Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/00076

 

Алтан-Эг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1129 дугаар магадлалтай,

Алтан-Эг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Цэнд-Аюушид холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 84.041.656 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэл,

31.393.494 төгрөг гаргуулж, 2015.07.09-ний өдрийн ЗГ-2015125 тоот болон 2017.11.29-ний өдрийн ЗГ-01-002017231 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал, Л.Насантогтох, хариуцагч Ц.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч Г.Хишигжаргал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Талууд 2017.11.29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 31 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 18 дугаар байрны 35 тоот, 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Нордбенз маркын таван автомашин, таван чиргүүлийг тус бүр барьцаалан 152.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэрээний хугацаа 2018.05.29-ний өдөр дууссан, гэрээний үүрэг биелэгдээгүй. Зээлийн үлдэгдэл 66.678.560 төгрөг, хуримтлагдсан хүү 14.469.246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.893.850 төгрөг, нийт 84.041.656 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох орон сууцуудыг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Цэнд-Аюушийн шүүхэд гаргасан тайлбарт: ... Алтан-Эг ББСБ ХХК-иас 2015.07.09-ний өдөр 100.000.000 төгрөгийн зээл авсан. Уг зээл 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй байсан. Уг зээлийг төлж байгаад 2017.11.29-ний өдөр нийт 150.000.000 орчим төгрөг төлсөн. Зээлдэгчээс барьцаа хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай гэснээр барьцаа хөрөнгөө нэмэгдүүлж, нэмж зээл авсан. Уг зээлийг авахдаа 2015.07.09-ний өдрийн зээлийн үлдэгдэл мөнгийг төлж, 40.000.000 төгрөгийг өмчлөлдөө авсан. Хариуцагч 2 удаа нийт 140.000.000 төгрөгийн зээл авч, 280.000.000 төгрөг төлсөн. Хариуцагч нь 2017.11.29-ний өдөр бодитоор гар дээрээ 152.000.000 төгрөг аваагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ц.Цэнд-Аюушийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Нэхэмжлэгчтэй байгуулсан 2017.11.29-ний өдрийн, 2015.7.09-ний өдрийн зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болох 111.494.951 төгрөг дээр нэмж, 40.505.049 төгрөгийг авсан. Гэтэл 152.000.000 төгрөгийг зээлж авсан мэтээр нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч 40.505.049 төгрөгийг зээлж авахдаа өөрийн Норд бенз маркийн ачааны автомашины 5 чиргүүлийг нэмж барьцаалсан. 2017.11.29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 40.505.049 төгрөгийг төлөхдөө нийт 3 удаагийн гүйлгээгээр 115.198.931 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл үндсэн зээлийн төлбөр 40.505.049 төгрөг, зээлийн хүү 6.336.709 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 405.564 төгрөг буюу нийт 47.247.322 төгрөгийг зээлийн гэрээний дагуу төлөх ёстой байсан боловч илүү 67.951.609 төгрөг шилжүүлсэн. 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нийт 4 удаагийн гүйлгээгээр 140.967.150 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, холбогдох дүрэм, журам, аргачлалын дагуу тооцоход уг зээлийн гэрээний дагуу 177.525.265 төгрөг төлөх ёстой байсан боловч 36.558.115 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй үлдсэн. Зөрүү мөнгөн дүнг тооцохоор 2017.11.29-ний өдрийн зээлийн гэрээгээр илүү төлсөн 67.951.609 төгрөгөөс 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх ёстой дутуу төлсөн 36.558.115 төгрөгийг хасахад 31.393.494 төгрөг болж байна. Иймд илүү төлсөн 31.393.494 төгрөгийг гаргуулж, 2015.07.09-ний өдрийн ЗГ-2015125 тоот, 2017.11.29-ний өдрийн ЗГ-01-002017231 тоот зээлийн гэрээнүүдийг дуусгавар болгож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Хариуцагч нь 2017.11.29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 152.000.000 төгрөгийг зээлсэн. Энэхүү гэрээний дагуу зээлдэгчээс зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт заасан нөхцөлөөр, мөн гэрээний 2.1.3.1 дэх хэсэгт заасан хэлбэрээр зээлдэгчийн Хаан банкны 5003239585 дугаар дансанд 151.500.000 төгрөгийг шилжүүлж, 500.000 төгрөгийг зээлийн шимтгэлд авч, гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 451.1, 452.2, 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан тул 2017.11.29-ний өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгох боломжгүй юм. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээгээр 100.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд энэхүү гэрээний үүргийг зээлдэгч зөрчиж, хугацаа хэтрэлттэй зээлд орсон. Улмаар зээлдүүлэгчийн хүсэлтээр барьцаа хөрөнгөө нэмж, 152.000.000 төгрөгийг зээлж, 2017.11.29-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан бөгөөд зээлдэгч гэрээний дагуу зээлийн төлбөрөө шилжүүлэн аваад 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгосон. Иймд талуудын хүсэлтээр дуусгавар болсон, эрх зүйн үйлчлэл үүсгэхгүй болсон 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар дуусгавар болгох боломжгүй юм. Талуудын хооронд байгуулсан 2017.11.29-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд аливаа хэлбэрээр хууль зөрчөөгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх эрх зүйн боломжгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт зааснаар 2017.11.29-ний өдрийн зээлийн гэрээний шаардлагад 917.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж, 2015.07.09-ний өдрийн зээлийн гэрээний шаардлагад 657.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж тус тус төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнүүдийг дуусгавар болгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд нь талуудын тохиролцоо, гэрээний чөлөөт байдалд үндэслэн хийгдсэн, хариуцагчийн 31.393.494 төгрөг гаргуулах тухай шаардлага нь үндэслэлгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Цэнд-Аюушаас 84.041.656 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Алтан-Эг ББСБХХК-иас 31.393.494 төгрөг гаргуулж хариуцагч Ц.Цэнд-Аюушид олгож, 2015 оны 07 дугаар сарын 09-нйи өдрийн ЗГ-2015125 тоот зээлийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ-01-002017231 тоот зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206001496 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Талхны 20 дугаар байрны 31 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2203003453 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо , 7 дугаар хороолол, 18 дугаар байрны 35 тоот хаягт байрлах 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 358 төгрөг, хариуцагч Ц.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэнд-Аюушаас улсын тэмдэгтийн хураамжид 648 358 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-д, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 314 917 төгрөг гаргуулж хариуцагч Ц.Цэнд-Аюушид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1129 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00779 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Цэнд-Аюушаас 40 999 476 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 042 180 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 4 дэх заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 358 төгрөг, хариуцагч Ц.Цэнд-Аюушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 117 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэнд-Аюушаас улсын тэмдэгтийн хураамжид 362 947 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-д олгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Ц.Цэнд-Аюуш нь Алтан-Эг ББСБ ХХК-наас 2015.07.09-ний өдрийн ЗГ-2015125 дугаар зээлийн гэрээний дагуу 100.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай нэг сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, улмаар гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.5, 3.7, 4 дүгээр зүйлийн 4.3, 4.7, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон, нийт 111.494.953 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн. Ц.Цэнд-Аюуштай 2015.07.09-ний өдөр байгуулсан ЗГ01002015125 тоот зээлийн гэрээний үүрэг 2017.11.29-ний өдөр дуусгавар болсон. 2015.07.09-2017.11.29-ний өдөр хүртэл хуанлийн 874 оногоор хүү тооцож авсан ба зээлийн графикийн дагуу сар бүрийн 10-нд төлөлт хийж байсан боловч 2015.09.10-ны өдрөөс графикийн дагуу төлөлт хийгдээгүй мөн зээлийн гэрээний үүрэг 2015.12.09 өдөр дуусгавар болсон тул нийт 2015.09.10-2017.11.29-ний өдөр хүртэл 811 хоногийн нэмэгдүүлсэн хүү тооцож авсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс 2015.07.09-ний өдрөөс 2017.11.29-ний өдрийг хүртэлх зээлдэгчийн хугацаа зөрчсөн зөрчлийг тооцолгүйгээр зээлийн төлбөр, хүү нэмэгдүүлсэн хүүг буруу тооцоолж гаргаад байна. Ц.Цэнд-Аюуш нь Алтан-Эг ББСБ ХХК-тай 2017.11.29-ний өдөр ЗГ-01-00-2017231 дугаартай зээлийн гэрээ, БГ-01-00-2017231 дугаар барьцааны гэрээ байгуулж 152.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, улмаар гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.2.2, 2.4.3 дах хэсэг зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул шүүхэд 84.041.657 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан юм. Ц.Цэнд-Аюуштай 2017.11.29-ний өдөр байгуулсан ЗГ01002017231 тоот зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тул 2018.11.06-ны өдөр шүүхэд өгсөн. 2017.11.29-2018.11.06-ны өдөр хүртэл хуанлийн 342 хоногоор хүү тооцож авсан ба зээлийн графикийн дагуу сар бурийн 07 өдөр төлөлт хийх байсан боловч 2018.02.07 өдрийн графикт төлөлтөнд 2018.04.25 өдөр орсон ба үүнээс хойш графикт төлөлтөнд ороогүй мөн зээлийн гэрээний үүрэг 2018.05.29-ний өдөр дуусгавар болсон тул нийт 2018.02.07-2018.11.06 хүртэл 272 хоногийн нэмэгдүүлсэн хүү тооцогдоно. Анхан болон давж заалдах шатны шүүхээс дээр дурьдсан гэрээнүүдэд заасан хугацаагаар зээлийн хүүг бодож, улмаар зээлдэгчийн төлсөн төлбөрөөс хугацаа хэтэрсэний хүү, нэмэгдүүлсэн хүүг хасахгүйгээр шууд үндсэн төлбөрөөс хасах зэргээр тооцооллыг буруу гаргаж, зохигчдын хооронд гэрээгээр тохирсон болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөрчиж зээлийн гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа дууссанаас хойших хүүг тооцохгүйгээр шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Цэнд-Аюушийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх тооцооллыг хийхдээ үндсэн зээлийн үлдэгдэл 72.966.850 төгрөг гэж зөв гаргасан хэрнээ 95.000.000 төгрөг төлөхөд 22.033.150 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй гэж өөрөөр хэлбэл 95.000.000 төгрөгийн үндсэн зээлтэйгээс 72.966.850 төгрөг төлж 22.033.150 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй гэж буруу бодсоноос шүүхийн шийдвэр тэр чигтээ тооцооллын алдаатай болжээ. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ-01-00-2017231 тоот зээлийн гэрээний гүйлгээг Аптан-Эг ББСБ ХХК-аас 151.500.000 төгрөгөөр хийсэн боловч зээлийн ажилтан гүйлгээ хийсэн даруй зээлдэгч миний биетэй хамт ХААН банк орж 111.494.951 төгрөгийг өмнөх зээлийн төлбөрт буцааж авсан /2015 оны зээлийг хаасан/ буюу зээлдэгч миний хувьд 40.505.049 төгрөгийн зээлийг авч ашигласан. 111.494.951 төгрөгийг зээл авсан өдрөө буцаан төлсөн байхад энэ зээлийг 152.000.000 төгрөгийн зээл авч ашигласан байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451.1-д ...мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх... гэсэн заалттай илтэд зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч өөрийн бүрэн эрхийн дагуу хэн нэгнээс ялангуяа зээлдүүлэгчээс хараат бусаар зээлийг захиран зарцуулах ёстойч энэ зээлийн хувьд анхнаасаа өмнөх зээлийг хаах зорилгоор олгосон нь дээрхи хуулийн шаардлагыг хангахгүй байгааг шүүх анхаарсангүй. Миний бие сөрөг нэхэмжлэл гаргахдаа Иргэний хууль болон холбогдох хуулийн дагуу тооцооллыг алдаагүй хийсэн бөгөөд энэ хэргийг шийдвэрлэхэд 2 удаа зээл авсан явдлыг тус тус нь шийдвэрлэх боломжгүй тул тооцооллоо энэ байдлаар гаргаж 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гар дээрээ авч ашигласан 40.505. 049 төгрөг авч ашигласан зээлийн төлбөрт 115.198.931 төгрөг төлж, 67.951.609 төгрөг илүү төлсөн үүнээс 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 36.558.115 төгрөгийг хасаад 31.393.494 төгрөг илүү төлсөн байна гэж нэхэмжилсэн байхад шүүх зээл тус бүрээр нь дүгнэж Алтан-Эг ББСБ ХХК-ийн илүү төлүүлж, үндэслэлгүй авсан 74.936.836 төгрөгт хүү тооцон төлөх, мөн 36.558.115 төгрөгний хүү, нэмэгдүүлсэн хүү цаашид хүү нэмж бодогдохгүй төлөгдөж дуусах ёстой байтал дахин дээрхи дүнгээс хүү тооцуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөж зээлдэгчийн нийт хуулийн дагуу жинхэнэ авч ашигласан нийт 140.505.049 төгрөгийн зээлд үндэслэлгүйгээр 340.207.737 /2 зээлд нийт 140.967.150+115.198.931+84.041.656/ төгрөг болгож төлүүлэхээр шийдвэрлэсэн хэрэг боллоо. Анхан шатны шүүхэд гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд нотлох баримт болгон өгсөн дээрхи 2 зээлийн тооцооллууд нь Алтан-Эг ББСБ ХХК-ийн энэхүү 2 зээлд гаргаж өгсөн хуулганаас зөрүүтэй байгаа шалтгаан нь Иргэний хуулийн 216.4 дэх заалтыг зөрчснөөс гадна зээлийн хүүг Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухайн хуулийн 24.4-т Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална гэж заасан байдаг бөгөөд энэ хуультай нийцүүлэн гаргасан Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалын хавсралт болох Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-д тусгагдсаны дагуу өдрийн хүү тооцох хугацааг тухайн жилийн хуанлийн хоногоор буюу 365-366 хоногт хувааж тооцох байтал 360 хоногт хуваан тооцсоноор илүү хүү бодогдсон. Зээлийн гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүг мөн уг журмыг зөрчин илүү тооцон авч байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хүүнд төлөгдсөн 36.558.924 төгрөгийг зээл гэж үзэж шийдвэрлэсэн. Гэтэл 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн зээл хугацаа дуусахад буюу 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээл 99.819.425 төгрөг, хүү 19.526.320 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг нийт 119.345.745 төгрөг. Хугацаа дууссанаас хойш 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээл 99.819.425 төгрөг, хүү 22.972.142 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 689.164 төгрөг байснаас 27.033.150 төгрөг төлөхөд үндсэн зээл 72.786.275 төгрөг, хүү 22.972.142 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 689.164 төгрөг үлдсэн. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээл 72.786.275 төгрөг, хүү 63.064.254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.707.587 төгрөг байснаас 95.000.000 төгрөг төлөхөд үндсэн зээл 72.786.275 төгрөг төлөлөгдөж дууссан ба үлдсэн 22.213.725 төгрөг нь /63.064.254-22.213.725/ хүүгээс хасагдсанаар хүү 40.850.528 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.707.587 төгрөг нийт 49.558.115 төгрөгний хүү нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй үлдсэн. Энэ дүнгээс 2017 оны 6 дугаар сарын 12-нд 5.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 8.000.000 төгрөг төлж нийт хүү, нэмэгдүүлсэн хүү 36.558.115 /49.558.115-5.000.000-8.000.000/ төгрөг төлөгдөөгүй үлдсэн байсан. Үүний дараа 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ-01-00-2017231 тоот зээлийн гэрээгээр 152.000.000 төгрөгийн зээл олгосон боловч 111.494.951 төгрөгийг өмнөх зээлэнд гэж суутгасан. Гэтэл өмнөх зээлийн үлдэгдэл 36.558.115 төгрөгний хүү байсан бөгөөд 74.936.836 төгрөг /анхан шатны шүүх хүлээн зөвшөөрсөн/ үндэслэлгүй суутгасан. Үүнийг үндсэн зээлээс хасч 36.558.115 төгрөгийг зээл гэж үзвэл 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээгээр нийт 152.000.000 төгрөгийн зээл авсан ч 111.494.951 төгрөгийг өмнөх зээлийн үлдэгдэл хэмээн төлснөөр 40.505.049 /152.000.000-111.494.591/ төгрөг үлдсэн. Харин давж заалдах шатны шүүхийн дүгнэж шийдвэрлэснээр өмнөх зээлийн үлдэгдэлд төлөгдөөгүй үлдсэн хүүгийн төлбөрийн үлдэгдлээс дараагийн зээлд капиталжуулна гэж үзвэл 77.063.164 /36.558.115+40.505.049/ төгрөгийн зээл авсан гэсэн тооцоолол гарч байна. Анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тооцоололд 67.951.609 төгрөгийг илүү төлж өмнөх зээлээс төлөгдөөгүй үлдсэн 36.558.115 төгрөгийн зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтийг хасаж тооцсоноор 31.393.494 /67.951.609-36.558.115/ төгрөг илүү төлсөн гэж нэхэмжилсэн билээ. Харин дээрхи тооцооллоор өмнөх зээлээс төлөгдөөгүй үлдсэн хүүг капиталжуулснаар Алтан-Эг БББС авсан нийт зээлдээ 24.626.701 төгрөг илүү төлсөн харагдаж байна. Иймд шийдвэр, магадлал нь бодит байдлаас хэт зөрүүтэй, асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадаагүй тул тус шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн дагуу зөв тооцооллоо гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Алтан-Эг ББСБ ХХК нь Ц.Цэнд-Аюушаас зээлийн гэрээний үүрэгт 84.041.656 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийг,

Ц.Цэнд-Аюуш нь Алтан-Эг ББСБ ХХК-с 31.393.494 төгрөг гаргуулж, 2015.07.09-ний өдрийн ЗГ-2015125 тоот болон 2017.11.29-ний өдрийн ЗГ-01-002017231 тоот гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдсон тул зохигчийн гомдлын агуулгаар хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Алтан-Эг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Цэнд-Аюушид холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон нэг шүүгч магадлалд гарын үсэг зураагүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрэг шийдвэрлэхэд оролцсон шүүх бүрэлдэхүүн бүгд гарын үсэг зурах ба аль нэг шүүгч нь гарын үсэг зураагүй нь магадлалыг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасан үндэслэл болж байна.

Дээр дурдсан үндэслэлээр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1129 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Алтан-Эг ББСБ ХХК нь 373.160 төгрөг, хариуцагч Ц.Цэнд-Аюуш нь 590.110 төгрөг тус тус төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ