Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 987

 

МАГАДЛАЛ

 

2017.04.21                                                 Дугаар 987                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Б.Ундрамын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 183/ШШ2017/00323 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Ундрамын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Халиун төгөл” ХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Б.Ундрам миний бие “Халиун төгөл” ХХК-д гоо сайханы салоны захирлын албан тушаалд 2015 оны 7 дугаар сарын 20-нд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл “Халиун төгөл” ХХК-ийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл өгч намайг ажлаас хууль бусаар үндэслэлгүйгээр халсан. Иймээс энэ тухай гомдлоо зохих журмын дагуу шүүхэд гаргасан ба 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3611 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1257 дугаартай магадлал болон 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 1052 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Б.Ундрам намайг Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 болон 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2 093 040 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулах тухай шийдвэр, тогтоол гарсан. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан 2 093 040 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргуулж авсан бөгөөд одоо үлдсэн хугацааны буюу 2016 оны 5 дугаар сарын 03-наас 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн “Халиун төгөл” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Ундрамыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 2 093 040 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн анхан, давах, хяналтын шатны шүүхүүдийн шийдвэр, тогтоолын дагуу түүнд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалинг өгч, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас дээрх шийдвэрийг биелүүлэхээр ажиллагаа хийхдээ хуульд заасан хугацаагаа баримталсан тул бидний зүгээс удаашруулсан хэрэг биш. Ажилгүй байх хугацааны цалин хөлс гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан болохоос биш ажилд нь эгүүлэн авах талаар нэг ч ажиллагаа болоод мэдэгдэл хүргүүлж байгаагүй юм. Тийм ч учраас эхлээд цалин хөлсийг нь өгмөгц шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байдаг. Үүнээс харахад Б.Ундрам нь ажилдаа эргэн орох сонирхолгүй байсан нь харагддаг. Түүний албан тушаалын орон тоо байхгүй болсон тул үүнтэй ижил төрлийн ажил үйлчилгээг санал болгон ажилд томилох тухай захирлын тушаал зэргийг шуудангаар хүргүүлэх, утсаар мэдэгдэх зэрэг алхамууд хийж байсан ч Б.Ундрам өөрөө зүгээр сууж байгаад цалин авах хүсэлтэй байсан тул ажилд ордоггүй байсан байна. Урьд энэ маргааныг шат шатны шүүх шийдвэрлэсэн нь Б.Ундрамыг дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргахгүй байх эрхийг хязгаарлана. Өмнөх нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах байсан бол өнөөдөр мөн л ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь энэ талаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэдгийг шүүхээс анхаарна уу. Тэрээр ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 03-наас эхлэн нэхэмжилж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Халиун төгөл” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинд 7 441 920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ундрамд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасныг баримтлан Б.Ундрамын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг “Халиун төгөл” ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 134 021 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид 70 200 төгрөг, үлдэх 63 821 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар Б.Ундрамыг ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах асуудлыг эцэслэж, 2 093 040 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шат шатны шүүх дээр цалингийн асуудлыг ерөөсөө хөнддөггүй байсан атлаа эцэслэн шийдвэрлэгдсэний дараа дахин шүүхэд хандаж цалин гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хугацааны хувьд санаатайгаар удаашруулсан үйлдэл байгааг шүүхээс анхаарч үзэлгүй 7 441 920 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын      21-ний өдөр дуусгавар болж, дуусгавар болгох тухай хүсэлт дээрээ Б.Ундрам нь ажилдаа эргэж орохгүй гэж тайлбар бичиж өгсөн байдаг. Улсын дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол гарснаар дээрх тогтоолыг биелүүлэх үүрэг үүсч, түүнийгээ 45 хоногийн хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр биелүүлэн дуусгавар болсон. Б.Ундрамын ажилгүй байх хугацааны цалинг 160 өдрөөр бус 115 өдрөөр тооцож, 5 348 880 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх боломжтой байхад бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 093 040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ундрам нь хариуцагч “Халиун төгөл” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...2016 оны 5 дугаар сарын 03-наас 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах...” гэж үндэслэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...маргааныг өмнө шийдвэрлэсэн учир дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/03611 дүгээр шийдвэрээр Б.Ундрамыг “Халиун төгөл” ХХК-ийн гоо сайханы салоны захирлын ажилд эгүүлэн тогтоосон, энэ шийдвэр хүчин төгөлдөр байна.

Хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/127 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Ундрамыг угтагч /ресепшн/-ын ажилд томилсон нь шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Учир нь Б.Ундрамыг хариуцагч байгууллагын гоо сайханы салоны захирлын ажилд эгүүлэн томилсон шийдвэр хүчин төгөлдөр байгаа ба шүүхийн шийдвэрт заасан ажилд томилоогүй, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс А/127 тоот тушаал гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

Иймд нэхэмжлэлийг хангасан шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ бичгээр гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 165.1 дэх хэсэгт заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.” гэж зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/00323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 48 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.ОЮУНХАНД

 

  ШҮҮГЧИД                                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                М.НАРАНЦЭЦЭГ