Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 00022

 

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2020/00022

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан баг, 10-29 тоотод оршин суух, 6666 дугаарын регистртэй, Б овогт Д-ийн Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Ш ОНӨААТҮГ-т холбогдох

Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар Д.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч , 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.А би 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт халуун усны эрхлэгчээр ажилласан.хариуцагч Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.А надад 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цалингүй чөлөө олгосон. Нэхэмжлэгч Д.А би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргатай биечлэн уулзаж, чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа орох хүсэлтийг амаар гаргасан. Тухайн үед байгууллагын санхүүч, хүний нөөцийн ажилтан нар хамт байсан. Гэтэл ажил олгогчоос ажилтан миний чөлөөний хугацаа дуусахаас өмнө урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн орох хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр удаашруулсны эцэст 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар тушаал гаргаж, намайг халууны усны эрхлэгчийн ажлаас чөлөөлжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,3-т "ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн" гэдэг нь ажилтан иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн байхыг ойлгодог. Гэтэл нэхэмжлэгч Д.А би 1964 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 55 настай байхад халуун усны эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, ажилтан миний Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчиж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20- иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэжээ. Даатуулагчид хуулийн дээрх заалтаар олгосон хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг ажил олгогчоос 55 нас хүрсэн эмэгтэй ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах байдлаар албадан эдлүүлэх эрх зүйн үндэслэлгүй. Хариуцагч Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар гарах өдрийн байдлаар нэхэмжлэгч Д.А миний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь 19 жил 8 сар байгаа нь хуулийн дээрх заалтаар хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхгүй байна. Иймд нэхэмжлэгч Д.А миний Щ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох гомдлыг бүхэяд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.А "Ш " орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан 4 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. "Ш " орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ий өдрийн Б/47 дугаартай Д.Аын ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, энэхүү шаардлагын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг тусгасан байдаг. Энэхүү үндэслэлд ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэл байгаа. Нэхэмжлэгч Д.А 1964 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, тушаал гарах өдрийн байдлаар 55 настай байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д зааснаар 60 насанд хүрээгүй байсан. 60 насанд хүрээгүй гэсэн нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхээр нотлогдож байна, өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх асуудал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн олгох тухай хуулиар ердийн тэтгэвэр авах нас 60 наснаас үүсэж байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх эмэгтэй зарим даатгуулагч нарын тухайд 50, 55 наснаас эхлэх тохиолдол байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авах нь даатгуулагчийн эрх юм. Энэ даатгуулагчийн эрх ажил олгогч этгээдэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д зааснаар 60 насанд хүрээгүй байхад нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, ажлаас халах үндэслэл болохгүй, хуулийн заалтаар олгогдсон хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг ажил олгогчоос 55 насанд хүрсэн эмэгтэй ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах байдлаар албадан эдлүүлэх эрх биш юм. Энэхүү эрх нь даатгуулагч буюу ажилтны эрх учраас энэ эрх нь ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг дангаараа бүрдүүлэхгүй юм. Иймд ажил олгогчийн тушаал нь бодит байдалтай нийцэхгүй, хуулийн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д зааснаар Халуун усны эрхлэгч Дашдаваа овогтой Аын өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж үзэж байна. Ажил олгогчийн тушаал шийдвэр нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Ш " орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох хуулийн үндэслэл байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хугацаа нь энэ тушаал гарсан буюу 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн өнөөдрийн шүүх хуралдааны хугацаа дуусах хүртэл буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3 сар 15 хоногийн цалин хөлсийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн 2019 онд авч байсан цалин хөлс буюу сүүлийн 3 сар авсан цалин хөлсний бичилтийг үндэслэж тооцсон, 2019 оны 3,4,5 дугаар саруудад цалин авсан, үүнээс хойш цалингүй чөлөөтэй байсан учраас 3,4,5 дугаар саруудын цалин хөлсний нийлбэрийг гуравт хувааж 1 сарын дундаж цалин хөлс, үүнийгээ ажлын дундаж өдөр буюу 1 сарын ажлын дундаж өдөр буюу хорин нэг аравны хоёрт хувааж нэг өдрийн дундаж цалин хөлс, 1 сарын болон 1 өдрийн цалин хөлсөө ажилгүй байсан хугацаа буюу 3 сар 15 хоногоор үржүүлж 2968841 төгрөг нэхэмжилж байгаа гэдгээ нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарлая мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогч байгууллагад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү, хариуцагч талаас өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 4 хуудас баримттай холбоотой тайлбар хийе. Нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх ажилтанд үүссэн бол энэ нь ажилтны эрх юм. Ажил олгогчид үүрэг гүйцэтгэдэг буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгодог зохицуулалт биш юм. Нэхэмжлэгч 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан энэ асуудал нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш, ажилтны гаргасан өргөдөлд тэтгэмж олгоно уу гэсэн агуулгатай байгаа болохоос биш намайг ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн утгатай биш юм. Ажилтан өөрөө санаачилж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох өргөдөл гаргасан асуудал байхгүй гэж нотлох баримтыг няцаалт болгож тайлбар хийе. Нэхэмжлэгч Д.Аын Ш " орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд үндэслэл бүхий дараах тайлбаруудыг гаргая. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б/16 тоот тушаалаар Д.А нь цалингүй чөлөө олгож өгнө үү Манай ээж АНУ-д амьдардаг, өндөр настай, гэр бүлээрээ гадаад явах болсон тухай өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цалингүй чөлөө олгосугай гэсэн байгаа, холбогдох тооцоог хийж 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажил хүлээлцэхийг даалгасугай гэсэн тушаал гаргаж чөлөө олгосон боловч Д.А нь 2019 оны 12 дугаар сард ирэх байсан боловч 2019 оны 10 дугаар сард ирсэн, явахдаа ажлыг хүлээлгэн өгөхгүй түлхүүрээ хүнд үлдээчихээд явсан. Хариуцагч байгууллагын хувьд ажилдааа хариуцлагагүй хайнга байдлаар хандаж, ажлаа өгөлгүй бусдад өгөөд явчихсан гэдэг байдлаар асуудал тавьсан. Д.А 2019 оны 10 дугаар сард ирээд би тэтгэвэр тогтоолгох насанд хүрчихсэн, 55 настай болчихсон тэтгэвэртээ гаръя гэсэн саналыг хэлсэн, нотлох баримтаар өөрийнхөө гараар бичсэн 2 өргөдөл байдаг. Үүн дээр нэхэмжлэгч маргахгүй байна гэж миний хувьд үзэж байна. Д.А 1 өргөдөлдөө тэтгэмжээ суулгуулах талаар бичсэн байдаг. Тэтгэмж суулгуулах өргөдлөө маш тодорхой тайлбарласан байгаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг тэтгэмж авах гэж байгаа болохоос тэтгэвэртээ гарахгүй гэдэг тайлбарыг хэлээд байна. Энэ нь хууль зүйн болон бусад боломж байхгүй, өөрөө өргөдлөө маш тодорхой бичсэн. Хөдөлмөрийн хамтын гэрээ болон дотоод журамд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа учраас 3 сарын тэтгэмж олгож өгнө үү гэсэн өргөдөл байгаа, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоод 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүрэн авчихсан. Д.А нь нэхэмжлэлдээ миний жил хүрэхгүй байна ийм учраас 19 жил 8 сар болж байна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ асуудлаараа байгууллагадаа хандаагүй, хандсан талаар баримт байхгүй, шууд шүүхэд хандсан, би тэтгэвэртээ гарахгүй байх байсан юм аа гэж, байгууллагын удирдлагууд нэг ажилтны ажлын байр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрийгөө би ажлыг хийхгүй, өөр ажлын байранд орохгүй гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан, тухайн хүн нь жирэмсэн хүн байсан учраас ажилд буцаж орсон. Үүнтэй холбоотой дагаад 2 нэхэмжлэл шүүхэд ирж байгаа, хувийн сэтгэхүйгээр асуудалд хандсан шүүхэд хандсан асуудал байна. Д.А гуай настай хүн үнэхээр ажилласан жил нь хүрэхгүй байгаа асуудал байвал байгууллагадаа хандах болох байсан, ажиллаж байсан хүний хувьд хандсан бол байгууллага нь боломж олгох байтал шууд шүүхэд хандсан. Ажилласан жил хүрэхгүй байгаа асуудал байгууллагын удирдлагын буруутай үйл ажиллагаа биш юм. Үнэхээр байгууллагаар тоглож байгаа юм шиг би тэтгэвэртээ гарна тэтгэмж өг гээд тэтгэмжээ авчихаад, ажиллахгүй гээд гадаад руу явчихдаг, 6 сарын чөлөө өгсөн, байгууллагын дотоод журмандаа 6 сарын цалингүй чөлөө өгөх зохицуулалт байхгүй хэрнээ Д.Ат боломж олгоод чөлөө өгсөн. Чөлөөний хугацаандаа чөлөөтэйгээр байх боломж байсан гэтэл Д.А нь би 3 сарын тэтгэмжээ аваад тэтгэвэртээ гармаар байна гээд тэтгэвэртээ гарсан. Тэтгэмж олгож өгнө үү, тэтгэвэртээ гармаар байна гэдэг нь тэтгэвэртээ гарахаа илэрхийлж байгаа ойлголт биш гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаад байгааг миний хувьд үнэхээр ойлгохгүй байна. Д.А өөрийн гараараа өөрөө хүсэлт бичиж өгөөд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авч байгаа энэ бол тэтгэвэрт гарч байгаа ажилчдад олгодог тэтгэмж юм. Тэтгэвртээ гарахаар хүсэлт өгөөд хүсэл зоригоо илэрхийлчихсэн байхад тэтгэмжийн олгохоос өөр боломж байхгүй, тушаал гараад тэтгэмж олгогдоод явснаас хойш 20 хоногийн дараа Д.А нь шүүхэд хандсан байна. Хүний хувийн байдлыг үгүйсгэхгүй байна үнэхээр ажилласан жил нь хүрэхгүй, 4 сар дутчихсан байж болно. Үүнийгээ эргэж байгууллагатайгаа яриагүй шууд шүүхэд хандсан. Магадгүй хуульчаас зөвөлгөө аваад ийм байдлаар асуудалд хандаж байгаа байх, байгууллага ажилтан хоёрын хооронд итгэлцэл байх байсан. Энэ нь маш буруу практик тогтох гээд байна. Хүн тэтгэвэртээ гаръя гээд тэтгэмжээ суулгуулж авчихаад, өөрийнхөө гаргасан өргөдлөөс өөрөөр би тэгээгүй юм байна шүү гээд асуудлыг мушгаад яваад байгаа нь буруу байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасныг баримталсан нь 60 насанд хүрээгүй учраас тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг зохицуулалтыг баримтлахгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаад байна. Гэтэл хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэртээ гарах боломж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д зааснаар үндсэн тэтгэвэрт гарах зохицуулалт нь зохицуулагддаг. Үндсэн зохицуулалтаа баримтлаад хөдөлмөрийн дотоод журмын 3.8 дугаар зүйлд зааснаар зохицуулалтууд нь байгаа. Хуулийн заалтуудыг дэлгэрүүлээд тэтгэвэртээ гарах байсан гэж бичээгүй боловч хөдөлмөрийн дотоод журмаар тодорхой заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон ажилтанд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэдэг зохицуулалтыг үндэслэн тэтгэмжийг олгосон. Хөдөлмөрийн дотоод журмын 3.8 дугаар зүйлд зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр дуусгавар болгон гэсэн зохицуулалт байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 3.8 дахь зохицуулалтад ажилтны тэтгэвэртээ гарах хүсэлт гаргах эрх буюу ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт хамаарсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дугаар зүйлийг тушаалынхаа үндэслэл болгосон гэсэн үндэслэлээр тушаал хүчингүй болгох зорилго зорилт биш, тушаалын үндсэн агуулга нь ажилтан би тэтгэвэртээ гармаар байна гэдэг агуулгатай юм. Тэтгэвэртээ гарахыг үнэхээр хүсээгүй байсан бол тэтгэмжээ авмаар байна гэж ажилтан тусдаа өргөдөл өгөөд миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж та бичсэн байна ингэж бичихгүй байх байсан гэдэг маргаан үүсэх байтал өөрөө би өндөр насны тэтгэвэрийг хөдөлмөрийн хамтын гэрээ болон дотоод журамд заасны дагуу тэтгэвэртээ гарч байгаа тул 3 сарын цалин тэнцэх хэмжээний тэтгэмж олгож өгнө үү гэж тэтгэвэрт гарч байгаа гэдгээ маш тодорхой илэрхийлж бичсэн байна. Энэ нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь  Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар Д.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун эс зөвшөөрч ...Ш ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/57 дугаар тушаалаар буцалтгүй тусламж олгохоор тушаал гаргасан. Ш ОНӨААТҮГ-ын захиргаанд Д.А нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэргийг гаргасан... гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргасан болно.

Нэхэмжлэгч нь Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар Д.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ...Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана ... гэж заасан хуулийн шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Д.А нь Ш ОНӨААТҮГ-т халуун усны эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар болон зохигчийн тайлбараар,

Нэхэмжлэгч Д.Аыг 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Ш ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх бөгөөд зохигч энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

Хариуцагч Ш ОНӨААТҮГ-ын дарга нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаартай тушаал гаргаж, Д.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон, үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан заалтыг тус тус үндэслэжээ.

Ажилтан Д.Аыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажилтан Д.Ат 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг тооцон 1,800,000 төгрөгийн тэтгэмжийг олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд зохигчийн гаргасан нотлох баримтаар тогтоогдож байна.

Ажилтан Д.А 55 насанд хүрсэн, мөн Ш ОНӨААТҮГ-ийн захиргаанд ...өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож өгнө үү... гэх хүсэлтийг /хх-ийн 36 дугаар хуудас/ өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Мөн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл болон бэлэн мөнгөний зарлагын баримтаар /хх-ийн 37 дугаар хуудас/ Нийтийн аж ахуйн үйлчилгээний Ш ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/57 дугаар Д.Ат буцалтгүй тусламж олгох тухай тушаалаар /хх-ийн 34 дүгээр хуудас/ 1,800,000 төгрөгийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх тул ажил олгогчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаартай тушаал нь хуулийн үндэслэлтэй байна.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан байна.

Ажилтан Д.А нь өөрийн санаачилгаар, хөнгөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг гаргахад ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан байх бөгөөд ажилтны хүсэлтийг үндэслэн ажил олгогчийн зүгээс тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн төдийгүй ажилтанд хуульд заасны дагуу тэтгэмжийг олгосон нь хуулийн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлтэй, Ш ОНӨААТҮГ-т холбогдох  Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар Д.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116. 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дүгээр зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлтэй, Ш ОНӨААТҮГ-т холбогдох  Ш орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар Д.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОЮУН-ЭРДЭНЭ