Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2019/02492

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2019/02492

Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч:....... тоотод оршин суух Жгийн Мн /регистрийн дугаар ................... / нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................... тоотод оршин суух Лгийн Б /регистрийн дугаар ................. / 

 

 Хариуцагч:.................. тоотод бүртгэлтэй боловч .................... тоотод оршин суух Дийн Т /регистрийн дугаар ............./ нарт   холбогдох

 

“Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 6.050.000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд төлсөн 1.070.600 төгрөг, нийт 7.120.600 төгрөг”  гаргуулах  тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш, хариуцагч Д.Т, хариуцагч Л.Бын төлөөлөгч, Д.Тын өмгөөлөгч Б.З, нарийн бичгийн даргад  М.Оюу-Эрдэнэ  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  тайлбартаа:  Ж.М би Эрдэнэт хотод амьдардаг. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хотод ирж Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ттай “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан Toyota Raum маркийн 6679 УБЦ улсын дугаартай NCZ200057484 арлын дугаар бүхий суудлын авто машиныг 6,050,000 төгрөгөөр худалдан авсан. 2018 оны 11 сарын 10-ны өдөр буюу маргааш нь нутаг буцаж байх үед тээврийн хэрэгслийн жолоочийн хянах самбарын хэд хэдэн гэрэл асаад унтрахгүй байсан тул Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах авто тээврийн оношилгооны “Диагностик” төвд очиж оношилгоо хийлгэхэд солих шаардлагатай 10 нэр төрлийн эд анги байгаа нь тогтоогдсон. Тухайн үед Д.Ттай холбогдож уг асуудлыг хэлтэл “юу ч гэсэн  зургийг нь аваад Т гэх нэртэй фейсбүүк /www.facebook.com/ цахим хаяг руу явуулаад бай” гэж хэлсэн. Т гэх залуу нь машины ченж Д.Ттай зуучилж өгсөн хүн юм. Надад автомашинаар яаралтай амжуулах ажил гарсан байсан болохоор уг автомашинд засвар хийлгэж ажлаа амжуулъя гэж бодоод засвар хийлгэж эхэлсэн. Улмаар 2018 оны 11 сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 сарын 16-ны өдрийн хооронд засвар үйлчилгээ хийлгэж байх явцад худалдан авсан автомашин маань урьд нь осолд орж байсан гэдгийг мэдэж авсан юм. Засварын зардалд нийт 1,070,600 төгрөгийг өөрөөсөө гарган уг автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн.Үүнд: тээвриийн хэрэгсэл урд талаасаа мөргөлдөж үндсэн лонжром /мотор болон бусад эд анги боодог/ чихэгдсэн байсныг гагнуур хийлгээд одоо унаж болох байх гэж бодсон боловч тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг /хроп/ доголдолтой болох нь тогтоогдож D араандаа хийгээд хурд нэмэгдэхээр /1 дүгээр араанаас автоматаар 2, 3 араандаа ордог бөгөөд 3 араанаас шууд 1 дүгээр араа оуу буцдаг/ тоормослох болсон нь цаашид замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, аюултай байдалд болсон. Худалдах, худалдан авах гэрээний 4.1-т зааснаар худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч худалдагч тал тээврийн хэрэгслийг шилжүүлэх үедээ эдийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлж байгаагаа мэдэж байсан, мөн Д.Ттай утсаар ярьж засвар үйлчилгээнд зарцуулсан зардлыг шаардахад “шүүхдээд аваарай” гэх мэтчилэн хэл амаар доромжилсон. Иймд уг автомашиныг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалтай байгаа тул худалдах, худалдан авах гэрээний 4.7-д заасны дагуу гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 6,050,000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд төлсөн 1,070,600 төгрөг, нийт 7,120,600 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Хавтаст хэрэгт авагдсан фото зураг байгаа Энэ фото зураг нь 2018.12.19-ны өдөр засварын газарт аваачиж өгөөд авсан зураг байгаа, ялуу гэдэг юм дээр гаргаад өргөдөг энэ машин яагаад явахаа болчихвоо гэхээр шинжээч кроп нь эвдэрсэн байна гээд машиныг задалсан байгаа, гэхдээ зураг бол машиныг задлахаас өмнөх зураг байгаа. Үнэхээр М авч яваад осол хийсэн байсан бол гупер ч үгүй обуд ч үгүй юу ч үгүй зураг л байх байсан, гэтэл энэ машин бүрэн бүтнээрээ ялуу нь дээр гарсан байгаа. Худалдаж аваад 1 сарын дараа л кроп нь эвдэрсэн байгаа гэжээ.

 

Хариуцагч Л.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.З  шүүх хуралдаанд  гаргасан   тайлбартаа: Гэрээ Бтай байгуулагдсан байгаа, Б худалдах худалдан авах хэлцлээр Төгсбаярт машин шилжүүлэн өгсөн, гэхдээ гэрээ байгуулах үед итгэмжлэлээр шилжүүлсэн, худалдагч тал Б болсон. Төгсбаярын тухайд машиныг худалдан аваад Баас шилжүүлэн авахдаа бүрэн бүтэн байдлыг шалгаж авсан, авсныхаа дараа Мд өгсөн. Яг тогтоосон заавал оношилгоонд орох ёстой, хүлээлцсэн акт үйлдэх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.Хуулиар хүлээн авах, хүлээлгэж өгөх, энэ дээр шалган авах ёстой гэсэн зохицуулалт байга. Бид оношлогоогоор өгсөн гэж харагдаж байна, энэ хүмүүс 2018. 11.10-ны өдөр оношлогоонд орсон гэтэл оношлогоогоор нэр төрөл тодорхой зүйлүүд солих ёстой гэсэн болохоос биш, тэр зүйл дээр кроп, гол эд анги догодолтой холбоотой зүйлийг оношлогоонд бичээгүй байсан. Энэ тохиолдод танайх хүлээн аваад оношлогоонд оруулаад болж байна гээд ашиглаад ямар нэгэн байдлаар цуцлах үндэслэл байхгүй гээд ИХ-ийн 248.2-ээр хүлээгээд авчихсан байгаа. Танайх өөрсдөө оношлуулсан үйлдэл хийгээд байгаа, гэтэл оношлогоо хийхэд эвдрэлтэй байсан бол лонжром нь урдаас ороод ингэсэн гэсэн зүйл тэнд байхгүй, танайх өөрсдөө оношлогоо хийлгээд хүлээгээд авсан.Тэрнээс хойших асуудал бидэнд хамаагүй, та бүхэн өөрийнхөө эд хөрөнгийг эд ангийг нь солиулаад ашиглаад явах эрх нь бол нээлттэй тэр бол шинэ машин биш. 2018.11.11-ний өдрийн байдлаар танайх хүлээн авах үүргээ биелүүлсэн байна. Нэхэмжлэл гаргаснаас хойш 5 сард шинжээчийн дүгнэлт гарсан, дүгнэлт дээр кроп эвдрэлтэй байна гэж байгаа, эвдрэл тос, масло солиогүйгээс болдог, машиныг ердийн байдлаар ашиглах үүрэг танайд байгаа, шилжүүлээд авчихсан учраас бүх үүрэг танайд байгаа, гэтэл тос, масло сольсон гэдэг ямар тос, масло сольсон гэдгийг бид мэдэхгүй, оношлогоогоор хүлээгээд авчихсан учраас сольсон тос, маслаас болоод кроп эвдэрснийг бид мэдэхгүй. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар 400 км-т танайх унаад явсан байгаа, түүнээс тэдий хугацаанд эвдэрнэ, эвдрэхгүй байх гэдгийг шинжээч дүгнэлтээрээ гаргаагүй. Ямар ч гэсэн 400 км  яваад эвдрээгүй, цаашид эвдрэхгүй байх байсан гэдэг нь харагддаг. 10 нэр төрөл эд ангийн тухайд оношлогоогоор гараад сольсон байж болно тэр асуудалд бид маргаагүй, үүнээс үүдэлтэй танайх гэрээгээ цуцлаагүй, кроп эвдэрснээс гэрээгээ цуцална гэж тайлбарласан. 1. Хуулийн зохицуулалтаар Иргэний хуулийн 247.1, 248.2, 251.2-т зааснаар буюу автомашины чанарын талаар заагаагүй байгаа учраас гэрээнд зааснаар ашиглах боломжтой, доголдолгүй эд хөрөнгийг танайх аваад явсан. Тухайн эд хөрөнгийг шилжүүлсний дараа үр шим эрсдэл нь танайд шилжиж байна, ашиглаад тохиолдлоор хэзээ ч кроп гэмтсэн байж болно, гэмтсний эрсдэл танайд шилжсэн байна. ИХ-ийн 255.1.1-д зааснаар танайх оношлогоонд оруулаад авах боломжтой байсан, хүлээж аваад унаад явсан байна. Тээврийн хэрэгслийг эгч нь худалдаж авсан гэсэн, машин унах эрх ч үгүй хүн унаж явж байгаад эрсдэлтэй нөхцөл байдалтай байна, энэ байдлаараа танайх гэм буруутай байна. Танайх доголдолтой холбоотой 6 сарын дотор машиныг өгөх эрхтэй. Автомат кроп нэг араандаа буруу хийгээд явсан тохиолдолд л эвдэрдэг. Та нар нэгэнт хуучин машиныг бид нар хямд учраас худалдаж авсан гэж байна. Нэгэнт хүлээж авчхаад 6 сар дараа буцааж өгөх ёстой гэж ярьж байвал бид нар үгүйсгэж байна. Өнөөдөр машиныг унаж яваагүй гэдгийг нотлоогүй байна. Гэрээг цуцлах гэм буруутай нөхцөл байдал байхгүй байна гэв.  

 

Хариуцагч Л.Бын шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л овогтой Б би Ж.Мн гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. 2018 оны 10 сарын 28-ны өдөр Д овогтой Тт “Toyota Raum” маркийн 66-79 УБЦ дугаартай суудлын автомашинаа 4,450,000 төгрөгөөр худалдсан. Д.Т нь шар хадны зах дээр автомашин зардаг хүн юм. Тухайн үед машиныг авахдаа Д.Т автомашиныг бүрэн бүтэн хүлээж аваад явсан. Ийнхүү нотариат орж итгэмжлэл хийлгэсэн. Өөрийн нэр дээр машины гэрчилгээг заасан хугацаандаа шилжүүлж аваагүй байсныг би мэдээгүй. Ийнхүү машины нэр дээрээ шилжүүлж аваагүй байж Ж.Мд 2018 оны 11 сард уг машинаа худалдсан байна. Ж.М нь Д.Таас мөнгөө нэхэмжлэх байтал машин худалдсан мөнгө болон засвар үйлчилгээ хийлгэсэн төлбөр нийт 7,120,000 төгрөгөө гаргуулж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Би Ж.М гэх хүнийг огт танихгүй, уг хүнд машин зараагүй, мөн тулгаас нэг ч төгрөг аваагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хохирол төлбөрийг би хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч би Ж.Мд ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн. Ж.М нь дээрхи автомашиныг бүрэн бүтэн хүлээж аваад унаад явсан. 2018 оны 11 сараас хойш 7 сарын хугацаа өнгөрч байхад дээрхи автомашиныг ямар байдлаар ашиглаж байсныг би мэдэхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Би Баас Тоёото рам гэдэг машин худалдаж авсан, тухайн үед машиныг авахад янз бүр эдийн доголдол гэх тийм зүйл огт байгаагүй, урьд салхины шил жаахан цуурсан байсныг сольсон, гуперны будаг жаахан халцрахаа байсныг би будуулсан, засвараас аваад угаалганд дөнгөж өгөөд авах гэж байтал Т гэх хамт ажилладаг залуу Мгын найз гэх 2 залуу, таны машиныг хүн авъя гэж байна, яг ийм машин хайж байгаа гэнэ гэхээр нь за тэгвэл хүрээд ир ямар ч асуудалгүй машин байна гээд үзүүлсэн. Ингээд офицеруудын ордны хажуугийн Петровик гээд колонкийн дэргэд байж байна тэнд хүрээд ир гээд очиж үзүүлэхэд М эхнэртэйгээ,Т, Мгийн найз гээд Т гэх залуутай 4-лээ байсан. 4-лээ тухайн үед машиныг бүгд унаж үзсэн, бүх эд ангийг шалгаж үзсэн. Сайхан машин байна, болох юм байна, авъя гээд худалдах худалдан авах гэрээ хийгээд аваад явсан. Мн найз гэх Т гэх залуу нь дундаас нь 400,000 төгрөгийг цалин гэж ярьдаг, цалин гэж авсан байгаа. Тд би 400,000 төгрөг өгч байсан, Мгаас 6,050,000 төгрөг бэлнээр тоолж авсан. Эд нар тухайн машиныг бүрэн бүтэн шалгаж авсан, ингээд хол замд гарах гэж байгаа бол тос, масолыг нь сольчихоорой гэж сануулж хэлж байсан, ер нь ямар ч машин авч байгаа хүн цоо шинэ машин авч байгаа биш хуучин машин авч байгаа учраас тос, масолыг солих хэрэгтэй байдаг, ингээд л аваад явсан. Ингээд саяын өмгөөлөгчийн хэлж байгаагаар засварын зардал энэ тэр хуваах барих талаар ямар ч юм, юу ч ярьж байгаагүй. Т гэх залуу нь надад фэйсбүүкээр ийм юм бичиж байна гээд харуулж байсан. Тухайн үед хэлж байсан, рам гэх машины тухайд ер нь Монголд орж ирж байгаа машинууд нь ер нь шинэ машин биш, хуучин машины хувьд гэрэл нь асаад унтарч байх байдал байж л байдаг. Зүгээр явж байгаа машин хүртэл хянах самбартаа гэрэл асчихсан л явж байдаг. Хаалга нь цахилгаан автомат байдаг учраас тэрнээсээ үүдээд самбарт гэрэл асч л байдаг, түүнээс мотор, кропонд ямар ч нөлөөгүй гэв.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.М нь  хариуцагч Л.Бд  холбогдуулан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 6.050.000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд төлсөн 1.070.600 төгрөг, нийт 7.120.600 төгрөг”  гаргуулах  тухай  нэхэмжлэлийн шаардлага   шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.Үүнд:

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: хариуцагч Л.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Таар дамжуулан нэхэмжлэгч Ж.Мд 2018 оны 11 дүгээр сарын 09-нд  Toyota Raum 0 гэсэн марктай NCZ200057484 арлын дугаартай 66-79 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6.050.000 / зургаан сая тавин мянга/ төгрөгөөр  худалдаж, “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2019/03559 дугаар захирамжаар хамтран хариуцагчаар Д.Тыг иргэний хэрэгт татан оролцуулав./хх3-4/

Хариуцагч Л.Б нь дээрх 66-79 УБЦ улсын  дугаартай автомашиныг  2018 оны 10 сарын 28-ны өдөр хамтран хариуцагч Д.Тт  худалдсан  боловч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээ байгуулагдаагүй харин худалдагч Л.Б нь худалдан авагч Д.Тт итгэмжлэлээр... тус автомашиныг худалдах, бэлэглэх ,арилжих, зээлийн барьцаанд тавих... бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, авто тээврийн газарт нэр шилжүүлэх, холбогдох бичиг баримт хүлээн авах, гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг 6 сарын хугацаатай олгож тээврийн хэрэгслийг шилжүүлсэн болох нь хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан 2018 оны 10 сарын 28-ны өдрийн итгэмжлэл зэргээр  нотлогдсон ба үүний дагуу хариуцагч Д.Т нь нэхэмжлэгч Ж.Мд автомашиныг худалджээ.       

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт ”Худалдах –худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө,түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ“ гэж заасан ба   гэрээний гол шинж бол  худалдагч  нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнэ төлсөн байхыг ойлгоно. 

Иймд Ж.М, Д.Т нарын  хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзлээ.

            Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Таас Toyota Raum 0 гэсэн марктай  66-79 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахад  өмчлөгч нь Л.Б байсан бөгөөд худалдан авагч Ж.М нь автомашиныг өөрийн нэр шилжүүлж аваагүй боловч өөрийн эзэмшилд авч замын хөдөлгөөнд оролцож байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа  бөгөөд  талууд гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, харин  биет байдлын  доголдолын  талаар маргаж байна./хх5-6/

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар бол худалдах худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүйд тооцохоор, энэ хуулийн 253.1, 254.1-д худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр эсхүл худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх эсхүл гэрээг цуцлах талаар шаардлага гаргах эрхтэй талаар зохицуулсан. 

 

Талуудын хооронд байгуулсан  “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн  4.1-д ”худалдагч нь эрхийн зөрчилгүй,биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй тээврийн хэрэгслийг шилжүүлэх” гэж, 4.2-т “ худалдагч тал худалдаж байгаа тээврийн хэрэгслийн чанар,ашиглах хугацаанд гарсан элэгдэл болон доголдол, хадгалах хэрэглэх, тээвэрлэх журам нөхцөл журам, батлгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үэнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй “ гэж, 4.5-д” худалдсан тээврийн хэрэгсэл нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй “ гэж, 4.7-д “ худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй “ гэж эрх үүргийн  талаар тусгажээ.

Нэхэмжлэгч талаас:  худалдаж авсан Toyota Raum 0 гэсэн марктай  66-79 УБЦ улсын дугаартай автомашиныг  зориулалтын дагуу буюу өдөр тутмын хэрэгцээнд ашиглан унаж хэрэглэх шаардлага хангахгүй, засвар үйлчилгээ хийлгэх явцад энэ машин урьд нь осолд орж байсанг мэдсэн , кропны үйл ажиллагаанаас болоод зам тээврийн осол болох үүний улмаас бусдын ам нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсч болохоор байгаа тул тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг цуцалж, автомашины үнэд төлсөн 6.050.000  төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд төлсөн 1.070.600 төгрөг, нийт 7.120.600 төгрөг гаргуулна гэж  хууль болон гэрээнд заасны дагуу  шаардсан,

хариуцагч талаас эс зөвшөөрч Баас Тоёото рам гэдэг машин худалдаж авсан, тухайн үед машиныг авахад янз бүр эдийн доголдол гэх тийм зүйл огт байгаагүй, урьд салхины шил жаахан цуурсан байсныг сольсон, гуперны будаг жаахан халцрахаа байсныг будуулсан, 4-лээ тухайн үед машиныг бүгд унаж үзсэн, бүх эд ангийг шалгаж үзсэн. Сайхан машин байна, болох юм байна, авъя гээд худалдах худалдан авах гэрээ хийгээд аваад явсан. Доголдолгүй эд хөрөнгө худалдсан гэж  тайлбарлажээ.

Хавтаст хэрэгт авагдсан “Авто-мастер төв” ХХК-ийн 2019.5.31-ний өдрийн 19/115 тоот шинжээчийн дүгнэлтийн 8-д “ энэхүү автомашин  өмнө нь зам тээврийн осолд орж урд талаасаа ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл авч засварлагдаж байсан байна.Зам тээврийн ослын улмаас автомашины урд хэсэгт, арал их биений үндсэн эд анги болох лонжеронд гэмтэл үүссэн ба шаардлага хангах хэмжээний засварлагдаагүй гэсэн  мөн  гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хариуцагч Д.Тын худалдсан Toyota Raum 0 маркийн  тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч  Ж.Мг худалдаж авахаас нь өмнө  биет байдлын доголдолтой  байсан болох  нотлогдож байна. / 62-63/

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь худалдаж авсан автомашиныхаа 10 нэр төрлийн эд ангийг сольж засвар үйлчилгээ хийлгэж 1.070.600 төгрөгийн зардал гаргаж өдөр тутмын хэрэгцээнд ашиглан унаж хэрэглэх  гэсэн боловч боломжгүй байсан ба шүүхийн шатанд тухайн тээврийн хэрэгсэлд шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад   худалдагдах үедээ замын тээврийн осолд орсон, эд ангийн хувьд эвдрэл гэмтэл авсан   байсан нь тогтоогдсон ба Toyota Raum 0  маркийн автомашины биет байдлын доголдол нь Ж.Мг худалдаж авахаас өмнө нь байсан, энэ доголдол нь түүнийг шилжүүлэн авснаас хойш буюу Д.Тын шилжүүлэн өгснөөс хойш илэрчээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж энэ  хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т ”Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус  заасан ба талуудын хооронд байгуулсан  “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн  4.1-д ”худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн  маргаангүй тээврийн хэрэгслийг шилжүүлэх ”-ээр гэрээндээ тохиролцсон атал худалдагч Д.Т нь энэ гэрээний үүргээ зөрчиж, замын тээврийн осолд орсон, эд ангийн хувьд эвдрэл гэмтэл авч  байсан автомашиныг  нэхэмжлэгч Ж.Мд шилжүүлжээ.

 

Иймд түүнийг биед байдлын доголдолтой эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэл худалджээ гэж шүүх үзсэн ба худалдагч Д.Т нь нэхэмжлэгч Ж.Мд худалдсан тээврийн хэрэгслийг зам тээврийн осолд орж байсан болон эд ангийн эвдрэл гэмтлийн талаар гэрээний 4.2-т зааснаар үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй байна.

    

Иргэний хуулийн 254 дүгээр 254.1-д ”Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж, 254.6-д “ Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Худалдан авагч М нь Toyota Raum 0 маркийн   66-79 УБЦ  улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг 2018 оны 11 сарын 09-нд  худалдан эзэмшилдээ авч  2018 оны 12 сарын 19-н хүртэл замын хөдөлгөөнд оролцох явцад нь машинд доголдол илэрсэн тул  2019 оны 02 дугаар сарын 13-нд шүүхэд Toyota Raum 0 маркийн автомашин худалдах худалдан авах гэрээг цуцалж, автомашины үнэд төлсөн 6.050.000  төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд төлсөн 1.070.600 төгрөг, нийт 7.120.600 төгрөг гаргуулна гэж  хууль болон гэрээнд заасны дагуу  шаардлага гаргаж буй нь дээрх хуулийн 254.6-д заасан  хугацаа болох зургаа /6/ сарын дотор гэсэн заалтад нийцэж байна.

 

Хариуцагч Д.Т нь нэхэмжлэгч Ж.Мг тээврийн хэрэгсэлийг худалдаж авснаас хойш буюу ашиглах явцдаа эвдрэл гэмтэл учруулсан гэж тайлбарлах боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 256.3-т “Гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь, дагалдах эд хөрөнгө нь доголдолтой бол гагцхүү тэр хэсгээр нь гэрээг цуцалж болно” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Ж.М нь худалдаж авсан тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осолд орж гол эд анги нь эвдрэл гэмтэл авсан тул цаашид ашиглах боломжгүй, зам тээврийн осол болох үүний улмаас бусдын ам нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсч болохоор байгаа гэж үзэж тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг цуцалж, автомашины үнэд төлсөн 6.050.000  төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд төлсөн 1.070.600 төгрөг, нийт 7.120.600 төгрөг гаргуулна гэж    шаардсан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бол нэхэмжлэгч Ж.М нь худалдаж авсан автомашиндаа 10 нэр төрлийн засвар үйлчилгээ хийлгэж 1070.600 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдсон ба хариуцагч Д.Т нь нэхэмжлэгчээс 6.050.000 төгрөгийг авсан талаар маргаагүй ба худалдан авсан тээврийн хэрэгсэл нь Орхон аймагт нэхэмжлэгчийн эзэмшилд хадгалагдаж байна.

 

Талуудын шүүхэд ирүүлсэн  болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай,ач холбогдолтой байна гэж үнэлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгаа тул Иргэний  хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, Toyota Raum 0 маркийн   66-79 УБЦ  улсын дугаартай автомашины төлбөрт төлсөн 6.050.000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд гарсан зардал 1.070.600 төгрөг, нийт 7.120.600 төгрөгийг хариуцагч Д.Таас гаргуулахаар шийдвэрлэсэн ба худалдан авсан тээврийн хэрэгсэл нь Орхон аймагт нэхэмжлэгч Ж.Мн эзэмшилд хадгалагдаж байх тул түүнээс буцаан гаргуулж хариуцагч Д.Тт олгохоор тогтоов.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Л.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад түүнд гаргасан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 6.050.000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд гарсан зардал 1.070.600 төгрөг, нийт 7.120.600 төгрөг “ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь хуульд харшилаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.        

        

Шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ний өдрийн 184/ШЗ2019/08744 дугаар захирамжаар  хариуцагч Д.Тын  ХААН банкин дах 5429197415 тоот дансны зарлагын хөдөлгөөн болон эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 7120.000 /долоон сая нэг зуун хорин мянга/ төгрөгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсанг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128.900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Таас улсын тэмдэгтийн хураамжил 128.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мл олгов.

олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Д.Т нарын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Д.Таас 7.120.600 / долоон сая нэг зуун хорин мянга зургаан зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Мд олгож,нэхэмжлэгчээс   Toyota Raum маркийн 6679 УБЦ улсын дугаартай NCZ200057484 арлын дугаар бүхий суудлын авто машиныг  буцаан гаргуулж, хариуцагчид Д.Тт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар Ж.Мн нэхэмжлэлтэй  хариуцагч   Л.Бд холбогдох “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 6.050.000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэхэд төлсөн 1.070.600 төгрөг, нийт 7.120.600 төгрөг”  тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж.М  нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Тын /регистрийн дугаар ЕЛ78062511/ ХААН банкин дах 5429197415 тоот дансны зарлагын хөдөлгөөн болон эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 7120.000 /долоон сая нэг зуун хорин мянга/ төгрөгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ний өдрийн 184/ШЗ2019/08744 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 128.900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Төгсбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 128.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Мд  олгосугай.

 

5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

    

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОЮУНЖАРГАЛ