Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 201/МА2018/00020

 

МАГАДЛАЛ

2018      07         04                                        201/МА2018/00020

                                        А.А-н нэхэмжлэлтэй,

                             О.Ц-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00449 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Д-н давж заалдах гомдлоор А.А-н нэхэмжлэлтэй, О.Ц-д холбогдох “Өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг сэргээлгэх” тухай иргэний хэргийг 2018 оны 06 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.А нь Дорнод аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “Хишиг хотхон”-ы зүүн урд байрлах 1-01, 2-02 тоот гэр бүлийн хэрэгцээний газруудыг өмчилдөг юм. Дээрх газруудын залгаа 2 газрыг О-н Ц гэж хүн өмчилдөг болохыг мэдээд худалдаж авахыг хүссэн. Тэгээд 2016 оны 8 дугаар сард түүнтэй холбогдож тус газруудаа худалдах талаар асууж ярилцсан. Тухайн үед Ц бид хоёр үнэ дээрээ тохиролцоогүй. Хэд хэдэн удаа уулзсаны эцэст Ц нь надад 26 000 000 төгрөг хэрэгтэй байна. 26 000 000 төгрөгөөр л зарна гэж хэлсэн. Гэтэл би 20 000 000 төгрөгөөр худалдаж авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. 2016 оны 11 сард Ц над руу утсаар залгаад надад Бунханд гурван айлын газар байна. Түүнийг нэмж аваад 26 000 000 төгрөг өгчих гэж хэлсний дагуу бид хоёр Бунхан дахь газруудыг нь очиж үзээд түүний хэлсний дагуу худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үед Ц нь Улаанбаатар хотод байсан. Гэрээ хийх болон газрын гэрчилгээг шилжүүлж өгөхөөр Дорнодод очиж амжихгүй байна гээд Дорнод аймагт байдаг дүү П-т гэрээнд гарын үсэг зурах эрх олгож итгэмжлэл өгье гэж хэлсэн. Ингээд 2016 оны 11 сард Ц-тэй түүний өмчлөлийн таван айлын газрыг 26 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд 2016 оны 12 сарын дундуур Ц-н дүү П нь итгэмжлэл аваад надтай ирж уулзсан бөгөөд баталгаатай болгох үүднээс бичгээр баталгаа хийсэн. Уг баталгаанд намайг 26 000 000 төгрөгийн 60 хувийг өгсний дараа газар худалдах худалдан авах гэрээгээ байгуулж, нотариатаар батлуулаад өмчлөх эрхийг шилжүүлнэ. Ц нь тус газруудыг А надаас өөр хүнд худалдахгүй гэсэн агуулгыг тусгасан. Би 2017 оны 02 сар гэхэд нийт 12 000 000 төгрөг, 2017 оны 3 сард 2 000 000 төгрөг, 2017 оны 4 сард мөн 1 000 000 төгрөгийг П-т өгсөн. Ингээд 2017 оны 03 сарын 10-ны өдөр Дорнод аймгийн сумын баг дугаар байшингийн зүүн талд байрлах 4-09, 4-11 тоот газруудыг худалдах худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Үлдсэн гурван газрын гэрээгээ байгуулъя гэхэд П нь эгч үлдсэн гэрчилгээнүүдээ аваад удахгүй ирнэ. Тэгээд гэрээгээ байгуулаад эрхээ шилжүүлж авна биз дээ. Та харин газар дээрээ юмаа барьж болно шүү гэж хэлсэн. Үүний дагуу би тус газрууд дээр хашаа, байшин объектоо барьж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үлдсэн гурван газрын гэрчилгээ нь ирэхгүй их удсан бөгөөд 2017 оны 8 сард авч ирээд газар худалдах, худалдан авах гэрээгээ П-тэй 2017 оны 8 сарын 02-ны өдөр байгуулж нотариатаар батлуулсан. Би 2017 оны 8 сарын дундуур 11 000 000 төгрөгт тооцож 11 тооны тугалтай үнээг О.Ц-д өгөхөөр тохиролцож, тэр даруй түүнийг П-т хүлээлгэж өгсөн. Ингээд гэрээний дагуу газруудын төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Би өөрийнхөө дээрх газруудын өмчлөгч нь болсон гэж үзэж байгаа. 2017 оны 9 сараас 12 сар хүртэл хөдөө ажлаар яваад өмчлөх эрхээ бүртгүүлж амжаагүй явсан. Нэгэнт газар худалдах, худалдан авах гэрээг байгуулж нотариатаар батлуулсан. Төлбөр мөнгөө бүрэн төлчихсөн учраас нэг завандаа Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт очиж өмчлөх эрхээ шилжүүлнэ гэж бодож явсан. Ингэж явсаар 2018 он гарсан бөгөөд Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст очиж газруудын өмчлөх эрхээ шилжүүлж авахаар хүсэлт гаргасан боловч улсын бүртгэгч нь надад хандаж, таныг бүртгэх боломжгүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас уг газруудад шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байна. Шүүхээр өмчлөгч нь мөн гэдгээ тогтоолгоод ирвэл бүртгэж болно гэсэн хариу амаар өгсөн. Энэ шийдвэрээ бичгээр гаргаж өгөөч гэсэн боловч таны нэр дээрх газар биш учраас тэгэх боломжгүй гэж хэлсэн. 2017 оны 03 сард болон 08 сард нотариат дээр гэрээ хийж байхад тус газрууд нь ямар нэгэн асуудалгүй, эрхийн зөрчилгүй байсан. Тус газрууд нь О.Ц-н өмч биш бөгөөд газар худалдах, худалдан авах гэрээний дагуу А миний өмч болсон гэж үзэж байна. Иймд Дорнод аймгийн сумын баг, “Хишиг хотхон”-ы зүүн урд байрлах 1-02 тоот 2106026387 нэгж талбарын дугаартай 700 мкв талбайтай газрыг, мөн 2-01 тоот 2106026323 нэгж талбарын дугаартай 700 мкв талбайтай газрыг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, 50 дугаар байшингийн зүүн талд байрлах 4-09 тоот 2106026002 нэгж талбарын дугаартай 700 мкв талбайтай газрыг, мөн 4-11 тоот 2106026004 нэгж талбарын дугаартай 700 мкв талбайтай газрыг, мөн 4-12 тоот 2106026005 нэгж талбарын дугаартай 700 мкв талбайтай газруудыг А миний өмч мөн болохыг тогтоож, өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А нь Ц-н 5 газрыг худалдан авах хүсэлтэй байсан бөгөөд үнийн дүн дээр тохиролцохгүй явсаар 2017 оны 8 сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан байдаг. Нотариатаар батлуулах эрхийг Ц нь дүү П-т олгож А-н өмчлөлд шилжүүлэх хүчин төгөлдөр хэлцэл хийсэн. Энэ хугацаанд Ц нь Улаанбаатар хотод амьдардаг байсан тул А нь газраа нэр дээрээ шилжүүлж чадаагүй. Гэтэл 2017 оны 9 сард шүүхийн шийдвэрээр тус газруудыг битүүмжилснийг мэдсэн. А нь улсын бүртгэлийн газарт очсоны дараа хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгаа тохиолдолд заавал Ц-тай хамт ирж бүртгүүлэх шаардлагагүй байсан гэдгийг мэдсэн. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар очиход танд мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тул эрх нь зөрчигдсөн гэж үзэж өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. А нь Ц-тэй холбогдоход Ц нь “ЖЗ” нэртэй замын үйл ажиллагаа эрхэлдэг компанийн захирлаар ажилладаг бөгөөд компанийн өр төлбөрөөс болж дээрх 5 газрыг Ц-н хуваарьт хөрөнгө гэж үзээд битүүмжлэх ажиллагаа хийгдсэн гэж хэлсэн. Ц нь тайлбартаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа хийгдэж “ЖЗ” ХХК нь өр төлбөрөө барагдуулж ажил гүйцэтгэх тухай тендерт оролцож байгаа. Өр төлбөрөө графикийн дагуу барагдуулж байгаа тул А-н газраар өр төлбөрийг барагдуулах шаардлага байхгүй гэсэн байсан. “ЖЗ” компани нь нэг хүний компани тул хуваарьт хөрөнгөөр нь өр төлбөрийг барагдуулах хуулийн зохицуулалтын дагуу тухайн газруудыг битүүмжилсэн байсан. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь хийх ёстой ажлаа дарааллын дагуу хийсэн болохоос биш өр төлбөрийг барагдуулахгүй байгаа асуудал байхгүй. “ЖЗ” компанид холбогдох шүүхийн шийдвэр дээр уг газрыг барьцаалсан эсхүл уг газраар өр төлбөрийг барагдуулна гэсэн зүйл байдаггүй гэжээ.

            Хариуцагч О.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Ц би А-н гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хувьд нэхэмжлэлийг эсэргүүцэх зүйл байхгүй. Анх 2016 оны намар А гэдэг хүн над руу залгаад Б-н хаусны дэргэдэх нэг га газраа зарах уу гэж асуусан. Би тэгэхэд нь зарах бодолгүй байгаа. Хэрэв зарах юм бол салгаж зарахгүйгээр хоёр газраа хоёуланг нь зарна гэж хэлсэн. Ингээд хэд хоногийн дараа над руу залгаад хоёр газрыг чинь худалдаж авъя гэж хэлсэн. Би 30,0 сая төгрөгөөр зарна гэхэд үнэтэй байна. Хямдруулаад өгөөч. 20,0 сая төгрөгөөр авъя гэж надад хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ маш их байсан тул Б дахь өөрийн өмчлөлийн гурван газраа нэмээд 30,0 сая төгрөгт тооцож зарах саналыг хэлэхэд А зөвшөөрөөгүй. Тэгээд би аргагүй эрхэнд 4,0 сая төгрөгөөр буулгаж нэхэмжлэлд дурдсан 5 газрыг нийт 26,0 сая төгрөгөөр зарахаар болсон. Тухайн үед би Улаанбаатар хотод ажилладаг байсан тул Дорнод аймагт очиж гэрээ хийх, газрын гэрчилгээг шилжүүлэх зав, боломж байгаагүй. Ингээд Дорнодод байдаг дүү П-д итгэмжлэл өгч явуулсан. А-д газар зарах тохиролцоог 2016 оны 12 сарын орчим амаар хийсэн. А он гаргаад газрынхаа мөнгийг эхнээс нь өгч эхэлсэн. Ингэж төлсөөр 2016 оны 09 сард газрынхаа мөнгийг бүрэн төлж дуусгасан. Уг нь тухайн үед А нь худалдах, худалдан авах гэрээгээ улсын бүртгэл дээр авч очоод газруудынхаа нэрийг өөрийн нэр дээр шилжүүлэх боломжтой байсан. Яагаад одоо болтол өөрийн нэр дээр шилжүүлэхгүй явсныг би мэдэхгүй байна. Саяхан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас намайг дуудаад А-т зарсан газруудыг битүүмжилнэ, хурааж авна гэж хэлсэн. Би уг нь наад газрууд чинь хүний газар гэж хэлсэн. Яагаад шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх болсон бэ гэвэл миний үүсгэн байгуулсан “ЖЗ” ХХК маань 2016 онд шүүхэд хариуцагчаар татагдан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 13-ны өдрийн 1149 дугаар шийдвэрээр бусдад 100 гаруй сая төгрөгийн өртэй гарч ирсэн. Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар миний нэр дээр байсан дээрх газруудыг битүүмжилсэн байх. Уг нь би А-т бүр өмнө нь зарчихсан байсан юм. А нь өөр дээрээ газраа шилжүүлж авахгүй удсанаас ийм асуудал болсон байна. Миний хувьд газрынх нь гэрчилгээг шилжүүлэхгүй гэж зугтаасан, хуурсан зүйл байхгүй. Гэрээний дагуу төлбөр бүрэн хийгдсэн, надад холбогдох шүүхийн шийдвэр гарахаас өмнө А-н өмч болсон. Тиймээс энэ газрууд нь бүгд А-х гэсэн үг. Миний хувьд А-с мөнгийг нь авчихсан тул нэхэмжлэлд заасан 5 газрын өмчлөгчөөр А-г тогтоох нь зөв гэж бодож байна. “ЖЗ” ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг хэсэгчлэн барагдуулж, одоогоор 13,0 сая төгрөг төлөөд байгаа. Цаашид гэрээт ажлууд эхлүүлсэн байгаа бөгөөд өр төлбөрөө хуулийн дагуу барагдуулах болно гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00449 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Ц-д холбогдох нэхэмжлэгч А.А-н Өмчлөгчөөр тогтоолгож өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Д давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх тус шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч буюу төлөөлүүлэгч А.А нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газруудыг хариуцагч О.Ц-с худалдан авахаар тохиролцож, төлбөр мөнгийг нь бүрэн шилжүүлж, худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулсан байдаг. Үүний дагуу А.А нь тус гэрээнүүдийн зүйл болох газруудыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст очиж хүсэлт гаргахад, улсын бүртгэгчийн зүгээс А-г өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан хариу өгсөн. ... О.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлд дурдсан газруудыг А-т худалдсан болохоо мэдэгдэж, А.А-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд дээрх газруудыг “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.13-ны өдрийн 184/ШШ2016/01149 дүгээр шийдвэрийн дагуу хариуцагч “ЖЗ” ХХК-ийн төлбөрийг барагдуулах ажиллагааны явцад захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” болохыг хариу тайлбарт бичиж ирүүлсэн байсан. ... Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонго нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.25-ны өдрийн 184/ГХ2017/01114 дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч “ЖЗ” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн А.-н худалдан авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2017.12.11-ний өдрийн 4/30112 тоот албан бичгээр үүрэг болгосон болох нь тогтоогдсон юм.

Миний төлөөлүүлэгч А. нь О.Ц-с нэхэмжлэлд дурдсан газруудыг нийт 26 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон төлбөрийг бүрэн шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээг хуульд заасан шаардлагын дагуу нотариатаар батлуулсан. А-н хувьд нотариатаар батлуулсан гэрээнүүдээ Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст авч очоод дээрх газруудын өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох үйлдэл хийх л үлдсэн байсан. Гэтэл түүнийг энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар хязгаарласан.

...Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.13-ны өдрийн 184/ШШ2016/01149 дүгээр шийдвэрт “...худалдах худалдан авах гэрээний үүрэг 102 968 000 төгрөг гаргуулах ...нэхэмжлэлийн шаардлага болох 102 968 000 төгрөгийг хариуцагч “ЖЗ” ХХК нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, “ЖЗ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон...” байдаг. Энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж буй шийдвэр гүйцэтгэгч нь:

1. Дээрх шүүхийн шийдвэрээр хариуцагч О.Ц бус “ЖЗ” ХХК буюу хуулийн этгээд татагдаж, төлбөр төлөгчөөр мөн тогтоогдсон.

2. “ЖЗ” ХХК-ийн өр төлбөрийг О.Ц-н өмчлөлийн эд хөрөнгөөр барагдуулах тухай шийдвэр гараагүй байхад О.Ц-н нэр дээрх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зөрчсөн ажиллагааг явуулсан байдаг.

Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх үйл ажиллагаанаас үүдэж А нь 26 000 000 төгрөгөөр хохирох, өөрийн худалдан авсан газар дээр барилга, объект, хашаа байшин барьсан зардлаар хохирох нөхцөл байдал үүссэнийг анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр, хамтран хариуцагчаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг татах хүсэлтийг хангахгүйгээр А.-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасангүй.

...Анхан шатны шүүхээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэхээс өмнө хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээний дагуу А-т худалдагдаж, түүний өмч болсон үл хөдлөх эд хөрөнгүүдэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахгүйгээр өөрийн албан тоотыг хүчингүй болгох боломж байсныг үгүйсгэхгүй юм. А-н эрхийг хязгаарласан байгууллагыг хамтран хариуцагчаар татаж, түүнээс албан ёсны тайлбар авалгүй, хэт нэг талыг барин нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцэх боломжийг хааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “хаан” зарчим болох диспозитив зарчмыг хэрэгжүүлээгүй явдалд маш их гомдолтой байна” гэжээ.

 

                                                   ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  Иргэний хуулийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжихтэй  холбоотой зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.      Нэхэмжлэгч А хариуцагч Ц нарын хооронд 2017 оны 03 сарын 10-ны өдөр, мөн оны 08 сарын 02-ны өдрүүдэд 5 газар худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна. /хх-ийн 8, 11, 14,17, 20 дахь талууд/

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заажээ.

Зохигчдын хооронд 5 газар худалдах худалдан авах гэрээ хийгдсэн боловч өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсээгүй  байхад  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “ЖЗ” ХХК-ний өр төлбөрт дээрх 5 газруудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн байна. /хх-ийн 68 дахь тал/

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-н “Анхан шатны шүүх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэсэн гомдол гаргасныг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Ц  нь тухайн үл хөдлөх хөрөнгийн талаар өмчлөлийн маргаантай байсан, тухайлбал А өмчлөх эрхгүй, би эрхтэй гэж өмчлөх эрхийн маргаантайн улмаас өмчлөх эрхийн шилжилт хийх, улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй болсон тохиолдолд А өмчлөх эрхээ тогтоолгох нэхэмжлэлийг тухайн маргаж байгаа этгээдэд холбогдуулан гаргах эрхтэй юм. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хариуцагч Ц нарын хувьд А-тай өмчлөх эрхийн маргаан үүсгээгүй, ийм маргаан үүсгэсний улмаас өмчлөх эрхийн шилжилт хийх, улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байгаа  нөхцөл байдал тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус байна.

            Мөн хариуцагч Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй юм. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх шаардлагатай. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-н давж заалдах гомдол хангагдаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 138/ШШ2018/00449 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                ШҮҮГЧИД                                                                 Ж.ДОЛГОРМАА  

                                                       З.ЭНХЦЭЦЭГ