Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 988

 

МАГАДЛАЛ

 

2017.04.21                                               Дугаар 988                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Г.Хунцэнгэл, Т.Хулан нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00090 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Хунцэнгэл, Т.Хулан нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэгч Т.Хунцэнгэлийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 832 000 төгрөг гаргуулах тухай,

Нэхэмжлэгч Т.Хулангийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, илүү цагийн болон амралтын өдөр ажилсаны нэмэгдүүлсэн хөлс 539 580 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 833 042 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 502 000 төгрөг нийт 1 874 622 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Хунцэнгэл,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ганболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Хунцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 5/30 дугаар тушаалаар “Нэг цонхны үйлчилгээ хариуцсан ажилтан”-аар 3 сарын туршилтын хугацаатайгаар Хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс өөрчлөгдөн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан туршилтын хугацаа дуусаагүй байхад    ямар ч шалтгаангүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл ирүүлсэн. Миний туршилтын хугацаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусах байхад мэдэгдэлд 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс чөлөөлөхөөр заасан хэрнээ тушаалыг 10 дугаар сарын 25-ны өдрөөр гаргасан нь хоорондоо зөрчилтэй байна. Би ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил гаргаагүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, 37.1.3-т заасныг баримталсан нь бодит байдалтай нийцэхгүй зөрчилдөж байна. Ажлаас чөлөөлөгдөх тухай харилцан тохиролцсон зүйл байхгүй, гэрээний хугацаа дуусаагүй байсан. Мөн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлд бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай дурдсан хэрнээ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг дурдаагүй байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан тул Нэг цонхны үйлчилгээ хариуцсан ажилтны ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацааны цалинг нэг сарын 416 000 төгрөгөөр тооцон хоёр сард нийт 832 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт:     Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 5/08 дугаар тушаалаар “Нэг цонхны үйлчилгээ хариуцсан ажилтан”-аар ажилд орж, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр        Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс өөрчлөгдөн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдэлд 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс чөлөөлөхөөр заасан хэрнээ тушаалыг 10 дугаар сарын 25-ны өдрөөр гаргасан. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, 37.1.3-т заасныг баримталсан нь бодит байдалтай нийцэхгүй зөрчилдөж байна. Ажлаас чөлөөлөгдөх тухай харилцан тохиролцсон зүйл байхгүй, мөн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Мөн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлд бүтэц орон тооны өөрчлөгдөж байгаатай холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай дурдсан хэрнээ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг дурдаагүй байна. Нэхэмжлэгч Т.Хулан нь Мишээл төв дээрх төрийн нэгдсэн нэг цонхны үйлчилгээний төвд ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа нийт 8 өдөр өглөөний 8 цагаас хойш тасралтгүй, огт завсарлагагүйгээр оройн 20 цаг хүртэл, сард 2 удаа долоо хоногийн амралтын өдөр буюу Бямба гаригт ажилласан байдаг. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т.Хуланг 2016 оны 7 дугаар сард 44 цаг илүү ажиллуулжээ. Тухайлбал мөн оны 7 дугаар сарын 7, 19-22, 25-29-ний өдрүүд буюу 10 хоногийн турш тасралтгүй ажиллуулсан. Иймд дээрх 10 хоногт ажилласан илүү цагийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2 дахин нэмэгдүүлэн, нэг өдрийн цалинг 18 932 төгрөгөөр тооцоход 378 640 төгрөг олгох ёстой байна. Мөн нэхэмжлэгчийг 2016 оны 7 дугаар сараас 01-нээс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн Хагас сайн өдөр буюу нийтдээ долоо хоногийн амралтын 8 өдөр ажиллуулжээ. Байгууллага Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтныг амралтын өдөр ажиллуулсан бол нөхөн амраах, хэрэв амраагаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар 1,5 дахин нэмэгдүүлсэн хөлс төлөх ёстой тул дээрх 8 хоногт олгогдох ёстой нэмэгдүүлсэн хөлс 227,184 төгрөг олгох ёстой. Дээрх хоёр нэмэгдүүлсэн хөлсөд зарим өдөр давхцаж байгаа тул хасч нийтдээ байгууллагаас илүү цаг болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдүүлсэн хөлсөнд 539 580 төгрөг нэхэмжилж байна. Тус байгууллага ажилтныг үндэслэлгүйгээр чөлөөлөхдөө түүнд ажлаас халагдсны тэтгэмжийг олгоогүйгээс нэхэмжлэгчийн тэтгэмж авах эрх зөрчигдөөд байна. Иймд ажлаас халагдсаны тэтгэмжид сүүлийн 7 сарын цалингийн дундажаар тооцож 502 000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа өөрчилсөн. Иймд ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тус байгууллагын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан 2016 оны 11,12 дугаар сарын цалинд 833 042 төгрөг, нэмэгдүүлсэн хөлс 539 580 төгрөг, мөн ажилгүйдлийн тэтгэмж 502 000 төгрөгийг тус тус гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/03 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор тус Хэлтсийн цалингийн сан хэтрэлттэй байсан тул Г.Хунцэнгэл, Т.Хулан нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй болсон. Уг бүтэц орон тооны өөрчлөлтөөс гадна нэхэмжлэгч Т.Хулан, Г.Хунцэнгэл нарын ажиллаж байсан “нэг цонхны үйлчилгээ хариуцсан ажилтан” гэсэн орон тоо батлагдсан бүтэц орон тоонд угаасаа байгаагүй бөгөөд албан ажлын зайлшгүй шаардлагаар дээрх орон тоог бий болгож, хөдөлмөрийн гэрээгээр түр хугацаагаар нэхэмжлэгч нарыг авч ажиллуулж байсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/709 дүгээр захирамжаар ажлын цагийн хуваарийг өөрчилж багасгасан тул Хан-Уул дүүргийн Мишээл экспо төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д цаашид 2 ээлжээр 4 байцаагч ажиллуулах шаардлагагүй болсон. Бидний зүгээс Төрийн албаны захирах, захирагдах ёсны зарчимд нийцүүлэн дээд байгууллагаас өгсөн чиглэл, шийдвэрийг биелүүлсэн. Уг нь нэхэмжлэгч нарын ажлын байр төрийн захиргааны албан тушаалд хамаарах бөгөөд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх ёстой. Нэхэмжлэгч Т.Хулан төрийн албаны шалгалт өгсөн ч тэрээр ажлын байрны шаардлагад тавигдсан ажилласан жилийн шаардлага хангахгүй байсан. Нэхэмжлэгч Г.Хунцэнгэлийн хувьд туршилтийн 3 сарын хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй болсон. Иймд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цаашид сунгагдахгүй тухай шийдвэрийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч Т.Хулангийн хувьд тэрээр нэг өдөрт 4 цагаар ажилладаг байсан. Байгууллага ажлын шаардлагаар түүний ажлын цагт зохицуулалт хийгдэж, хагас сайн өдөр ажиллуулдаг байсан болохоос нийлбэр дүнгээрээ бодвол илүү цагаар ажиллуулаагүй. Амралтын өдрүүдэд ажиллана гэдгийг тэрээр анхнаасаа мэдэж ажилд орсон. Байгууллага нэхэмжлэгч Т.Хулантай байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан гэрээ дуусгавар болсон үндэслэлээр чөлөөлсөн тул ажлаас халагдсны тэтгэмж олгох хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй, ерөнхий газрын дэргэд төрийн албаны салбар зөвлөл ажилладаг ч салбар зөвлөл төрийн үйлчилгээний ажилтны хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хянан шийдвэрлэдэггүй болно гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Хунцэнгэлийг Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст нэг цонхны үйлчилгээ хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож,    Хан-Уул дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 832 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Хунцэнгэлд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 53 дугаар зүйлийн 53.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс нэмэгдүүлсэн хөлсөд 335 448 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Хуланд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх тушаалыг хүчингүй болгуулах, нэмэгдүүлсэн хөлс, нөхөх олговор, ажилгүйдлийн тэтгэмжид 1 539 174 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 32 569 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Хулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Хулангийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгч Т.Хуланг ажлаас халсан байгууллагын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй байна гэснийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Т.Хулан нь хариуцагч байгууллагын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 дугаартай тушаалыг хүчингүй болгох гэсэн ойлгомжтой, тодорхой шаардлага гаргасан ба ийнхүү тушаалыг хүчингүй болгуулснаар нэгэнт байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дагуу өөрт олгогдвол зохих 2 сарын цалин хөлсийг нөхөн гаргуулах, түүнчлэн ажил олгогчоос хөдөлмөрийн хуулийг зөрчсөнөөс үүссэн үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгуулах болон ажилтан Т.Хулангийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн хийлгэх эрх зүйн үр дагавар нэмэгдүүлэн шаардсан ба хариуцагч байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа Хөдөлмөрийн хуульд нийцээгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон ба байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдсэн шалтгаанаар хариуцагч Т.Хуланг ажлаас халсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг удаа дараа гаргаж байсан юм. Гэтэл шүүх нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсан нь уг тушаалыг хүчин төгөлдөр хэвээр үлдээх үндэслэл болж байгаа мэт ойлгогдохоор дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас           1 037 174 төгрөгийг болон нөхөн бичилт хийлгэхийг даалгах зэрэг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159.4-д "Шүүх аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно" гэсэнтэй нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00090 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж,      1 037 174 төгрөгийг олгуулах болон нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангасан. Нэхэмжлэгч Т.Хулангын 7,8 сард илүү цагаар ажилласан хөлс болох 335 448 төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан гэтэл нэхэмжлэгч Т.Хулангийн гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан байхад шүүх илүү цагаар ажилласан хөлсийг гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Т.Хунцэнгэлийн хувьд шүүх тухайн ажлын байрыг байгаагүй юм байна гэж дүгнэсэн атлаа байнгын ажлын байранд ажил олгогч хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж      шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1.3, 1.5-т заасны дагуу Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Г.Хунцэнгэл нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 832 000 төгрөг гаргуулах, Т.Хулан нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, илүү цагийн болон амралтын өдөр ажилласны нэмэгдүүлсэн хөлс 539 580 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 833 042 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 502 000 төгрөг, нийт 1 874 622 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Хулан нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Хунцэнгэлийг хариуцагч байгууллагын даргын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б/30 тоот тушаалаар үйлчилгээний албанд нэг цонхны үйлчилгээ хариуцсан ажилтнаар мөн өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулахаар томилсон бөгөөд хөдөлмөрийн гэрээг 1-3 сарын хугацаатай байгуулжээ.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй болсон талаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Г.Хунцэнгэлд бичгээр мэдэгдэн, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/61 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, Г.Хунцэнгэлийг өмнөх ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2 сарын хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан 3 сарын туршилтын, хугацаатай гэрээ байгуулагдаж хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгахгүй гэж ажилтанд мэдэгдсэнээр уг гэрээ цуцлагдсан байна.

Иймд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн Г.Хунцэнгэлийг ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Т.Хуланг хариуцагч байгууллагын даргын 2016 оны 3 дугаар сарын   14-ний өдрийн Б/08 тоот тушаалаар үйлчилгээний албанд нэг цонхны үйлчилгээний ажилтнаар мөн өдрөөс эхлэн томилж, хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан.

Хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүй болсон талаар Т.Хуланд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бичгээр мэдэгдэн, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/60 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусгавар болох үед талууд цуцлах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй тул дуугүй хүлээн зөвшөөрөх замаар Т.Хулантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа анх байгуулагдсан 3 сарын хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.

Дээрх сунгагдсан хугацаа 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болох ба 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон Т.Хуланг ажлаас чөлөөлөхөөр мэдэгдсэн нь хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3 дахь хэсгийн заалтаар “талууд харилцан тохиролцсон, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “...Т.Хулан ажилд эгүүлэн тогтоох шаардлагаасаа татгалзсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу байна.

Т.Хуланг ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцээгүй тул түүнийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэх бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа    татгалзсан нь ажилгүй байсан 2 сарын хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхийг хязгаарлахгүй юм.

Иймд хариуцагчаас Т.Хулангийн ажилгүй байсан 2 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 833 042 төгрөгийг нэмж гаргуулах, 2016 оны 11,12 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нар Б/30, Б/61 тоот тушаалыг хүчингүй болгох гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох тул “нэхэмжлэлийн шаардлага” гэж дүгнэж шийдвэрлэх үндэслэлгүй, Т.Хулангийн нэхэмжлэлийн шаардлага болох ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж гаргуулах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн зохицуулалтад хамаарахгүй, шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв байна.

Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00090 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн    128.1.2-т заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 832 000 төгрөг гаргуулах тухай Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох Г.Хунцэнгэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 1 168 490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Хуланд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2016 оны 11, 12 дугаарын сарын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Б/60 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай,

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх,

шийдвэрийн 3 дахь заалтад “...32 569...” гэснийг “...32 594...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дах хэсэгт зааснаар зохигчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.ОЮУНХАНД

   ШҮҮГЧИД                                            А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                М.НАРАНЦЭЦЭГ