Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00816

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Жуулчны гудамж, пума 56-р байр, 13 тоотод оршин суух, Барун овогт Нэргүйн Ө/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхагт байрлах, “ОТ” ХХК/РД: /-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ө, өмгөөлөгч С.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Навчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Н.Ө нь 2010 оны 07-р сараас эхлэн “ОТ” ХХК-ийн Хангамжийн хэлтэст “Гэрээний ажилтан”, 2011 оны 07-р сараас мөн хэлтсийн “Ахлах мэргэжилтэн”, 2014 оны 06 сараас Хангамжийн “Үйлчилгээний гэрээ хариуцсан Менежер”-ийн албан тушаалд томилогдон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаалын дагуу ажлаас халагдсан.

Компаний гүйцэтгэх захирлын 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаал нь үндэслэлгүй бөгөөд намайг хууль бусаар ажлаас халсан гэж үзэн дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. Дээрхи тушаалын дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн тухай тухай 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэн “Хангамжийн Үйлчилгээний Гэрээ Хариуцсан Менежерийн орон тоо хасагдсан” гэсэн ундэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Манай компани нь нийт 3000 гаруй ажилтантай, туүний дотор миний ажиллаж байсан Хангамжийн хэлтэс нь таван (5) менежер, нийт 70 орчим ажилтантай бөгөөд зөвхөн миний ажлын байрыг цомхотголд оруулсан. Миний гүйцэтгэж байсан ажил үүрэг компанийн үйд ажиллагаанаас хасагдаагүй ба Стратегийн Үйлчилгээний гэрээ хариуцсан менежер, Барааны гэрээ хариуцсан Менежерт хоёр хувааж шилжүүлсэн. Стратегийн Үйлчилгээний Гэрээ Хариуцсан менежер гэсэн албан тушаалыг 2017 оны 06-р сард шинээр бий болгосон нь яваандаа миний ажлын байрыг шилжүүлэх зорилготой байсан гэдэг нь илт харагдаж байна.

“ОТ” ХХК-ийн Үйп ажиллагааны хангамжийн хэлтсийн Үйлчилгээний гэрээний баг нь жилд дунджаар 150 сая ам.долларын зарцуулалт бүхий гэрээнүүдийг хариуцдаг бөгөөд миний орон тоог хассан дүр үзүүлж, миний гүйцэтгэж байсан бүх ажил уүргийг шинээр бий болгосон Стратеги гэрээний менежер гэх албан тушаалд шилжүүлэн өгсөн нь бизнесийн үйл ажиллагааны зайлшгүй шаардлага байгаагүй зөвхөн Хангамжийн Хэлтсийн дарга Эван Хиллийн үзэмжээр, түүнд ая тал засаж ханддаггүй учраас намайг ажлаас халахын тулд цомхотгол нэрийдлээр хийж байгаа хууль бус үйлдэл юм.

Тус компани нь намайг ажлаас халахын тулд өөр нэршил бүхий менежерийн албан тушаалыг зохиомлоор бий болгосон.

Би Үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд ажилласан 3 жилийн хугацаанд нийт 57.8 сая ам.долларын хэмнэлт, 660 орчим үйлчилгээний ханган нийлүүлэгчдийн тоог цөөрүүлж, 330 болгосон, дотоодын үйлчилгээний ханган нийлүүлэлтийг 76 хувиас 90 хувь болтол нэмэгдүүлсэн зэргээр үр бүтээлтэй сайн ажилласан ба энэ хугацаанд манай багийн гишүүд худалдан авалт, ёс зүйн дүрэм журмуудыг чанд мөрдөн ажиллаж байсан.

2. 2017 оны 11 сарын 06-ны өдөр намайг компанийн Хүний нөөцийн хэлтсээс дуудаж, миний хэрэглэж байсан гар утас, компьютер зэрэг албан ажлын хэрэгцээний эд хогшлийг бүгдийг нь хураан авч, ажиллах боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл 2017 оны 11 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон миний хөдөлмөрийн харилцааг зогсоож, ажлын багаж хэрэгслийг бүгдийг нь хураан авсан ба ажлын байранд нэвтрэх эрхгүй болгосон.

Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай тухай 43-р зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 сарын 06-ны өдөр намайг ажлаас халсан гэж үзэж байна. Харин тушаалыг хожим 2017 оны 12 сарын 05-ны өдөр гаргасан.

Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай тухай 40-р зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан “Ажил олгогч Монгол Улсын Хөдөлмөрийн тухай тухай 40-р зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажйлтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ” гэснийг компани зөрчиж, дээрхи тушаалыг гаргасан.

Иймд дээрхи үндэслэлүүдээр компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн HR4007/17 тоот тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.

2017 оны 12-р сарын 5-ны өдрөөс эхлэн 2018 оны 4-р сарын 10-ны өдөр хүртэл, дундаж цалин 10,848,691 төгрөг, Нийт 45,441,686 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч Н.Өын өмгөөлөгч С.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн хөдөлмөрийн маргаантай хэргийн гол баримт нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал байгаа. Уг тушаалд 8-н зүйлийг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, 42.1, мөн хуулийн 55-р зүйл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2010 оны 166-р тушаал, гүйцэтгэх захирлын 4117 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээний 2.19 дэх заалт гэх мэтчилэн 8-н зүйлийг үндэслэсэн байдаг. Дараах үндэслэлээр уг тушаал нь хууль зүйн үндлэслэлгүй байна. Үүнд: Хавтаст хэрэгт  авагдсан компани дүрэм байгаа. Уг дүрмийн 6б гэсэн хэсэгт тодорхой заасан. Компани нь ТУЗ-ийн шийдвэрээр тодорхойлсон чиг үүрэг бүхий ажилтнуудтай байж болно гээд заагаад өгчихсөн. Компанийн дүрэмд зааснаар бүтцийг хэн хийх вэ гэдэг нь харагдаж байна. ТУЗ-өөс тухайн компанийн бүтэц орон тоог баталсан шийдвэр байна гэж байгаа боловч тийм шийдвэр байхгүй. Компанийн гүйцэтгэх захирлын 4717 тоот тушаалаар гүйцэтгэх захирал нь орон тоо бүтцийг шинэчлэн баталсан байна. Хавсралтыг харахаар нэхэмжлэгчийн ажлын байр, албан тушаал гээд анлиас Монгол руу орчуулсан. Хангамжийн хэлтэс гээд хавсралтаар гаргаж өгсөн хүснэгтийг харахад Монгол ажилтан 61 байна гээд заагаад өгчихсөн. Нийт тоогоороо 2017 оны 4-р улиралдаа 61 мөн 2018 оны 4 улиралдаа мөн адил. Хэрвээ үнэхээр хасагдсан бол энэ тоо өөрчлөгдөх ёстой.  Энэ өөрсдийнх нь гаргаж өгсөн бүтцийн хавсралтад зөрүүтэй байна. 2017 оны 5 сард нэхэмжлэгчийн ажлын чиг үүргийг хангамжийн стратегийн менежерийн ажил руу шилжүүлсэн. Гэхдээ мэдэглээ бизнесийн үйл ажиллагааны нөхцлийн улмаас гэсэн тэргүүтэй байгаа. Үнэхээр тийм нөхцөл байдал бий болсон бол адил чиг үүрэгтэй албан тушаал бий болгох шаардлага байсан уу? үгүй гэдэг нь эргэлзээтэй. Ямар нөхцөл байдал бий болсон нь тодорхойгүй. Далд уурхай ашиглалтанд орсонтой холбоотой улам өргөжиж байхад ганцхан энэ хүнтэй холбоотойгоор бүтэц хасаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч тал мэдэгдлийг 11 сарын 6-ны өдөр өгсөн. Гэтэл тушаал 12 сарын 5-ны өдөр гарсан.  Ингэснээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчсөн. Хэрвээ хариуцагчийн үзээд байгаачлан орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан бол 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Иргэний хуулийн 73-р зүйлийн 73.1-т зааснаар сараар тоолох хугацаа маань уг сарын мөн өдөр дуусах ёстой. 6-ны өдөр мэдэгдсэн бол тушаал нь 5-ны өдөр биш 6-ны өдөр гарах ёстой. Иргэний хуулийн хугацаа тоолох заалтыг зөрчсөн байна. 2017 оны 12 сарын 5-ны өдөр тушаал гараад тушаалын 1 дэх заалтаар 12 сарын 5-ны өдрөөр тасалбар болгож цуцалсугай гэж тушаал гарсан байдаг. Гэтэл Улсын дээд шүүхийн 33-р тогтоолын 19-р зүйлд ажлаас халагдсан өдрийг ажил олгогчийн тушаалд заахдаа ажилтанд ногдвол зохих ээлжийн амралтыг хугацааг тооцоод ажил хүлээлцэх сүүлчийн өдрөөр тогтооно гэж байгаа. Гэтэл тушаал 12 сарын 5-ны өдөр гараад 12 сарын 5-ны өдрөөр таслагдаад байгаа. Мэдэгдлээ өгөөд тэр өдөр ажлыг нь хүлээлцэнэ гэж заачихсан. Гэтэл тушаалдаа 5-ны өдрөөр тасалбар болгоорой гэдэг 5 гэдэг нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй гэж харж байна. Мөн өөрийнх нь чиг үүрэгтэй адил ажлын байрыг ажлаас халахаас хэдхэн сарын өмнө бий болгоод чиг үүргийг нь шилжүүлж байгаа нь бүтэц нь дорвитой хийгдсэн эсэх асуудал яригдана. Нэхэмжлэгч 2010 оноос энэ байгууллагад тасралтгүй ажилласан. Гэтэл өнөөдөр бизнесийн үйл ажиллагааны нөхцөл байдлын улмаас гэсэн тодорхойгүй нөхцөл байдлын улмаас ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “ОТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Навчаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Өын нэхэмжлэлтэй “ОТ” ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

“ОТ” ХХК нь компанийн зардлыг бууруулахтай холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, хуулийн дагуу ажилтнуудыг ажлаас халсан бөгөөд тухайн үйл ажиллагаагаар зарим орон тоо хасагдаж, зарим ажилтны тоо цөөрсөн болно.

Нэхэмжлэгч Н.Өын эрхэлж байсан хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаал байхгүй болж орон тоо нь хасагдсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөруүлсэн;” гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу түүнд нэг сарын өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр мэдэгдэж, улмаар 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Гүйцэтгэх захирлын тушаал гарсан байна.

Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд “... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “сарын өмнө мэдэгдэх” ... тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна.” гэж тайлбарласан байдаг тул нэхэмжлэгч Н.Өд урьдчилан мэдэгдэж ажил олгогчийн зүгээс хуулийг ундэслэлтэй хэрэгжүүлсэн байна.

“ОТ” ХХК-ийн хувьд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Хангамжлийн үйлчилгээний менежер гэсэн орон тоо хасагдсан учраас Н.Өыг ажлаас халсан.

Иймд “ОТ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн №ЭЙЧААР4007/17 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч Н.Өын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч “ОТ” ХХК-д холбогдуулан Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, гүйцэтгэх захирлын 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн №ЭйчАр4007/17 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 45 441 686/дөчин таван сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “ОТ” ХХК нь Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаал байхгүй болж орон тоо нь хасагдсан гэж маргасан.

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс хариуцагчид Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь № А 0201263 нийгмийн даатгалын дэвтрийн болон 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасныг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах №ЭйчАр 4007/17 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “... орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;” гэж заасан.

 

Хариуцагчийн Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежер гэх албан тушаал байхгүй болж орон тоо нь хасагдсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47/17 дугаар “ОТ” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай тушаалаар Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо нь хасагдсан гэж тайлбарлаж байна.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл ... байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.” гэж заасан.

 

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулсан хариуцагчийн дүрмийн 6-ийн “би”-д “Компани нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон албан тушаал, чиг үүрэг бүхий ажилтнуудтай байж болох бөгөөд ... ” гэж заасан болох нь хариуцагчийн дүрмийн хуулбараар тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захиралд хариуцагчийн албан тушаал, ажилтнууд буюу бүтцийг тодорхойлох эрх олгоогүй болох нь хариуцагчийн дүрмийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь гүйцэтгэх удирдлагын гэрээнд зааснаар гүйцэтгэх захирал нь бүтэц, орон тоог батлах эрхтэй гэж марган гүйцэтгэх удирдлагын гэрээний орчуулгыг нотлох баримтаар гарган өгчээ.

 

Хариуцагч нь дээрх гэрээний гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, үүрэг гэсэн хэсгийн орчуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба тус орчуулга нь хариуцагчийн дүрэмтэй зөрчилдөж байх тул тус гэрээний орчуулгыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн Хангамжийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр улирал, 2018 оны 4 дүгээр улирлын орон тоо хасагдаагүй болох нь хариуцагчийн нотлох баримтаар гаргасан хангамжийн хэлтсийн орон тооны бүдүүвчийн орчуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь бүтцэд бий болсон Хангамжийн стратегийн менежер нь Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно:”, 21.1.2-т “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.2 дахь заалтад зааснаар ажилтны ажил, үүргийг ажлын байрны тодорхойлолтод тусгах ба Хангамжийн стратегийн менежерийн ажил, үүрэг нь Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн ажил, үүрэгтэй давхцаж байгаа болох нь ажлын байрны тодорхойлолтын орчуулга, хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо хасагдсан гэх тайлбар нь хангамжийн хэлтсийн орон тооны бүдүүвчийн орчуулга, хариуцагчийн дүрмийн хуулбар болон ажлын байрны тодорхойлолтын орчуулга, хуулбараар үгүйсгэгдэж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг ... бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн орон тоо хасагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй болох нь хангамжийн хэлтсийн орон тооны бүдүүвчийн орчуулга, хариуцагчийн дүрмийн хуулбар болон ажлын байрны тодорхойлолтын орчуулга, хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.2 дахь заалтад зааснаар шүүх хариуцагчийн эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж байх тул хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн №ЭйчАр4007/17 тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 45 441 686/дөчин таван сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна.

                                                         

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор .... олгоно.”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч .... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 10 848 691/10802221+10858432+10885420=32546073, 32546073:3=10848691/ /арван сая найман зуун дөчин найман мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөг байх ба 1 өдрийн дундаж цалин хөлс 493 122/10848691:22=493122/ /дөрвөн зуун ерэн гурван мянга нэг зуун хорин хоёр/ төгрөг болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 3/гурав/ сар, ажлын 25/хорин тав/ өдрийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 44 874 123/10848691х3сар=32546073, 493122х25хоног=12328050, 32546073+12328050=44874123/ /дөчин дөрвөн сая найман зуун далан дөрвөн мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт илүү нэхэмжилсэн 567 563/45441686-44874123=567563/ /таван зуун жаран долоон мянга таван зуун жаран гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Өыг хариуцагч “ОТ” ХХК-ийн Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн №ЭйчАр4007/17 тоот тушаалыг хүчингүй болгож, хариуцагч “ОТ” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 44 874 123/дөчин дөрвөн сая найман зуун далан дөрвөн мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Өд олгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагч “ОТ” ХХК-д даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 567 563/таван зуун жаран долоон мянга таван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Өыг хариуцагч “ОТ” ХХК-ийн Хангамжийн үйлчилгээний гэрээ хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 12-р сарын 05-ны өдрийн №ЭйчАр4007/17 тоот тушаалыг хүчингүй болгож, хариуцагч “ОТ” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 44 874 123/дөчин дөрвөн сая найман зуун далан дөрвөн мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Өд олгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлсөн бичилтийг эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагч “ОТ” ХХК-д даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 567 563/таван зуун жаран долоон мянга таван зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Н.Өын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ОТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 382 320 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 1165105733 тоот дансанд оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ