Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 164

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч Н.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаяр, иргэний нэхэмжлэгч Х.Дуламсүрэн, шүүгдэгч С.Эрдэнэжаргал, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0-440) нарыг оролцуулан,

Тээврийн прокурорын газраас Боржигин овогт Сэрээтэрийн Эрдэнэжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2400 0671 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт Сэрээтэрийн Эрдэнэжаргал: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт 1975 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-49 тоотод оршин суудаг, ЙМ75110911 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч С.Эрдэнэжаргал нь согтуугаар 2016 оны 7 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын замд 77-15 УНМ улсын дугаартай Хонда Фит загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.7а, 8.2-д заасныг зөрчсөний улмаас жолооч Х.Дуламсүрэнгийн жолоодож явсан 72-09 УНЯ улсын дугаартай Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч О.Ариунтуяагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Эрдэнэжаргал нь 2016 оны 7 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тахилтын замд өөрийн эзэмшлийн 77-15 УНМ улсын дугаартай Хонда Фит загварын тээврийн хэрэгслийг жолоодон 2 эгнээ бүхий эсрэг урсгалтай замаар зорчиж явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн;

  • 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а) тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх,
  • 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а) согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн... ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,
  • 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд жолооч Х.Дуламсүрэнгийн жолоодож явсан 72-09 УНЯ улсын дугаартай Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч О.Ариунтуяагийн биед зүүн шилбэний шаант ясны зөрүүгүй хугарал, өвчүүний зөрүүгүй хугарал, тархи доргилт, хамрын нурууны зулгаралт, зүүн эгэм орчим цус хуралт, зүүн хөлийн шагай үе орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Х.Дуламсүрэнгийн биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, чээж, баруун бугалга, шуунд цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл, түүний тээврийн хэрэгсэлд 1.368.000 төгрөгийн шууд, 302.500 төгрөгийн шууд бус буюу нийт 1.670.500 төгрөгийн хохирол учруулсан нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Эрдэнэжаргал: Мөрдөн байцаалтын үед хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл  жолоодож бусдад хохирол учруулсан үйлдэлдээ маш их харамсаж байна. Энэ авто тээврийн осол 100 хувь миний буруугаас болж гарсан. Мөрдөн байцаалтын үед хохирогч нартай тохиролцоод 2.000.000 төгрөг төлсөн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаяр: Гомдол, санал байхгүй. Охиныхоо эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Энэ талаар Х.Дуламсүрэн тодорхой мэднэ гэв.

Иргэний нэхэмжлэгч Х.Дуламсүрэн: 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр энэ хэрэг гарсан. Мөрдөн байцаалтын шатанд өөрийн автомашинаа үнэлүүлсэн чинь 1.670.500 төгрөгийн эвдрэл гэмтэл гарсан. Тэгээд Ариунтуяа бид хоёрын хөл хугарсан, гипс хийлгэсэн учир шүүгдэгч С.Эрдэнэжаргалыг гэмтлийн эмнэлэг дээр дуудаж уулзсан чинь “газар зарсан 2.000.000 төгрөг л байна. Би ганцаараа амьдардаг ганц бие хүн, чамд 2.000.000 төгрөг л өгье, үүнийг авбал ав, авахгүй бол өөр өгөх зүйл байхгүй, би явдаг газар нь явна” гэж сүрдүүлсэн. Би машинаа гаргаж авахын тулд 2.000.000 төгрөгийг авахаас өөр аргагүй байсан тул гомдол саналгүй гэж бичиж өгсөн. Гэтэл машинаа янзлуулахад 2.000.000 төгрөгөөс илүү зардал гарсан. Машинаа янзлуулсан болон Ариунтуяа бид хоёрын эмчилгээний зардал нийт 3 сая гаран төгрөг болсон. Шүүгдэгч С.Эрдэнэжаргалаас авсан 2.000.000 төгрөгөөс Ариунтуяагийн эмчилгээний зардалд төлсөн мөнгө байхгүй. Тэгээд үлдсэн мөнгөө нэхэмжилж байна. Шүүгдэгчид маш их гомдолтой байна. Хохирогч Ариунтуяагийн эмчилгээний зардалд 598.210 төгрөгийн зардал гарсан. Харин миний эмчилгээнд 425.000 төгрөгийн зардал гарсан. Машины засварт 2.201.000 төгрөгийн засвар гарсан. Иймд нэхэмжлэлийн зөрүү болох 1.224.210 төгрөг нэхэмжилж байна гэв.

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2016 2400 0671 дугаартай хэргээс)

Хохирогч О.Ариунтуяагийн өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед манай найз Дуламсүрэн 72-09 УНЯ улсын дугаартай Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийг жолоодоод, би жолоочийн хажуугийн суудалд суугаад, бид хоёр Жуковоос Тахилт орохоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Тахилтын замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд 20-30 орчим км цагийн хурдтай явж байгаад хурд саруулагчаар дөнгөж гарах гэтэл өөдөөс буюу эсрэг урсгалаас нэг машин аймаар хурдтай яах ийхийн зуургүй орж ирээд манай машины зүүн урд хэсэг рүү маш хүчтэй мөргөчихсөн. Тэгээд нэг мэдсэн миний сууж явсан машин зорчих хэсгийн зүүн талын хашлага даваад зогсчихсон. Гэтэл нөгөө мөргөсөн машин нь эсрэг урсгалдаа буцаж эргээд ертөнцийн зүгээр зүүн хойшоогоо хараад баруун талынхаа хашлагыг даваад зогсож байсан. Тэгээд машинаас буух гэтэл миний зүүн хөл эвгүй болчихсон хөдөлж болохгүй байсан. Харин манай машиныг мөргөсөн машины жолооч нилээд согтуу, хөл дээрээ тогтож чадахааргүй байсан. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг ямар ч машин байхгүй, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй байсан. Миний эмчилгээнд ойролцоогоор 620.000 төгрөгийн зардал гарсан бөгөөд үүнийг баримтаар хавсаргаж өгнө. Мөн би Франц улсад ажиллаж, амьдардаг учир 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр буцна. Хэрэв энэ хэрэг шийдвэрлэгдэж амжихгүй бол найз Хөхөөгийн Дуламсүрэнд итгэмжлэл хийж намайг төлөөлөх эрхийг олгож үлдээх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас), 

Хохирогч хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаярын өгсөн: ...Манай охин Ариунтуяа нь 2016 оны 7 дугаар сарын 09-ний орой найз Дуламсүрэнгийн хамт явж байгаад зам тээврийн осолд орж, биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Тэгээд охин Ариунтуяа нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Франц улс руу явсан. Охин маань тэнд нөхөр хүүхдийн хамт 5 жил ажиллаж, амьдарч байгаа. Тийм болохоор мөд ирэх боломжгүй. Иймд би охиныхоо өмнөөс уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болно... гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Х.Дуламсүрэнгийн өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед би өөрийн 72-09 УНЯ улсын дугаартай Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийг жолоодон манай найз Ариунтуяа нь миний хажууд буюу урд суудалд суугаад, бид хоёр Жуковоос Тахилт орохоор Сонгинхайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Тахилтын 3 дугаар буудал орчмын замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй 30 км цагийн хурдтай явж байтал өөдөөс их хурдтай машин ирж яваа харагдахаар нь дөнгөж зогстол өөдөөс буюу эсрэг урсгалаас ирж явсан машин яах ийхийн зуургүй миний машины зүүн урд хэсэг рүү хүчтэй мөргөсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 40-41 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9747 дугаартай: ...Ариунтуяагийн биед зүүн шилбэний шаант ясны зөрүүгүй хугарал, өвчүүний зөрүүгүй хугарал, тархи доргилт, хамрын нурууны зулгаралт, зүүн эгэм орчим цус хуралт, зүүн хөлийн шагай үе орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт (хх-ийн 54 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9746 дугаартай: ...Дуламсүрэнгийн биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт (хх-ийн 59 дүгээр хуудас),

72-09 УНЯ улсын дугаартай Тоёота Ист загварын тээврийн хэрэгсэлд 1.368.000 төгрөгийн шууд, 302.500 төгрөгийн шууд бус буюу нийт 1.670.500 төгрөгийн хохирол учирсан гэх Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 73 дугаар хуудас),

Техникийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 481 дугаартай: ...77-15 УНМ улсын дугаартай Хонда Фит загварын тээврийн хэрэгслийн жолооч С.Эрдэнэжаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн;

  • 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. Үүнд: а) тухай тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна,
  • 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а) Согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно,
  • 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 72-09 УНЯ улсын дугаартай Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийн жолооч Х.Дуламсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна... гэх дүгнэлт (хх-ийн 78 дугаар хуудас),

С.Эрдэнэжаргалын сэжигтнээр өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед би өөрийн эзэмшлийн 77-15 УНМ улсын дугаартай Хонда Фит загварын тээврийн хэрэгслийг жолоодон Сонгонохайрхан дүүргийн нутаг дэвгэр дэх Тахилтын 3 дугаар буудлаас миний машиныг засах гэж байсан засварчны гэр рүү буюу Тахилтын 1 дүгээр буудал руу ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд зорчих хэсгээр 40 км цагийн хурдтай явж байгаад хурд саруулагч дөнгөж гартал өөдөөс их хурц гэрэл гялбасан. Тэгтэл нэг мэдсэн өөдөөс ирж явсан машинтай мөргөлдчихсөн зогсож байсан..., ...Тухайн орой замын хөдөлгөөн сийрэг, цаг агаар бага зэргийн шиврээ бороотой, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй байсан. Би машинаа засварлуулж байхдаа засварчинтай хамт 2.5 литрийн хэмжээтэй 2 сав шар айраг хувааж уусан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 90-91 дүгээр хуудас),

С.Эрдэнэжаргалын яллагдагчаар өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед би өөрийн эзэмшлийн 77-15 УНМ улсын дугаартай Хонда Фит загварын тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Тахилтын 3 дугаар буудлаас машинаа засуулах засварчны гэр рүү буюу 1 дүгээр буудал руу ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээр 40 орчим км цагийн хурдтай явж байгаад, хурд сааруулагч дөнгөж гартал өөдөөс их хурц гэрэл гялбасан. Тэгсэн би эсрэг урсгал руу орж, өөдөөс ирж явсан машинтай мөргөлдсөнөөс би ертөнцийн зүгээр зүүн хойшоо хараад зогсож байсан..., ...Би маргааш нь хөдөө явах гэж байсан болохоор яараад согтуу машин барьчихсан. Энэ бол миний буруу. Би Ариунтуяа, Дуламсүрэн нарт 2 сая төгрөг өгсөн байгаа. Бусдад учруулсан хохирлуудыг удахгүй төлж барагдуулах болно... гэх мэдүүлэг (хх-ийн 94-95 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон үйл баримт бүрэн бодитой нотлогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч С.Эрдэнэжаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 106 дугаар хуудаст хавсаргасан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст шүүгдэгч С.Эрдэнэжаргал нь ЦЕГ-ын Мэдээлэл, судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Эрдэнэжаргал нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байх тул ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

С.Эрдэнэжаргал нь энэ гэмт хэргийг үйлдэхээс өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг нийт 4 удаа гаргажээ. (хх-ийн 107-109, 123-134 дүгээр хуудас) Тодруулбал,

- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байхдаа;

  1. 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, захиргааны журмаар баривчлагдсан,

- 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “B” ангиллын жолоодох эрхийн үнэмлэх авснаас хойш;

  1. 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан,
  2. 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдөр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, захиргааны журмаар баривчлагдсан,
  3. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 жил 2 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан.

Иймд шүүгдэгч С.Энхжаргалын хувийн байдал болон энэ гэмт хэргийг жолоодох эрхгүй байх үедээ үйлдсэнийг харгалзан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан дээд хэмжээгээр буюу 3 жилийн хугацаагаар хаслаа.

Хохирол төлбөрийн талаар:

Хавтаст хэргийн 73 дугаар хуудаст хавсаргасан Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд 72-09 УНЯ улсын дугаартай Тоёота Ист загварын тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бус зардалд нийт 1.670.500 төгрөгийн хохирлын үнэлгээ хийгдсэн боловч иргэний нэхэмжлэгч Х.Дуламсүрэнгээс гаргаж өгсөн 9 ширхэг баримт (хх-ийн 47-49 дүгээр хуудас)-аар нийт 2.201.000 төгрөгийн, хохирогч О.Ариунтуяагийн эмчилгээнд 598.210 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Х.Дуламсүрэнгийн эмчилгээнд 425.000 төгрөгийн буюу нийт 3.224.210 төгрөгийн бодит зардал гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд “Хавтаст хэргийн 139 дүгээр хуудаст хавсаргасан зөвшилцлийн гэрээг үндэслэн миний үйлчлүүлэгчийг энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол, саналгүй болсон гэж үзнэ. Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар үлдсэн нэхэмжлэлээ цаашид иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй” хэмээн өмгөөлөл явуулсныг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Х.Дуламсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: ...Ариунтуяа бид хоёрын хөл хугарсан, гипс хийлгэсэн учир шүүгдэгч С.Эрдэнэжаргалыг гэмтлийн эмнэлэг дээр дуудаж уулзсан чинь “газар зарсан 2.000.000 төгрөг л байна. Би ганцаараа амьдардаг ганц бие хүн, чамд 2.000.000 төгрөг л өгье, үүнийг авбал ав, авахгүй бол өөр өгөх зүйл байхгүй, би явдаг газар нь явна” гэж сүрдүүлсэн. Би машинаа гаргаж авахын тулд 2.000.000 төгрөгийг авахаас өөр аргагүй байсан тул гомдол саналгүй гэж бичиж өгсөн. Гэтэл машинаа янзлуулахад 2.000.000 төгрөгөөс илүү зардал гарсан. Машинаа янзлуулсан болон Ариунтуяа бид хоёрын эмчилгээний зардал нийт 3 сая гаран төгрөг болсон. Шүүгдэгч С.Эрдэнэжаргалаас авсан 2.000.000 төгрөгөөс Ариунтуяагийн эмчилгээний зардалд төлсөн мөнгө байхгүй. Шүүгдэгчид маш их гомдолтой байна. Хохирогч Ариунтуяагийн эмчилгээний зардалд 598.210 төгрөгийн зардал гарсан. Харин миний эмчилгээнд 425.000 төгрөгийн зардал гарсан. Машины засварт 2.201.000 төгрөгийн зардал гарсан. Иймд нэхэмжлэлийн зөрүү болох 1.224.210 төгрөгийг нэхэмжилж байна... хэмээн мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч С.Эрдэнэжаргал нь мөрдөн байцаалтын үед 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “ам бүл 1, ганцаараа амьдардаг” гэж биеийн байцаалтаа зөрүүтэй өгч байжээ.

Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр “зөвшилцлийн гэрээ” байгуулж, нотариатаар баталгаажуулан (хх-ийн 139 дүгээр хуудас) 2 сая төгрөг өгч, авалцсан боловч хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудаст хавсаргасан 9 баримтаас 8 баримт нь 2016 оны 8 дугаар сарын 03-наас хойш үйлдэгджээ.

Мөн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч С.Эрдэнэжаргал, хохирогч О.Ариунтуяа, иргэний нэхэмжлэгч Х.Дуламсүрэн нарын хооронд байгуулсан зөвшилцлийн гэрээ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нэхэмжлэлийг хязгаарлах үндэслэл болохгүй тул шүүгдэгч С.Эрдэнэжаргалын өгсөн 2.000.000 төгрөгөөс илүү гарсан эмчилгээний болон засварын зардал бүхий нэхэмжлэлийг нотлох баримтын хэмжээнд бүрэн хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Иймд хохирогч О.Ариунтуяагийн эмчилгээний зардалд гарсан 592.210+6000 (шүүх эмнэлэгийн төлбөр)=598.210 төгрөг болон иргэний нэхэмжлэгч Х.Дуламсүрэнгийн эмчилгээний зардалд гарсан 425.000 төгрөг, тээврийн хэрэгслийн засварын зөрүү 201.000 төгрөгийг шүүгдэгч С.Эрдэнэжаргалаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Эрдэнэжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, тэрээр жолоодох эрхээ хасуулсан байсан тул түүний жолоочийн үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдав. 

Шүүгдэгч С.Эрдэнэжаргалд баривчлах ял оногдуулсан тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ял буюу баривчлах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг тогтоолд дурдаж, түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигин овогт Сэрээтэрийн Эрдэнэжаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч С.Эрдэнэжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 5 (тав) сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1. дэх хэсэгт зааснаар С.Эрдэнэжаргалд оногдуулсан 5 (тав) сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Эрдэнэжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, жолоочийн үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэжаргалаас нийт 1.224.210 (нэг сая хоёр зуун хорин дөрвөн мянга хоёр зуун арав) төгрөг гаргуулж;

  • хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаяр (Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин 11-80 тоот, РД:ТЕ59063016, утас: 77170100)-т 598.210 (таван зуун ерэн найман мянга хоёр зуун арав) төгрөг,
  • иргэний нэхэмжлэгч Х.Дуламсүрэн (Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1280 тоот, РД:ПБ89092960, утас: 88045203)-д 626.000 (зургаан зуун хорин зургаан мянга) төгрөг тус тус олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Эрдэнэжаргалд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2. дахь хэсэгт зааснаар С.Эрдэнэжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг баривчлах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Эрдэнэжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.БАТАА