 65.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ тус тус бичгэн хэлбэрээр байгуулагдсан нь тогтоогджээ.

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд эдгээр гэрээгээр зохигч орон сууцыг худалдах-худалдан авах хүсэл зоригтой байсан, худалдан авагч П.Гансүх гэрээний дагуу урьдчилгаа 17.000.000 төгрөг төлж, үлдэх 48.000.000 төгрөгийг банкны зээлээр төлөх, ингэхдээ үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасантай нийцсэн байна.

Үлдэгдэл төлбөр төлөөгүйтэй холбоотой зохигч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзснаар талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэж, нэхэмжлэгч П.Гансүх орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийг хариуцагч нарт, Д.Даваадорж, Н.Оюунчимэг нар урьдчилгаа төлбөрөөс 7.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус шилжүүлсэн нь тогтоогдсон гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүх хэргийн баримтын хэмжээнд дүгнэлт хийж хариуцагч нарт учирсан хохиролд, тухайлбал, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг 2 удаа шилжүүлсний татвар 2.600.000 төгрөг, бүртгэлийн хураамж 80.000 төгрөг, нотариатын зардал 160.000 төгрөг, орон сууцыг худалдах хугацааг хойшлуулсны төлбөрт 500.000 төгрөг, нийт нийт 3.340.000 төгрөгийг хариуцагч нарын нэхэмжлэгчид төлөх 10.000.000 төгрөгөөс хасч, үлдэх 6.660.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 238 дугаар зүйлийн 238.1-д заасныг зөрчөөгүй байна.

2. Худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх үлдэгдэл 48.000.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэг болгож сольсон 2018.07.25-ны өдрийн гэрээ Д.Даваадорж, П.Гансүх нарын хооронд байгуулагдсан бөгөөд уг гэрээний үүрэгт Д.Даваадорж П.Гансүхээс 53 хоногийн алдангид 12.720.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэхүү зээлийн гэрээ нь талуудын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх хүсэл зоригоор байгуулагдаж, мөнгийг бодитоор шилжүүлсэн харилцаа бус, худалдах-худалдан авах гэрээний үүргийн зохих хэсгийг зээлийн гэрээний дагуу төлөх буюу өмнөх үүргийг сольсон тохиролцоо байсан хэдий ч талууд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, уг гэрээ дуусгавар болсон тул солигдсон зээлийн гэрээний үүрэг мөн нэгэн адил дуусгавар болсон байна. Ийм учраас үүргийн гүйцэтгэлийг хангах арга болсон хугацаа хэтрүүлсний хариуцлага буюу алдангийг хариуцагч нар нэхэмжлэгчээс шаардах эрх үүсэхгүй байна.

Нөгөө талаар хариуцагч нарын 53 хоногийн алданги гэх сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн буруугаас гэрээг цуцалснаас учирсан хохирол гэх агуулгаар тайлбарлаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасантай нийцэхгүй талаар хоёр шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хохирлыг шаардахад нэхэмжлэгчийн буруугаас гэрээг цуцалсан байхаас гадна хариуцагч нар учирсан бодит хохирлоо нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т тодорхойлсон байна. Шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар хариуцагч нарт учирсан бодит хохирол 3.340.000 төгрөгийг П.Гансүхэд төлөх 10.000.000 төгрөгөөс хасч тооцсон бөгөөд өөр ямар хохирол учирснаа хариуцагч Д.Даваадорж нотлоогүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлээр хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/001120 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1300 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Даваадорж, Н.Оюунчимэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Д.Даваадорж, Н.Оюунчимэг нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 72.550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ