Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/00842

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....байрлах, “МЦХ” ХХК /Регистрийн дугаар: ./-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: .... тоотод байрлах, “Т” ХХК /Регистрийн дугаар: ./-д холбогдох,

Гэрээний үүрэг, хохиролд 11.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямдовчин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бүрнээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай хоёр компанийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Хамтран ажиллах тухай” гэрээ байгуулагдаж, тус гэрээний дагуу бид Төв аймгийн заамар сумын нутаг дэвсгэрт Туул голын баруун дэнжид байрлах “Т” ХХК-ийн эзэмшлийн 26.08 га бүхий, MV-016841 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн явуулсан. Тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д “Б тал нь нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахаа баталж, барьцаа хөрөнгө болох 150.000.000 төгрөгийг А талын дансанд байршуулна” хэмээн заасны дагуу бид эхний жилийн төлбөр болох 50.000.000 төгрөгийг “Т” ХХК-ийн дансанд гэрээ байгуулагдсны дараагаар байршуулсан.  Барьцааны 150 сая төгрөг нь жил бүрийн 50 сая төгрөгөөр тооцсон байсан. Дээрх гэрээний гол нөхцөл нь “Т” ХХК нь өөрийн эзэмшлийн талбайгаа бидэнд ашиглуулах, бид өөрийн тоног төхөөрөмж, хүн хүч, хөрөнгөөр олборлолтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй талбай дээр явуулах, олсон ашигаа гэрээнд заасны дагуу хувиарлах бөгөөд 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх байсан. Гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явж байсан, гэтэл нэг талын санаачилгаар буюу “Т” ХХК-ийн саналаар гэрээг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэл өгч 2 хоногийн дараа буюу 23-ны өдөр шалтгаангүйгээр гэрээг цуцалж, яаралтай талбай чөлөөлж өгөхийг шаардсан. Бид гэрээний дагуу талбайг чөлөөлж, олборлосон алтаа Монгол Банкинд тушааж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Мөн “Т" ХХК нь барьцаа төлбөр болох 50.000.000 төгрөгний 40.000.000 төгрөгийг бидэнд буцаан төлсөн боловч өдийг хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөр болох 10.000.000 төгрөгийг төлөхгүй, мөнгөгүй гэдэг шалтгаанаар төлөхгүй байна. Энэ нь “Хамтран ажиллах тухай" гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т “Б тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзсэн тохиолдолд А тал нь барьцаа хөрөнгийг Б талд гэрээ дуусгавар болсноос хойш 2 хоногийн дотор шилжүүлнэ" хэмээсэн заалтыг зөрчиж байна. “Т” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас бид өдөр бүр банкинд хүү төлж байна. Гэхдээ гэрээнд тусгагдаагүй тул бид банкны хүү нэхэмжлээгүй. Үндсэндээ манай компаниар хөрс хуулах ажиллагааг хийлгэчихээд талбайгаас гаргачихсан. Гэрээгээр Монгол банктай гурвалсан гэрээ байгуулагдах ёстой ч “Т” ХХК өөрөө гэрээгээ байгуулаагүй. Талбайгаас өдөрт олборлож байгаа алтны хэмжээ Стандартчилал хэмжил зүйн газраас мөрддөг журамд заасан 10 граммаас бага байсан тул нийлүүлээд Улаанбаатар хотод 2017 оны 8 дугаар сарын 31-нд ирэхдээ манайх “Т” ХХК-ийн нэрийн өмнөөс алтыг тушаасан. Хэтэрхий бага хэмжээтэй алт гарч байсан учраас авахгүй байсан. Үүнийг н.Оюунхүү захирал өөрөө мэдэж байсан. Мөн өөрсдөө ашигт малтмал олборлох талбайгаа зааж өгөхгүй байсан. Зааж өгсөн газарт очиход хэд хэдэн газрыг оруулсан байсан тул яг манай талбай аль хэсэг гэдгийг тогтоож өгөхгүй байсаар олборлолтын ажил 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Мөн олборлолтын үед маш бага хэмжээний алт гарч байсан ч гэрээний дагуу өдөр бүрийн гарсан металлын хувийг тухай бүрт нь авдаг байсан. Нөхөн сэргээлтийг манайх гарахдаа хийгээд н.Оюунхүү захирал, н.Хонгорзул захиралтай талбайгаар хамт явж үзүүлсэн. Иймд үлдэгдэл төлбөр болох 10.000.000 төгрөг, мөн хууль зүйн туслалцаа авсны 1.000.000 төгрөг, нийт 11.000.000 төгрөгийг “Т” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж манай эзэмшлийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Хамтран ажиллах явцад гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байжээ. Энэ зөрчлийг арилгах, гэрээг цуцлах талаар нэхэмжлэгч компанийн захирал болох Ж.Цэрэндэгд, уурхайн дарга н.Гансугар, н.Төгөлдөр гэх хүмүүстэй гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж байгаа талаар олон удаа хамтран уулзаж, удаа дараа зөрчлийг арилгуулахаар мэдэгдэл өгч байсан байна. Гэтэл “МЦХ” ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчиж, тусгай хамгаалалттай бүсэд үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээлт хийхгүй байх, гэрээний дагуу олборлосон металлаа Ашигт малтмалын хуульд заасны дагуу Монгол банкинд тушаахгүй байх зэргээр хамтран ажиллах гэрээний 4.1, 5.1, 6.1, 12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.6 заалтуудыг тус тус зөрчсөн.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд барьцаа буцаан олгохгүй байх нөхцлүүдийг зааж өгсөн байдгаас нэхэмжлэгч 7.5.1, 7.5.2, 7.5.6-д заасан “зөвшөөрөлгүй ашигласан”, “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал алдагдсан”, “нөхөн сэргээх ажиллагааг тогтоосон хугацаанд стандартын дагуу хийж гүйцэтгээгүй” гэсэн үндэслэлүүд бүрдсэн тул барьцааны үлдэгдэл 10.000.000 төгрөгийг олгох үндэслэлгүй. Тухайлбал Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар гол мөрний ай саваас 20 км дотогш ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл нэхэмжлэгч тусгай хамгаалалттай бүсэд байрлаж, ажиллагаагаа явуулсан нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн газарт хийсэн 2017 оны 7 дугаар сарын 26-ны шалгалтаар тогтоогдсон. Улмаар үйл ажиллагааг зогсоогоод явсан байдаг.  Энэ нь талбай зөвшөөрөлгүй ашигласан гэдэгт хамаарч байгаа. Мөн энэ үйлдлээс болоод манай менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллагаас батлахгүй удааширч байгаа. Хэдийгээр тусгай зөвшөөрөл цуцлагдсан зүйлгүй ч дээрх байдлыг “хүчин төгөлдөр байдал алдагдахад хүргэсэн” гэж үзсэн тул гэрээний 7.5.6-д заасан үндэслэл бүрдсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т зааснаар тухайн талбай нь “Т” ХХК-ийн талбай тул хэрэв нэхэмжлэгч нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй бол манайхаас үл маргах журмаар хуулийн дагуу зардлыг гаргуулна. Ийм нөхцөл байдал үүсч болзошгүй тул барьцааны үлдэх хэсгийг өгөх боломжгүй.

Гэрээгээр Монголбанктай гурвалсан гэрээ байгуулж олборлосон алтаа тушаах ёстой ч нэхэмжлэгч алтаа бүгдийг тушаагаагүйгээс гурвалсан гэрээ байгуулагдаагүй. Харин барьцаа 50 сая төгрөг хүлээн авсан, гэрээ цуцлагдсан, олборлолт 8 дугаар сарын 01-нээс эхэлсэн, олборлосон алтыг гэрээнд тохиролцсон хувиар хувааж авсан гэдэгт маргахгүй.

Гэрээний үүргээ зөрчиж “Т” ХХК-ийг хохироосон нэхэмжлэгч болох “МЦХ” ХХК нь хууль зүйн туслалцаа авах эсэх нь хариуцагчид хамааралгүй бөгөөд компаниудын хооронд хууль зүйн туслалцаа авах хөлсийг төлөх талаар харилцан тохиролцсон асуудал байхгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “МЦХ” ХХК нь “Т” ХХК-д холбогдуулан барьцаа 10.000.000 төгрөг, хууль зүйн үйлчилгээ авсны хөлс 1.000.000 төгрөг, нийт 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Нэг талаас Т ХХК, нөгөө талаас “МЦХ” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр харилцан тохиролцож, Хамтран ажиллах гэрээг гурван жилийн хугацаатайгаар байгуулжээ. /хх 16-22/

Дээрх гэрээгээр “Т” ХХК нь Булган аймаг, Бүрэгхангай сум, Төв аймаг, Заамар сумын нутаг дэвсгэр, Туул голын баруун дэнжид байрлах өөрийн эзэмшлийн ашигт малтмалын МV-016841 тоот тусгай зөвшөөрөлтэй 26,08 га талбайг ашиглуулах, олборлосон металлын 30 хувийг авахаар, “МЦХ” ХХК нь тухайн талбайд олборлолтын үйл ажиллагааг өөрийн хүч хөрөнгөөр холбогдох хууль, дүрмийн дагуу явуулах,  нөхөн сэргээлтийг хийх, үүргээ биелүүлэх баталгаа болгож барьцаанд 150.000.000 төгрөгийг байршуулах, олборлосон металлыг “Т” ХХК-ийн нэрээр тушаах, олсон металлын 70 хувийг авахаар тус тус харилцан тохиролцжээ.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хуульд харшлахгүйгээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хэлцэл хийх, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд зохигч хэн алин нь гэрээ байгуулсан гэдэгт маргаагүй бөгөөд зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д нийцсэн гэрээ байна гэж үзэв.

Нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 01-нээс олборлолтын ажиллагаа явуулж эхэлсэн, талууд 8 дугаар сарын 23-нд гэрээг цуцласан буюу гэрээнээс татгалзсан, олборлосон алтыг гэрээнд заасан хэмжээгээр хувааж авсан зэрэг үйл баримтад маргаагүй.

Мөн Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д “Гэрээнд оролцогч нэг тал гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин” гэж зохицуулсан байх ба гэрээг баталгаажуулж урьдчилгаа 50.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 27-нд хүлээн авсан, үүнээс 40.000.000 төгрөгийг буцаан олгосон үйл баримтад талууд маргаагүй.

Харин гэрээгээр тохиролцсон дэнчинг буцаан олгохгүй байх нөхцөл үүссэн эсэхэд талууд маргаж байна.

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т “Гэрээг цуцалсан, ... бол дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгнө” гэж, харин “дэнчин тавьсан этгээд үүргээ гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг үлдээхээр, энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцох”-оор мөн зүйлийн 233.3-т заажээ.

Талуудын хоорондох гэрээний 7.5-д урьдчилгаа болгон шилжүүлсэн төлбөрийг буцаан олгохгүй байх үндэслэлүүдийн талаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь гэрээний 7.5.1, 7.5.2, 7.5.6-д заасан “эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй ашигласан”, “нөхөн сэргээх ажиллагааг хийж гүйцэтгээгүй”, “буруутай ажиллагаанаас тусгай зөвшөөрөл, эрх зүйн баримт бичгийн хүчин төгөлдөр байдал алдагдсан” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

Хэрэгт авагдсан талуудын хоорондох гэрээний 3.1, 8.2.2-д тусгай зөвшөөрөлтэй 26,08 га талбайг бүхэлд нь олборлолтын талбайгаар нэхэмжлэгчид ашиглуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын талбайд олборлолт явуулах нөхцлөөр хангахаар тохиролцсон байх тул  нэхэмжлэгч эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй ашигласан гэх байдал хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна. Мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж гол мөрний ай саваас 20 км дотогш ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Мөн хариуцагч байгууллагын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул “хүчин төгөлдөр байдал алдагдсан” гэж үзэх үндэслэлгүй. Хүчин төгөлдөр байдал алдагдах нөхцөл үүсгэсэн буюу хариуцагч байгууллагын ашигт малтмал ашиглах, олборлохтой холбоотойгоор менежментийн төлөвлөгөөг эрх бүхий этгээдээс батлахгүй байгаа гэж хариуцагч тайлбарлаж байх боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй. Менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа үйлдэл нэхэмжлэгч талын ажиллагаанаас үүдэлтэй болохыг мөн баримтаар нотлоогүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн гэж хариуцагч хийгээгүй гэж тус тус маргаж байх боловч хэн алин нь энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна хариуцагчийн ашигласан талбайтай холбоотойгоор эрх бүхий этгээдээс ирээдүйд төлбөр, акт тогтоогдож болзошгүй үндэслэлээр дэнчинг буцаан олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэв.

 Хэрэгт баримтаар ирүүлсэн зохигчдын хоорондох удаа, дараагийн албан бичигт олборлосон алтаа Монголбанкинд тушаагаагүй, гурвалсан гэрээг байгуулаагүй, скруберийн лац хөндөгдсөн, дэнчингийн үлдэх хэсгийг байршуулаагүй зэрэг зөрчил гаргасан гэж дурдсан байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гэрээний 7.5.1, 7.5.2, 7.5.6-д заасан дэнчинг олгохгүй байх гурван нөхцөл бүрдсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан тул гэрээний үүрэгтэй холбоотой бусад зөрчил үүссэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд гэрээний 7.5.1, 7.5.2, 7.5.6-д заалтыг үндэслэн урьдчилгаа төлбөрийг буцаан өгөхөөс татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Харин өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх боловч дээрх шаардлагаа нотлосон баримтгүйгээс гадна өмгөөллийн хөлс нь гэрээнээс шууд учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан “Т” ХХК-иас 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МЦХ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

                       

 

                                    ДАРГАЛАГЧ                                     О.ОДГЭРЭЛ