Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00357

 

  Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02228 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1945 дугаар магадлалтай,

 Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Глобал-Армор ХХК, Ч.Отгондаваа нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 150,114,206.55 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүний 50 хувь болох 38,020,066,24 төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Глобал-Армор ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь, Г.Оюун-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Глобал-Армор ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ3305103135 тоот зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийн зээлийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр БГ3305103135А тоот Ипотекийн гэрээгээр Ч.Отгондаваагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202002467 дугаартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 2 дугаар байрны 31 тоот 28 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БГ3305103135-Б тоот ипотекийн гэрээгээр Ч.Отгондаваагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201031908 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 11 дүгээр гудамж 34 тоот 360 м.кв гараж, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БГ3305103135-В тоот Ипотекийн гэрээгээр Ч.Отгондаваагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2201004752 Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 11 дүгээр гудамж 34 тоот 18635318952582 нэгж талбарын дугаартай 525 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ЗГ330510135-А тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж зээлийн график өөрчилсөн. Глобал-Армор ХХК-ийн зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч зээлийн гэрээний 2.4, 3.1.1-д заасан зээл, зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн. Иймд Глобал-Армор ХХК-иас Голомт банктай байгуулсан ЗГ3305103135 тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 150,114,206.55 төгрөг гаргуулж, Ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгүүдээс тус тус хууль тогтоомжийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Глобал-Армор ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Авсан зээлээ гэрээ ёсоор төлж байсан боловч манай компанийн гүйцэтгэж байсан Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах барилгын ажил зогсож, захиалагч гүйцэтгэсэн ажлын төлбөрөө өгөөгүйн улмаас сааталд орсон. Энэ талаар Голомт банк ХХК-ийн Найман шарга дахь салбарын захирал н.Баатаржавд 2016 оны 01 дүгээр сард ...бид зээлээ хугацаанд нь бүрэн барагдуулах боломжгүй боллоо, та бүхэн шүүхэд хандах хэрэгтэй байна, бид барьцаа хөрөнгөөр зээлээ барагдуулах хүсэлтэй байна... гэж хэлсэн. Үүнээс хойш Голомт банк ХХК-ийн хуулийн ажилтан гэх Д.Хишигдаваад мөн адил санал тавьж, дарга нартаа хэлээд өгөөрэй гэж гуйсан. Гэтэл хэзээ шүүхэд өгөх нь бидний хэрэг, танай барьцаа хөрөнгө хангалттай байгаа, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт орох гэж байгаа түүнийг хүлээж байна гэж хэлсэн. Манай компанийн зүгээс түрүүлж шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гэж хуулийн судалгаа хийсэн боловч бодитой гарц олоогүй. Бидний зүгээс аль болох эрт асуудлаа шийдвэрлүүлэх байр суурьтай байсан бөгөөд одоо хоёр дахин их төлбөрийг Голомт банк ХХК-д төлөх нөхцөл байдалд ороод байна. Үүнийг Голомт банк ХХК-ийн зүгээс зориуд бий болгосон гэж үзэж байгаа тул хүү, нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна гэжээ.

 Хариуцагч Глобал-Армор ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компанийн зүгээс гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж байсан бөгөөд үлдэгдэл 74,074,074.08 төгрөгийг төлж чадахгүйд хүрсэн. Манай компани нь төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар Голомт банк ХХК-д удаа дараа хүсэлт тавьж байсан хэдий ч Голомт банк ХХК-ийн зүгээс холбогдох хуулийн байгууллагад хандахгүйгээр хүүг өндөр болгож, барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнэд дүйцүүлж хугацааг санаатай сунгаж нэхэмжлэл гаргасан. Голомт банк ХХК нь үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 76,040,132.48 төгрөгийг нэхэмжилж байгаа уг үнийн дүнгийн 50 хувь болох 38,020,066.24 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 38,020,066.24 төгрөгийг Голомт банк ХХК-ийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс хасалт хийж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигдаваа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Глобал-Армор ХХК нь Голомт банк ХХК-д төлбөр төлөх боломжгүй буюу хуулийн байгууллагад хандах хүсэлтийг өгсөн нь нотлох баримтаар батлагдахгүй байгаа тул үндэслэл болохгүй. Голомт банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.2-д заасны дагуу зээлдэгч зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр гэрээнд заасан хувийн хүүг төлөх ёстой байдаг. Мөн Банк, эрх бүхий этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан байдаг тул сөрөг нэхэмжлэлд заасан хүүнээс хөнгөлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02228 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Глобал-Армор ХХК-аас 136,645,829.55 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,468,377 төгрөгт холбогдох хэсгийг, мөн нэхэмжлэгч Голомт банк ХХК-д холбогдуулан гаргасан үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний 50 хувь болох 38,020,066.24 төгрөгийг хасуулах тухай хариуцагч Глобал-Армор ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Глобал-Армор ХХК шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Ч.Отгондаваагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002467 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат 2 дугаар байр 31 тоот хаягт байршилтай, 28 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031908 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрханы 11 дүгээр гудамж 34 тоот хаягт байршилтай, 360 м.кв талбайтай, гараж, хувийн сууц болон уг хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201004752, нэгж талбарын 18635318952582 дугаартай, 525 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар хариуцагч Глобал-Армор ХХК-аас 841,179 төгрөг, хариуцагч Ч.Отгондаваагаас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас илүү төлсөн 450 төгрөг гаргуулан хариуцагч Глобал-Армор ХХК-д тус тус олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 978,721.03 төгрөг, хариуцагч Глобал-Армор ХХК-аас төлсөн 348,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1945 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Глобал-Армор ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Глобал-Армор ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагч Глобал-Армор ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүх Голомт банк ХХК-ийг арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг нь нотлогдож байна гэж дүгнэсэн боловч, нотлох баримт байхгүй. Хүн, хуулийн этгээд, хэн боловч хууль шүүхийн өмнө эрх тэгш байдаг ба шүүх аливаа шийдвэрийг хөдөлшгүй гэж үзсэн нотлох баримтыг үндэслэж гаргах ба эргэлзээ бүхий эсхүл нийтэд илэрхий гэх зэргээр шийдвэрлэх боломжгүй, оролцогч нарын хэн нэг нь давуу байх учиргүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй, учир дутагдалтай.

Хариуцагчийн зүгээс зээлийн төлбөрт тодорхой хэмжээний мөнгийг төлсөн бөгөөд энэ асуудлыг анхаарч үзээгүй, зээлийн гэрээ зөрчигдсөн бол нэхэмжлэгч, нэн даруй хууль, шүүхийн байгууллагад хандаж, эрхээ хамгаалуулах эрхтэй байтал, ямар үндэслэлээр энэ их хугацааг өнгөрүүлсэн нь тодорхойгүй, үр дүнд нь хүү болон нэмэгдүүлсэн хүү асар их өссөн, харин зээлийн төлбөрт өгсөн мөнгөний эргэлтийг нэхэмжлэгч тооцоогүй. Иймд шүүхийн шийдвэрийн дүнгээс 25,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн үнийн дүнг бууруулж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Глобал-Армор ХХК, Ч.Отгондаваа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 150,114,206.55 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс 38,020,066.24 төгрөгийг хасуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагчаас 136 645 829.55 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 1.   Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 Голомт банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Ганзориг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №19 дугаартай тушаалаар Монгол Улсын бүх шатны шүүхэд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд банкийг төлөөлөх, нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, хуульд заасан хэргийн оролцогчийн эдлэх эрх үүргийг эдлэх, энэ эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох, ...эрхийг Эрсдэлийн удирдлагын газрын захирал А.Энхбаярт 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай олгосон... бөгөөд тушаалд гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, компанийн тамга дарагджээ.

 Шүүхэд Голомт банк ХХК-ийг төлөөлж Эрсдэлийн удирдлагын газрын захирал А.Энхбаяр 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Компанийн гүйцэтгэх захирал Норохико Като №176 дугаартай тушаалаар банкны эрсдэлийн удирдлагын захирал А.Энхбаярт төрийн болон бусад байгууллагад банкийг бүрэн төлөөлөх эрхийг 3 жилийн хугацаатай олгож, 2017 оны №19 тушаалыг энэхүү тушаал батлагдсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн, А.Энхбаяр 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 09/2270 тоот итгэмжлэлээр тус хэрэгт оролцох нэхэмжлэгчийн эрхийг Г.Оюун-Эрдэнэ, А.Анударь нарт олгосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлж Г.Оюун-Эрдэнэ, А.Анударь нар оролцжээ.

 Хэргийн 56 дугаар талд авагдсан Голомт банк ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд ...2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ө.Ганзоригийг гүйцэтгэх захирлаар томилсон, ...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Като Норихико \KATO NORIHIKO\-г гүйцэтгэх захирлаар томилсон...-ыг тус тус бүртгэсэн нь тэмдэглэгдсэн байна.

 Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-д Гүйцэтгэх удирдлага нь ...компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1.-д ...хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх шаардлагатай гэж зохицуулжээ.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс олгосон итгэмжлэл Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8., Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй тул ...нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй... гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 Түүнчлэн Голомт банк ХХК нь Мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоо, гадаад валют худалдах, худалдан авах, ... зэрэг үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд тодорхой тусгагдсан байх тул ...Голомт банк нь арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг болох нь нотлох баримтаар нотлогдоогүй байхад нийтэд илэрхий гэх зэргээр хэргийн оролцогчид давуу эрх олгосон... гэх гомдол хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байна.

 Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үнийн дүнгээс 25,000 төгрөгийг хасч шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн үндэслэлээ тайлбарлаагүй, уг мөнгийг хасах үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 2.   Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 Талууд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Голомт банк ХХК нь зээлдэгч Глобал-Армор ХХК-д 100,000,000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн хөрөнгийг зээл эргэн төлөх хуваарьт заасан хугацаанд нь төлж барагдуулах үүрэг хүлээсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Ч.Отгондаваагийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, Ипотекийн гэрээ тус тус байгуулжээ.

 Зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болох талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 Гэрээний дагуу зээлдүүлэгч зээлийн хөрөнгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр талууд Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад зээлдэгч төлбөрийг төлж барагдуулаагүй үндэслэлээр зээлдүүлэгч буюу Голомт банк үндсэн зээлд 74,074,074.08 төгрөг, үндсэн хүүд 62,462,050.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,578,082.20 төгрөг, нийт 150,114,206.56 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 Хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй боловч зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар зээлдүүлэгчид мэдэгдсэн байтал тухайн үед холбогдох хуулийн байгууллагад хандаагүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний хэмжээ өссөн үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний 50 хувийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 38,020,066.24 төгрөгийг хасуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 Анхан шатны шүүх зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 136,645,829.55 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтад нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.-д зохицуулсан байтал анхан шатны шүүх шийдвэртээ энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахаар заасан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх засаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хууль зөрчсөн заалт тусгагдсаныг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1945 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/02228 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтыг 4 гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Глобал-Армор ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                        П.ЗОЛЗАЯА

                                                                       Г.ЦАГААНЦООЖ

                                                                     Х.ЭРДЭНЭСУВД