Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 391

 

 

2019           4             30                                           2019/ДШМ/391                                                 

 

           Н.Э-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Энхбаатар,

хохирогч Н.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж, шүүгч Б.Халиун, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Пүрэвдоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Э-д холбогдох 1911000380049 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Н-ийн Э, .....................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................./;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 11 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Н.Э-  нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны 2 дугаар гудамжны 40 тоотод Н.Пүрэвдоржийн хэвлийн тус газар хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Н.Э- ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Э- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Н.Э- ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Э-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Н.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Э- ыг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч Н.Пүрэвдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Пүрэвдорж миний бие Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны 2-40 тоотод оршин суудаг. Миний ах Э нь намайг гэмтээсний улмаас 5 жилийн хорих ял авсан. Одоо миний биеийн байдал сайн, ажилдаа орсон, ямар нэгэн гомдолгүй.

Би өөрийн ухаангүй байдлаас болж ахынхаа удаа дараа дайрч, доромжилж байснаас болж надад гомдож ийм байдалд хүрсэн. Одоо миний ах 51 настай, чихрийн шижин өвчтэй, үе мөч өвддөг, ходоодны шарх, элэгний вирустэй бие муутай, бидний аав 87 настай, өндөр настан, улсад олон жил ажиллаж, хөдөлмөрлөн 10 хүүхэдтэй, одоо насны эцэст ийм юм үзэж байна. Иймээс миний гомдлыг үндэслэн, шүүгдэгч Н.Э-д оногдуулсан ялын дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. Аавтайгаа уулзуулж чадсангүй, аав минь өнгөрсөн 5 дахь өдөр нас барсан. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Н.Э-  нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны 2 дугаар гудамжны 40 тоотод төрсөн дүү Н.Пүрэвдоржийн хэвлийн тус газар хутгалж, түүний эрүүл мэндэд “хэвлийн хөндийг нэвтэрч чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Н.Пүрэвдоржийн “...Э согтуу орж ирэхээр нь уур хүрээд архи уугаад байгаа талаар нь хэлэхэд миний өөдөөс уурлан “чамайг ална шүү” гэхээр нь миний уур хүрээд “тэгвэл би таныг алчихна шүү” гэж хэлсэн. Энэ үед Э миний ард гал тогооны тавилга орчим зогсож байсан. Би хальт эргэж харах үед Э над руу хутга бариад дайрч байгаа харагдахаар нь би өөрийгөө хамгаалах гэж гараараа хаасан боловч хоцорч, уг хутга нь миний хэвлийн зүүн доод хэсэгт гэмтэл үүсгэсэн. ...” /хх 12-16/,

шүүгдэгч Н.Э- ы “...Дүү Пүрэвдорж нь намайг “архи уулаа” гэж маргалдсанаас болж хутгалсан. ...Манай гэрийн хутга, модон бор иштэй, 20 орчим см урттай хутга байсан...” /хх 90/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 568 дугаартай “...Н.Пүрэвдоржийн биед хэвлийн хөндийг нэвтэрч чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-36/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 290 дугаартай “...Н.Э-  нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Э-  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Э-  нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх дүгнэлт /хх 40-41/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Н.Э- ыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Н.Э- ы Н.Пүрэвдоржийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг  “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Н.Э- ыг тус зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох таван жилийн хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хохирогч Н.Пүрэвдорж “...ах маань бие муутай, 51 настай зэргийг харгалзан ял эдлэх дэглэмийг нь нээлттэй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Шүүгдэгч Н.Э- ы хувийн байдалтай нь холбогдуулан дэглэмийг хөнгөрүүлж өгөх талаар гаргасан хохирогч Н.Пүрэвдоржийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Н.Э- ы хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Н.Э-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Э-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ