Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 986

 

МАГАДЛАЛ

 

2017.04.21                                                  Дугаар 986                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ёнжин глобал ложистик ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00455 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ёнжин глобал ложистик” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Өлзийд холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн 10 620 873 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ганбат,

Хариуцагч: Э.Өлзий,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: БНСУ-ын хуулийн этгээд Ёнжин глобал ложистик компани олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2005 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн В-2407 тоот шийдвэрээр Улаанбаатарт төлөөлөгчийн газар байгуулан ажиллаж байна. Э.Өлзий БНСУ-ын Сөүл хотоос контейнер оруулж ирэхдээ тээврийн зардлын 6665 ам.долларыг Ёнжин Глобал Ложистик компаниар урьдчилан төлүүлж, уг компанийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газартай 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулж өөрийн биеэр гаалийн байгууллагаас бараагаа хүлээн авсан байгаа. Зээлийн хугацаа хэтэрч мөнгөө төлөхийг шаардаж байсан боловч Э.Өлзий 2400 ам.долларыг төлж, үлдэгдэл 4265 ам.долларыг төлөхгүй байна. Иймд үндсэн зээлийн 4265 ам.доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш 2490 төгрөгөөр тооцож 10 620 873 төгрөгийг Э.Өлзийгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай хадам аав 2015 онд Солонгос улсаас контейнертэй ачаа явуулсан, 1 контейнерт 5200 ам.доллар төлөх байснаас 2400 ам.долларыг төгрөгөөр төлсөн. Өмнөх контейнерийн үлдэгдэл төлбөрийг нэмээд 4265 ам.доллар үлдсэн байх. Түүнээс би Ёнжин Глобал Ложистик компаниас бэлэн мөнгө зээлж аваагүй, хадам аавын явуулсан контейнерийг нэхэмжлэгч байгууллагаас хүлээж авсан, түүний үлдэгдэл төлбөрийг хадам аав төлөх байх, тээврийн төлбөрийг дараа төлөхөөр гэрээ хийсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Энхтайваны Өлзийгөөс 10 620 873 төгрөг гаргуулахыг хүссэн Ёнжин Глобал Ложистик компанийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 900 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч Э.Өлзийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахад шүүхээс удаа дараа шаардсны дагуу зээлийн гэрээний эх хувийг шүүхэд өгсөн тул дээрх хэрэгт зээлийн гэрээний хуулбарыг хавсаргасан бөгөөд нөгөөтэйгүүр хариуцагч анхан шатны шүүх хуралдаан дээр 4 265 ам.долларыг төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрсөн, мөн тухайн үеийн долларын ханшаар төлнө гэсэн тайлбарууд байгааг шүүх анхаарч үзээгүй. Зээлийн гэрээнд тамга дарагдсан байсан, байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд хэлцэл хийсэн гэж үзэх ямар ч бичгийн баримт хэрэгт байхгүй, төлөөлөгч байгууллагын гарын үсэг зурагдаагүй гэснээ гарын үсэг нь гаргацгүй гэж мөн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн мөнгийг хүлээн авсан эсэх дээр талууд маргаагүй, гагцхүү хариуцагч энэ бол зээл биш тээврийн хөлс гэж гэрээний төрөл дээр маргаж байгааг шүүх буруу дүгнэсэн.

Тодруулбал, хэдийн зээлийн гэрээнд эх хувь байхгүй хуулбар байгаа ч хариуцагч тэрхүү зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа шүүхийн хэлэлцүүлэгт хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар "Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино" гэсний дагуу зээлийн гэрээ гэж үзэж шийдвэрлэх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Ёнжин глобал ложистик” ХХК нь хариуцагч Э.Өлзийд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 620 873 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд үндэслэсэн, хариуцагч нь энэ гэрээний дагуу мөнгө аваагүй” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан зээлийн гэрээ гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхаас гадна нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу мөнгийг хариуцагчид шилжүүлээгүй үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгаанаа “...хадам эцэг Д.Баярмандах нь БНСУ-аас контейнер ачуулсан, түүнийг хүлээн авахыг надаас хүссэн...” гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ тайлбарыг үгүйсгээгүй. Түүнчлэн хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч нь ачааны төлбөрийг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 11-13 дахь талд авагдсан бичмэл баримт нь гадаад хэл дээр бичигдсэн, орчуулагдаагүй байх тул хариуцагчийн төлбөл зохих ачааны тээврийн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн баримт гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагч Э.Өлзий болон Д.Баярмандах нарын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байгаа ба Д.Баярмандах нь нэхэмжлэгчид мөнгөн төлбөрийн үүрэгтэй, энэ үүргийг хариуцагч өөртөө шилжүүлэн авсан гэх баримтгүй учир Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийн зохицуулалт энэ маргаанд хэрэглэгдэхгүйг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзнэ.

Харин шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/00455 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан...” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...хүчин төгөлдөр...” гэснийг “хүчинтэй”  гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 184 884 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.ОЮУНХАНД

 

   ШҮҮГЧИД                                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                М.НАРАНЦЭЦЭГ