Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0018

 

 

 

 

2021 оны 01 сарын 06 өдөр           Дугаар 128/ШШ2021/0018            Улаанбаатар хот

                            

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М.м” ХХК

Хариуцагч:  АМГТГКХ

Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГКХ даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, XV-021396 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч АМГТГКХ итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Монгол улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 243 тоот тогтоолоор батлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохыг зөвшөөрсөн солбицол бүхий талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдөр СШ38 кодтой хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтыг олон нийтэд зарласан.

Уг сонгон шалгаруулалтын багцад СШ38-7 кодтой Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших 1701.8 га талбай бүхий Нуур нэртэй талбайд хайгуулын талбай аж ахуйн нэгжүүдэд санал болгон сонгон шалгаруулалтад оролцож санал ирүүлэхийг зарласан бөгөөд манай компани нь сонгон шалгаруулалтад оролцсон ба 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 7/5201 тоот мэдэгдлээр 73,04 оноо авч шалгарсныг бидэнд мэдэгдсэн. Улмаар сонгон шалгаруулалтын үнийн зөрүү болох 23.342.000 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын 100900018408 тоот дансанд төлсний дараагаар дахин бидэнд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 7/5339 дугаар мэдэгдлийг шуудангаар илгээсэн байсан ба уг мэдэгдлийг үндэслэн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг дахь ХV-021396 дугаартай Нуур нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийг 2019 оны 09 сарын 31-ний өдөр манай компанид олгосон.

Гэтэл АМГТГКХ 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 8/2624 тоот мэдэгдлээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг үндэслэн манай компанийн эзэмшиж байсан дээрх ХV-021396 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой заалт ба манай компанийн эзэмшиж байсан ХV-021396 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бөгөөд 1 дэх жилдээ байсан бид хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчин экологид ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулаагүй, урд өмнө нь хийгдсэн геологийн суурь судалгааны ажлыг нэгтгэн боловсруулах ажлуудыг хийж байна.

Манай компанийг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээгүй хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй болохыг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Эрдэнэ-Очир тодорхойлсон байдаг.

Иймд АМГТГКХ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 192 дугаар “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн эзэмшиж байсан ХV-021396 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг АМГТГКХ даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч АМГТГКХ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг Нуур нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг тус газраас зохион байгуулж, сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг үндэслэн сонгон шалгаруулалтад шалгарсан “М.м” ХХК д Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг Нуур нэртэй 1701.8 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-021396 дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 369 дүгээр шийдвэрээр олгосон байна.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/09 дугаартай “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02/3965 тоот албан бичгээр манай байгууллагад ирүүлсэн.

Уг дүгнэлтэд “Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-очир, М.Билэгт нарын “Хүсэлт хүргүүлэх тухай” 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3261 тоот албан бичгийг судлан танилцахад Баянхонгор аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу хүргүүлсээр байхад тус аймгийн Баян-өндөр сумын Улаан-Үзүүр 1 дүгээр багийн нутаг “Олон нуур” хэмээх газарт 1701.8 га талбай бүхий “Нуур” нэртэй ашигт малтмалын хайгуулын ХV-021396 дугаартай тусгай зөвшөөрлийг “М.м” ХХК д Ашигт малтмал, газрын тосны газраас хууль зөрчиж олгосон байх тул цуцлах үндэслэлтэй.” гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

Дээрх хуулийн заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/09 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар шийдвэрээр “М.м” ХХК -ийн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг Нуур нэртэй 1701.8 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-021396 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх шийдвэрийг “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх” тухай Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 8/2624 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“М.м” ХХК -иас АМГТГКХ даргад холбогдуулан гаргасан “АМГТГКХ даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар шийдвэрийг хүчингүй болгох[1], XV-021396 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

АМГТГКХ даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар дугаар шийдвэрээр “М.м” ХХК  нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 02/3965 дугаар албан бичгээр ирүүлсэн 2020/09 дугаар дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ашиг малтмалын хайгуулын XV-021396 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална: … 56.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;” гэж заажээ. 

Байгаль, орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2020/09 дүгээр дүгнэлтэд “... Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Улаан-Үзүүр 1 дүгээр багийн нутаг Олон нуур хэмээх газарт 1701.8 га талбай бүхий Нуур нэртэй XV-021396 дугаар тусгай зөвшөөрлийг хууль зөрчин олгосон байх үндэслэлтэй байна. … тусгай зөвшөөрлийг олгохдоо тухайн аймаг, сумын Засаг даргын саналыг харгалзалгүй хууль зөрчин олгож байгаа нь цаашид орон нутгийн удирдлага, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын дунд үл ойлголцол бий болгож, улмаар Байгаль орчныг хамгаалах тухай хууль, тогтоомжид заасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлэхгүй байх эрсдэлтэй гэж үзэж байгаа тул уг асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газарт уламжлан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. ...” гэжээ.

Дээрх дүгнэлтийн агуулгаас үзвэл тусгай зөвшөөрөл олгохдоо  тухайн аймаг, сумын Засаг даргын саналыг харгалзалгүй хууль зөрчин олгосон, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлэхгүй байх эрсдэлтэй гэж үзэн уг асуудлыг Ашигт малтмал газрын тосны газраар шийдвэрлүүлэхээр уламжилсан бөгөөд харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаарх дүгнэлт биш байна.

Нэхэмжлэгч “М.м” ХХК д АМГТГКХ даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 369 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий талбайд суваг, шурф, цооногийн ажил хийгдээгүй, харин геологийн суурь судалгааны ажил хийсэн болох нь хэрэгт авагдсан XV-021396 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2020 онд хийсэн байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээгээр тогтоогдож байна. 

Гэтэл хариуцагч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж үзэн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, АМГТГКХ даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх АМГТГКХ даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа учир Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно.” гэж заасныг үндэслэн  XV-021396 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн энэ шийдвэр хариуцагч АМГТГКХ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2020/09 дүгээр дүгнэлтэд заасан асуудлыг шалгаж хуульд заасны дагуу шийдвэрлэх болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд хуульд заасан журмын дагуу эрхээ сэргээлгэхээр холбогдох байгууллага, албан тушаалтан эсвэл шүүхэд хандахад саад болохгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М.м” ХХК ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, АМГТГКХ даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, XV-021396 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагч АМГТГКХ даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ШҮҮГЧ                                                 Н.ДАМДИНСҮРЭН

 

[1]  Нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа  ”Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай гэж тодорхойлсон.