Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/01121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, UBH төвийн 15 давхарт байрлах, РД-2047764, Өндөр буянт холдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Өндөр буянт холдинг ХХК-ийн Улиастай дахь эд хөрөнгийг битүүмжилсэн 2017-02-03 өдрийн тогтоол, эд хөрөнгө барьцаалах 2017-11-02 өдрийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх 2017-11-01 өдрийн тогтоол, эд хөрөнгө хураах 2017-11-06 өдрийн тогтоол, хөдлөх хөрөнгийн үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай 2017-12-26, 2017-12-27 өдрийн сонинуудад нийтлүүлсэн мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранчимэг, гэрч Д.Хүчитбаатар, Б.Цэнд-Очир, Л.Эрдэнэбат, Д.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Баянгол, Хан- Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8125 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Өндөр буянт холдинг ХХК-иас 331 528 922 төгрөгийг гаргуулж, төлбөр авагч Ч.Болорт олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.5 дугаар зүйлд заасны дагуу энэхүү гомдлыг тус шүүхэд гаргаж байна.

Хариуцагч Өндөр буянт холдинг ХХК-д холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч П.Наранчимэг, ахлах гүйцэтгэгч Даваасүрэн нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална гэсэн үндсэн зарчмыг зөрчиж гүйцэтгэж байгаагаас гадна Өндөр буянт холдинг ХХК-ийн Ерөнхий захирал Л.Эрдэнэбат шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тус байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд болох хуульч Б.Цэнд-Очирт хуулийн шаардлага хангасан итгэмжлэл олгосон, итгэмжлэл нь шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад удаа дараагийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тухай итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очирт мэдэгдэлгүйгээр, түүнийг байлцуулахгүйгээр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь тус компанийн хууль ёсны эрх, ашгийг хууль бусаар хязгаарлаж, эрхийг зөрчиж байна.

Шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж, ажиллагааг хийхдээ талуудын эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашгийг дордуулах, ялгавартай байдлаар хандахыг хуулиар хориглосон атал тус компанийн захирал Л.Эрдэнэбатын хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх болон хувийн эрх чөлөөнд нь үндэслэлгүйгээр удаа дараа халдаж, үүрэгт ажлыг нь хийлгэхгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан аваачиж, олон цагаар үндэслэлгүйгээр саатуулан, төлбөр авагчийн эрх ашгийг давуу байдлаар хангасан эвлэрлийн гэрээ гэгчийг албадан хийлгүүлэх, төлбөрийг төлүүлэх тухай өөрөөр нь албадаж янз бүрийн баримт бичиг хийлгэж, гарын үсгийг хүчээр зуруулсан, төлбөрийг төлүүлэх хугацаа,хуваарийг албадан хийлгэж, шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр шахаанд оруулж, үүнийгээ нотлох баримтын хэлбэрт оруулахаар бүлэглэн ажиллаж хууль зөрчлөө.

Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан гүйцэтгэхэд тавигдах шаардлага, авч хэрэгжүүлэх ажиллагааныхаа үндэслэл, журмыг ойлгомжтой байдлаар танилцуулахгүй, төлбөр төлөгчийн хууль ёсны эрх ашгийг ялгаварлан гадуурхах байдлаар дордуулан хэрэгжүүлж, эрхийг нь зөрчсөн ажиллагаа нь үндэслэлгүй гэж үзнэ.Тухайлбал, тус компанийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай хөрөнгө болох барилга үйлдвэрлэлд шууд ач холбогдолтой тусгай зориулалтын автомашинуудыг битүүмжилж, лацдан хэрэглэх аргагүй болгосон нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоох, хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсгэх, их хэмжээний үнэ бүхий машин тоног төхөөрөмжийг ашиглах аргагүй байдлыг хиймлээр үүсгэсэн, энэ нь Өндөр буянт холдинг ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн. Эдгээр автомашинуудыг барьцаалсан, хураасан тогтоол үйлдсэн атлаа аж ахуйн хашаанд нь хөдөлгөхгүйгээр зогсоосон нь энэ үйл ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бус хувийн ашиг сонирхлын үүднээс хийсэн байх гэсэн хардлагыг төрүүлж байна.

Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээний үндэслэл, журмыг баримтлахгүйгээр төлбөр төлөгчийн өмчлөлөөс гарсан, бусдын өмчлөлийн 3373 УНЭ дугаартай, Ланд круйзер автомашиныг хураан авахдаа өмчлөгч, эзэмшигч, төлбөр төлөгчийн эрх бүхий этгээдэд мэдэгдэхгүйгээр,тэдгээрийг байлцуулахгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хураан авсан тогтоол үйлдсэн атлаа өнөөдрийг хүртэл асуудлыг хэрхэх нь мэдэгдэхгүй буюу шийдвэрлээгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Өндөр буянт холдинг ХХК-ийн Улиастай дахь аж ахуйн хашаанд нэвтэрч, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэн 4 ширхэг автомашиныг битүүмжлэхдээ тус компанийн эрх бүхий этгээд, эсхүл төлөөлөгч Б.Цэнд-Очир, хөндлөнгийн гэрч нарыг байлцуулахгүйгээр албадах гүйцэтгэх ажиллагаа хийсэн. Эдгээр хөрөнгийг битүүмжилснээс хойш яах гэж байгаа, дараа нь ямар арга хэмжээ авсан нь өнөөдрийг хүртэл мэдэгдэхгүй байсан.

Шийдвэр гүйцэтгэгч П.Наранчимэг 2017 оны 11 дүгээр сарын 02 өдөр эд хөрөнгө барьцаалах тогтоол үйлдэж, Өндөр буянт холдинг ХХК-ийн өмчлөлийн 2 ширхэг тусгай зориулалтын автомашиныг барьцаалсан, 2017 оны 11 дүгээр сарын 04 өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэн, 5 автомашиныг битүүмжилсэн, 2017 оны 11 дүгээр сарын 06 өдөр эд хөрөнгө хураах тогтоол үйлдэн, 6 ширхэг тусгай зориулалтын автомашиныг хураасан.

Шийдвэр гүйцэтгэгч Өндөр буянт холдинг ХХК-иас хөрөнгө орлогын мэдүүлэг аваагүй, түүний хөрөнгө орлогын байдал, төлбөр төлөх хүчин чадлыг хуульд заасан арга хэмжээний дагуу тогтоож чадаагүй, ядахдаа тийм арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг зөрчиж, Өндөр буянт холдинг ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Өөдөс, Ц.Адьяаням, тус компанийн хувьцаа эзэмшигч бус О.Төгсөө нарын банкин дахь харилцах дансыг битүүмжлэн,захиран зарцуулах эрхийг хаасан, дансны үлдэгдлээс төлбөр гаргуулах тогтоолуудыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр банкуудад хүргүүлж, хуулийг ноцтой зөрчсөн.

Монгол Улсын Иргэний хуулийн 7.1, 34.1 дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлд заасан зохицуулалтыг шийдвэр гүйцэтгэгч зөрчиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд зааснаас өөр этгээдийн нэр дээр албадах ажиллагаа явуулж байгаа, тусгайлсан өмч хөрөнгө бүхий хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн хувийн өмч хөрөнгөнд шүүхийн шийдвэргүйгээр дураараа халдаж байгааг нийтийн албан хаагч-хууль сахиулагч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны бүрэн эрхийг хэтрүүлж байна гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль (2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр батлагдан мөрдөгдөж байгаа/-д улсын хэмжээнд ерөнхий гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгч,шийдвэр гүйцэтгэгч нарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх эрх бүхий этгээдээр тогтоосон, Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий этгээд өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай зохицуулалт байхгүй, эрх олгогдоогүй байхад ахлах гүйцэтгэгч Даваасүрэн 2017 оны 11 дүгээр сарын 01 өдөр Өндөр буянт холдинг ХХК-ийн албан байранд гэрчгүйгээр, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдсэн.

Энэ байдлын талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн хэсгийн ахлах гүйцэтгэгч Даваасүрэнд хандан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан юм.

 

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Засгийн газрын мэдээ сонины 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 249, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 250 дугаарт Хөдлөх хөрөнгийн үнэ хаялцуулах дуудлага худалдаа гэсэн мэдээ нийтлүүлж, Өндөр буянт холдинг ХХК-ийн өмчлөлийн 5 нэр төрлийн үлэмж хэмжээний хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар зарласан байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн хэсгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмын дагуу манай компаниас гаргасан гомдлыг хянан шалгаж хариу өгөх хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүйгээр Өндөр буянт холдинг ХХК-ийн хөрөнгөнд дур мэдэн үнэлгээ тогтоож, төлбөр төлөгчид эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэхгүйгээр нийтийн дуудлага худалдаа зарлаж байгаа нь Иргэний хуулийн 177.1 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийг зөрчиж байгаа тул Өндөр буянт холдинг ХХК-ийн Улиастай дахь аж ахуйн нэгжийн хашаанд нэвтэрч орж, эд хөрөнгийг битүүмжилсэн 2017-02-03 өдрийн тогтоол, эд хөрөнгө барьцаалах 2017-11-02 өдрийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх 2017-11-01, 2017-11-04 өдрийн тогтоол, .эд хөрөнгө хураах 2017-11-06 өдрийн тогтоол, хөдлөх хөрөнгийн үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай Засгийн газрын мэдээ сонины 2017-12-26 өдрийн 249, 2017-12-27 өдрийн 250 дугаарт нийтлүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү? гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 17 өдрийн 8125 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 сарын 22 өдрийн 325 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 04 сарын 26 өдрийн 001/ХТ2016/00416 дугаар тогтоолоор Өндөр буянт холдинг ХХК-иас 331 528 922 төгрөгийг гаргуулж, Ч.Болорт олгохоор шийдвэрлэсний дагуу 2016 оны 06 сарын 08 өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Өндөр буянт холдинг ХХК-ийн гүйцэтгэх баримт бичигт заасан Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, UBH төвийн 15-р давхарт байрлах хаягт 2016-11-15 өдөр очиж, хуулийн этгээдийн нягтлан н.Цэцэгдарниад 150/96 дугаартай, тус газрын 402 тоотод 2017-01-20 өдөр гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбатыг дуудан ирүүлж, 150/01-20 дугаартай шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн хугацаа тогтоосон мэдэгдлийг тус тус хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг бүрэн барагдуулаагүй тул хуулийн этгээдийн эзэмшилд бүртгэлтэй 8 ширхэг тээврийн хэрэгслийг битүүмжлэн хураан авч, 7 ширхэг тээврийн хэрэгслийн хадгалалтыг төлбөр төлөгчид хариуцуулсан. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбатад шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай 150/02, 16280698/3 дугаартай мэдэгдлийг 2017-11-02, 03 өдрүүдэд дахин гардуулсан боловч мэдэгдлийг биелүүлээгүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар харилцан тохиролцож, эвлэрсэн боловч төлбөр төлөгч уг гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй гэсэн үндэслэлээр гэрээнээсээ татгалзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгүүлэх талаар төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтээр яюуулж, талуудаас авахад үнэлгээний талар харилцан тохироогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоолгож, 2017-12-26 өдөр 4/31107 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч хуулийн этгээдэд хүргүүлж, үнэлгээг мэдэгдэн 2018-01-30 өдрийн үнэ хаялцуулах дуудлага худалдаанд хуульд заасны дагуу оруулахад худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай гомдлыг төлбөр төлөгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017-12-18 өдөр хүлээн авч, 2017-12-28 өдөр гомдлыг хангахаас татгалзсан тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 18/02 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацаанд хариуг өгсөн ба төлбөр төлөгч хуулийн этгээд шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй байна. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн төлбөр төлөгч Өндөр буянт холдинг ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, компанийн дүрэм, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2017-11-04, 2017-11-06 өдрийн тогтоол, гомдол, гомдолд хариу өгсөн тогтоол, мэдэгдэл хэвлэгдсэн Өнөөдөр, Засгийн газрын мэдээ сонинууд, ажлын хэсэг байгуулах тухай тушаал, ХЗДХЯ-наас ирүүлсэн албан бичиг, төлбөр авагчийн гомдол, гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, хариуцагчаас төлбөр төлөгчид өгсөн 2016-11-15, 2016-12-15, 2017-01-20, 2017-02-03, 2017-04-27, 2017-11-02, 2017-11-03, 2017-11-07, 2017-12-01, 2017-12-25, 2018-02-09 өдрийн мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчтэй уулзсан 2016-11-15, 2016-12-15, 2017-01-20, 2017-02-03, 2017-02-21, 2017-02-24, 2017-11-02, 2017-11-03, 2017-11-04, 2017-11-06, 2017-11-17, 2017-12-01 өдрийн тэмдэглэлүүд, төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийсэн тухай 2017-11-02 өдрийн 11/02 тоот акт, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017-02-03 өдрийн 150/02-03 , 2017-11-04 өдрийн 17280771/2, эд хөрөнгө хураасан 2017-02-24 өдрийн 150/02-14, 2017-11-06 өдрийн 16280698/04, 2017-11-06 өдрийн 16280698/03 тогтоол, төлбөр авагчийн болон төлбөр төлөгчийн үнийн санал, шинжээч томилох тухай 2017-11-01 өдрийн 312, 2017-12-07 өдрийн 38 тогтоол, үнэлгээний тайлангууд, хадгаламж болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолууд, үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018-01-30 өдрийн 2/1 тогтоол, 2/1 тогтоолыг хүчингүй болгох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018-03-19 өдрийн 10 тоот тогтоол, төлбөр төлөгчөөс хариуцагчид ирүүлсэн хүсэлт, түүнд өгсөн 2018-02-05 өдрийн 4/10 хариу, үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

     ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 17 өдрийн 8125 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 сарын 22 өдрийн 325 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 сарын 26 өдрийн 001/ХТ2016/00416 дугаар тогтоолоор Өндөр буянт холдинг ХХК-иас 331 528 922 төгрөгийг гаргуулж, иргэн Ч.Болорт олгохоор шийдвэрлэжээ

Төлбөр төлөгч Өндөр буянт холдинг ХХК нь шүүхийн дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-05-31 өдрийн 102/ШЗ2016/19314 захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоож, шүүхийн 2016-05-31 өдрийн 102/ГХ2016/02197 тоот гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгосныг үндэслэн хариуцагч 2016-06-08 өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх боловч Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-06-27 өдрийн 102/ШЗ2016/00832 захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, хэргийг Монгол улсын Дээд шүүх 2016-09-20 өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан хэлэлцэж дууссаны дараа уг ажиллагааг сэргээсэн байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч болох төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг 2016-11-15, 2016-12-15, 2017-01-20, 2017-02-03, 2017-04-27, 2017-11-02, 2017-11-03, 2017-11-07, 2017-12-01 өдрүүдэд мэдэгдэх хуудсаар удаа дараа мэдэгдэж, 2016-11-15, 2016-12-15, 2017-01-20, 2017-02-03, 2017-02-21, 2017-02-24 өдрүүдэд төлбөр төлөгч байгууллагын төлөөлөгч, захирал, нябо нартай төлбөр төлүүлэхээр уулзаж, уулзалтын тэмдэглэл хөтлөжээ.

Эд хөрөнгийг битүүмжлэх 2017-02-03 өдрийн тогтоолоор төлбөр төлөгчийн 85-42 УНҮ, 79-64 УНҮ, 92-21 УНҮ, 81-50 УНҮ дугаартай Howo маркийн 4 тээврийн хэрэгслүүдийг тус компанийн механик инженер Зоригтбаатарыг байлцуулан битүүмжилж, 2017-02-10 өдрийн дотор төлбөрөө төлөхгүй бол эдгээр хөрөнгийг хураахыг мэдэгдсэн, мөн 2017-02-18 өдөр цагдаагийн байгууллага журамлан саатуулсан төлбөр төлөгчийн 33-73 УНЭ дугаартай, Ландкруйзер маркийн автомашиныг компанийн захирал Л.Эрдэнэбатад мэдэгдэж, 2017-02-24 өдөр хураасан, 2017-08-18 өдөр төлбөр төлөгч компани 33-73 УНЭ дугаартай автомашинд үнийн санал өгсөн, үнэлгээг төлбөр авагч татгалзсан /х.х-122/ байна.

2017-11-02 өдөр төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийж, нябогийн ширээнээс 170 000 төгрөгийг хураасан, 2017-11-04 өдөр 04-82 УНЭ, 29-12 УНБ дугаартай Sino truk маркийн, 65-41 УНА дугаартай, XCMG XZJ5407 маркийн, 83-41 УБТ дугаартай, Daewoo маркийн, 84-02 УНГ дугаартай, Howo маркийн тээюрийн хэрэгслүүдийг тус компанийн захирал Л.Эрдэнэбатыг байлцуулж, битүүмжилж, 2017-11-07 өдрийн дотор төлбөрөө барагдуулахыг шаардсан, эдгээр тээврийн хэрэгслийг 2017-11-06 өдөр хураасан, 2017-11-06 өдөр 34-99 УНЭ дугаартай, Hino маркийн, 69-16УНҮ дугаартай Howo маркийн тээврийн хэрэгслүүдийг тус компанийн захирлыг байлцуулан хурааж, албадан биелүүлэх ажиллагаа явуулахыг мэдэгдсэн, төлбөр төлөгч 04-82 УНЕ, 65-41 УНА, 83-41 УБТ, 84-02 УНГ, 29-12 УНБ, 34-99 УНЕ, 32-71 УНБ дугаартай тээврийн хэрэгслүүдийг худалдан борлуулах үнийн саналыг өгсөн байна /х.х-141/.

 

Төлбөр төлөгч нь төлбөр авагчид 2017-11-20 өдрийн дотор 50 000 000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан талаар шийдвэр гүйцэтгэгчид 2017-11-07 өдрийн уулзалтын үеэр төлбөр төлөгч мэдэгдсэн байх боловч тохирсон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй болохыг шийдвэр гүйцэтгэгчийн хамт төлбөр авагч, төлбөр төлөгч оролцсон 2017-12-01 өдрийн уулзалтаар ярилцаж, 50 000 000 төгрөгийг 2017-12-06 өдрийн дотор төлбөр авагчид төлбөр төлөгч төлөхөөр тохирсон байна.

Төлбөр авагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд гомдол гаргасны дагуу хариуцагч байгууллага 2017-12-07 өдөр ажлын хэсэг байгуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх шуурхай гүйцэтгэх арга хэмжээ авахаар тогтоосон бөгөөд төлбөр төлөгч төлбөр авагчид төлөхөөр тохирсон 50 000 000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, төлбөр төлөгч, төлбөр авагч нар хураагдсан хөрөнгийн үнийн талаар зөрүүтэй саналтай, шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан хөрөнгийг үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэлтэй улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.2.6 дахь хэсэгт заасны дагуу 2017-12-07 өдөр шинжээч томилж, хураагдсан хөрөнгүүдээс 2017-12-22 өдөр 04-82 УНЕ, 83-41 УБТ, 34-99 УНЕ, 69-16 УНҮ, 33-73 УНЭ дугаарын автомашинуудыг үнэлүүлсэн байна.

Шинжээч 2017-12-22 өдөр 04-82 УНЕ, 83-41 УБТ, 34-99 УНЕ, 69-16 УНҮ, 33-73 УНЭ дугаарын автомашинуудын үнэлгээг тогтоож ирүүлснийг хариуцагч нь 2017-12-25 өдрийн 4/31107 мэдэгдлээр төлбөр төлөгчид шуудангаар 2017-12-26 өдөр хүргэсэн нь шуудангийн баримтаар /х.х-175/ тогтоогдож байна.

Хураагдсан хөрөнгүүдийг худалдан борлуулах албадан дуудлага худалдааг 2018-01-26 өдөр зохион байгуулахаар Засгийн газрын мэдээ сонинд зарыг хэвлүүлсэн боловч уг ажиллагааг 2017-01-30 өдөр явуулахаар товыг хойшлуулж зарласан байна.

2017-01-30 өдөр зохион байгуулсан дуудлага худалдаагаар төлбөр төлөгчийн хөрөнгүүдийг авах үнийн санал ирээгүйгээс худалдан борлуулах автомашинуудын үнийг 30 хувиар бууруулж, 2 дахь албадан дуудлага худалдааг 2017-03-02 өдөр зохион байгуулахаар төлбөр төлөгчид 2017-02-09 өдөр 4/2988 албан бичгээр мэдэгджээ.

Гэвч эдгээр ажиллагааны талаар төлбөр төлөгчид мэдэгдэхдээ дуудлага худалдаа явуулах огноог мэдэгдэлд дутуу бичсэн, дуудлага худалдаа явуулах өдрийг бичээгүй орхисон зөрчил гарсан болохыг ахлах шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гомдлын дагуу хянаж тогтоож, 2018-03-19 өдрийн 10 тоот тогтоолоор үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018-01-30 өдрийн 2/1 дугаар тогтоол, 2018-02-09 өдрийн 4/2988 албан бичгийг тус тус хүчингүйд тооцсон байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс төлбөр гаргуулахаар түүний эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийх, битүүмжлэх, хураах ажиллагааг эд хөрөнгө оршин байрлаж байгаа газарт төлбөр төлөгчийг, түүний ажилтнуудыг, хөндлөнгийн гэрчийг оролцуулан явуулсан байх бөгөөд эдгээр ажиллагааны талаарх гомдлыг төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 заасан журмын дагуу дээд шатны албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлсэн байна.

Хураагдсан хөрөнгийг хуульд заасан журмыг баримтлан шинжээч томилж, үнэлгээг тогтоолгосон, үнэлгээний талаар төлбөр төлөгчид зохих журмын дагуу мэдэгдсэн байна.

 

Анхны албадан дуудлага худалдааг хэзээ хаана явуулах, ямар эд хөрөнгийг борлуулах, албадан дуудлага худалдаанд оролцоход баримтлан журмыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан боловч төлбөр авагчидилгээсэн мэдэгдсэн хуудсанд дуудлага худалдаа явуулах огноог дутуу бичсэн, 2 дахь дуудлага явуулах өдрийг бичээгүй шалтгаанаар ахлах шийдвэр гүйцэтгэгч анхны дуудлага худалдааг болон 2 дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гарсан зөрчлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт заасан журмаар арилгасан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь Өндөр буянт холдинг ХХК-иас хөрөнгө орлогын мэдүүлэг аваагүй, түүний хөрөнгө орлогын байдал, төлбөр төлөх хүчин чадлыг хуульд заасан арга хэмжээний дагуу тогтоогоогүй тухай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Өндөр буянт холдинг ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Н.Өөдөс, Ц.Адьяаням, О.Төгсөө нарын банкин дахь харилцах дансыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хаасан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тогтоолуудаа шийдвэр гүйцэтгэгч 2018-01-24 өдрийн тогтоолоор дээрх шийдвэрээ цуцалж, банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг сэргээсэн байх тул энэ тухай гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.