Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, 24а-1 тоот хаягт байрлах С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 байр 98 тоот хаягт байрлах А ХХК-д холбогдох

12,496,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагч А ХХК-ийн захирал Ц.Оюунсан, хариуцагчийн өмгөөлөгч М.Амарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С ХХК нь 2016 оны 11 сарын 14-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу гудамж, 54 тоот худалдааны зориулалттай барилгын 2 давхарт 17.75 м.кв талбайг, 1 м.кв-ыг 2,704,226 төгрөг, нийт 48,000,000 төгрөгөөр худалдан авахаар А ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Мөн А ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй, барилга бүрэн баригдаж дуусаагүй байсан учир Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-тай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон. С ХХК нь Худалдах, худалдан авах гэрээний дагуу 17.75 м.кв талбайн үнэ болох 48,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр А ХХК-д төлж, гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлсэн. Барилга бүрэн баригдаж, дуусч С ХХК-ийн зүгээс тус талбайд очиж үзэхэд 17.75 м.кв талбай хүрэхгүй мэт харагдсан тул 2017 оны 8 сарын 23-ны өдөр Гандирс-Од ХХК-аар дээрх талбайд хэмжилт хийлгэхэд 2017 оны 8 сарын 23-ны №10/2017 тоот дүгнэлтээр нийт талбайн хэмжээ 13.14 м.кв болох нь тогтоогдсон. Гэрээгээр тохиролцсон 17.75 м.кв-аас 4.61 м.кв дутсан байна. Талбайн хэмжээ дутсан тухай А ХХК-д мэдэгдсэн боловч тухайн талбайн 30 хувь нь нийтийн эзэмшлийн талбайд хамаарагдана гэж тайлбарладаг. Гэрээгээр тохиролцсон 17.75 м.кв ашигтай талбайгаас 4.61 м.кв дутсан учир С ХХК нь тухайн талбайн зөрүү мөнгийг буцаан өгөх хүртэл талбайг шилжүүлэн авахаас татгалзсан. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж заасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 1 дүгээр зүйлд “... 02 давхар, 2014 тоот, 17.75 м.кв ашигтай талбай бүхий дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохиролцов” гэж тохиролцсон боловч гэрээнд заасан талбайн хэмжээнээс 4.61 м.кв дутуу байгаа тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т заасны дагуу дээрх худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т “Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно. Энэ тохиолдолд үнэлгээг гэрээ байгуулах үеийн үнээр тодорхойлно” гэж тус тус заасан байдаг. Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө ба тухайн барилга доторх бусад оффис, үйлчилгээний талбай нь өөрийн гэсэн өмчлөгчтэй, мөн барилгын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх боломжгүй байдаг тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасны дагуу худалдан авч буй талбайн м.кв зөрүүтэй доголдлыг шууд арилгах, м.кв нэмэх, өөр хөрөнгөөр солих зэрэг боломжгүй байна. Мөн С ХХК нь тухайн талбайг худалдан авч, талбайн зөрүүний мөнгийг буцаан авах хүсэлтэй байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасны дагуу талбайн метр зөрүүний үнэ болох 4,61 м.кв-ын үнэ болох 12,466,482 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна. Иймд Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасны дагуу худалдагч А ХХК-ийн худалдаж буй оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн зөрүү 4,61 м.кв талбайн үнэ болох 12,466,482 төгрөг, Гандирс-Од ХХК-аар талбайн хэмжилт хийлгэсний төлбөр 30,000 төгрөг, нийт 12,496,482 төгрөгийг хариуцагч Амбуудай электроникс холдинг” ХХК-аас гаргуулж өгнө үү.”  гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А ХХК нь Сүхбаатар дүүрэгт байрлах Компьютер ланд худалдааны төвд талбай түрээслэн худалдаа эрхэлдэг байсан. Тус Компьютер ланд худалдааны төвийн захиргаа нь түрээсийн үнийг байнга өсгөж, мөн түрээслүүлэгчидтэйгээ ёс зүйгүй харьцдаг байсан тул түрээслэгч нар тус төв дээр үйл ажиллагаа явуулдаг бусдаасаа хамгийн ахмад болох Сарт планет ХХК-ийн захирал Батцэрэнгийн уриалгад нэгдэн Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ыг байгуулан тусдаа компьютер худалдааны төв байгуулахаар ярилцаж тохиролцсон. Дээрх Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ нь 2014 оны эхнээс мөнгө хөрөнгө босгож цуглуулж эхэлж, 2014 оны 6 сар гэхэд газар болон барилгын гүйцэтгэгч компаниа олж тохиролцсоны үндсэн дээр Дөлгөөн нуурын баруун талд барилга бариулахаар ажиллаж эхэлсэн. А ХХК нь баригдаж буй барилгаас 1-р давхарт 9 тоот, 2-р давхарт 14, 15 тоот, 4 давхарт 12 тоот 7 давхарт тоот талбайг тус тус авахаар Монголын Мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоотой 2014 ны 11 сарын 24-ны өдөр “Талбай, захиалгын гэрээ” №11 тоот гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр талбайн хэмжээг тохиролцохдоо худалдааны байгууллага учраас “гэрээний талбайд нийтийн эзэмшил, дундын өмчлөл багтсан бөгөөд нийт 30 хувиас хэтрэхгүй” байхаар тохиролцож гэрээ байгуулсан юм. Өөрөөр хэлбэл тус барилгад талбай авч буй бүх байгууллага хувь хүмүүс дундын өмчлөлийн талбайгаас өөрийн талбайдаа оруулж авахаар тохиролцсон. Худалдаа, үйлчилгээний байгууллагын талбай нь дундуураа үйлчлүүлэгч нарт явах, танилцахад зориулсан талбайтай байхыг шаарддаг учраас энэхүү тохиролцоог хийж анхнаасаа барилгын зураг болон, гэрээнд оруулж байсан. Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-тай байгуулсан талбай захиалгаар бариулах гэрээний ажил 2016 оны 9 сард талбайнуудаа хүлээн авч өөрийн эзэмшилд шилжүүлэн шилэн хана хийлгэж бэлэн болгосон. Манай байгууллагаас шилжүүлж авсан тус барилгын 2 давхрын нэг лангуугаа зарахаар зар тараахад 2016 оны 11 сард С ХХК-ийг төлөөлж нэг хүн манай эхнэр Гэрэлчулуунтай ирж талбай сонирхоод явсан. С ХХК талбай худалдан авахдаа 4 удаа ирж уулзсан бөгөөд тухай бүр тус талбайн хэмжээний тухай, худалдан авах үнийн санал болон гэрээний талаар ярилцаж байсан юм. Дараа нь 2 дахь удаа С ХХК захирал Б.Цолмон тэргүүтэй 4-5 хүн павилонд орж танилцаж тухайн лангуу, худалдах талбай зэрэгтэй сайтар танилцаад явсан. Энэ үед павилоны талбайн хэмжээ болон манайхаас Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоотой хийсэн талбай захиалгын гэрээний хэмжээний талаар тэдэнд хэлж танилцуулж байсан. Мөн 8 давхарт Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбооныхонтой уулзуулж, манай захиалсан павилон мөн эсэх талаар болон павилоны захиалгын гэрээг хэрхэн шилжүүлэх талаар 3 тал уулзаж ярилцсан. С ХХК-аас 3 дахь удаагаа хүмүүс ирж үзэж танилцсан бөгөөд захирал болон бусад төлөөлөгчдийн сэтгэлд нь нийцсэн бололтой, удалгүй худалдан авахаар төлөөний хүн 2 хүн ирсний нэг нь гэрээнд дурдагдсан Г.Ганбат байсан. Худалдан авах павилондоо уулзаж үзэж ярилцсан. Энэ үед ч мөн адил павилоны м.кв болон манайхаас холбоонд захиалсан нийтийн эзэмшил орсон талбайн талаар ярьж танилцуулж байсан. Энэ тухай Г.Ганбат  хэлэхдээ нийтийн эзэмшлийн талбайг оруулж тооцдог худалдааны талбайн талаар мэддэг болон ойлгож байгаагаа илэрхийлж байсан. Ингээд дахин 8 давхарт Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбооны өрөөнд орж 3 талаас Батцэрэн болон би, Г.Ганбат уулзаж барилгын талбай захиалгын гэрээг тэдний нэр дээр шилжүүлсэн. Энэхүү гэрээг шилжүүлэх шаардлага нь №11 тоот гэрээний 5.5-д гуравдагч этгээдэд эрх, үүргээ шилжүүлэхийг хориглосон байсан учраас хөрөнгө оруулалтын гэрээг солих ёстой гэж үзсэн юм. Энэ үед ч Санхүүгийн зохицуулах групп ХХК, Монголын мэдээлэл техник технологи хөгжүүлэлтийн холбооны хооронд байгуулах гэрээн дээрээ хэдэн метр кв гэж бичих асуудал яригдаж, яг павилоны цэвэр талбай болон нийтийн эзэмшлийн талбайн ялгаатай байгаа талаар ярилцаж харилцан тохиролцсон. Ингээд манайхаас тэдний нэр дээр шилжүүлж байгаа гэрээний утгаар нь буюу нийтийн эзэмшлийн талбай орсон тоо буюу 17.75 м.кв гэж бичихээр Батцэрэн, Ганбат нар хоорондоо тохиролцож байсан. Маргааш нь С ХХК-ийн оффист очиж мөнгөө хүлээж авсан. Энэ үед худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээн дээр талбайн хэмжээний ард ашигтай талбай гэж бичсэн байна гэж сануулахад Худалдах, худалдан авах гэрээ нь байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглагдах баримт болж үлдэх тул чухал биш, мөн өөрийнхөө С ХХК-д “юм үзсэн, хор нь гарсан том хүмүүс байдаг том компани” тул санаа зовох хэрэггүй гэсэн, үнэхээр ч тэр хүмүүсийн харьцааны соёл, хувцаслалт зэрэг гадаад шинж нь тиймэрхүү байсан тул өмнө нь энэ талбайн хэмжээний ойлголтыг хэрхэн ойлгох тал дээр олон удаа ярилцаж ойлголцож байсан учир нэг мөр ойлгосон байна гэж би үзэж гарын үсэг зурсан. Мөн мөнгө хүлээн авсан баримтад ч гарын үсэг зурж, тамга дарсан. Барилгын ажил дуусаж 2017 оны 1 сараас улсын комисс хүлээж авсан бөгөөд тус байгууллага худалдаж авсан талбайдаа үйл ажиллагаагаа эрхлэх болсон.Тус барилгыг олон түрээслэгч нар сэтгэл нэгдэж захиалгаар бариулсан хүмүүсийн хувьд том бүтээн байгуулалт бөгөөд худалдаа, үйлчилгээний төв учраас талбайн эзэд нь нийтийн эзэмшлийн талбайг оруулж тооцохоор бүгд гэрээ байгуулсан юм. Тодруулбал тэр барилгад талбай авсан бүх байгууллагын гэрээ нь дундын өмчлөлийн талбайг оруулж тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан. С манай компаниас гэрээ байгуулан павилон худалдаж авахдаа гэрээ байгуулахаас өмнө эхнэр Гэрэлчулуун болон надтай 3 удаа уулзаж талбайн хэмжээ болон бусад мэдээллийг ахин дахин ярилцаж ойлголцож авсан мөртлөө шүүхэд талбай дутуу гэж нэхэмжлэл гаргаж байгаад миний хувьд харамсаж буй бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй тул дутуу талбайн хэмжээний үнийн зөрүүд төлсөн 12,466,482 төгрөг, талбайн хэмжилт хийхэд гарсан зардал 30,000 төгрөг, нийт 12,496,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч талбайн хэмжээний зөрүүтэй холбоотой асуудлыг бүрэн мэдэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч А ХХК нарын хооронд 2016 оны 11 сарын 14-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” нэртэй гэрээ /хх-7,8 тал/ байгуулагдаж, А ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу гудамж, 54 дугаар хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын 2014 тоот 17.75 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 48,000,000 төгрөгөөр С ХХК-д худалдах, С ХХК нь хэлэлцэн тохирсон үнийг А ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан байна.

С ХХК нь гэрээнд заасан үнийг 2016 оны 11 сарын 14-ний өдөр төлсөн талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлд заасан, мөн хэрэгт 48,000,000 төгрөгийг төлсөн кассын зарлагын ордер /хх-12 тал/ баримтаар авагдсан байх тул нэхэмжлэгчийг худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн боловч хариуцагчийн зүгээс гэрээнд заасан 17.75 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлээгүй, худалдан авахаар тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгө 13.14 м.кв талбайтай болох нь Гандирс-Од ХХК-ийн хийсэн хэмжилт /хх-13-15 тал/-ээр тогтоогдсон тул хариуцагч  биет байдлын доголдолгүй  хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу шилжүүлсэн үйлчилгээний талбай нь 13.14 м.кв талбайтай болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Гандирс-Од ХХК-ийн хийсэн хэмжилтээр тогтоогдсон бөгөөд хариуцагчийн зүгээс хэмжилтээр тогтоогдсон хэмжээнд маргаагүй боловч талууд анхнаасаа худалдаж буй талбайн хэмжээнд нийтийн эзэмшлийн буюу үйлчлүүлэгч зорчих хэсгийн талбай багтаж байгаа гэдгийг мэдэж байсан, энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж, танилцуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дахь заалтад “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээнд худалдаж буй талбайн хэмжээг 17.75 м.кв талбайтай гэж заасан, энэ хэмжээнд нийтийн эзэмшлийн буюу үйлчлүүлэгч зорчих хэсгийн талбай орсон  талаар заагаагүй байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээнд заасан талбайн хэмжээнд нийтийн эзэмшлийн гэх талбайн хэмжээ орсон талаар анхнаасаа мэдэж байсан, энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэх боловч шүүхэд гэрчээр асуугдсан гэрч Г.Гэрэлчулуун шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгч талд гэрээнд заасан талбайн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбай орж байгаа гэдгийг хэлсэн, мөн анх уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар хариуцагч А ХХК-ийн зүгээс Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-тай байгуулсан талбайн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайг багтсан талаар тусгасан гэрээг нэхэмжлэгч талын төлөөлөгч Ганбатад үзүүлж танилцуулж байсан гэж, шүүхэд гэрчээр асуугдсан гэрч Г.Ганбат Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-тай хийсэн талбай хуваах журамтай танилцаагүй, нийтийн эзэмшлийн талбай гэрээнд заасан талбайн хэмжээнд багтсан талаар тохиролцоогүй гэж, шүүхэд гэрчээр асуугдсан гэрч Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ын үүсгэн байгуулагч Н.Батцэрэн худалдаж буй талбайн хэмжээнд дундын өмчлөлийн буюу нийтийн эзэмшлийн талбайн хэсэг багтаж байгаа  талаар нэхэмжлэгч талын төлөөлөгч нарт тайлбарлаж өгсөн гэж  тус тус мэдүүлсэн, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, худалдах худалдан авах гэрээнд заасан талбайн хэмжээнд нийтийн эзэмшлийн гэх талбайн хэмжээ орсон талаар нэхэмжлэгч анхнаасаа мэдэж байсан гэх хариуцагчийн тайлбар өөр бусад баримтаар нотлогдохгүй байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх бөгөөд өмчлөлд шилжүүлж буй хөрөнгийг худалдан авагч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дахь заалтад заасны дагуу бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжтой байх ёстой.

Гэтэл нийтийн эзэмшлийн гэж нэрлэж буй үйлчлүүлэгч зорчих зориулалт бүхий талбайг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй, уг нийтийн эзэмшлийн гэх талбай нь бодит байдал дээр нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн талбайн гадна байрлалтай, нийтийн эзэмшлийн зориулалт бүхий байгаа нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтуудтай зөрчилдөж байна.

Хариуцагчийн зүгээс “Худалдаа үйлчилгээ, худалдааны газрын ангилал, нэр томьёо” MNS6056:2015  стандартын 3.16.1-д худалдааны талбай гэдэгт худалдагчийн ажлын байр, худалдан авагчийн зорчих хэсэг багтана гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь худалдааны талбай тул худалдан авагчийн зорчих хэсгийг гэрээнд заасан худалдааны талбайн хэсэгт хамааруулсан нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч уг стандарт нь худалдааны газрын ангилал, нэр томьёог тодорхойлохоос бус гэрээний талуудын хүсэл зоригийн агуулгыг тодорхойлохгүй тул хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Хариуцагч тал мөн нэхэмжлэгч гэрээнд заасан талбайг хүлээн авсан бөгөөд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дахь заалтад “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасны дагуу шаардлага гаргах эрхээ алдсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дахь заалтад “Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно”, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дахь заалтад “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж тус тус заасан, талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, нэхэмжлэгч талд өмчлөх эрх үүсээгүй байгаа тул нэхэмжлэгчийг эд хөрөнгийг хүлээн авсан гэж үзэхгүй. нэхэмжлэгч шаардах эрхээ Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дахь заалтад зааснаар алдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан эд хөрөнгө биед байдлын доголдолтой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч хуульд заасан шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь заалтад “Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно.” гэж заасны дагуу талбайн зөрүүд илүү төлсөн мөнгийг буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд 17.75 м.кв талбайг 48,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байх тул  худалдан буй талбайн 1 м.кв талбайн үнийг 2,704,225 төгрөг гэж тооцон, үүнийг дутуу талбайн хэмжээ болох 4.61 м.кв талбайд үржүүлэн тооцоход 12,466,477 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч нь дутуу талбайн хэмжээний үнийн зөрүүд 12,466,482 төгрөгийг нэхэмжилсэн нь дээрх тооцооллоос 5 төгрөгөөр илүү байна.

Иймд дутуу талбайн хэмжээний үнийн зөрүүд хариуцагч А ХХК-аас 12,466,477 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас талбайн хэмжилт хийхэд гарсан зардал 30,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтад “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байна.

Хариуцагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч өөрөөсөө талбайн хэмжилт хийлгэхэд зориулж 30,000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Гандирс-Од ХХК-ийн 2017 оны 8 сарын 28-ны өдрийн орлогын ордер /хх-17 тал/-оор тогтоогдсон тул хариуцагч А ХХК-аас 30,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт нэхэмжлэгч С ХХК болон Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-ын хооронд 2016 оны 11 сарын 14-ний өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй гэрээ /хх-9,10 тал/ нотлох баримтаар авагдсан боловч уг гэрээг маргаж буй үйлчилгээний талбайн үндсэн барилгын захиалагч нь Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ байсан учраас С ХХК нь А ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд зориулж үйлдсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан, хариуцагч энэ талаар маргаагүй тул шүүх уг гэрээний дагуу талуудын эдлэх эрх, хүлээх үүргийн талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч А ХХК-аас 12,496,477 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 1 сарын 9-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,900 төгрөгийн 2014,893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7 төгрөгийг улсын орлогоос,  хариуцагч А ХХК-аас 214,845 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР