Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1438

 

П.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/01442 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Ө-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 31 289 718 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч П.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б-д 5000 еврог 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, 1 сарын 1.200.000 төгрөгийн хүүтэйгээр зээлүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нийт 5.750.000 төгрөг төлсөнтэй маргахгүй. Хүүгийн төлбөрийг 5000 еврогийн 1 сарын хүү 3 хувь, 1 сарын хүүд оногдох мөнгөн дүн 150 евро, нийт хүүгийн төлбөр бодогдох сар нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хүү 37 сар, нийт төлөх хүүгийн төлбөрийн дүн 5550 евро, нийт нэхэмжлэлийн шаардлагын дүн 10.550 евро буюу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны албан ханш 1 евро нь 2.965,84 төгрөгөөр тооцсон. П.Ө нь өөрийн хадгаламжинд байсан 5000 еврог аваад Ц.Б-д өгөх гэтэл валютын дансгүй гэсэн учир монгол төгрөгт шилжүүлэн өгсөн. Иймд Ц.Б-с үндсэн зээлийн төлбөр 5000 евро, 37 сарын хэтэрсэн хугацааны хүү 5550 евро, нийт 10.550 евро буюу 31.289.718 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ц.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Б нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж П.Ө-с 5000 евро буюу 12.550.000 төгрөгийг дансаар авсан. Дансаар шилжүүлэхдээ машины төлбөр П.Ө-с гэж хийсэн байсан. Сарын 10 хувийн хүү гэдэг бол хэтэрхий өндөр хүүтэй гэж бодож байгаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар талууд сарын 10 хувийн хүү тохиролцсон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон тул шүүхээс зээлийн хүүгсарын 5 хувь болгон багасгаж өгөхийг хүсч байна. П.Ө-д зээлийн төлбөрт 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1.250.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1.250.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.250.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 5.750.000 төгрөг төлсөн. Иймд П.Ө-ийн 31.289.718 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 7.804.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул үлдэх 23.485.418 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ц.Б-с 9.300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.989.718 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ц.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 163.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ө-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч П.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Ц.Б нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч П.Ө-д бичиж өгсөн тодорхойлолт бичигтээ "Ц.Б би П.Ө-ийн өрийг барагдуулна" гэж хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Түүнчлэн зээлийн гэрээний хугацаа дуусч хариуцагч Ц.Б нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тодорхойлолт бичиг хийж өгсөн болно. Талуудын аман тохиролцоо, энэхүү тодорхойлолт бичигт дурдсан хүсэл зоригоос зээлдэгч Ц.Б нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтээ: зээлдүүлэгчид илэрхийлсэн, зээлдүүлэгч хүсэлтийг хүлээж авснаар зээлийн гэрээ сунгагдсан гэж үзнэ. Өмнө бичгээр байгуулсан гэрээг талууд амаар тохиролцож сунгасан тул 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд тусгагдсан талуудын тохиролцоо хэвээр хадгалагдана. Дээрх бүгдээс дүгнэхэд талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан "Зээлийн гэрээ" нь зээлдэгч буюу хариуцагч Ц.Б нь гэрээнээс татгалзах саналаа мэдэгдсэн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэж үзэх нь зүйд нийцнэ. Хариуцагч Ц.Б-с 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хүүнд төлсөн мөнгийг үндсэн зээлээс суутгаж шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд Ц.Б-с зээлийн хүүнд төлсөн нийт 5.750.000 төгрөгөөс хасч тооцсон 3.250.000 төгрөгийг зээлийн хүүгийн төлөлтөд тооцох, үндсэн зээлээс хангаж шийдвэрлэсэн 9.300.000 төгрөг дээр дутуу тооцсон 3.250.000 төгрөгийг нэмж тооцуулж, нийт 6.500.000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч П.Ө нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31 289 718 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч П.Ө нь хариуцагч Ц.Б-д 5 000 еврог 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн  хүүтэйгээр зээлдүүлэх, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тус тус тохиролцсон, гэрээний зүйлийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ц.Б-н  ХААН банкны 5025620500 тоот дансаар шилжүүлэн өгсөнөөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагджээ. /хх-ийн 4, 6/

Ц.Б нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5000 еврог бус тухайн үеийн ханшаар 2 499,37 төгрөгт /www.mongolbank.mn/ хөрвүүлж 12 550 000 төгрөгийг П.Ө-с хүлээн авсан байх боловч гэрээгээр гэрээний зүйл нь 5 000 еврог зээлдүүлэхээр тохиролцсон, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 000 еврог зээлдэж авсан талаар тодорхойлолтт гаргасан /хх-ийн 8/ зэргээс үзэхэд талуудын хооронд 5 000 еврогийн хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын хооронд 5 000 еврог бус 12 550 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 Хариуцагч нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 250 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 250 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1 250 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 5 750 000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар тогтоогдсон ба зээлийн гэрээний хугацааны хүү 2 500 000 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 4, 19 дүгээр тал/ 

Хариуцагч Ц.Б зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 1 250 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөг, нийт 3 250 000 төгрөгийг нэхэмжлэгч П.Ө-д төлсөн нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт нийцэж байх тул өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн үүргээ  хариуцагч нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б нь үндсэн зээл 5000 еврог төлөх үүрэгтэй тул нэхэмжлэл гаргах  үеийн Монгол банкнаас зарласан ханшаар 2.965,84 төгрөгөөр бодож, нийт 14 829 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

Зээлийн гэрээгээр 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүү тооцох талаар бичгээр гэрээ байгуулаагүй байх тул хариуцагчаас 37 сарын хэтэрсэн хугацааны хүү 5 550 еврог гаргуулах нэхэмжлэгчийн тайлбар  үндэслэлгүй байна.

Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.