Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2023/0718/З |
Дугаар | 221/МА2024/0055 |
Огноо | 2024-01-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2024/0055
Б.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б
Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1500713612 дугаар бүхий 25 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 858 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2023/0718/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1500713612 дугаар бүхий 25 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 858 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан Б.А-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1500713612 дугаар бүхий 25 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.1-д “Нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээ “…зориулалтын дагуу ашиглахаар 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Б” ХХК-тай барилга барихаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэтэл Ковид-19 цар тахлын улмаас барилга барихад шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлүүд авах ажилд хүндрэл гарсан, хилийн боомтууд хаагдсан, барилгын материал тоног төхөөрөмжийн хомсдол, үнийн өсөлт зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас хамтран ажиллагч компанид хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэхэд саад учруулсан” гэж тайлбарлах боловч хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон нь газар эзэмшигчийг газраа зориулалтын дагуу ашиглах үүргээс чөлөөлөхгүй” гэжээ.
Хөл хорио тогтоогоогүй энгийн үед хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон нь газар эзэмшигчийг газраа зориулалтын дагуу эзэмших үүргээс чөлөөлөхгүй байж болох авч дээрх тохиолдолд улс даяар хөл хорио, тогтоосон, хил гааль хаалттай байснаас үүдэн аливаа бизнес, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа саатах царцах явдал нийтлэг түгээмэл байсан. Өөрөөр хэлбэл ганц манай тохиолдол ч биш бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад тохиолдож байсан нийтлэг хүндрэл бэрхшээл байсан. Үүнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх харгалзан үзэлгүй зөвхөн хоёр компанийн хариуцлагагүй үйлдэл, бизнесийн эрсдэлээ тооцож үзээгүй гэхээр ойлгон шийдвэр гаргасан нь буруу юм. Иргэн Б.А нь барилга барих хөрөнгө оруулалтын гэрээг өөр ямар ч компани, аж ахуйн нэгжтэй байгуулсан байсан ялгаагүй ижил нөхцөл байдалтай тулгарах байсныг захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүйг бид эс зөвшөөрч байна.
Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9.2-т “Нэхэмжлэгч талаас цар тахлын нөхцөл байдалтай байсан гэж тайлбарлан маргах боловч цар тахал тархсан нийтэд илэрхий нөхцөл байдал нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилсэн гэж тооцоход нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар Б.А-д газар эзэмших эрх олгосноос хойш 1 жил 8 сар, маргаан бүхий акт гарах хүртэл мөн 1 жил 6 сар, нийтдээ 3 жил гаруй хугацаа байсан байх тул газраа эзэмшиж, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэхгүй гэж үзжээ.
Цар тахалтай холбоотойгоор Засгийн газар, Улсын Онцгой комисс, нийслэлийн Онцгой комисс, холбогдох яам, агентлагуудаас нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээний актуудыг 3 жилийн турш олон удаа гаргаж байсан бөгөөд эдгээр нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээний актууд ихэвчлэн гадуур чөлөөтэй зорчих, тодорхой төрлийн бизнес үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарлах, хил гаалийн онцгой дэглэм горим тогтоох зэрэг бусдын эрх, эрх чөлөөг хязгаарласан шийдвэрүүд байсан.
Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахдаа нийтэд илэрхий дээрх актуудыг нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргуулан авалгүй хуульд зааснаар өөрийн үүргийн дагуу өөрийн санаачилгаар цуглуулж төрийн аль байгууллагаас гаргасан ямар акт хэдий хугацаанд үйлчилсэн, уг актын ямар зүйл иргэд аж ахуйн эрх, эрх чөлөөг хэрхэн хязгаарлаж байсныг нэг бүрчлэн авч үзэж хугацааг нарийвчлан тогтоолгүй хэт ерөнхий тоймоор, түүнчлэн ямар хууль, эрх зүйн актыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж хугацааг тооцсон нь ойлгомжгүй байна.
Бусдын эрх, эрх чөлөөг хязгаарласан эрх зүйн, хэм хэмжээний актууд зөвхөн үйлчлэх хугацаандаа бус уг эрх зүйн хэм хэмжээний актын үйлчлэл дууссан хэдий ч түүнээс үүдэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөлөл тодорхой хугацаанд цаашид үргэлжилснийг Захиргааны хэргийн шүүх тооцож үзэлгүй хэт өнгөц авч үзсэн байна.
Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 858 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрх болох газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Б.А-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1500713612 дугаар бүхий 235 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Анх нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.А-д Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 235 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
2.3. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/623 дугаар захирамжаар эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.А-ын худалдаа, үйлчилгээний зориулалттай 235 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
2.4. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг зориулалтын дагуу огт ашиглаагүй болох нь анхан шатны шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн тус газрын 2018-2022 онуудын сансрын зургуудаар тогтоогдож байна.
2.5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан байна. Хэдийгээр нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашиглаагүй шалтгаанаа Ковид-19 цар тахалтай холбон тайлбарлах боловч анх Б.А-д газар эзэмшүүлснээс хойш болон цар тахлын нөхцөл байдал арилснаас хойш ч газраа зориулалтын дагуу ашиглах хангалттай хугацаа байсан талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 858 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН