Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 00158

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Иргэдийн төлөөлөгч Г.Наранбаатар

Нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч С.Лхагвабанзрагч

Шүүгдэгчийнөмгөөлөгч Ю.Ганбат

Шүүгдэгч Г.Охиндой нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Ганзоригийн Охиндойд холбогдох 201614000285 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1.1.Бэсүд овгийн Ганбаатарын Охиндой, Монгол Улсын иргэн,1993 оны 06 сарын 17-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнжийн 9-06 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:АВ93061711.

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

2.1. Шүүгдэгч Г.Охиндой нь согтуугаар 2016 оны 05 сарын 28-ны шөнө Булган аймаг Орхон сумын Халиун багийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээ өвөө” гэх амралтын газарт амарч байхдаа үл ялих зүйлээр шалтаглан танхайрч С.Лхагвабанзрагчийн хүзүү болон цавь хэсэгт хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,         

2.2. 2016 оны 05 сарын 26-27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн 3 дугаар байрны гаднах зогсоолд байсан Б.Хүрэлбаатарын 88-23 ОРХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хулгайлж 320 000 төгрөгийн хохирол учруулсан,

2.3. 2016 оны 05 сарын 27-28-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн Элит хотхоны гаднах зогсоолд байсан Б.Тамирын 29-34 УНЕ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хулгайлж 360 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч С.Лхагвабанзрагчийн “2016 оны 05 сарын 28-ны өдөр 11 цагийн үед гэртээ байж байгаад найз Отгонбаатар руу залгаад Баянаа өнөөдөр ангийнхантайгаа амралтанд явах гэж байгаа хоёулаа явах уу, хаана уулзах уу гэсэн чинь Есөн-Эрдэнэ захын орчим уулзъя гэсэн. Тэгээд гэрээсээ гараад Есөн-Эрдэнэ зах ороод Отгонбаатартай уулзаад байж байтал Баянаа ангийнхантайгаа зугаалганд авч явах хүнсээ цуглуулаад гарч ирсэн. Тэгээд Баянаатай уулзаад Отгонбаатарын машинтай Баянжаргал, Баянжаргалын ангийн хоёр залуутай хамт суугаад Баянаагийн ангийнханы араас дагаад Бүрэнбүстийн амралтанд очсон. Тэгээд Баянаагийн ангийханы хамт сагс тоглож, олс татаж, ямааны хорхог хийж идсэн. Тэгээд орой нь Баянаагийн ангийн зарим нэг хүүхдүүд болон Нацагдорж Баянаа нартай волейбол тоглож байтал сагсны шийдний орчмоос Охиндой орилж гүйж ирээд Нацагаа руу учир зүггүй дайраад халааснаасаа тонгорог гаргаж ирэхээр нь Отгонбаатар салгаад “наад хутгаа хая, юун хутга вэ” гэж хэлээд гэр тойруулаад аваад явсан чинь Отгонбаатар руу Охиндой хутга гаргаад дайраад байсан. Отгонбаатар Охиндойг хөлөөрөө өшиглөх гэж байтал Отгонбаатарын араас Баянжаргал тэврээд газар унахад Охиндой Отгонбаатар руу дайраад хутгаа гаргаж ирээд дайрч байхад нь би Охиндойг боль гээд хойш түлхсэн чинь “хөөе Лхагва” гэж миний нэрийг хэлээд гэр тойрч яваад буцаад Нацагаа руу гүйж очоод маргалдаад байхаар нь би дундуур нь ороод боль гэсэн чинь зүүн хөлний дээд талын цавь хэсэг рүү хутгаар хатгахаар нь шархаа бариад хойшоогоо болсон чинь Баянаагийн ангийнхан намайг бариад авсан чинь Охиндой дахин хүрч ирээд хүзүү рүү нөгөө хутгаараа хутгалсан юм. Тэгээд миний хүзүү, цавь хэсгээс цус гараад найз Отгонбаатарын машинтай Орхон аймгийн төв рүү яваад эмнэлэг орсон юм. Намайг яагаад хутгалах болсон гэдгийг бол би мэдэхгүй байна. Нацагаа руу хутга бариад дайраад байхаар нь боль гээд хойш нь түлхсэн чинь хутгаараа цавь хэсэг рүү  хатгасан. Баянаагийн ангийн хүүхдүүд намайг барьж аваад байж байтал Охиндой дахин гүйж ирээд хүзүү рүү хутгалсан юм. Би тухайн үед Охиндойд хандаж “чи намайг хутгалсан байна шүү дээ” гэсэн чинь чамайг алчихаад 25 жилийн ял авмаар байна гэж тэрүүгээр нэг орилоод байсан юм. Би 2016 оны 05 сарын 30-ны өглөө нэгдсэн эмнэлэгт очиж гэмтлийн тасагт очиж хэвтээд 05 сарын 31-ний өдөр хэвлийн хөндийн хана цооролттой гээд хагалгаанд орсон юм. Одоо бие засахад зовиуртай, оёо нь аниагүй болохоор жоохон өвдөөд байна. Хүзүүнд хатгасан нь хүзүү хөшиж чилж өвдөөд байна” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 22-23-р хуудас/

2.  Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл. /хх-ийн 9-11-р хуудас/

3. Шүүх шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 02-ны өдрийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “С.Лхагвабанзрагчийн биед хэвлийн зүүн доод хэсэгт хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, Хүзүүний зүүн талд хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ. Эдгээр гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хатгах, зүсэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Хэвлийн зүүн доод хэсэгт үүссэн хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.1 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хүзүүний зүүн талд үүссэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно”  гэсэн дүгнэлт. /хх-ийн 12-15-р хуудас /

4. Шүүх шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 569 дугаартай  шинжээчийн дүгнэлтийн “2016 оны 06 сарын 02-ны өдрийн 410 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэмтлээс шалтгаалан хагалгаанд дахин орсон байна. БОЭТ-ийн эмч нар өвчтөнд эмчилгээг зохих журам стандартын дагуу хийжээ. Буруутай үйлдэл байхгүй. Хэвлийн хөндийд нэвтэрсэн шархны улмаас сэмж болон 3 гэдэс зарим газраа наалдаж шүүрлийн идээрхэг шингэн хэвлийн хөндийд үүссэн учир дахин хагалгаанд орсон байна. Учирсан гэмтэлтэй холбоотойгоор дахин хагалгаанд оржээ. Хагалгаанд орсноор нэмж гэмтэл шарх тогтоогдоогүй. Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 16-19-р хуудас/

5. Гэрч Э.Нацагдоржийн “Энэ хэрэг болсон он сар өдрийг одоо санахгүй байна. Энэ хэргийн хохирогч Лхагвабанзрагч бид хоёр найз нөхдийн харилцаа холбоотой. Лхагвабанзрагч бид хоёрын найз Баянжаргал гэж хүүхэд энэ жил аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж төгссөн юм. Баянжаргал Лхагвабанзрагч бид хоёрыг хамт зугаалганд явах уу гэхээр нь бид хоёр хамт явж байгаад энэ хэрэг болсон юм. Баянжаргалын ангийн төгсөлтийн зугаалга болж байсан. Зугаалга нь Булган аймгийн Орхон сумын Бүрэнбүст гэдэг газарт болж байсан юм. Бид нар амралтын газарт очоод Баянжаргалын ангийн хүүхдүүдтэй волейбол тоглож байсан чинь хажуу талын сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан нэг банди бид нар руу “та нар яадаг болчихсон юм бэ, та нар хөөе” гээд орилж ирээд надтай хэрүүл маргаан хийх гээд дайраад байсан. Тэр үед миний найз Лхагвабанзрагч болон Баянжаргалын ангийн хүүхдүүд ирээд салгасан. Намайг тэр бандиас салгаад байж байхад Лхагвабанзрагч цавь руу халуу дүүгээд байна гээд үзэх гэж байсан чинь нөгөө банди эргэж гүйж ирээд Лхагвабанзрагчийн хүзүү рүү нь хутгалсан. Тэгээд бид нар салаад Лхагвабанзрагчийг аваад тэнд байсан машиныг гуйгаад наашаа орж ирсэн. Энэ хэрэг болох үед бидний дунд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Энэ хэргийн холбогдогч нь Лхагвабанзрагч бид хоёрын найз болох Баянжаргалын ангийн хүүхэд юм байна лээ. Баянжаргал манай анги зугаалж байгаа хамт явах уу гэхээр нь дагаад явсан юм. Тухайн үед энэ хэргийн холбогдогчийг таньж мэддэггүй байсан. Танилцах гээд л байж байсан. Бид нар ямар нэгэн таарамжгүй харилцаа үүсч байгаагүй. Тэр залуу надтай ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийх шалтгаан байгаагүй. Бид нарыг волейбол тоглож байхад “хөөе та нар яасан юм бэ, та нар юу юм бэ” гэж орилж ирээд намайг хараад над руу дайраад байсан. Яагаад над руу дайрах болсныг нь мэдэхгүй байна. Уг нь тийм үйлдэл хийх шалтгаан байгаагүй. Энэ хэргийг холбогдогч миний найз Лхагвабанзрагчийг хутгалах ямар ч шалтгаан байхгүй байсан шүү дээ. Гэтэл ийм хэрэг болсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-р хуудас/

6. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 49-50-р хуудас/

7. Хохирогч Б.Хүрэлбаатарын “2016 оны 05 сарын 26-ны орой 17 цагийн үед өөрийн эзэмшлийн 88-23 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрныхаа гадна автомашины зогсоол дээр байрлуулаад тавьж хонуулаад маргааш нь өглөө 07 цагийн үед гарч ирээд машинаа унах гэсэн чинь миний Приус маркийн тээврийн хэрэгсэлийн баруун зүүн тапын хоёр толийг хугалж татаад хулгайлаад аваад явсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 55-56-р хуудас/

8. Эд зүйлсийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 58-63-р хуудас/

9. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл.  /хх-ийн 64-65-р хуудас/

10. Гэрч Б.Хишигбаярын  “Би Танил зах дээр сэлбэгийн наймаа эрхэлдэг. 2016 оны 05 дугаар сарын сүүлээр нэг өдөр ажил дээр байж байтал нэг үл таних залуу “ахаа миний машин замын хажуу руу унасан мөнгөний хэрэг болоод машиныхаа толио зарах хэрэгтэй байна. Та миний машины толийг 50 000 төгрөгөөр аваач гээд гуйгаад байхаар нь үгүй би авахгүй” гэсэн чинь яваад өгсөн. Тэгээд Танил зах дээр суудаг хүмүүсээс асуугаад л явж байснаа буцаж надад дээр ирсэнээ  “ахаа 40 000 төгрөгөнд аваач гэхээр нь “за за чинийх яг мөн юм байгаа биз дээ гэж хэлээд 40 000  төгрөг тоолж өгөөд явуулсан юм. Би уул нь тухайн үед тэр залуугийн зургийг нь авах гэсэн чинь яваад өгсөн юм. Ер нь бол тэр залуу надад аягүй үнэмшилтэй яриад байсан”  гэсэн мэдүүлэг. /хх-ийн 66-р хуудас/

11.Эд зүйлсийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 76-81-р хуудас/

12. Хохирогч Б.Тамирын “Би Орхон аймагт 2016 оны 04 сарын 08-ны үед ээж Алтанцэцэгийн хамт барилгын ажил явуулж Дэнж багийн “Элит” хотхонд байр түрээслэж оршин сууж байсан юм. 2016 оны 05 сарын 27-ны орой Элит хотхоны гадна автомашины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 29-34 УНЕ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулан тавьсан байсан. Тэгээд маргааш өглөө нь 12 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явах гэтэл миний машины хоёр талын толийг мулт татаад хулгайч авсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 83- 85-р хуудас/

14. Гэрч Г.Наранбаатарын “Одоогоос нэг сарын өмнө өдөр ажил дээр байж байтал нэг үл таних залуу прис-20 машины хоёр толь барьчихсан ахаа энэ хоёр толийг хямдхан авах уу гэхээр нь наад толь чинь яасан юм бэ, яагаад хямд зарах гээд байгаа юм бэ гэсэн чинь гаражаас гарч байгаад толио хугалчихлаа. Шинэ толь авах гэсэн чинь мөнгө дутаад байна. Та 20 000  төгрөгөнд авах уу гэхээр нь итгээд л авсан юм би хулгайн эд зүйл гэж мэдээгүй ээ”гэсэн мэдүүлэг. /хх-ийн 86-р хуудас/

15. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 87-88-р хуудас/

16. Гэрч Д.Шинэ-Одын “2016 оны 05 сарын 28-ны өдөр хагас сайн өдөр байсан юм. Манай ангийнхан Г.Охиндойгийн ангийнхантай хамт нийлээд нийтдээ 20 гаруулаа Булган аймаг Орхон сум Халиун багийн нутаг дэвсгэрт байдаг “Эмээ өвөө”-гийн амралт нэртэй амралтын газар очиж амрахаар явсан юм. Тэгээд бид нар өглөө 09 цагаас өдрийн 14 цагийн хооронд идэж уух мах, боов, архи, дарс гэх мэт зүйлүүдээ цуглуулаад Есөн-Эрдэнэ захын орчимоос хөдлөөд амралтын газарт 15 цагийн үед очсон. Тэгээд бид нар тоглоом тоглож, ямааны хорхог хийгээд дэлгүүрээс авсан ганц нэг шил архиа тойруулсан юм. Тухайн үед Охиндойгийн ангийн банди Баянаа гэх залуу өөрийнхөө найзуудыг дагуулаад ирсэн байсан. Тэгээд орой 19 цагийн үед сагсны шийдэн дээр тоглоод байж байтал Охиндой нь Баянаагийн найз Нацагаатай маргалдаад юм яриад зогсоод байж байтал Дагва гэх залуу Охиндойгийн нуруу руу жийж унагаасан чинь Охиндой халааснаасаа мах идэж байсан хутгаа гаргаж ирээд байж байтал Лхагвабанзарагч салгах гэтэл Охиндой нь Лхагвабанзрагчийн цавь болон хүзүү хэсэг рүү нь нэг нэг удаа хутгаараа хатгасан юм. Тухайн үед Лхагвабанзрагчтай маргалдаж барьсан зүйл байхгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33-р хуудас/

17. Гэрч Н.Гантогтохын “Тэгээд бид нар тоглоом тоглож ямааны хорхог хийгээд дэлгүүрээс авсан ганц нэг шил архиа тойруулсан. Тухайн үед Охиндойгийн ангийн банди Баянаа гэх залуу өөрийнхөө найзуудыг дагуулаад ирсэн байсан. Тэгээд орой Охиндой нь Баянаагийн дагуулж ирсэн нэг найзтай нь маргалдаад байсан чинь бас нэг бүдүүн залуу гарч ирээд Охиндойгийн нуруу руу хөлөөрөө жийгээд газраас тоосго бариад ална шүү гэж дайрсан чинь Оогий арагшаагаа ухарч байхдаа арынхаа халааснаас жижиг тонгорог гаргаж ирсэн. Тэгсэн чинь Лхагвабанзрагч явж очсон чинь Оогий хутгаа урдуураа бариад байсан. Шинэ-Од бид хоёр очоод болиулсан чинь Лхагвабанзрагчийн хүзүү, цавь хэсэг рүү хутгаараа хутгалсан байсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34-р хуудас /

18. Гэрч Э.Мөнхсайханы “Би зугаалганд явсан, тухайн өдөр хэдний өдөр байсан гэдгийг нь сайн санахгүй байна. Манай ангийнхан хажуу талын ангийн зарим нэг хүүхдүүдтэй Бүрэнбүстийн ойролцоо байдаг эмээ өвөө гэдэг нэртэй амралтын газар очоод байж байтал араас Баянжаргалын найзууд болох 5 залуу ирсэн юм. Би Баянжаргалын найзуудаас Лхагвабанзрагч гэдэг хүүхдийг урьд өмнө хальт харж байсан. Тэгээд бид нар амралт дээр очоод миний мэдэхээр 2 шил архи уусан. Ямааны хорхог хийж идсэн. Тэгээд би нэг мэдэхэд гэрт унтаж байсан. Босоод гэрээс гарсан чинь манай ангийнхан диско дотор бүжиглэж байсан. Охиндой над дээр хүрч ирээд би хүн хутгалчихлаа гэхээр нь хэнийг вэ гэсэн чинь олон нийтийн цагдаад байсан Лхагвабанзрагчын хүзүү, цавь руу нь нэг нэг хутгалсан. Одоо эмнэлэгт очиж байгаа байх гэж хэлсэн юм. Би бол яг хутгалж байхыг нь хараагүй сүүлд нь Охиндойгоос өөрөөс нь сонссон юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36-р хуудас/

19. Гэрч Ч.Баасан-Өлзийгийн “2016 оны 05 сарын 28-ны өдөр манай ангийнхан Бүрэн бүст амралтын газрын орчим байдаг “Эмээ өвөө” гэдэг нэртэй амралтын газар руу зугаалганд явсан. Тэгээд амралтан дээр очоод тоглоод хорхог хийж идсэн. Би орой 20 цагийн үед ээж аавтайгаа утсаар яриад уул руу гараад буцаад ирэхэд Лхагвабанзрагч гэж залууг манай ангийн Охиндой хутгалчихлаа гээд яриа гараад Лхагвабанзрагчийг найз нар нь машиндаа суулгаад Орхон аймгийн төв рүү авч явсан юм. Би тухайн үед нь бол хажууд нь байгаагүй сүүлд сонсоход ангийнхаа хүүхэд Болдоог өмөөрөөд Лхагвабанзрагчийн найзуудтай маргалдаж байтал Лхагвабанзрагч нь боль гэж хэлсэн чинь Охиндой Лхагвабанзрагчийг хутгалсан гэж сонссон юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-р хуудас/          

19. Гэрч А.Болдын “2016 оны 05 сарын 28-ны өдөр манай ангийхан Бүрэн бүст амралтын газрын орчим байдаг “Эмээ өвөө “ гэдэг нэртэй амралтын газар луу зугаалганд явсан. Тэгээд амралтан дээр очоод тоглоод хорхог хийж идсэн. Ганц нэг шил архи ангиараа хувааж уусан. Тэгээд хорхог идээд гэрт сууж байгаад гадаа гараад манай ангийн дарга Жаргалмаа бүгдээрээ хий дэмий байж байхаар тоглоом тоглоё гээд тойроод сууж байсан. Би тухайн үед Охиндойгийн ойролцоо хамт сууж байгаад Охиндойд “наана чинь байгаа хүүхдүүд Баянаагийн найзууд шүү” гэж хэлсэн чинь Оогий босоод сагсны шийд рүү явсан. Удаа ч үгүй буцаж ирээд Нацагаа руу дайраад “хөөе яасан гэнээ та нар гээд маргаан болоод улмаар Охиндой Лхагвабанзрагчийн хүзүү болон цавь руу нь халаасандаа байсан хутгаараа хутгалсан юм. Уул нь Лхагвабанзрагч Оогийг болиулах гэж байсан боловч хутгаараа хутгалсан. Нацагаа намайг доош харуулж тэврээд сэгсэрээд байсан чинь Охиндой Нацагаа руу муухай хараад байхаар нь явж Баянаагийн найзууд байгаа юм маргалдаж болохгүй шүү гэсэн үндсэн дээр хэлсэн юмаа. Харин Охиндой буруугаар ойлгож Баянаагийн найз Нацагаа руу орилж хашгарах болсон юм” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 38-39-р хуудас/

20. Гэрч Б.Баянжаргалын “Би 2016 оны 05 сарын 24-ний өдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн тогоочийн курсийг төгссөн юм. Манай ангийнхан 05 сарын 24-ний өдөр сургуулиа төгсөөд зугаалганд явна гэж ярьж байсан. Тэгээд 05 сарын 28-ны өдөр буюу хагас сайн өдөр зугаалганд явсан. Зугаалганд манай ангийнхан болон нөгөө ангийн хүүхдүүдээс ганц, нэг хүүхэд явсан. Би найз Лхагвабанзрагч, Отгоолоо, Нацагаа гуравыг дагуулж явсан юм. Бид нар Бүрэнбүстийн орчим байдаг “Эмээ-Өвөө” гэх амралтын газар очиж нэг гэр авсан.Тэгээд бид нар амралтын газар хоол унд идэж уугаад 3 шил архи хувааж уусан. Тэгээд орой 19 цагийн үед Лхагва, Отгоолоо, Нацагаа, Болдоо бид 4 дөрөв ойр зуурын юм яриад гэрийн орчим зогсож байтал Болдоо яваад Охиндой, Балжинням хоёр дээр очоод юм яриад зогсож байхад Балжиням Баянаагийн найзууд яасан гэнээ гэх шиг яриа сонсогдсон. Тэгээд Болдоо буцаад хүрч ирээд бид нарын хажууд зогсож байтал Охиндой сагсны шийдний хажуугаас бид нарыг зүглэж ирсэнээ яасан гэнээ хөгшөөн гээд Нацагаа руу дайрсан чинь Нацагаа “юу болсон юм бэ, яасан хөгшөөн” гээд тэр хоёр маргалдаад байж байтал Отгоолоо салгах гэсэн чинь Отгоолоотой бас маргалдаад байхаар нь би Отгоолоог тэврээд авсан чинь Охиндой гэр тойрч гүйгээд гарч ирэхдээ хутга гаргаж ирээд Нацагаа руу дайрсан чинь Лхагвабанзрагч болиулах гэсэн чинь Охиндой Лхагвабанзрагчийн эхлээд цавь хэсэг рүү нь хутгаар хатгасан чинь Лхагвабанзрагчийг манай ангийн охин Баасан-Өлзий, Жаргалмаа, Мөнх- Баясгалан гурав юу болов, яав гээд байж байтал Охиндой дахин хүрч ирээд Лхагвабанзрагчийн хүзүү рүү хутгалаад ална шүү гэсэн. Тэгээд Лхагвабанзрагчийг Отгоолоогийн машинтай эмнэлэгт хүргэж ирсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/ болон шүүгдэгчийн  мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Охиндой нь “мэдүүлэг өгөхгүй, би буруу хэрэг хийснээ ойлгож гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат мэтгэлцэхдээ “гэм буруу, хэргийн зйүлчлэлийн талаар мэтгэлцэхгүй, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, хохирол төлбөргүй зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч С.Лхагвабанзрагч нь “Хохиролд 600 000 төгрөг төлсөн нь үнэн. Миний хувьд гомдолтой байна. Охиндойг салгах гэж байгаад хутгалуулсан. Эмчилгээний зардлын баримтаа цуглуулаагүй” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Г.Охиндой нь 2016 оны 05 сарын 28-ны шөнө согтуугаар Булган аймаг Орхон сумын Халиун багийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээ өвөө” гэх амралтын газарт амарч байхдаа үл ялих зүйлээр шалтаглан танхайрч С.Лхагвабанзрагчийн хүзүү болон цавь хэсэгт хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан, 2016 оны 05 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн 3 дугаар байрны гаднах зогсоолд байсан Б.Хүрэлбаатарын 88-23 ОРХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хулгайлж 320 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 05 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн Элит хотхоны гаднах зогсоолд байсан Б.Тамирын 29-34 УНЕ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 2 талын толийг хулгайлж 360 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ. Орхон аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч Г.Охиндой нь хохирогч С.Лхагвабанзрагчид 600 000 төгрөгийн хохирлыг сайн дураар төлсөн бөгөөд хохирогч нотлох баримтаа бүрдүүлээгүй, гэм хорын нэхэмжлэл тодорхойгүй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар төлсөн гэж үзэж, хохирогч С.Лхагвабанзрагч нь гэм хорын нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй. Хохирогч Б.Хүрэлбаатар, Б.Тамир нар нь шүүх хуралдааны тов авсан боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд хохирол төлөгдсөн байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах зүйтэй.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

            1.Бэсүд овгийн Ганбаатарын Охиндойг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Шүүгдэгч Г.Охиндойг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 5 /тав/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Г.Охиндойд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар Г.Охиндойд оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Лхагвабанзрагч нь учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Охиндойд авсан батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, биечлэн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                         ШҮҮГЧИД                                         Ж.БАЙГАЛМАА

                                                                                   Ц.АЛТАНГАДАС