Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00379

 

 Ж.Мөнгөншагайн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/02492 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1944 дүгээр магадлалтай,

 Ж.Мөнгөншагайн нэхэмжлэлтэй,

Л.Баяржаргал, Д.Төгсбаяр нарт холбогдох,

Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ-г цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 6,050,000 төгрөг, автомашинд засвар үйлчилгээ хийсэн зардал 1,070,600 төгрөг, нийт 7,120,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Төгсбаярын өмгөөлөгч Б.Золзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018.11.09-ний өдөр Л.Баяржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгсбаяртай Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг байгуулан Toyota Raum маркийн 6679 УБЦ улсын дугаартай NCZ200057484 арлын дугаар бүхий суудлын авто машиныг 6,050,000 төгрөгөөр худалдан авсан. 2018.11.10-ны өдөр нутаг буцаж байх үед тээврийн хэрэгслийн жолоочийн хянах самбарын хэд хэдэн гэрэл асаад унтрахгүй байсан тул Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах авто тээврийн оношлогооны Диагностик төвд очиж оношлогоо хийлгэхэд солих шаардлагатай 10 нэр төрлийн эд анги байгаа нь тогтоогдсон. Тухайн үед Д.Төгсбаяртай холбогдож уг асуудлыг хэлтэл юу ч гэсэн зургийг нь аваад Тэмүүжин гэх нэртэй фейсбүүк /www.facebook.com/ цахим хаяг руу явуулаад бай гэж хэлсэн. Тэмүүжин гэх залуу нь машины ченж Д.Төгсбаяртай зуучилж өгсөн хүн юм. Надад автомашинаар яаралтай амжуулах ажил гарсан байсан болохоор уг автомашинд засвар хийлгэж ажлаа амжуулъя гэж бодоод засвар хийлгэж эхэлсэн. Улмаар 2018.11.10-ны өдрөөс 2018.12.16-ны өдрийн хооронд засвар үйлчилгээ хийлгэж байх явцад худалдан авсан автомашин маань урьд нь осолд орж байсан гэдгийг мэдэж авсан юм. Засварын зардалд нийт 1,070,600 төгрөгийг өөрөөсөө гарган уг автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн. Худалдах-худалдан авах гэрээний 4.1-т зааснаар худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч худалдагч тал тээврийн хэрэгслийг шилжүүлэх үедээ эдийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлж байгаагаа мэдэж байсан, мөн Д.Төгсбаяртай утсаар ярьж засвар үйлчилгээнд зарцуулсан зардлыг шаардахад шүүхдээд аваарай гэх мэтчилэн хэл амаар доромжилсон. Иймд уг автомашиныг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалтай байгаа тул худалдах- худалдан авах гэрээний 4.7-д заасны дагуу гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 6,050,000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд төлсөн 1,070,600 төгрөг, нийт 7,120,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Баяржаргал болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Баяржаргал худалдах-худалдан авах хэлцлээр Д.Төгсбаярт автомашин шилжүүлэн өгсөн, гэхдээ гэрээ байгуулах үед итгэмжлэлээр шилжүүлсэн, худалдагч тал Л.Баяржаргал болсон. Д.Төгсбаярын тухайд автомашиныг худалдан аваад Л.Баяржаргалаас шилжүүлэн авахдаа бүрэн бүтэн байдлыг шалгаж авсан, авсныхаа дараа Ж.Мөнгөншагайд өгсөн. Яг тогтоосон заавал оношлогоонд орох ёстой, хүлээлцсэн акт үйлдэх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хуулиар хүлээн авах, хүлээлгэж өгөх, энэ дээр шалган авах ёстой гэсэн зохицуулалт байгаа. Бид оношлогоогоор өгсөн гэж харагдаж байна, энэ хүмүүс 2018.11.10-ны өдөр оношлогоонд орсон гэтэл оношлогоогоор нэр төрөл тодорхой зүйлүүд солих ёстой гэсэн болохоос биш, тэр зүйл дээр кроп, гол эд анги доголдолтой холбоотой зүйлийг оношлогоонд бичээгүй байсан. Энэ тохиолдолд танайх хүлээн аваад оношлогоонд оруулаад болж байна гээд ашиглаад ямар нэгэн байдлаар цуцлах үндэслэл байхгүй гээд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар хүлээгээд авчихсан байгаа. Танайх өөрсдөө оношлуулсан үйлдэл хийгээд байгаа, гэтэл оношлогоо хийхэд эвдрэлтэй байсан бол лонжром нь урдаас ороод ингэсэн гэсэн зүйл тэнд байхгүй, танайх өөрсдөө оношлогоо хийлгээд хүлээгээд авсан. Нэхэмжлэл гаргаснаас хойш 5 дугаар сард шинжээчийн дүгнэлт гарсан, дүгнэлт дээр кроп эвдрэлтэй байна гэж байгаа, эвдрэл тос, масло солиогүйгээс болдог, автомашиныг ердийн байдлаар ашиглах үүрэг танайд байгаа, шилжүүлээд авчихсан учраас бүх үүрэг танайд байгаа, гэтэл тос, масло сольсон гэдэг ямар тос, масло сольсон гэдгийг бид мэдэхгүй, оношлогоогоор хүлээгээд авчихсан учраас сольсон тос, маслоос болоод кроп эвдэрснийг бид мэдэхгүй. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар 400 км-т танайх унаад явсан байгаа, түүнээс хэдий хугацаанд эвдэрнэ, эвдрэхгүй байх гэдгийг шинжээч дүгнэлтээрээ гаргаагүй. Ямар ч гэсэн 400 км яваад эвдрээгүй, цаашид эвдрэхгүй байх байсан гэдэг нь харагддаг. 10 нэр төрөл эд ангийн тухайд оношлогоогоор гараад сольсон байж болно тэр асуудалд бид маргаагүй. Хуулийн зохицуулалтаар Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1, 248 дугаар зүйлийн 248.2, 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар буюу автомашины чанарын талаар заагаагүй байгаа учраас гэрээнд зааснаар ашиглах боломжтой, доголдолгүй эд хөрөнгийг аваад явсан. Тухайн эд хөрөнгийг шилжүүлсний дараа үр шим эрсдэл нь нэхэмжлэгчид шилжиж байна, ашиглаад тохиолдлоор хэзээ ч кроп гэмтсэн байж болно. Нэхэмжлэгч нь оношлогоонд оруулаад авах боломжтой байсан, хүлээж аваад унаад явсан байна. Гэрээг цуцлах гэм буруутай нөхцөл байдал байхгүй байна. 2018.10.28-ны өдөр Д.Төгсбаярт Toyota Raum маркийн 6679 УБЦ дугаартай суудлын автомашинаа 4,450,000 төгрөгөөр худалдсан. Д.Төгсбаяр нь шар хадны зах дээр автомашин зардаг хүн юм. Тухайн үед автомашиныг авахдаа Д.Төгсбаяр бүрэн бүтэн хүлээж аваад явсан. Ийнхүү нотариат орж итгэмжлэл хийлгэсэн. Өөрийн нэр дээр автомашины гэрчилгээг заасан хугацаандаа шилжүүлж аваагүй байсныг би мэдээгүй. Ийнхүү автомашиныг нэр дээрээ шилжүүлж аваагүй байж Ж.Мөнгөншагайд 2018 оны 11 дүгээр сард уг автомашинаа худалдсан байна. Намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Би Ж.Мөнгөншагай гэх хүнийг огт танихгүй, уг хүнд машин зараагүй, нэг ч төгрөг аваагүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Төгсбаяр болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Ж.Мөнгөншагайд ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн. Ж.Мөнгөншагай нь дээрх автомашиныг бүрэн бүтэн хүлээж аваад унаад явсан. 2018 оны 11 дүгээр сараас хойш 7 сарын хугацаа өнгөрч байхад дээрх автомашиныг ямар байдлаар ашиглаж байсныг би мэдэхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Л.Баяржаргалаас автомашиныг авахад янз бүр эдийн доголдол гэх тийм зүйл огт байгаагүй, урьд салхины шил жаахан цуурсан байсныг сольсон, гуперны будаг жаахан халцрахаа байсныг би будуулсан, засвараас аваад угаалганд дөнгөж өгөөд авах гэж байтал Тэмүүжин гэх хамт ажилладаг залуу Ж.Мөнгөншагайн найз гэх 2 залуу, таны машиныг хүн авъя гэж байна, яг ийм автомашин хайж байгаа гэнэ гэхээр нь за тэгвэл хүрээд ир ямар ч асуудалгүй автомашин байна гээд үзүүлсэн. Ингээд офицеруудын ордны хажуугийн Петровис колонкийн дэргэд Ж.Мөнгөншагай эхнэртэйгээ,Тэмүүжин, Ж.Мөнгөншагайгийн найз Тэмүүжин гэх залуутай дөрвүүлээ байсан. Тухайн үед автомашиныг бүгд унаж үзсэн, бүх эд ангийг шалгаж үзсэн. Сайхан автомашин байна, болох юм байна, авъя гээд худалдах худалдан авах гэрээ хийгээд аваад явсан. Ж.Мөнгөншагайгаас 6,050,000 төгрөг бэлнээр тоолж авсан. Эд нар тухайн автомашиныг бүрэн бүтэн шалгаж авсан, ингээд хол замд гарах гэж байгаа бол тос, маслыг нь сольчихоорой гэж сануулж хэлж байсан. Ер нь Монголд орж ирж байгаа автомашинууд шинэ автомашин биш, хуучин автомашины хувьд гэрэл нь асаад унтарч байх байдал байж л байдаг. Хаалга нь цахилгаан автомат байдаг учраас тэрнээсээ үүдээд самбарт гэрэл асч л байдаг, түүнээс мотор, кропонд ямар ч нөлөөгүй гэжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/02492 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мөнгөншагай, хариуцагч Д.Төгсбаяр нарын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ-г цуцалж, хариуцагч Д.Төгсбаяраас 7,120,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Мөнгөншагайд олгож, нэхэмжлэгчээс Toyota Raum маркийн 6679 УБЦ улсын дугаартай NCZ200057484 арлын дугаар бүхий суудлын автомашиныг буцаан гаргуулж, хариуцагчид Д.Төгсбаярт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Ж.Мөнгөншагайн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Баяржаргалд холбогдох Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 6 050 000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд төлсөн 1,070,600 төгрөг, нийт 7,120,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж.Мөнгөншагай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Төгсбаярын ХААН банк ХХК дах 5429197415 тоот дансны зарлагын хөдөлгөөн болон эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 7,120,000 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШЗ2019/08744 дугаар захирамжийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Төгсбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 128,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мөнгөншагайд олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1944 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/02492 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Төгсбаярын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Д.Төгсбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагч Д.Төгсбаярын өмгөөлөгч Б.Золзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээгээр Л.Баяржаргалаас хариуцагч Д.Төгсбаяр шилжүүлж авсан байдаг. Д.Төгсбаяр шилжүүлж авсан машинаа Ж.Мөнгөншагайд зарсан. Автомашиныг хүлээж аваад, хүлээлгэж өгсөн. Худалдан авагч Ж.Мөнгөншагай нь автомашиныг хүлээж авсан талаар дараах үйлдлийг хийсэн.

- Иргэний хуулийн 248.2-д зааснаар Худалдан авагч эл хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. гэж байгаа. Худалдан авагч автомашинаа хүлээж аваад 2019.11 сарын 11 өдрийн байдлаар Диагностик төвөөр оношилгоо хийлгэсэн байдаг.

- Иргэний хуулийн 247.1, 247.1, 251.1, 251.2-д зааснаар гэрээнд автомашины чанарын талаар заагаагүй учир зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

- Мөн хуулийн 255.1.1-д зааснаар Эд хөрөнгийг хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн, мэдэх боломжтой байх үедээ хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэсэн байдаг.

Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээгээр бүрэн бүтэн ашиглах боломжтой, автомашиныг хүлээж аваад, унаж байгаад хэзээ ч хамаагүй эвдэрсэн гэдэг үндэслэлээр буцааж өгөх гэж байгаа нь боломжгүй юм.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.18-ны өдрийн 1944 тоот магадлал нь илт үндэслэлгүй байх тул хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.1., 254.6. дахь хэсэгт заасны дагуу тухайн эд хөрөнгийг шилжүүлэх ёстой. Гэтэл чанарын хувьд доголдолтой байсан. Үүнийг тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсны маргааш нь Улаанбаатар хотоос Орхон аймаг руу явах замдаа мэдээд засварын газруудаар орж техникийн үзүүлэлт хийлгэсэн, мөн хавтаст хэргийн 62-63 дугаар талд авагдсан Авто мастер төвийн бичиг зэргээр тухайн тээврийн хэрэгсэл нь өөрөө чанарын доод төвшинд буюу хэрэглэх боломжгүй гэдгийг тогтоосон байгаа. Гэрээндээ ямар нэгэн байдлаар баталгаат хугацааг харилцан тогтоогоогүй учраас 6 сарын дотор нэхэмжлэл гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хуульд нийцсэн, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Энэ хэрэг 2019 оны 10 сард хянан шийдвэрлэгдсэн тул хариуцагчийн зүгээр тухайн ажиллагааг сунжруулах зорилгоор гомдол гаргах нөхцөл байдал байгаа учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 Нэхэмжлэгч Ж.Мөнгөншагай нь Л.Баяржаргал, Д.Төгсбаяр нарт холбогдуулан Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ-г цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 6,050,000 төгрөг, автомашинд засвар үйлчилгээ хийсэн зардал 1,070,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 Хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэгч нь хариуцагч Л.Баяржаргалаас татгалзсан, хариуцагч Д.Төгсбаяр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.Төгсбаяраас 7,120,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, хариуцагч Л.Баяржаргалд холбогдох шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргажээ.

 1.   Хэрэгт авагдсан баримтаар 2018.11.09-ний өдөр худалдагч Л.Баяржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Төгсбаяр, худалдан авагч Ж.Мөнгөншагай нар Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Toyota Raum маркийн 6679 УБЦ улсын дугаартай суудлын автомашиныг Ж.Мөнгөншагай хүлээн авч, автомашины үнэ 6,050,000 төгрөгийг Д.Төгсбаярт шилжүүлжээ.

 Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т нийцсэн, эд хөрөнгийг хүлээлгэн өгч, үнийг хүлээн авсан талаар зохигч маргаагүй байна.

 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, эд хөрөнгийг хүлээн авах үүрэг хүлээх ба эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагч гэрээг цуцлах эрхтэй, энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 256 дугаар зүйлийн 256.1.-д зохицуулсан.

 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 Автомашиныг худалдан авсны маргааш өдрөөс эхлэн нэхэмжлэгч нь машины доголдлын талаар Д.Төгсбаярт хэлж, улмаар автотээврийн оношлогооны Диагностик төвд оношлуулж, шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэж, засварын зардалд 1,070,600 төгрөгийг зарцуулсан нь баримтаар нотлогджээ.

 Нэхэмжлэгч Ж.Мөнгөншагай ...Засвар үйлчилгээ хийх явцад тус автомашин урьд нь осолд орж, үндсэн лонжром чихэгдсэн байсныг засуулсан боловч хурдны хайрцаг доголдолтой болох нь тогтоогдож, цаашид замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, аюултай нөхцөл байдалтай болсон тул худалдан авагч гэрээг цуцалж, автомашины үнэ, засварын зардлаа нэхэмжилнэ... гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцжээ.

 Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, худалдагч доголдолтой эд хөрөнгө худалдсан үндэслэлээр худалдан авагч гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэн шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан буцааж, худалдан авагчид учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

 Харин анхан шатны шүүх маргааны харилцааг зохицуулсан заалтыг оновчтой хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засаагүй тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар хууль хэрэглээний алдааг засах нь зүйтэй.

 2.   Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1.-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, 111.2.1.-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд эд хөрөнгийг шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж тус тус зохицуулжээ.

 Хариуцагч Л.Баяржаргал өөрийн өмчлөлд байсан автомашиныг Д.Төгсбаярт худалдсан үндэслэлээр эд хөрөнгийг Д.Төгсбаярт шилжүүлсэн, хариуцагч Д.Төгсбаяр эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авсан боловч өмчлөлдөө бүртгүүлээгүй байсан тул Л.Баяржаргалаас олгосон итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч Ж.Мөнгөншагайтай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтын талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч нь худалдан авсан автомашины өмчлөгчийг Д.Төгсбаяр гэж тодорхойлон хариуцагч Л.Баяржаргалд холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг батлахдаа татгалзлын үндэслэлийг ойлгомжгүй тодорхойлсон байх тул найруулгыг зөвтгөх нь зүйтэй.

 3.   Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1., 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эрхтэй.

 Зохигчийн байгуулсан гэрээнд худалдагч баталгаат хугацаа тогтоогоогүй бөгөөд нэхэмжлэгч нь автомашинд анхны доголдол илэрсэн талаар тухайн машиныг худалдаж авсны маргааш худалдан авагчид мэдэгдсэн, улмаар засвар хийх явцад буюу худалдан авснаас хойш нэг сарын дараа доголдлыг илрүүлэн, засвар хийсэн боловч цаашид ашиглах боломжгүй гэж үзэж 2019.02.02-ны өдөр гэрээнээс татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлээгүй байна.

 Автомашины доголдлыг худалдан авагч автомашинд засвар хийх явцад илрүүлсэн тул дээрх доголдлыг худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үедээ мэдэх боломжгүй байсан гэж үзнэ.

 Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д зааснаар шаардах эрхээ алдсан гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1944 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/02492 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ..., 254 дүгээр зүйлийн 254.1., 254.6. дахь хэсэгт заасныг баримтлан... гэснийг ..., 205 дугаар зүйлийн 205.1., 256 дугаар зүйлийн 256.1.д заасныг баримтлан... гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч Ж.Мөнгөншагай нь хариуцагч Л.Баяржаргалд холбогдох шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Төгсбаярын өмгөөлөгч Б.Золзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Төгсбаярын өмгөөлөгч Б.Золзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Х.СОНИНБАЯР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                   П.ЗОЛЗАЯА

                                                 Б.УНДРАХ

                                                            Х.ЭРДЭНЭСУВД