Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1608

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

“ӨБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/01121 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ӨБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ШГА-арт холбогдох

 

“ӨБ” ХХК-ийн Улиастай дахь эд хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол, эд хөрөнгө барьцаалах 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоол, эд хөрөнгө хураах 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоол, хөдлөх хөрөнгийн үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай 2017 оны 12 дугаар сарын 26, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн сонинуудад нийтлүүлсэн мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “ӨБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч “ӨБ” ХХК-д холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч П.Наранчимэг, ахлах гүйцэтгэгч Даваасүрэн нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийг зөрчсөнөөс гадна “ӨБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очирт мэдэгдэлгүй, түүнийг байлцуулалгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь компанийн хууль ёсны эрх, ашгийг хязгаарлаж, эрхийг зөрчсөн.

Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээний үндэслэл, журмыг баримтлахгүйгээр төлбөр төлөгчийн өмчлөлөөс гарсан, бусдын өмчлөлийн 3373 УНЭ дугаартай, Ланд круйзер автомашиныг хураан авахдаа өмчлөгч, эзэмшигч, төлбөр төлөгчийн эрх бүхий этгээдэд мэдэгдэлгүй, байлцуулалгүй 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хураан авсан атлаа өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлээгүй. Мөн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “ӨБ” ХХК-ийн Улиастай дахь аж ахуйн хашаанд нэвтэрч, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэн 4 ширхэг автомашиныг битүүмжлэхдээ тус компанийн эрх бүхий этгээд, төлөөлөгч, хөндлөнгийн гэрч нарыг байлцуулаагүй. Шийдвэр гүйцэтгэгч П.Наранчимэг 2017 оны 11 дүгээр сарын 02 өдөр эд хөрөнгө барьцаалах тогтоол үйлдэж, “ӨБ” ХХК-ийн өмчлөлийн 2 ширхэг тусгай зориулалтын автомашиныг барьцаалсан, 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэн, 5 автомашиныг битүүмжилсэн, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоол үйлдэн, 6 ширхэг тусгай зориулалтын автомашиныг хураасан. Шийдвэр гүйцэтгэгч “ӨБ” ХХК-аас хөрөнгө орлогын мэдүүлэг аваагүй, түүний хөрөнгө орлогын байдлыг хуульд заасны дагуу тогтоож чадаагүй атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, “ӨБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Өөдөс, Ц.Адьяаням болон хувьцаа эзэмшигч бус О.Төгсөө нарын банкин дахь харилцах дансыг битүүмжлэн, захиран зарцуулах эрхийг хааж, дансны үлдэгдлээс төлбөр гаргуулах тогтоолуудыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр банкуудад хүргүүлж, хуулийг ноцтой зөрчсөн. Иргэний хуулийн 7.1, 34.1 дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлд заасан зохицуулалтыг шийдвэр гүйцэтгэгч зөрчиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудаст зааснаас өөр этгээдийн нэр дээр албадах ажиллагаа явуулж, хувьцаа эзэмшигчдийн хувийн өмч хөрөнгөд шүүхийн шийдвэргүйгээр халдаж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.

2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд улсын хэмжээнд ерөнхий гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нарыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх эрх бүхий этгээдээр тогтоосон, Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий этгээд өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай зохицуулалт байхгүй, эрх олгогдоогүй байхад ахлах гүйцэтгэгч Даваасүрэн 2017 оны 11 дүгээр сарын 01 өдөр “ӨБ” ХХК-ийн албан байранд гэрчгүйгээр, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдсэн. Энэ байдлын талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн хэсгийн ахлах гүйцэтгэгч Даваасүрэнд хандан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргахад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Засгийн газрын мэдээ сонины 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 249, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 250 дугаарт “хөдлөх хөрөнгийн үнэ хаялцуулах дуудлага худалдаа”-ны зар нийтлүүлж, “ӨБ” ХХК-ийн өмчлөлийн 5 нэр төрлийн хөрөнгийг худалдахаар зарласан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн хэсгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмын дагуу манай компаниас гаргасан гомдлыг хянан шалгаж хариу өгөх хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүйгээр “ӨБ” ХХК-ийн хөрөнгөд дур мэдэн үнэлгээ тогтоож, төлбөр төлөгчид эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэлгүй дуудлага худалдаа зарласан нь Иргэний хуулийн 177.1 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийг зөрчсөн тул ”ӨБ” ХХК-ийн Улиастай дахь аж ахуйн нэгжийн хашаанд нэвтэрч орж, эд хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол, эд хөрөнгө барьцаалах 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх 2017 оны 11 дүгээр сарын 01, мөн сарын 04-ний өдрийн тогтоол, эд хөрөнгө хураах 11 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоол, хөдлөх хөрөнгийн үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай Засгийн газрын мэдээ сонины 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 249, мөн сарын 27-ны өдрийн 250 дугаарт нийтлүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ШГА-ар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 17 өдрийн 8125 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 сарын 22 өдрийн 325 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 04 сарын 26 өдрийн 001/ХТ2016/00416 дугаар тогтоолоор “ӨБ”ХХК-иас 331 528 922 төгрөгийг гаргуулж, Ч.Болорт олгохоор шийдвэрлэсний дагуу 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Улмаар төлбөр төлөгч “ӨБ” ХХК-ийн гүйцэтгэх баримт бичигт заасан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, UBH төвийн 15 давхарт байрлах хаягт 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр очиж нягтлан н.Цэцэгдарниад 150/96 дугаартай, тус газрын 402 тоотод 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбатыг дуудан ирүүлж, 150/01-20 дугаартай шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн хугацаа тогтоосон мэдэгдлийг тус тус хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул хуулийн этгээдийн эзэмшилд бүртгэлтэй 8 ширхэг тээврийн хэрэгслийг битүүмжлэн хураан авч, 7 ширхэг тээврийн хэрэгслийн хадгалалтыг төлбөр төлөгчид хариуцуулсан. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбатад шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай 150/02, 16280698/3 дугаартай мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 02, 03 өдрүүдэд дахин гардуулсан боловч мэдэгдлийг биелүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн боловч төлбөр төлөгч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр авагчийн хүсэлтээр явуулж, үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоолгож, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4/31107 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлж, үнэлгээг мэдэгдэн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн үнэ хаялцуулах дуудлага худалдаанд хуульд заасны дагуу оруулахад худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай гомдлыг төлбөр төлөгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гомдлыг хангахаас татгалзсан тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 18/02 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хугацаанд хариуг өгсөн. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШГА-арт холбогдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03 өдрийн тогтоол, эд хөрөнгө барьцаалах 2017 оны 11 дүгээр сарын 02 өдрийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх 2017 оны 11 дүгээр сарын 01, мөн сарын 04 өдрийн тогтоол, эд хөрөнгө хураах 2017 оны 11 дүгээр сарын 06 өдрийн тогтоол, хөдлөх хөрөнгийн үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай Засгийн газрын мэдээ сонины 2017 оны 12 дугаар сарын 26 өдрийн 249, мөн сарын 27-ны өдрийн 250 дугаарт нийтлүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд удаа дараагийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа “ӨБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир мэдэгдэлгүй, байлцуулахгүй нь компанийн хууль ёсны эрх, ашгийг хууль бусаар хязгаарлаж, эрхийг зөрчсөн. Мөн талуудын эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашгийг дордуулах, ялгавартай байдлаар хандахыг хуулиар хориглосон атал шийдвэр гүйцэтгэгч П.Наранчимэг, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн нар “ӨБ” ХХК-ийн захирал Л.Эрдэнэбатын үүрэгт ажлыг хийлгэхгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан аваачиж, олон цагаар саатуулж, төлбөр авагчийн эрх ашгийг давуу байдлаар хангасан эвлэрлийн гэрээ, болон төлбөр төлөхийг албадан бичүүлэхээр бүлэглэн ажиллаж хууль зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэгч дараах ажиллагаануудыг хууль бусаар явуулсан. Үүнд:

  1. Төлбөр төлөгчийн өмчлөлөөс гарсан, бусдын өмчлөлийн 33-73 УНЭ дугаартай ландкрузер автомашиныг хураан авахдаа өмчлөгч, эзэмшигч, төлбөр төлөгчийн эрх бүхий этгээдэд мэдэгдэхгүй, байлцуулахгүйгээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хураан авсан тогтоол үйлдсэн.
  2. Шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “ӨБ” ХХК-ийн Улиастай дахь аж ахуйн хашаанд нэвтэрч, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэн 4 ширхэг автомашиныг битүүмжлэхдээ тус компанийн эрх бүхий этгээд, эсхүл төлөөлөгч Б.Цэнд-Очир, хөндлөнгийн гэрч нарыг байлцуулаагүй.
  3. Шийдвэр гүйцэтгэгч П.Наранчимэг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эд хөрөнгө барьцаалах тогтоол үйлдэж, “ӨБ” ХХК-ийн өмчлөлийн 2 ширхэг тусгай зориулалтын автомашиныг барьцаалж, мөн сарын 04-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэн 5 автомашиныг битүүмжилж, 11 дүгээр сарын 06-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоол үйлдэн 6 ширхэг тусгай зориулалтын автомашиныг хураасан.
  4. Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсгийг зөрчин компанийн хувьцаа эзэмшигч бус О.Төгсөө нарын банкны харилцах дансыг битүүмжлэн, захиран зарцуулах эрхийг хааж, дансны үлдэгдлээс төлбөр гаргуулах тогтоолуудыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр банкуудад хүргүүлсэн.
  5. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Засгийн газрын мэдээ сонины 2017 оны 12 дугаар сарын 26-ны 249, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 250 дугаарт “хөдлөх хөрөнгийн үнэ хаялцулах дуудлага худалдаа” нийтлүүлж, ӨБ ХХК-ийн өмчлөлийн 5 нэр төрлийн хөрөнгийг худалдахаар зарласан. Ингэхдээ төлбөр төлөгчид эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдээгүй нь Иргэнийи хуулийн 177.1 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийг тус тус зөрчсөн.

Шийдвэр гүйцэтгэгч дээрх байдлаар удаа дараа хууль бус ажиллагаа явуулж, ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг төлбөр төлөгчид мэдэгдэж, байлцуулалгүй, компанийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө, тусгай зориулалтын автомашинуудыг олноор битүүмжилж, лацадсан, эдгээр хөрөнгөд дур мэдэн үнэлгээ тогтоож төлбөр төлөгчид эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэхгүйгээр нийтийн дуудлага худалдаа зарласан зэрэг нь “ӨБ” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоох, хэвийн ажиллагаанд доголдол үүсгэх нөхцөл үүсгэж, эрх зүйн байдлыг хууль бусаар дордуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан шийдвэр гүйцэтгэгч П.Наранчимэг, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн нарын хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч “ӨБ” ХХК нь хариуцагч ШГА-арт холбогдуулан “ӨБ” ХХК-ийн Улиастай дахь эд хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол, эд хөрөнгө барьцаалах 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоол, эд хөрөнгө хураах 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоол, хөдлөх хөрөнгийн үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай 2017 оны 12 дугаар сарын 26, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн сонинд нийтлүүлсэн мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгох нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

   Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэг шаардлагын үндэслэл болсон 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эд хөрөнгө барьцаалах тухай тогтоолын хуулбар нь дээрх хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байхад үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Үүний улмаас давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/01121 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Ч.ЦЭНД