Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1473

 

“С.Т.Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн

дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “С.Т.Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “А.Э.Х” ХХК-д холбогдох

Дутуу талбайн хэмжээний үнийн зөрүүд төлсөн 12 466 482 төгрөг, талбайн хэмжилт хийхэд гарсан зардал 30 000 төгрөг, нийт 12 496 482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн өмгөөлөгч М.Амарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч “С.Т.Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, Ч.Отгонбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Т.Г” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу гудамж, 54 тоот худалдааны зориулалттай барилгын 2 давхарт 17.75 м.кв талбайг, 1 м.кв-ыг 2.704.226 төгрөг, нийт 48.000.000 төгрөгөөр худалдан авахаар “А.Э.Х” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Мөн “А.Э.Х” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй, барилга бүрэн баригдаж дуусаагүй байсан учир Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-тай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон. “С.Т.Г” ХХК нь Худалдах, худалдан авах гэрээний дагуу 17.75 м.кв талбайн үнэ болох 48.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр “А.Э.Х”ХХК-д төлж, гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлсэн. Барилга бүрэн баригдаж, дуусч “С.Т.Г” ХХК-ийн зүгээс тус талбайд очиж үзэхэд 17.75 м.кв талбай хүрэхгүй мэт харагдсан тул 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Гандирс-Од” ХХК-аар дээрх талбайд хэмжилт хийлгэхэд 2017 оны 8 дугаар сарын 23-ны №10/2017 тоот дүгнэлтээр нийт талбайн хэмжээ 13.14 м.кв болох нь тогтоогдсон. Гэрээгээр тохиролцсон 17.75 м.кв-аас 4.61 м.кв дутсан байна. Талбайн хэмжээ дутсан тухай “А.Э.Х” ХХК-д мэдэгдсэн боловч тухайн талбайн 30 хувь нь нийтийн эзэмшлийн талбайд хамаарагдана гэж тайлбарладаг. Гэрээгээр тохиролцсон 17.75 м.кв ашигтай талбайгаас 4.61 м.кв дутсан учир “С.Т.Г” ХХК нь тухайн талбайн зөрүү мөнгийг буцаан өгөх хүртэл талбайг шилжүүлэн авахаас татгалзсан. “С.Т.Г” ХХК нь тухайн талбайг худалдан авч, талбайн зөрүүний мөнгийг буцаан авах хүсэлтэй байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасны дагуу талбайн метр зөрүүний үнэ болох 4,61 м.кв-ын үнэ болох 12.466.482 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна. Иймд худалдагч “А.Э.Х” ХХК-ийн худалдаж буй оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн зөрүү 4,61 м.кв талбайн үнэ болох 12.466.482 төгрөг, “Гандирс-Од” ХХК-аар талбайн хэмжилт хийлгэсний төлбөр 30.000 төгрөг, нийт 12.496.482 төгрөгийг хариуцагч “А.Э.Х” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “А.Э.Х” ХХК-ийн захирал Ц.Оюунсан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Э.Х” ХХК нь баригдаж буй барилгаас 1-р давхарт 9 тоот, 2-р давхарт 14, 15 тоот, 4 давхарт 12 тоот 7 давхарт тоот талбайг тус тус авахаар Монголын Мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоотой 2014 ны 11 дүгээр сарын 24-ний өдөр Талбай, захиалгын гэрээ №11 тоот гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр талбайн хэмжээг тохиролцохдоо худалдааны байгууллага учраас гэрээний талбайд нийтийн эзэмшил, дундын өмчлөл багтсан бөгөөд нийт 30 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцож гэрээ байгуулсан юм. Өөрөөр хэлбэл тус барилгад талбай авч буй бүх байгууллага хувь хүмүүс дундын өмчлөлийн талбайгаас өөрийн талбайдаа оруулж авахаар тохиролцсон. Худалдаа, үйлчилгээний байгууллагын талбай нь дундуураа үйлчлүүлэгч нарт явах, танилцахад зориулсан талбайтай байхыг шаарддаг учраас энэхүү тохиролцоог хийж анхнаасаа барилгын зураг болон, гэрээнд оруулж байсан. Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ-тай байгуулсан талбай захиалгаар бариулах гэрээний ажил 2016 оны 9 сард талбайнуудаа хүлээн авч өөрийн эзэмшилд шилжүүлэн шилэн хана хийлгэж бэлэн болгосон. Манай байгууллагаас шилжүүлж авсан тус барилгын 2 давхрын нэг лангуугаа зарахаар зар тараахад 2016 оны 11 сард “С.Т.Г” ХХК-иас худалдан авах павилоноо үзэж,  павилоны м.кв болон манайхаас холбоонд захиалсан нийтийн эзэмшил орсон талбайн талаар ярьж танилцуулж байсан. Энэ тухай Г.Ганбат хэлэхдээ нийтийн эзэмшлийн талбайг оруулж тооцдог худалдааны талбайн талаар мэддэг болон ойлгож байгаагаа илэрхийлж байсан. Ингээд дахин 8 давхарт Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбооны өрөөнд орж 3 талаас Батцэрэн болон би, Г.Ганбат уулзаж барилгын талбай захиалгын гэрээг тэдний нэр дээр шилжүүлсэн. Энэхүү гэрээг шилжүүлэх шаардлага нь №11 тоот гэрээний 5.5-д гуравдагч этгээдэд эрх, үүргээ шилжүүлэхийг хориглосон байсан учраас хөрөнгө оруулалтын гэрээг солих ёстой гэж үзсэн юм. Энэ үед ч “Санхүүгийн зохицуулах групп” ХХК, Монголын мэдээлэл техник технологи хөгжүүлэлтийн холбооны хооронд байгуулах гэрээн дээрээ хэдэн метр кв гэж бичих асуудал яригдаж, яг павилоны цэвэр талбай болон нийтийн эзэмшлийн талбайн ялгаатай байгаа талаар ярилцаж харилцан тохиролцсон. Ингээд манайхаас тэдний нэр дээр шилжүүлж байгаа гэрээний утгаар нь буюу нийтийн эзэмшлийн талбай орсон тоо буюу 17.75 м.кв гэж бичихээр Батцэрэн, Ганбат нар хоорондоо тохиролцож байсан. Маргааш нь “С.Т.Г” ХХК-ийн оффист очиж мөнгөө хүлээж авсан. Энэ үед худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Барилгын ажил дуусч 2017 оны 1 сараас улсын комисс хүлээж авсан бөгөөд тус байгууллага худалдаж авсан талбайдаа үйл ажиллагаагаа эрхлэх болсон. Барилгад талбай авсан бүх байгууллагын гэрээ нь дундын өмчлөлийн талбайг оруулж тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “А.Э.Х” ХХК-аас 12.496.477 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С.Т.Г” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.900 төгрөгийн 2014.893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “А.Э.Х” ХХК-аас 214.845 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С.Т.Г” ХХК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “А.Э.Х” ХХК-ийн захирал Ц.Оюунсан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч талаас тухайн талбайг худалдахдаа талбайн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайг оруулж тооцон худалдах, мөн гэрээний саналыг хүлээж авч байгаа талд нийтийн эзэмшлийн талбайн хэмжээ орж байгаа тухай тайлбарлаж мэдэгдэн, хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр гэрээ байгуулсан гэдгээ тайлбарласан. Энэ тайлбар нь тус талбайн зураг болон бусад гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Худалдан авагч талаас 5 удаа очиж узэн танилцаж 17 м.кв гэдэг нь 30 хувь дундын эзэмшлийн талбай орсон, бэлэн болсон шилэн хананы доторх хэмжээ нь 13 м.кв гарантай талбайг шууд үнэ нь 55.000.000 төгрөгөөс 48.000.000 төгрөгөнд худалдаж авах боломжтой гэж үзсэний үндсэн дээр гэрээ байгуулсан юм. Шүүхээс тухайн гэрээ байгуулах нөхцөл, талуудын хүсэл зориг, гэрээний гол зүйлийн мэдээллийг нөгөө талдаа хэрхэн өгсөн, хүлээж авсан талар тодорхой сайн шалгаж тогтоогоогүй болно. Шүүх Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсгийг үндэслэн гэрээгээр тогтоосон хэмжээнд хүрэхгүй байгаа тул биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж дүгнэсэн. Хариуцагчаас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хариуцагч нь шилэн хана хийсэп бэлэн болсон лангууг шууд худалдах хүсэл зорилготой байсан, лангууны талбайн хэмжээг 13.14 м.кв гэж “С.Т.Г” ХХК-д тодорхой мэдэгдсэн, 17 м.кв хэмжээ нь дундын эзэмшилд 30 хувь орсон болохыг нотолсон өмнөх Хөрөнгө оруулалтын гэрээг үзүүлж “С.Т.Г” ХХК-тай гэрээ байгуулсан тул биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэж байна. “С.Т.Г” ХХК нь тухайн лангууг авахдаа зөвхөн “А.Э.Х” ХХК-тай гэрээ байгуулаагүй, "Мэдээлэл Технологи, техник хөгжүүлэлтийн Холбоо" ТББ-тай 2016 оны 11 дүгээр сарыи 14-ний өдөр "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулсан байдаг. Барилга 2016 оны 11 cap гэхэд ашиглахад бэлэн болж, 2017 оны 1 дүгээр сард улсын комисс хулээн аван ашиглалтад оруулсан. “А.Э.Х” ХХК нь энэхүү бэлэн болсон талбайн захиалгын эрхийг буюу хөрөнгө оруулалтыг “С.Т.Г” ХХК-д шилжүүлсэн гэж үзэхээр байна. Тодруулбал шүүхээс лангуу, худалдааны павилионыг үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй тул хөрөнгө шилжүүлээгүй гэж үзэх нь шүүхээс хуулийг буруу талбайрласан гэж үзэж байна. Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн 7/2792 тоот албан бичигт "... Их тойруугын 54 дүгээр барилгын ...1,2,4,7 дахвхарт...70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг "Монголын Мэдээлэл технологи техник Хөгжүүлэлтийн холбоо" ТББ-ын өмчлөлд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон байна..." гэж дурдсан. Үүнээс үзвэл тухайн барилга өмчлөх эрхийн гэрчилгээтэй болох нь нотлогддог. Шүүх тухайн үл хөдлөх херөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэж шууд дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд лангуу, буюу худалдааны талбайгаа өмчлөлдөө шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, боломж нь “С.Т.Г” ХХК-д байгаа, эрхээ хэрэгжүүлээгүй болохыг анхаарч үзээгүй байна. Шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээг Худалдах, худалдан авах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээний алт нь болохыг нарийвлан тодорхойлоогүй. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээ байгуулан лангууг хүлээж авснаас хойш 14 сарын дараа шаардлага гаргасан зэрэгт шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй. Шүүхээс зөвхөн гэрч Ганбатын мэдүүлгийг үнэлж, талбайн талар мэдээлэл авагүй гэж үзсэн нь хүлээн зөвшөөрөх болмжгүй буюу хэргийг нотлосон бусад гэрч, хариуцагчийн тайлбарыг үнэлээгүй зөвхөн нэг гэрчийн мэдүүлгээр мэдэгдээгүй, талбайн хэмжээг мэдэх боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч ”С.Т.Г” ХХК нь хариуцагч “А.Э.Х” ХХК-д холбогдуулан үйлчилгээний зориулалттай талбай нь гэрээнд заасан хэмжээнээс дутуу тул төлсөн 12 466 482 төгрөгийг талбайн хэмжилт хийхэд гарсан зардал 30 000 төгрөг, нийт 12 496 482 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

Талуудын байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр хариуцагч 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад орох, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу гудамж, 54 дугаар хаягт байрлах барилгын хэсгээс “компъютерийн худалдааны” зориулалттай  2 дугаар давхрын 2014 тоот 17.75 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь 48 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон байна. /хх-ийн 7-8/

 Анхан шатны шүүх энэ гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон нь зөв боловч нэхэмжлэгч доголдолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага гарах эрхийн үндэслэлээ нотолж чадаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хангах боломжгүй болно. 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үнэ 48 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн,  гэрээнд зааснаар 17.75 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгч авалцахаар тохиролцсон, түүнд засвар хийлгэж байхдаа талбайн хэмжээ дутуу болохыг мэдэж “Гандирс-Од” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 13.14 м.кв талбайтай буюу гэрээнд заасан талбайгаас 4.61 м.кв дутсан гэж тайлбарласан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйлийн тоо, хэмжээний дутагдлын улмаас гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх шаардлага гаргасан гэж үзэхээр байна. Гэтэл нэхэмжлэгчийн шаардлагын  үндэслэл болон зааж буй талбайн хэмжээ зөрүүтэй болохыг нотлосон гэх “Гандирс-Од” ХХК-ийн  хэмжилт нь “Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж түүний талбайг тооцсон хэмжилт” байхаас гадна уг хэмжилтийг “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” Монгол Улсын стандарт /MNS 6058:2009/-ыг баримталсан талаар бичжээ. Иймд уг баримтыг үндэслэн гэрээний зүйл болох “худалдааны зориулалттай” талбайг гэрээгээр тохиролцсон хэмжээнээс дутуу гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. 

Нэхэмжлэгч нь мөнгө шаардаж буй үндэслэлээ 1 мкв талбайн үнийг орон сууцны үнийн дүн 48 000 000 төгрөгийг талбайн хэмжээ 17.75 мкв талбайд харьцуулж гаргасан гэж тайлбарласан байгаа боловч талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-нд талбайн үнийг 1 м.кв талбайн нэгжээр тооцох талаар тусгаагүй.

 Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд “.. ашигтай талбай 17.75 м.кв...” гэж заасан хэдий ч нэг м.кв талбайг хэдэн төгрөгөөр хэрхэн тодорхойлох талаар болон талбайг гэрээний гол нөхцөл болгосон гэх байдлыг  нотлох баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үнийг талбайн нэгж хэмжигдэхүүнээр тодорхойлсон гэх үндэслэл нотлогдоогүй, гэрээний зүйл болох “худалдааны зориулалттай” талбай нь хэмжээний хувьд доголдолтой гэж үзэх үндэслэлээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.