Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1442

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 26 өдөр

  Дугаар 101/ШШ2018/01442

                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 220 мянгат гудамж, 25 дугаар байр, 13 тоот хаягт оршин суух, Мартай овогт П-ийн Ө -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр, 211 тоот хаягт оршин суух, Алаг адуу овогт Ц-ын Б -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 31.289.718 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч П.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

П.Ө нь 2014.07.31-ний өдөр Ц.Бд 5000 еврог 2014.08.01-ний өдрөөс 2014.10.01-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, 1 сарын 1.200.000 төгрөгийн хүүтэйгээр зээлүүлсэн. Гэрээний зүйл 5000 еврог 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ц.Бгийн ХААН банк дахь 5******* дансанд шилжүүлсэн.

Ц.Б нь зээл авсан өдрөөс хойш дараах төлбөрийг төлсөн. Үүнд:

2014.09.01-ний өдөр 1.250.000 төгрөг, 2014.10.01-ний өдөр 1.250.000 төгрөг, 2014.11.01-ний өдөр 1.250.000 төгрөг, 2014.12.15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 5.750.000 төгрөг  төлсөнтэй маргахгүй.

Төлбөр төлөх хугацаа хэтрээд зээлээ төлөхийг шаардахад машин сайн зарагдахгүй байна, тэгж байгаад өгнө гэсээр багагүй хугацаа өнгөрсөн. Ингээд зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тул 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ц.Б нь зээл авсан, төлбөр төлөх тухайгаа баталгаажуулж тодорхойлолт бичиж өгсөн болно.

Зээлдэгч Ц.Б нь 2014 оны 01 дүгээр сараас хойш хүүгийн болон үндсэн зээлийн төлбөрт нэг ч төгрөг нэмж төлөөгүй тул дараах зүйлийг нэхэмжилж байна.

Ц.Б нь гэрээгээр тохиролцсон хугацаанд үүргээ биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй тул түүнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна.

Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тул үндсэн зээлийн төлбөр 5000 евро, 2014.07.31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 5-д зааснаар валютын ханшийн өөрчлөлтийг харгалзахгүйгээр 1 сарын хүүг 1.200.000 төгрөг байхаар тооцсон ба зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2015.02.01-ний өдрөөс хойш тооцсон хүүг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг баримтлан 1 сарын хүүг 3 хувиар тооцсон болно.

Хүүгийн төлбөрийг 5000 еврогийн 1 сарын хүү 3 хувь, 1 сарын хүүд оногдох мөнгөн дүн 150 евро, нийт хүүгийн төлбөр бодогдох сар нь 2015.02.01-ний өдрөөс 2018.03.01-ний өдөр хүртэлх хугацааны хүү 37 сар, нийт төлөх хүүгийн төлбөрийн дүн 5550 евро, нийт нэхэмжлэлийн шаардлагын дүн 10.550 евро буюу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны албан ханш 1 евро нь 2.965.84 төгрөгөөр тооцсон.

Хэтэрсэн хугацааны хүүг дундаж ханшаар тооцсон. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээнд талууд гарын үсэг зурсан, наториатаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ юм. Гэрээнд алданги тохиролцсон боловч нэхэмжлээгүй, хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжилсэн.

П.Ө нь өөрийн хадгаламжинд байсан 5000 еврог аваад Ц.Бд өгөх гэтэл валютын дансгүй гэсэн учир монгол төгрөгт шилжүүлэн өгсөн.

Иймд Ц.Бгээс үндсэн зээлийн төлбөр 5000 евро, 37 сарын хэтэрсэн хугацааны хүү 5550 евро, нийт 10.550 евро буюу 31.289.718 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ц.Б нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж П.Өгаас 5000 евро буюу 12.550.000 төгрөгийг дансаар авсан. Дансаар шилжүүлэхдээ машины төлбөр П.Өгаас гэж хийсэн байсан.

Зээлийн гэрээгээр 2 сарын хүү төлөхөөр тохиролцсон, үүнийг зөвшөөрч байгаа бөгөөд Ц.Б нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзэж байгаа болно.

Зээлийн гэрээг байгуулах үед П.Өгийн зүгээс  хүүг нь 10 хувь хүүтэйгээр зээлүүлнэ гэж хэлсэн. Зээлийн хүүг хэтэрхий өндөр байгаа талаар хэлж байсан. Ер нь бол иргэд хоорондоо мөнгө зээлэхдээ 4 хувь, эсхүл 5 хувийн хүүтэй зээлдэг. Сарын 10 хувийн хүү гэдэг бол хэтэрхий өндөр хүүтэй гэж бодож байгаа   Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар талууд сарын 10 хувийн хүү тохиролцсон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон тул шүүхээс зээлийн хүүг сарын 5 хувь болгон багасгаж өгөхийг хүсч байна.  

Талууд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийж, үүний дагуу хүү шаардах ёстой. Зээлийн гэрээг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан тул П.Ө нь энэ хугацааны хүүг  нэхэх ёстой гэж бодож байна. Бичгээр хүү төлөхөөр гэрээнд тусгаагүй тул хэтэрсэн хугацааны хүү шаардсаныг, мөн энэ хүүг 3 хувиар тооцож 37 сарын хүүнд 5550 евро нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 П.Өд зээлийн төлбөрт 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1.250.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1.250.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.250.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 5.750.000 төгрөг төлсөн.

Иймд П.Өгийн 31.289.718 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 7.804.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул үлдэх 23.485.418 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.     

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ө нь хариуцагч Ц.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31.289.718 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч П.Ө нь 5.000 еврог 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 10 хувийн  хүүтэй зээлдүүлэх,

 Зээлдэгч Ц.Б нь ХААН банкны 5******* дансаар 5.000 еврог  хүлээн авч, зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөх, сар бүрийн хүүгийн хэмжээг ханшнаас харгалзахгүй 1.200.000 төгрөгөөр тооцох, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алдангийг зээлдэгчид  төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан байна. 

/хх-ийн 4 дүгээр тал/

 

Гэрээний зээлдүүлэгч талд П.Ө, зээлдэгч талд Ц.Б нар гарын үсэг зурсан, дээрх зээлийн гэрээний талаар талууд шаардлага гаргаагүй тул уг зээлийн гэрээг талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан, тухайн гэрээнийхээ агуулгыг өөрсдөө тодорхойлсон гэж үзэх үндэстэй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т:” Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 5000 еврог 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй буюу сарын хүүг 1.200.000 төгрөг байхаар тогтоосон зээлийн гэрээ байгуулагдсан, П.Ө нь 5000 еврог бус  12.550.000 төгрөгийг гэрээний гэрээний 5-т заасан Ц.Бгийн ХААН банкны 5******* дансаар Ц.Бгийн өмчлөлд шилжүүлсэн,

Ц.Б нь гэрээний зүйлийг хүлээн авч, гэрээний үүрэгт 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1.250.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1.250.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.250.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 5.750.000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.

 

Хариуцагч Ц.Б нь зээлийн хүүг хэт өндөр тогтоосон тул зээлийн хүүг сарын 5 хувь болгох, хүү төлөх талаар бичгээр тохиролцоогүй тул хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй, 5.750.000 төгрөг эргүүлэн төлсөн  тул нэхэмжлэлийн шаардлагаас 7.804.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх   23.485.418 төгрөгийг зөвшөөрөхгүй маргажээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т :”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч П.Ө, хариуцагч Ц.Б нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй буюу сарын хүүг 1.200.000 төгрөг байхаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Нэгэнт талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх тул хариуцагчийн тайлбараар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний хүүг 5 хувь болгон багасгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч П.Ө нь 2015.02.01-ний өдрөөс 2018.03.01-ний өдөр хүртэлх хэтэрсэн хугацааны 37 сарын хүүд 5550 евро нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ,

Хариуцагч Ц.Б нь зээлийн хүү нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэх татгалзлын үндэслэлээ нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нь зээлийн хүү зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ тус тус хэрэгжүүлсэнгүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д ”Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж зааснаас үзэхэд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу хариуцагч Ц.Бгээс 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 1.250.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 1.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 1.000.000 төгрөг, нийт 3.250.000 төгрөгийг нэхэмжлэгч П.Өд төлснийг үндсэн зээл 12.550.000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүд хариуцагч Ц.Б нь 2.500.000 төгрөг төлсөн байгааг гэрээний хугацааны хүү буюу үнэ төлөгдсөн гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч Ц.Бгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9.300.000 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.989.718  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ц.Бгээс 9.300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.989.718 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ц.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 163.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Өд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОНГЭРЭЛ