Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/01120

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: П.Г-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.О,

 

Хариуцагч: Д.Д нарт холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй суутгасан 10.000.000 төгрөг болон зээлийн гэрээний төлбөр 2.040.000 төгрөг, нийт 12.040.000 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний алдангид 12.720.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг, хариуцагч Д.Д, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Д, Н.О нараас байр худалдаж авахаар тохирч, төлбөрийг нь зээл бүтэхээр өгөхөөр болсон. Байрны урьдчилгаанд 17.000.000 төгрөг төлсөн. Банкны зээл батлагдаагүйгээс наймаа буцаагдахад хүрсэн. Би Д.Д, Н.О нараас 17.000.000 төгрөгөөс байр шилжүүлэхэд гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хасаад үлдэх мөнгийг нь өгчих гэсэн ч өгөөгүй. Хариуцагч нар олон өдөр ажил алдагдуулсан шалтгаанаар миний мөнгийг өгөөгүй. Цагдаа дээр очсон ч хариуцагч нартай тохиролцож чадаагүй учраас шүүхэд хандсан. Хариуцагч Д.Д болон түүний хүү Д.Мөнгөнбаярын данс руу 6.500.000 төгрөг, 10.000.000 төгрөг, 500.000 төгрөг, нийт 17.000.000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нар 17.000.000 төгрөгөөс надад 3.000.000 төгрөг өгч, үлдэх мөнгийг ажил алдагдуулсны төлбөр гээд өгөөгүй. Иймд Н.О, Д.Д нараас 12.040.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 65.000.000 төгрөгөөр байр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч 17.000.000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. 2018 оны 7 сарын 25-ны өдөр байрны үлдэгдэл төлбөр 48.000.000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ баталгаа болсноос гэрээгээр талууд мөнгө өгч, авалцаагүй. Иймд нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар 2018 оны 8 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ байгуулаагүйд тооцно гэсэн мөртлөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлж байгуулсан хэлцлийн дагуу 7 сарын 25-ны өдрийн гэрээгээр 0.5 хувийн алданги тооцно гэж нэхэмжилсэн. Хаан банк, Хас банкнаас ирсэн тодорхойлолтоос нэхэмжлэгч зээл авъя гэсэн хүсэл зоригтой байсан нь харагдаж байна. П.Гийн хөөцөлдсөн зээл бүтээгүй учраас хариуцагч тал гэрээнээс татгалзсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ талууд харилцан буцааж өгөх үүрэгтэй. П.Г хэлцэл биелэгдэх боломжгүй учраас үл хөдлөхийн гэрчилгээг хариуцагч талд шилжүүлж өгсөн. Талуудын хооронд дүр үзүүлсэн хэлцэл байгуулагдсан, нэхэмжлэгчийн хариуцагч нараас 48.000.000 төгрөг авсан нь худлаа. Хариуцагч тал ч гэсэн нэхэмжлэгчид 48.000.000 төгрөг зээлүүлээгүй гэдгээ зөвшөөрсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгө шилжсэн байхыг шаарддаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор заасан. Хариуцагч нараас нэхэмжлэгчид 48.000.000 төгрөг шилжиж ирээгүй. Хариуцагч талын гэрээнээс үүдэлтэй алдангийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч цагдаа дээр 2018 оны 8 сарын 17-ны өдрийн 3.340.000 төгрөгийн зээлийн гэрээгээр уг мөнгө орж ирнэ гэж тооцоод авсан гэж мэдүүлсэн. Хариуцагч нараас нэхэмжлэгчид 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримтаар 3.000.000 төгрөг орж ирсэн. Хариуцагч тал 2.000.000 төгрөгийг үл хөдлөх шилжүүлсэн, бүртгэлийн төлбөр гэж тайлбарлалаа. Нэхэмжлэгч хариуцагч нарыг байр зарах гэж байхад авна гэж болиулсан. Хариуцагч нарыг хохироосон учраас 500.000 төгрөг авахгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч өөрийн санаачлагаар бичиг хэрэг, нотариатын төлбөр 160.000 төлсөн. Үл хөдлөхийн шилжүүлэг, бүртгэл, үйлчилгээний төлбөрийг 2.680.000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцахыг зөвшөөрсөн. Уг төлбөр нийлээд 7.000.000 төгрөг болсон гэж бодоод нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад хариуцагч нараас 7.000.0000 төгрөг авсан гэж мэдүүлсэн. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хэлцэл биелэгдээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар өгсөн авснаас буцааж, хариуцагч нараас 10.000.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч 2.040.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Талуудын хооронд 2018 оны 8 сарын 17-ны өдөр 3.340.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, худалдах, худалдан авах гэрээ байгуулж үл хөдлөхийг шилжүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгчид цагдаагийн байгууллагад шалгуулахад аймшигтай санагдсан, хариуцагч нараас салахын тулд 7.000.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн гэж тайлбарладаг. Шүүх нөхцөл байдлыг зөвөөр үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2018 оны 6 сарын 26-ны өдөр П.Г зарын дагуу манайд орж ирсэн. П.Г бэлэн мөнгөөр байр худалдаж авна гэсэн. Бид байрны үнийг 69.000.000 төгрөгөөс 65.000.000 төгрөг болгож бууруулсан. П.Г ажлын 5 хоногт зээл бүтээж, байрны мөнгө өгнө ямар ч асуудалгүй гэсэн. Бид П.Гийг итгэлцлийн 500.000 төгрөг өг гэсэн. П.Г ч зөвшөөрч, 6 дахь хоногоос төлбөр төлөхгүй бол 500.000 төгрөг танай мөнгө болно гэсэн. 2018 оны 6 сарын 27-ны өдөр П.Г 500.000 төгрөг шилжүүлсэн. Тохиролцсоноос хойш 6, 7 хоног өнгөрөхөд П.Г зээлээ хөөцөлдөж байна гэсэн. П.Г зараа зогсоо танай байрыг би авна, найдвартай гэж бидний тархийг угаасан. 2018 оны 7 сарын 09-ний өдөр П.Г нэлээн чирэгдэл болж 6.500.000 төгрөг шилжүүлсэн. П.Г 2018 оны зун биднийг араасаа өчнөөн явуулж, чирэгдүүлчихээд өнөөдөр ийм зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. П.Гээс зээл нь юу болж байгааг асуухад одоохон, түр хүлээж бай гэдэг байсан. Сүүлдээ бид чамд байраа зарахгүй, болъё гэж удаа дараа хэлж байсан. Хаан банкны зээл бүтэхгүй болохоор Хас банкнаас бизнесийн зээл хүссэн. Манай эхнэрийг хөдөө сувилалд байхад дуудаж, байрны мөнгөө аваагүй байж П.Гийн нэр дээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлж, итгэл үзүүлсэн. Үл хөдлөхийн нэр шилжүүлээд л П.Г усанд хаясан чулуу шиг алга болсон. П.Г рүү залгахаар утсаа авдаггүй, зээл хөөцөлдөж байна гэсэн мессеж явуулдаг. П.Гийн гэрийн гадна 10 гаран хоног сахиж байж, олсон. П.Г найз н.Чинбатын машиныг барьцаанд тавьж, байрны гадна орхисон. Бид зунжингаа хүний машиныг харах ажилтай болж, гараажид тавиулсан. Энэ асуудлаас болоод эхнэр бид хоёрын даралт ихсэж, стресдэх болсон. Хэрэв П.Г бидэнд дарамт учруулаагүй бол бидний эрүүл мэнд хэвийн байх байсан. Олон хүн зарын дагуу байр үзээд болох бол болно, болохгүй бол болохгүй гээд гарч байсан. П.Г шиг өнөө маргаашгүй мөнгө шилжүүлнэ, одоохон гэсээр зуныг барсан. Сүүлдээ П.Г Хөвсгөлөөс эмийн ургамал оруулж ирдэг хүмүүсээс 1 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр боллоо 2 хоногийн дотор байраа суллаж өгөөч гэсэн. Цагдаа дээр 2 талаас тооны машинд шилжүүлсэн мөнгө, буцааж өгсөн мөнгийг нэг бүрчлэн тооцсон. Тухайн үед бидэнд бушуухан П.Гийн нэр шилжүүлсэн байрны өмчлөх эрхийг буцааж шилжүүлэх бодол байснаас мөнгөний талаар бодоогүй. П.Гийн цагдаа дээр өгсөн мэдүүлэг хамгийн гол нотлох баримт гэж бодож байна. П.Г залингийн хэрэг хийчихээд одоо биднээс үндэслэлгүй мөнгө авсан гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нар өдий болтол төрд ажиллаж хөдөлмөрөө үнэлүүлсэн. П.Гээс таван цаас авч, баяжих сонирхол байхгүй. П.Г хүн хохироосон бол хохирлоо төлөх ёстой. П.Гийн шилжүүлсэн 17.000.000 төгрөгөөс өөрийнх нь хэлснээр 500.000 төгрөг шууд хасна. 16.500.000 төгрөгөөс бэлнээр өгсөн 7.000.000 төгрөг хасаад 9.500.000 төгрөг үлдэнэ. 9.500.000 төгрөгөөс үл хөдлөх шилжүүлсэн төлбөр 2.680.000 төгрөг хасаад 6.700.000 төгрөг үлдэнэ. Зээлийн гэрээний алдангийн төлбөр хасаад 3.000.000 төгрөг үлдэнэ. П.Г Н.Оюунаа эгчээ сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөг өгч байна гэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаас нэг ч төгрөг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ганцхан П.Гэд л байраа зарна гээгүй. П.Г Д.Д руу 2-3 өдөр утастаж, гэрт ирээд бид нарын тархийг угаасан. П.Г барьцаанд 5 хоногийн хугацаатай 500.000 төгрөг тавиад 6 дахь хоногоос шопонгийн мөнгө болно гэж хэлсэн. Бид 69.000.000 төгрөгийн байрыг 65.000.000 болгож бууруулсан. П.Г 6 дахь хоногоос төлбөр төлөхгүй бол та нар зараа үргэлжлүүлж, наймаа буцъя гэж хэлсэн. 6 дахь хоног өнгөрөхөд П.Г банкны зээлээ хөөцөлдөж байна. Одоохон н.Оюунаа эгчээ гэсэн. Үнэнч хөдөлмөрөөр олсон гал голомтоо хэлтэй, амтай болгочихоод явж байна. 2018 оны 6 сарын 26-ны өдөр П.Г байр авахаар манайд ирж, 2018 оны 8 сарын 17-ны өдөр хүртэл нийт 53 хоног чирэгдүүлчихээд юу ч болоогүй юм шиг ярьж байгааг ойлгохгүй байна. П.Г Хаан банкнаас бизнесийн зээл хөөцөлдөж байгаа, 6 хоногийн дотор зээл бүтээгээд танай мөнгийг гаргаж өгнө гэсэн. Зараа зогсоочих гээд 500.000 төгрөг барьцаанд тавихад л бид итгэсэн. Бидний гэр бүлд өмнө ийм зүйл тохиолдож байгаагүй учраас гайгүй гэж бодсон. Тухайн үед манай байрыг сонирхсон авна гэсэн олон хүн орж ирсэн байсан. Приус машин дээр 50.000.000 төгрөг бэлэн өгөх, бартер хийх, ипотекийн 8 хувьд хамрагдах, 30 хувь өгнө гэхэд П.Г би бэлэн мөнгө өгнө. Барьцааны 500.000 төгрөгийг тооцохгүй 65.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тухайн үед П.Гтэй алдангийн гэрээ байгуулах гэсэн боловч зугтаад баригдаагүй. 2018 оны 7 сард намайг Ар Жанчивланд амарч байхад аваад 10.000.000 төгрөг шилжүүлж, байрны ордер шилжүүлж авсан. Айлын байр барьцаалж, банкнаас зээл авахаар хөөцөлдөж яваа хүний юу хийж яваа ойлгомжтой байх. Бидний байрыг танихгүй этгээд барьцаалж байхад бид гараа хумхиад гэртээ зүгээр сууж чадахгүй. Зунжингаа бид П.Гийн араас хөөцөлдсөн, 3 хувааж 17.000.000 төгрөг өгсөн. П.Г бидэнтэй алдангийн гэрээ байгуулаагүй учраас одоо мөнгөө нэхэж байна. 16.500.000 төгрөгөөр үл хөдлөх шилжүүлэхэд гарсан зардал 2.680.000 төгрөг хасаад 7.200.000 төгрөг үлдэнэ. 14 хоногийн алданги авсан. П.Г 53 хоногийн алданги төлөхгүйн тулд зугтсан. 7.200.000 төгрөгөөс 3.600.000 төгрөгийн алданги, үлдэх 3.600.000 төгрөг 53 хоногийн алдангийн гэрээ байгуулаагүй, сэтгэл санааны хохирол, амьдралын хэв маяг өөрчлөгдсөний төлбөр гээд мөнгө 0 болсон. Бид нар авлага, өглөггүй гэснээр цагдаа дээр байцаалт өгч, П.Гийн нэрээс миний дээр үл хөдлөхийн гэрчилгээ шилжүүлсэн. Бүх зүйл 0 болсны дараа П.Гийг шүүхэд нэхэмжлэл гарсныг зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид зуны 53 хоног ажлаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч, амьдралын хэв маяг алдагдсан учраас шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ асуудлаар бид нар одоо хүртэл хохирч байна. 48.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд алдангийн талаар тохиролцсон тул 12.720.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Д.Д, Н.О нарт холбогдуулан 12.040.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэл, хариуцагч нар нь нэхэмжлэгчид холбогдуулан 12.720.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

            Хариуцагч нар нь үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.     

Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч нарын орон сууц худалдах зарын дагуу уулзаж, хариуцагч нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 49 дүгээр байрны 12 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг 65.000.000 төгрөгөөр худалдах авахаар анхны аман тохиролцоо хийжээ.

Тохиролцоог баталгаажуулах үүднээс нэхэмжлэгч нь мөн өдөр хариуцагч Д.Дийн Голомт банк дахь 1305103432 тоот дансанд 500.000 төгрөгийг урьдчилгаа гэж шилжүүлсэн, нэхэмжлэгчийн эхнэр С.Цэцэгжаргалын Хаан банк дахь данснаас хариуцагч нарын хүү Д.Мөнгөнбаярын Голомт банк дахь 1305108984 тоот данс руу 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 6.500.000 төгрөгийг байрны урьдчилгаа Гансүхээс гэсэн гүйлгээний утгатайгаар, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Д.Дийн Голомт банк дахь 1305103432 тоот дансанд 10.000.000 төгрөгийг Гансүхээс гэж тус тус шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, банкны дансны хуулга, гүйлгээний баримтаар тус тус нотлогдож байна.

Улмаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулан өмчлөх эрхийг П.Гийн нэр дээр шилжүүлжээ. Ингэхдээ гэрээний үлдэгдэл төлбөр болох 48.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч Д.Доос бэлнээр зээлж байгаа гэж 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг мөнгийг нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор Д.Дид буцаан төлөхөөр тохиролцжээ.

Гэвч нэхэмжлэгч 48.000.000 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсний улмаас хариуцагч нар нь Цагдаагийн байгууллагад залилан мэхэлсэн гэж гомдол гаргаж, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дахин бичгээр байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг П.Гээс Н.Оийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч буюу худалдан авагч П.Г төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар худалдагч тал болох хариуцагч нар гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 3.340.000 төгрөгийн зээлийн гэрээг оролцуулан хариуцагч тал 7.000.000 төгрөгийг төлж, 10.000.000 төгрөгийг хохиролд тооцон үндэслэлгүй суутгасан тул энэхүү суутгасан төлбөрийг болон дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үл хөдлөх хөрөнгийн татварын хасч тооцоод 2.040.000 төгрөг, нийт 12.040.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлав.

Хариуцагч нар нь 7.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 3.340.000 төгрөгийн зээлийн гэрээ үйлдэж, үлдсэн 6.660.000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхэд гарсан зардал, татварт тооцохоор тохиролцсон тул төлөх төлбөргүй гэж маргаж байна.

Гэрээнээс татгалзснаас үүсэх үр дагаврын талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн зүйлийн 205.7-д Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгч П.Г нь худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх шилжин ирсэн орон сууцны өмчлөх эрхийг биетээр буюу бодитоор буцаан шилжүүлжээ. Харин хариуцагч нь гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 17.000.000 төгрөгийг нэгэн зэрэг буцаан өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас зохигчдын дунд маргаан үүссэн байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь 10.000.000 төгрөгийг хариуцагч нар үндэслэлгүй суутгасан ба 3.340.000 төгрөгийг зээлийн гэрээ хэлбэрээр хугацаа авч төлөхөөр тохиролцож, бэлнээр 3.000.000 төгрөгийг л хүлээн авсан гэж тайлбарласан боловч 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн баримтад 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан гэсэн баримт хэрэгт авагдсан байна. Энэхүү 5.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг нь хариуцагч нар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ буцааж авсан гэж нэхэмжлэгч нь, 5.000.000 төгрөг дээрээ нэмж 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид баримтгүйгээр хүлээлгэн өгсөн гэж хариуцагч нар нь зөрүүтэй тайлбарлаж байх бөгөөд хэн алинд нь 2.000.000 төгрөгийн баримт байхгүй байх боловч шүүхээс хариуцагч нарын тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ. Учир нь нэхэмжлэгч өгсөн 5.000.000 төгрөгөөсөө 2.000.000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэхэд шаардлагатай байна гэж хэлээд хариуцагч нар авсан гэж тайлбарласан атлаа 3.340.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу авах төлбөрөөс үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татвар болох 1.300.000 төгрөгийг хасч тооцон шаардаж байгаа нь түүний тайлбарыг зөрүүтэй болгож байна.

Энэхүү нөхцөл байдалд тулгуурлан 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр харилцан буцаах үүргээ хэрэгжүүлэхдээ хариуцагч нар 7.000.000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид төлж, 3.340.000 төгрөгийг 3 сарын хугацаатай төлөхөөр тохиролцсон байна гэж дүгнэлээ.

Харин 6.660.000 төгрөгийг хариуцагч нар нь хохиролд суутган авсан гэх боловч нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн бодитоор гарсан зардал нь 2 удаагийн худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийн татварт 2.600.000 төгрөг, бүртгэлийн хураамжид 80.000 төгрөг, нотариатын гэрээ гэрчлүүлэхэд гарсан зардал нь 160.000 төгрөг, орон сууц худалдах зар зогсоосны төлбөрт 500.000 төгрөгийг буцааж авахгүй гэсэн тохиролцоо зэргээр 3.340.000 төгрөгийн бодит хохирол хариуцагч нарт учирсан байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү төлбөрийг өөрийн авах мөнгөнөөс хасч тооцуулахыг зөвшөөрч байх тул энэ хэмжээгээр багасгаж тооцох боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан өдөр бэлнээр 7.000.000 төгрөг хүлээн авсан байх бөгөөд үлдэх 10.000.000 төгрөгөөс хариуцагч нарт бодитоор учирсан хохирол зардалд 3.340.000 төгрөгийг хасч тооцон 6.660.000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч нараас 6.660.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 5.380.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нар нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Д.Д, П.Г нарын хооронд байгуулсан байгуулсан 48.000.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг 53 хоногоор тооцон 12.720.000 төгрөгийг хохиролд гаргуулахаар шаардаж байна.

Тэдний сөрөг нэхэмжлэл нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Дээрх зээлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэх хэсгийг зээлийн гэрээ хэлбэрээр барагдуулахаар буюу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиролцоо байсан боловч хариуцагч нар нь нэхэмжлэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр өмнөх үүрэг болох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзснаар зээлийн гэрээний үүргээс мөн адил татгалзсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан боловч хариуцагч нар нь өөрт учирсан хохирлыг зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 53 хоногийн алданги болох 12.720.000 төгрөгөөр шаардаж байгаа нь мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан хохиролд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги нь хамаарахгүй байх ба хариуцагч нар нь хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

Иймд гэрээнээс татгалзснаас учирсан хохиролд 12.720.000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Д, Н.О нараас 6.660.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Гэд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5.380.000 төгрөг гаргуулах хэсэг болон хариуцагч Д.Д, Н.О нарын П.Гээс хохиролд 12.720.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.550 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218.470 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 121.510 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ