Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 111/2023/0149/З |
Дугаар | 221/МА2024/0039 |
Огноо | 2024-01-15 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2024/0039
Б.Сгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч Б.С
Нэхэмжлэгч: Б.С
Хариуцагч: Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга,
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: хариуцагч Н.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.М
Хэргийн индекс: 111/2023/0149/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Сгаас Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.
2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Сгийн “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч Б.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх “...Б.Сгийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан албан тушаал буюу сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн нь ...тогтоолд заасан болзол, шаардлагыг хангасан иргэнийг томилох зохицуулалттай атал үүнийг зөрчиж томилогдсон байх тул нэхэмжлэгчид хамгаалагдвал зохих эрх хуулийн дагуу үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэнд гомдолтой байна. ...Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “сул орон тоо” гэж “...төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ гэж тодорхойлсон байна.
3.2. Харин миний бие төрийн албаны шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өгч тэнцэн, улмаар төрийн албан хаагчийн нөөцөд байсан ба Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д зааснаар “...төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс уг орон тоог нөхнө” гэх хуулийн зохицуулалтын хүрээнд уг албан тушаалд томилогдох эрх хуулийн дагуу үүссэн болно.
3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэжээ.
3.4. Гэтэл анхан шатны шүүхээс “...мэргэжлийн шаардлага хангаагүй этгээдийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон нь хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу түүний зөрчигдсөн эрхийг шүүхээс сэргээх боломжгүй юм” гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
3.5. Түүнчлэн анхан шатны шүүхээс хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй, Б.Сг хуулийн зүйл заалтыг буруу үндэслэн албан тушаалаас халсан зэрэг нь хууль бус гэсэн атлаа энэхүү нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх сэргээгдэхгүй гэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож, шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчиж байгаа болно.
3.6. Иймд гомдолд дурдсан дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 111/ШШ2023/0157 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож иргэн миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Сгаас Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Анх Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тушаалын 2 дугаар хавсралт, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 194 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Б.Сг Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон байна.
4. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” ХЭГ/595 тоот албан бичгээр “...хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, ...хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүрэг болгож байна” гэх албан бичгийн дагуу Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2/51 тоот албан бичгээр “... “Шүүр” ажиллагааны хүрээнд шалган тогтоогдсон дараах нэр бүхий албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг мэдэгдье” гэжээ.
5. Дээрх албан бичгүүдийг үндэслэн маргаан бүхий Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Сг “... “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгөөгүй, мэргэжлийн индекс таараагүй” үндэслэлээр үүрэгт албан тушаалаас халсан байна.
6. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргаж буй үндэслэлээ “...би тухайн ажлаас халагдах ёсгүй, харин чөлөөлөгдөх ёстой байсан. Халагдсан тушаалаас болж би төрийн албан хаагчийн нөөцөөс хасагдаж, дараагийн төрийн байгууллагад ажиллах боломжгүй болсон. ...хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй” гэж тодорхойлон маргаж буй энэ тохиолдолд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт өгөлгүйгээр “...түүний зөрчигдсөн гэх эрхийг шүүхээс сэргээх хууль зүйн боломжгүй, ...хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх сэргэхээргүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
7. Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй болон тусгай шалгалт өгөхгүй томилогдсон нь хууль зөрчсөн гэх үндэслэлийг эс зөвшөөрч маргаагүй, харин албан тушаалаас халах биш чөлөөлөх тушаал гаргах ёстой байтал хариуцагчаас хууль буруу хэрэглэн ажлаас халсан гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
8. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална” 27 дугаар зүйлийн 27.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангааг аагүй этгээдийг албан тушаалд томилсон тохиолдолд тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр зохицуулсан байна.
9. Дээрх хуулийн зохицуулалт болон маргаан бүхий актын үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” ХЭГ/595 тоот албан бичгээс үзэхэд хуульд заасан журмын дагуу “ажлаас чөлөөлөх”-өөр байжээ.
10. Гэтэл маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт албан тушаалаас “халах” шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэхээр байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн “...халагдсан тушаалаасаа болж төрийн албан хаагчийн нөөцөөс хасагдаж, дараагийн төрийн байгууллагад ажиллах боломжгүй болсон” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.
11. Хэдийгээр тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн индекс зөрүүтэй байх боловч томилох эрх бүхий этгээд хуульд заасан шаардлагыг хангаагүй этгээдийг маргаан бүхий албан тушаалд томилох шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийг буруутган ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлд хамаарахгүй, харин маргаан бүхий энэ тохиолдолд хуульд заасан шаардлагыг хангаагүй албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх замаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор байна.
12. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:” 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;” 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”; 47.1.3-т “Монгол Улсын харьяатаас гарсан; 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” 48.1.4-т “төрийн албанаас халах;” 48.1.5-т “төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах;” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах үндэслэлийг тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийг албан тушаалаас халах шийдвэр гаргасан нь дээрх хуульд заасан үндэслэлд хамаарахааргүй байх бөгөөд “халах” болон “чөлөөлөх” тушаалын эрх зүйн үр дагавар өөр тул хариуцагчаас нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
13. Харин нэхэмжлэгч нь “тухайн ажлын байранд тавигдах тусгай шаардлага хангаагүй, мэргэжлийн индекс таарахгүй, төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгөөгүй” үйл баримттай талуудын хэн аль нь маргаагүй, дээрх шаардлагуудыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож буй энэ тохиолдолд шүүхээс урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “...хууль бусаар халагдсан, улмаар албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгож, түүнд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлж шийдвэрлэдэг. Б.Сг төрийн албанаас хууль бусаар халаагүй, шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
14. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэх харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн эсэхтэй холбоотой дүгнэлт өгөөгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн маргаж буй асуудлаар буюу хуулийг буруу хэрэглэж ажлаас халсантай холбоотой хууль зүйн дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй .
Энэхүү шүүхийн дүгнэлт нь хариуцагчийг маргаан бүхий актыг хуульд нийцүүлэн, зөвтгөж гаргахад саад болохгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 157 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1.3-т тус тус заасныг баримтлан Б.Сгаас Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН