Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0431

 

 2020 оны 06 сарын 19 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2020/0431

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан З ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: З ХХК, 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: З ХХК-ийн ХV0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, ХV0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар нь сэргээхийг хариуцагчид даалгах

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Булган аймгийн *******, ******* сумдын нутагт ******* нэртэй газарт орших 23534,85 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2011 оноос эхлэн шилжүүлэн авч, эзэмшиж байгаа ба уг хайгуулын тусгай зөвшөөрөл өнөөдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр хэвээр байна.

Бид дээрх тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн авснаас хойш хайгуулын талбайд геологи хайгуулын ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэж байсан бөгөөд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг тогтоосныг үндэслэн 2014 оноос эхлэн манай XV 0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрх үйл ажиллагааг зогсоосон.

Ийнхүү ажиллаж байх хугацаандаа 3234,4 т/км соронзон хайгуул, 1448 цэг грави хайгуул, 52,4 т/км цахилгаан хайгуул, 3075,45 т/м баганат өрөмдлөг, 868,9 т/м болон цохилтод өрөмдлөг, 1367 ширхэг цэглэн, урсгал сарнилын дээж, 8 усны хими бактериологийн шинжилгээ, 4318 ширхэг дээж лабораторийн шинжилгээ хийлгэх зэрэг геологи хайгуулын ажлууд хийсэн бөгөөд эдгээр ажлуудад 3,665,010,313.20 төгрөгийг зарцуулснаас гадна тусгай зөвшөөрлийн төлбөрт 877,880,012.74 төгрөгийг улсын төсөвт төлж, нийтдээ 4,542,890,325.94 төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулсан байна.

Манай компани нь хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөөр ирсэн бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр сүүлийн жилийн төлбөр 70 628 000 төгрөгийг төлсөн. Мөн Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 167 тоот шийдвэрээр 3 жил, мөн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 188 тоот шийдвэрээр 3 жилийн хугацаагаар тус тус XV ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан хугацаандаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг зохих журмын дагуу төлж, хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхээ хадгалж байсан, мөн нөгөө талаас захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунган дэмжиж байсан нь компанийн хувьд төлөвлөсөн геологи хайгуулын ажлаа хийж дуусгах итгэл үнэмшлийг бодитоор төрүүлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүлээлтийг бий болгож байсан.

Засгийн газар 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох
тухай 300 дугаар тогтоолоор Эрдэнэтийн зэс, молибдены ордын талбайн хил
заагийг тогтоосон байна. Ийнхүү уг ордын хил заагийг тогтоохдоо манай
компанийн XV 0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүрэн
хамруулсан байна. Ингэснээр манай XV 0******* дугаартай хайгуулын тусгай
зөвшөөрлийн талбайг төр мэдэлдээ авах гэж байгаа гэж ойлгон, Ашигт малтмал
газрын тосны газарт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08/20 тоот, 2020
оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15/20 тоот албан бичгээр хандаж, хайгуулын
тусгай зөвшөөрлийн талбайд хийж гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлын
зардал болон бусад зарцуулсан зардал, уг ордын нөөцийн хэмжээтэй дүйцүүлэн
өөр талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох замаар нөхөх олговрын
асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан.

Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 02 дугаар сарын 19-
ний өдрийн 13/927 тоот албан бичгээр
Засгийн газрын 2018 оны 300 дугаар
тогтоолын 1 дэх заалтаар ...стратегийн нэр бүхий 8 ордын талбайн хил
заагийг тогтоосон нь түүнтэй давхцалтай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн
үйл ажиллагааг аливаа хэлбэрээр хязгаарлаагүй байна гэж геологи хайгуулын
үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтойг мэдэгдсэн.

Ийнхүү мэдэгдсэний дагуу геологи хайгуулын үйл ажиллагаагаа
үргэлжлүүлэн өрөмдлөг, уулын ажлуудыг түлхүү ашиглаж, зэсийн хэтийн төлөв
бүхий орд газрыг илрүүлэх нарийвчилсан хайгуулын ажлын төлөвлөгөөг
хэрэгжүүлж, геологи хайгуулын ажлыг бүрэн хийж дуусгахад хугацаа зайлшгүй
шаардлагатай болсон.

Ийм учраас 2014-2019 оны хооронд бидний хүсэл зоригоос үл
шалтгаалсан, хүндэтгэн үзэх шалтгаан-ны улмаас үйл ажиллагаа явуулж
чадаагүй 6 жилийн хугацаагаар XV-******* дугаартай хайгуулын тусгай
зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16/20 албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж гаргасан.

Гэтэл Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулиар ...ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, түдгэлзүүлсэн хугацаагаар тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээхтэй холбоотой асуудлыг зохицуулаагүй байх тул танай хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй байна хэмээн үндэслэлгүйгээр татгалзсан хариу өглөө.

Энэхүү хууль бус татгалзсан шийдвэрт нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/20 тоот албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газрын даргад хандаж гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 2020.04.24-ны өдрийн 3/1926 тоот албан бичгээр өгсөн.

Хариуцагчийн хууль бус татгалзсан шийдвэрийн улмаас манай
4,542,890,325.94 төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулсан геологи хайгуулын үйл
ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж, энэ үлэмж их хэмжээний хөрөнгө
оруулалтаар хохирч, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол
ноцтойгоор зөрчигдөж байна.

Иймд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээнэ гэдэг нь тусгай
зөвшөөрлийн хугацааг шинээр хугацаа нэмж сунгаж байгаа үйлдэл биш, харин
эрх бүхий этгээдийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа түдгэлзэж,
түр зогсоосон хугацааг нөхөн тооцож сэргээж байгаа үйлдэл юм.

1. Тусгай зөвшөөрлийг Засгийн газрын тогтоолоор түдгэлзүүлж, мөн
Засгийн газрын тогтоолоор түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан
байна.

Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ гэдэг нь хууль зүйн хувьд тодорхой
хугацааны туршид
тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулахыг түр
хориглосон байхыг ойлгодог.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,
ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн
дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор гол мөрний урсац
бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын
хил заагийг тогтоож, энэхүү хил заагтай давхацсан манай компанийн Х
V-0*******
дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг дээрх хуулийн 4
дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу 2014 оноос эхлэн зогсоож, түдгэлзүүлсэн.

Дээрх хуулийг хэрэгжүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2014 оны
04 дүгээр сарын 24-ний өдрийн 4-2944 тоот албан бичгээр
...2014 онд гүйцэтгэх
хайгуулын ажлын төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулах
боломжгүй байна. гэж мэдэгдэн, хайгуулын үйл ажиллагааг явуулахыг зогсоосон.

Засгийн газар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоолоор Эрдэнэтийн зэс, молибдены ордын талбайн хил тогтоохдоо манай компанийн XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүрэн хамруулсан байна.

Ийнхүү Засгийн газрын тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордын заагт хамрагдсанаар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Энэ хуулийн 4.1 дэх хэсэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зогсоож, түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан байна.

2. Тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хууль зүйн үндэслэлийн тухайд:

Захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхдээ тодорхой хуулийн зохицуулалт байхгүй, хуулийн зохицуулалт дутуу гэдэг үндэслэлээр өргөдөл, хүсэлтийг татгалзаж шийдвэрлэх үндэслэлгүй, харин бусад хуулийн зохицуулалтыг хэрэглэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй. Хэрэв тухайн асуудалд нарийвчилсан зохицуулалттай хууль /Ашигт малтмалын тухай хууль/-ийн зохицуулалт дутагдаж байвал ерөнхий зохицуулалттай хуулийг хэрэглэнэ гэж Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд1 тодорхой заасан.

Тодруулбал, хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон сэргээх харилцааг Ашигт малтмалын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан журмаар зохицуулаагүй бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зохицуулалт байхгүй бол Захиргааны ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуульд зохицуулалт байхгүй бол Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх хууль хэрэглээний зарчим хуульчлагдсан байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ" гэж заасны дагуу манай компанийн Х\/-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэхүү хуулийн заалтаар түр хориглосон үйл ажиллагааг өмнө байсан байдлаар нь өөрөөр хэлбэл, ямар нэгэн хязгаарлалт өөрчлөлтгүйгээр сэргээх эрхийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад олгосон байна. Түдгэлзсэн хайгуулын үйл ажиллагаа буюу хайгуулын тусгай зөвшөөрлийг төлсөн төлбөртэй нь, төлбөрт ногдох хугацаатай нь сэргээх эрхтэй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4,2.8-д буй хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг баримтлахаар хуульчилсан ба үүнийг хэрэглэн XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээх хууль зүйн үндэслэлтэй.

Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэдэг нь иргэн, хуулийн этгээд төрийн байгууллагын шийдвэрт итгээд үйл ажиллагаа явуулаад мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн, тодруулбал, тодорхой хөрөнгө оруулалт хийсэн, иргэн хуулийн этгээдийн зүгээс буруутай үйлдэл буюу хуулийн зөрчил байхгүй тохиолдолд захиргааны байгууллага энэ итгэл үнэмшлийн эсрэг шийдвэр гаргахгүй, харин эсрэгээрээ энэ итгэл үнэмшлийг хамгаалах эрх зүйн зарчмыг хуульчилсан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд нэгэнт зарцуулсан 4,542,890,325,94 төгрөгийн хөрөнгө оруулалтын эцсийн үр дүнг хүртэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэгжүүлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээх нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.

Дээр дурдсаныг дүгнэж хэлэхэд, хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаагаар нөхөн сэргээх тухай хуулийн нарийвчилсан зохицуулалт дутагдсан, нэн ялангуяа сэргээхийг хориглосон хуулийн заалт Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуульд байхгүй тохиолдолд захиргааны байгууллага ерөнхий зохицуулалттай ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлан манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн сэргээсэн шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

З ХХК-ийн ХV0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, ХV0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар нь сэргээхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичиг нь нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн сэргээх хүсэлтийг хангаж шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан Захиргааны актын шинж-ийг бүрэн агуулсан шийдвэр байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас шаардагдах захиргааны акт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Захиргааны байгууллагын татгалзсан шийдвэрийн үндэслэл нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээх, түдгэлзүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зүйл заалт Ашигт малтмалын тухай хуульд байхгүй гэсэн хариу өгсөн.

Иргэн, хуулийн этгээд төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах, гаргасан өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх бүрэн эрх Үндсэн хуульд тусгагдсан. Үүний дагуу төрийн байгууллага бидний өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй гэж заасан. Энэ нь мөн адил төрийн захиргааны байгууллагуудад хамааралтай. Иймд төрийн захиргааны байгууллага хуулийн зохицуулалт байхгүй гэж өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэхгүй байж болохгүй. Хариуцагч талын хэлж байгаагаар үнэхээр тухайн асуудлыг зохицуулсан хуулийн зүйл заалт байгаа, байхгүйг мэдэхийн тулд холбоотой заалтуудыг хайж олсон.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмын дагуу манай байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх хууль зүйн үндэслэлтэй байна гэдгийг хүсэлтэндээ тодорхой дурдаж байсан. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино, Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, энэ хоёр хууль нь Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй зүйлийг зохицуулдаг. Тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан заалт байхгүй бол ерөнхий зохицуулалт хэрэглэнэ гэж заасан. Энэ нь эрх зүйн үндсэн зарчим. Эрх зүйн бүх салбарт хэрэглэгддэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ, мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ гэж заасан байна.

Тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тохиолдолд тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээнэ. Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан байгууллага болох Засгийн газар нь өөрөө 300 дугаар тогтоолыг гаргасан. Энэ тогтоолоор манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх нь нээгдсэн. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан болох нь тогтоогдож байна. Иймд энэ хуулийн энэ зүйл заалтыг хэрэглэж нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим байна. Энэ зарчмын дагуу, мөн дээрх хуулийг хэрэглээд манай компанийн тусгай зөвшөөрлийн сэргээх бүрэн боломжтой байна. Хууль ёсны итгэлийг хамгаална гэдэг нь иргэн хуулийн этгээд төрийн байгууллагын шийдвэрт итгээд үйл ажиллагаа явуулаад мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн, тодруулбал тодорхой хөрөнгө оруулалт хийсэн, иргэн, хуулийн этгээдийн зүгээс буруутай үйлдэл буюу хуулийн зөрчил байхгүй тохиолдолд захиргааны байгууллага энэ итгэл үнэмшлийн эсрэг шийдвэр гаргахгүй, харин эсрэгээрээ энэ итгэл үнэмшлийг хамгаалах эрх зүйн зарчмыг хэлдэг. Нэхэмжлэгч байгууллага захиргааны байгууллагын шийдвэрт итгэж 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол бага хэмжээний мөнгө биш. Мөн жил болгон тайлангаа ашигт малтмалын газарт өгч байсан. Нөгөө талаас нэхэмжлэгч тал хууль зөрчсөн асуудал байхгүй. Энэ нөхцөл байдал яаж үүссэн бэ гэхээр нэхэмжлэгч байгууллагаас үл шалтгаалах давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Гэтэл төрийн захиргааны байгууллага энэ зарчмын эсрэг шийдвэрийг гаргасан. Захиргааны байгууллага энэ асуудлыг бүрэн дүүрэн судалж нухацтай хандсан бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад зааснаар хууль ёсны итгэлийг нь хангаж нэхэмжлэгч байгууллагын гаргасан хүсэлтийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэж шүүхээс хүсч байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

З ХХК-ийн ХV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр 13-ны өдрийн ******* тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, Х\/-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар сэргээхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Булган аймгийн *******, ******* сумдын нутаг ******* нэртэй 48,960.82 гектар талбайд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 673 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг Сод нутаг ХХК-д олгосон байна.

Сод нутаг ХХК нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт хандаж 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/11 тоотоор аж ахуйн нэгжийн нэрийг З ХХК болгон өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийг өөрчилж З ХХК болгож бүртгэсэн байна.

Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын Х\/-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс тооцон, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн SU-002508 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаар шийдвэрээр ******* аймгийн *******, ******* сумдын нутаг ******* нэртэй талбайн 25,426.72 гектар талбайг хүлээн авч, үлдэж байгаа 23,534.85 гектар талбайг Х\/-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийж бүртгэсэн байна.

Хэсэгчлэн буцааснаас үлдэх талбай нь Кадастрын хэлтсийн бүртгэлд урьдчилсан байдлаар бүртгэгдсэн Гол, мөрний урсац эх бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигч З ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-2989 тоот Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр мэдэгдсэн байна.

Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 167 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын Х\/-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс тооцон, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.

Уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Кадастрын хэлтсийн бүртгэлд урьдчилсан байдлаар бүртгэгдсэн Гол, мөрний урсац эх бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигч З ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 6-2949 тоот Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр мэдэгдсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс тооцон, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан.

Уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Гол, мөрний урсац эх бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 7/2794 тоот Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр мэдэгдсэн байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын тогтоолтой давхцалтай талаар:

Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль-ийг батлан гаргасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасан.

З ХХК-ийн эзэмшлийн ******* аймгийн *******, ******* сумдын нутаг ******* нэртэй ашигт малтмалын хайгуулын Х\/-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн 23,534.85 гектар талбай нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай 194 дүгээр тогтоол, 2015 оны Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 289 дүгээр тогтоолын / Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасныг үндэслэн гаргасан/ хавсралтад заасан солбицолтой хэсэгчлэн, 2018 оны Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоолын хавсралтад заасан солбицолтой бүхэлдээ давхцалтай байна.

Ашигт малтмалын ХV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцох боломжгүй тухайд:

З ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04/14 тоот албан бичгийн хариуг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологийн албаны даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4-2944 тоот албан бичгээр, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10/44 тоот албан бичгийн хариуг 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-6422 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн байх бөгөөд дээрх хариу албан бичгүүдийн гол агуулга нь... Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасны дагуу тус компанийн 2014 онд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг хянаж, баталгаажуулах боломжгүй талаар мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайтай давхцалтай байгаа талаар мэдэгдсэн байна.

Энэ нь Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологийн албаны дарга тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх зүйн байдлыг дордуулж, үйл ажиллагааг түдгэлзүүлсэн зүйл байхгүй бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын /хуучин нэрээр/ даргын 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 8/836 тоот албан бичгийн дагуу хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх харилцааг хуульчилсан бөгөөд 13 дугаар зүйлийн 13.1-д Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно. 13.2-д Тусгай зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ., 13.3-т Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ. гэж тус тус заасан хуулийн зохицуулалтад хамаарах харилцаа биш байна.

Мөн З ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын Х\/-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг эрх бүхий этгээдээс түдгэлзүүлж, хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн бүртгэл байхгүйг дурдах нь зүйтэй байна.

Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *******тооталбан бичгийг хүчингүй болгох тухайд:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот албан бичгээр З ХХК-аас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16/20 тоот, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17/20 тоот албан бичгүүдийн хариуг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.4, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хянаж хариуг хүргүүлсэн байна. Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1 Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно... гэж заасан захиргааны акт (шийдвэр) гараагүй бөгөөд ирүүлсэн тоотын хариу албан тоотыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалд хэрэгжих хууль зүйн боломж, үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот албан бичигт: Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байдаг тул дээрх албан бичиг нь захиргааны акт биш юм.

Нэхэмжлэгч талаас ******* тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоох хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэн хугацаагаар сэргээхийг хариуцагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бодит байдалд хэрэгжих хууль зүйн боломж, үндэслэл байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З ХХК-аас ХV0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, ХV0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар нь сэргээхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч З ХХК нь анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 673 дугаар шийдвэрээр Булган аймгийн *******, ******* сумдын нутаг ******* нэртэй 48,960.82 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлжээ.

Тус компанийн өргөдлийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны гзарын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаар шийдвэрээр Х\/-0******* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн 25,426.72 гектар талбайг хүлээн авч, үлдсэн 23,534.85 гектар талбайг тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийж бүртгэсэн байна.

Уг хэсэгчлэн буцааснаас үлдсэн 23,534.85 гектар талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай 194 дүгээр тогтоол, 2015 оны Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 289 дүгээр тогтоолын хавсралтад тус тус заасан солбицолтой хэсэгчлэн давхцалтай тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухай бүр мэдэгдэж байсан нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6-2989 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 6-2949 тоот, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 7/2794 тоот Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

З ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 08/20 албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоолоор Эрдэнэтийн зэс, молбидений ордын талбайн хил заагийг тогтоохдоо манай компанийн XV-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүрэн хамруулсан тул уг ордын нөөцийн хэмжээтэй дүйцүүлэн нөхөх олговор олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.

Хүсэлтийн хариуд Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13/927 тоот албан бичгээр 2018 оны Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоолын хавсралтад заасан солбицолтой бүхэлдээ давхцалтай байгаа боловч түүнтэй давхцалтай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг аливаа хэлбэрээр хязгаарлаагүй, хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдсэн байна.

Үүний дараагаар нэхэмжлэгч З ХХК-аас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16/20 тоот, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17/20 тоот албан бичгүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан ХV0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтийн хариуд хариуцагчаас маргаан бүхий 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот шийдвэрээр татгалзсан хариу өгсөн байна.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч З ХХК-аас 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/20 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд хандаж гомдол гаргасныг тус газрын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3/1926 тоот албан бичгээр маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсний дараагаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байдаг.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,
ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн
дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор гол мөрний урсац
бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын
хил заагийг тогтоож, энэхүү хил заагтай давхацсан манай компанийн Х
V-0*******
дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг дээрх хуулийн 4
дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2014 оноос эхлэн зогсоож, түдгэлзүүлсэн гээд Ашигт малтмал, газрын тосны газрын 2014 оны
04 дүгээр сарын 24-ний өдрийн 4-2944 тоот албан бичгийг дурддаг.

Нэхэмжлэгчийн дурдсан дээрх албан бичгийн агуулгаас үзвэл ....хэсэгчилсэн давхцалтай байгаа тул 2014 онд гүйцэтгэх
хайгуулын ажлын төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулах
боломжгүй байна гэж мэдэгдсэн тухай байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч компанийн ХV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр гарсан гэж үзэхээргүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ, 21.1.5-т энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч З ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хойш эзэмших хугацаанд:

1. Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар 1 удаа;

2. Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 167 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын Х\/-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар 1 удаа;

3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар 1 удаа сунгуулсан байх бөгөөд уг үйл баримттай талууд маргадаггүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.3-т тус тус заасны дагуу мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан зарчмыг баримтлан зохицуулах боломжтой гэж тайлбарлаж байх боловч тухайн маргаан бүхий харилцааг зохицуулсан холбогдох хуулийн нарийвчилсан зохицуулалтаас үзвэл тус компанийн ХV0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл анх 2008 онд тус компанид олгогдсоноос хойш 3 жилээр 3 удаа буюу нийт 12 жилийн хугацаатай сунгагдсан байх тул цаашид дахин сунгах болон нөхөн тооцож сэргээх хууль зүйн үндэслэл, боломжгүй байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаатай холбоотой асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байх тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа биш гэж шүүх үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.111.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.811.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1311.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэж хариуцагч байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, чиг үүргийг зохицуулсан байх бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон түдгэлзүүлсэн хугацаагаар нөхөн тооцох зохицуулалт, эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байх тул хариуцагчийн З ХХК-ийн ХV0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтээс татгалзсан 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот шийдвэр хууль ёсны байна гэж үзлээ.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай ойлголт байхгүй, түүнчлэн хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн ямарваа нэг шийдвэр гараагүй байх тул түдгэлзүүлсэн хугацаагаар нь нөхөн сэргээх гэсэн үр дагавар үүсэхгүй байна.

Дээрхээс дүгнэн үзвэл маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот шийдвэр хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан ХV0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар нь сэргээхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага мөн хангагдах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр З ХХК-ийн ХV0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, ХV0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар нь сэргээхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч З ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ХV0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцож сэргээх хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, ХV0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн хугацаагаар нь сэргээхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч З ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР