Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00407

 

  Д.Анхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШШ2020/00022 дугаар шийдвэр,

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр магадлалтай,

 Д.Анхбаярын нэхэмжлэлтэй,

Шим-Ус ОНӨААТҮГ-т холбогдох,

Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюуны хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Анхбаяр би 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шим-Ус ОНӨААТҮГ-т халуун усны эрхлэгчээр ажилласан. Хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Анхбаяр надад 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө олгосон. Нэхэмжлэгч Д.Анхбаяр би 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргатай биечлэн уулзаж, чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа орох хүсэлтийг амаар гаргасан. Тухайн үед байгууллагын санхүүч, хүний нөөцийн ажилтан нар хамт байсан. Гэтэл ажил олгогчоос ажилтан миний чөлөөний хугацаа дуусахаас өмнө урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн орох хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр удаашруулсны эцэст 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар тушаал гаргаж, намайг халуун усны эрхлэгчийн ажлаас чөлөөлжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг нь ажилтан иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн байхыг ойлгодог. Гэтэл нэхэмжлэгч Д.Анхбаяр би 1964 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 55 настай байхад халуун усны эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, ажилтан миний Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчиж байна.

Хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар тушаал гарах өдрийн байдлаар нэхэмжлэгч Д.Анхбаяр миний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь 19 жил 8 сар байгаа нь хуулийн дээрх заалтаар хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхгүй байна. Иймд нэхэмжлэгч Д.Анхбаяр миний Шим-Ус ОНӨААТҮГ-т холбогдох гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаартай Д.Анхбаярыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Д.Анхбаяр нь гаргасан байна. Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар буцалтгүй тусламж олгохоор тушаал гаргасан. Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэргийг гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШШ2020/00022 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Анхбаярын нэхэмжлэлтэй, Шим-Ус ОНӨААТҮГ-т холбогдох Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар Д.Анхбаярыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШШ2020/00022 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримталж Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаартай Д.Анхбаярыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Д.Анхбаярыг урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 2,218,605 /хоёр сая хоёр зуун арван найм мянга зургаан зуун тав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.Анхбаярт олгож, Д.Анхбаярын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгаж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг: 2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас тэмдэгтийн хураамжид 120,648 /нэг зуун хорин мянга зургаан зуун дөчин найм/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 24-ны өдрийн 14 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, 172.2.2-д шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ...анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, ажилтан Д.Анхбаяр нь 55 нас хүрсэн боловч /20-иос доошгүй жил шимтгэл төлсөн/ гэх хуулийн шаардлага хангаагүй, 19 жил 8 сар шимтгэл төлсөн тул дээрх хуулийн зохицуулалтад заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна гэж нэхэмжлэлдээ дурдсаныг шүүх анхаараагүй байна.... гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчин хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шимтгэл дутуу төлсөн гэх асуудал байхгүй гэж тайлбарлаж байсныг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Мөн нэхэмжлэгч Д.Анхбаяр нь өндөр насны тэтгэврээ тогтоолгон авч байгаа. Тиймээс давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 153/ШШ2020/00022 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаж гарсан.

2019 оны 06 сарын 14-ны өдрийн Б/16 тоот тушаалаар Д.Анхбаярын цалингүй чөлөө олгох хүсэлтийн дагуу 2019 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө олгосон боловч явахдаа ажлаа хүлээлгэж өгөлгүй ажилдаа хариуцлагагүй, хайнга хандсан. Чөлөөний хугацаа нь дуусаагүй байхад 2019 оны 10 сард Д.Анхбаяр нь би 55 насан хүрчихсэн, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тэтгэвэртээ гарна гэсэн саналыг хэлж, тэтгэвэрт гарах болсон тул тэтгэмжээ авах хүсэлтийг гаргаж байгууллагын дотоод журамд заасан тэтгэмж болох 1 800 000 төгрөгийг бүрэн хүлээн авсан. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч энэхүү өргөдлийг тэтгэвэртээ гарах биш тэтгэмж авах гэж бичсэн өргөдөл гэж тайлбарлаж байгаа боловч Д.Анхбаяр нь ...өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа учраас 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгож өгнө үү гэсэн өөрийн гараар бичсэн өргөдөл нь хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан нь ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйл, 38 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан.

Шим Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 сарын 07-ны өдрийн Б/47 дугаар Д.Анхбаярыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Шим Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 сарын 07-ны өдрийн А/57 дугаар Д.Анхбаярт буцалтгүй тусламж олгох тушаал гаргасан.

Шим Ус ОНӨААТҮГ-ын захиргаанд Д.Анхбаяр нь 2019 оны 10 сарын 10-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэргийг гаргасан энэ талаар маргадаггүй. /Хавтаст хэргийн 36, 37 дугаар хуудас/

Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 сарын 07-ны өдрийн Б/47 дугаар Д.Анхбаярыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Д.Анхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 сарын 07-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8-д заасныг баримтлан үндэслэл болгосон.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ...20-иос доошгүй жил шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан бөгөөд Д.Анхбаярын байгууллагын захиргаанд өргөдөл гаргаснаар Шим Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 сарын 07-ны өдрийн А/57 дугаар Д.Анхбаярт буцалтгүй тусламж олгох тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 1 800 000 төгрөгийн тэтгэмжийг олгосон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт нь тэтгэвэрт гарах ерөнхий зохицуулалтыг баримталсан нь хууль зөрчөөгүй.

Анхан шатны шүүхийн Ажилтан Д.Анхбаяр нь өөрийн санаачлагаар хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг гаргахад ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан байх бөгөөд ажилтны хүсэлтийг үндэслэн ажил олгогчийн зүгээс тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн төдийгүй ажилтанд хуульд заасны дагуу тэтгэмжийг олгосон нь хуулийн үндэслэлтэй байна гэх дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан.

Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 24-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 153/ШШ2020/00022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Д.Анхбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...миний бие хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан, өндөр насны тэтгэвэрт гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3.-т зааснаар нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 Талууд 2021.03.23-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: ...хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч Д.Анхбаярт 3 сарын үндсэн цалин болон амралтын мөнгө болох 2,406,884 төгрөгийг 2021.03.31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзахаар харилцан тохиролцож байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Д.Анхбаяр нь Шим-Ус ОНӨААТҮГ-т холбогдуулан Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 Магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргасан.

 Хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр талууд эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Анхбаяр нэхэмжлэлээсээ татгалзаж, татгалзлыг батлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

 Нэхэмжлэгчийн татгалзал бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг батлах үндэстэй байна.

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар Д.Анхбаярын нэхэмжлэлтэй Шим-Ус ОНӨААТҮГ-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШШ2020/00022 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Шим-Ус ОНӨААТҮГ-т холбогдох Шим-Ус ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Д.Анхбаяр татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Шим-Ус ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Г.АЛТАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                       Б.МӨНХТУЯА

                                                       Д.ЦОЛМОН

                                                                Х.ЭРДЭНЭСУВД