Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/248

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2022/0233/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Ч.Болормаа,

Хохирогч Л.Л.Т-,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч М.М.Д- нарыг ***лцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М.Д-д холбогдох эрүүгийн 2218000000240 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 28-ны өдөр д төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, М.Д-

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М.Д- нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 01- ний өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах 16 байрны урд талын асфальтан зам дээр ******** улсын дугаартай Honda Fit маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а ...Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2 ...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..., 12.3 ...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэснийг зөрчсөний улмаас Л.Л.Т-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д тус тус заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 05 дугаар сарын 01-ний ***й “Сутай” нэртэй бааранд найзтайгаа таарч архи уусан. Барнаас гараад яаж машин барьж явснаа санахгүй байгаа,  жолооны хүрдээ дэрлээд унтаад яваад байсан гэсэн.” гэв.

 

Хохирогч Л.Л.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 05 дугаар сарын 01-ний ***й 10:40 болж байсан. 18-н буудлын зам гарч такси барих гэж явж байгаад мөргүүлсэн, ухаан алдсан. 18-н таксины жолооч нар намайг үхсэн гэж яриад байна лээ, чамайг машины хамрыг өргөж байж гаргаж авсан гэж ярьж байсан гэж хэлсэн” гэв.

 

Эрүүгийн 2218000000240 дугаартай хэргээс:

 

Хохирогч Л.Л.Т-ын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 01-ний өглөө гэртээ байж байгаад 11 цагийн орчимд 16 давхар байр руу найз эмэгтэй Энхээгийн гэр рүү очсон юм. Тэндээ хоол идчихээд буцаж гараад танил залуутай тааралдаад 1 литрийн савлагаатай Эдэн нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Энэ хо***нд нэг найз нь бас ирсэн тэгээд ярилцаж сууцгааж байгаад салсан. Би найз Э- хүү болох Э- хамт Дархан сумын Өргөө баг 16 байрны тэнд очоод хүнсний дэлгүүр орж 1 шил архи авах гэж байгаад зам хөндлөн гарах гэж байтал цагаан өнгийн жижиг тэрэг ирээд намайг мөргөсөн. Тэгээд намайг мөргөчхөөд дахиж даваад хаазлаад байсан юм.” /хх 18-19/,

 

Гэрч Б.Г- өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 01-ний ***йн 22 цагийн орчимд би Дархан сумын Өргөө баг 18-ын автобусны буудал дээр 25-65 ДАУ улсын дугаартай Тоёота Премо маркийн автомашинтайгаа зогсож байсан. Би гэхдээ машин дотроо суугаагүй буучихсан тэнд байсан жолооч нартай юм яриад зогсож байсан юм. Тэгсэн чинь шүүх талаасаа Дархан сум руу явах чиглэлд Орхоны дугаартай цагаан өнгийн жижиг автомашин зам гарах гэж байсан эрэгтэй хүнийг мөргөөд дараа нь миний автомашины багаж хэсгийг мөргөөд чигээрээ яваад урд талд нь зогсож байсан Тоёота Эстима маркийн автомашиныг мөргөөд зогссон юм. Тухайн үед мөргүүлсэн эрэгтэй хүн тэр хүнийг мөргөсөн цагаан өнгийн автомашины яг урд талын баруун хэсэгт хэвтэж байсан. Тэгсэн чинь тухайн автомашины жолооч дахиж хаазлаад дээр нь гараад зогсчихсон юм.” гэх мэдүүлэг /хх 23/,

 

Гэрч Н.Б- өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 01-ний ***йн 22 цагийн орчимд би Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт ирээд 1 хүн хотоос авч ирсэн. Тэр хүн нь древенд очно гэхээр нь Дархан сумын Өргөө баг 18-ын автобусны буудал дээр буулгах гээд ******СЭҮ улсын дугаартай Тоёота Стима маркийн автомашинтайгаа зогсож байсан. Тэгээд би буугаад миний ард талын хаалга гаднаасаа онгойдог учир хамт ирсэн хүнээ буулгах гээд хаалгаа онгойлгож байтал түс хийх чимээ гараад харсан чинь 1 цагаан өнгийн Хонда маркийн автомашин эхлээд нэг хүн хамар дээр нь гарчихсан мөргүүлчихсэн байсан. Дараа нь цагаан өнгийн Тоёота Премио маркийн автомашиныг мөргөсөн. Тэгээд шууд чигээр яваад миний машины хойноос мөргөөд зогссон. Тэгээд тухайн цагаан өнгийн Хонда маркийн автомашины жолооч нь дахиж хаазлаад мөргөсөн байсан хүнээ бүр автомашиныхаа доогуур оруулчихсан.” гэх мэдүүлэг /хх 25/,

 

Гэрч Г.Б- өгсөн: “...бид хэд хүн хүлээгээд юм яриад зогсож байсан чинь авто зам дээр чанга чимээ гарахаар нь харсан чинь 1 цагаан жижиг автомашин зогсоол дээр зогсож байсан Гэрлээ ахын машины хойд хэсэгт нь мөргөөд тэгээд 16 байр талаасаа зам хөндлөн гарч байсан залууг мөргөөд машин доогуураа оруулсан. Тэгээд төв зам дээр яг урд талд нь зогсож байсан Стима маркийн машиныг араас нь мөргөөд зогсохоор нь бид нар яваад очиход хүн мөргөсөн жижиг цагаан машины доор мөргүүлсэн хүн нь орчихсон жижиг цагаан машины жолооч хаазаа хаазлаад байсан.” гэх мэдүүлэг /хх 27/,

 

Гэрч Э.Б- өгсөн: “...Гэрлээ ахын машиныг хойд хэсэгт нь мөргөөд чигээрээ явж байсан чинь урд нь 1 хүн гарч ирээд нөгөө жижиг цагаан машин зам дээр гарч ирсэн хүнийг чигээрээ мөргөсөн. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь нэлээн их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хажуу талын залуу нь урд талд нь согтуу унтаж байсан.” гэх мэдүүлэг /хх 29/,

 

Гэрч Т.Б- өгсөн: “...хүн мөргөсөн жижиг цагаан машины доор нь нөгөө хүн жижиг цагаан машины доор нөгөө хүн чинь орчихсон жижиг цагаан машины жолооч хаазаа хаазлаад байсан. Машин нь хүн дээр гараад зогсчихсон байсан. Тэгээд тэр үед Бэхбат нөгөө хүн мөргөсөн жолоочийн хаалга талаар нь очоод машиныг нь унтраасан бид хэд тэр машиныг өргөж байгаад доор нь байсан хүнийг гаргаж авсан.” гэх мэдүүлэг /хх 32/,

 

Гэрч Н.М- өгсөн: “...Тухайн үед миний машин дотор 0.33 граммын шилтэй архи байхаар нь бид 2 баарны гадаа зогсож байгаа машин дотроо хувааж шилтэй архиа уусан. Тэгээд баар руу ***од М.Д- бид 2ын таньдаг хүн таараад архи пиво авч өгөхөөр нь хамт сууж байгаад би тасарчихсан байсан. Тэрнээс юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаагийн газар ирчихсэн сууж байсан.” гэх мэдүүлэг /хх 38/,

 

            “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт: “...Тоёота Эстима маркийн ******СЭҮ улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын авто машины эвдрэл гэмтлийг арилгахад гарах нийт зардлын үнэлгээний дүн 550000 төгрөг.” /хх 42/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт: “...Тоёота премио маркийн ****ДАУ улсын дугаартай сувдан цагаан өнгийн суудлын авто машины эвдрэл гэмтлийг арилгахад гарах нийт зардлын үнэлгээний дүн 1230000 төгрөг.” /хх 50/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь MNS-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тормоз нь тээврийн хэрэгслийн хурдаас шууд хамааралтай.

-Honda Fit Aria маркийн Цагаан өнгөтэй ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд ***лцохдоо MNS-4898:2011  стандартыг хангаж ***лцсон байна.

-Тээврийн хэрэгслийн тоормосны эд ангиудын элэгдэл битүүмжлэл шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна.

-Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй... Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй.” гэх дүгнэлт /хх 58-59/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт:

-Л.Л.Т-ын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний язрал урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, цус алдалтын шок, хурц цус алдалтын дараах хурц цус багадалтын гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 болон 3.3.1, 3.3.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

-Л.Л.Т-ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй.” /хх 71-72/,

 

2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт: “3.1 М.М.Д- нь ******** улсын дугаартай Honda fit aria маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Үүнд 1-т Замын хөдөлгөөний дүрмийн Гурав: жолоочийн үүрэг болох 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний үед аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох /12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. /12.2/ харанхуй болон үзэгдэлт хангалтгүй жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

3.2 Осол гарах шалтгаан нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалаагүй. Осол гарсан үндсэн шалтгаан нь 3.1-д бичигдсэн замын хөдөлгөөний дүрэм болох /3.7а/, /12.3/, /12.2/ заалтуудыг зөрчсөн архи хэрэглэж өөрийн хяналтаа алдсанаас осол гарах үндсэн шалтгаан болсон. /хх 77/,

 

Шүүгдэгч М.М.Д-гийн хувийн байдлыг тогтоосон арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /хх 105-109/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 109/, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 112-115/,

 

Хохирогч Л.Л.Т-ын хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хх 123-130/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн ***лцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.М.Д- нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах 16 байрны урд талын асфальтан зам дээр ******** улсын дугаартай Honda Fit маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а ...Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2 ...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..., 12.3 ...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж явган зорчигч Л.Л.Т-ыг мөргөж эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, элэгний язрал урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, цус алдалтын шок, хурц цус алдалтын дараах хурц цус багадалтын гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ.

 

Шүүгдэгч М.М.Д- зам тээврийн осол гаргаж хохирогч Л.Л.Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг, хохирогч Л.Л.Т-ын “...зам хөндлөн гарах гэж байтал цагаан өнгийн жижиг тэрэг ирээд намайг мөргөсөн. Тэгээд намайг мөргөчхөөд дахиж даваад хаазлаад байсан юм.” гэх мэдүүлэг/хх 18-19/, гэрч Б.Г- өгсөн: “...шүүх талаасаа Дархан сум руу явах чиглэлд Орхоны дугаартай цагаан өнгийн жижиг автомашин зам гарах гэж байсан эрэгтэй хүнийг мөргөөд дараа нь миний автомашины багаж хэсгийг мөргөөд чигээрээ яваад урд талд нь зогсож байсан Тоёота Эстима маркийн автомашиныг мөргөөд зогссон юм. Тухайн үед мөргүүлсэн эрэгтэй хүн тэр хүнийг мөргөсөн цагаан өнгийн автомашины яг урд талын баруун хэсэгт хэвтэж байсан. Тэгсэн чинь тухайн автомашины жолооч дахиж хаазлаад дээр нь гараад зогсчихсон юм.” гэх мэдүүлэг /хх 23/, гэрч Н.Б- өгсөн: “...цагаан өнгийн Хонда маркийн автомашин эхлээд нэг хүн хамар дээр нь гарчихсан мөргүүлчихсэн байсан. Дараа нь цагаан өнгийн Тоёота Премио маркийн автомашиныг мөргөсөн. Тэгээд шууд чигээр яваад миний машины хойноос мөргөөд зогссон. Тэгээд тухайн цагаан өнгийн Хонда маркийн автомашины жолооч нь дахиж хаазлаад мөргөсөн байсан хүнээ бүр автомашиныхаа доогуур оруулчихсан.” гэх мэдүүлэг /хх 25/, гэрч Г.Б- өгсөн: “...цагаан жижиг автомашин зогсоол дээр зогсож байсан Г-э ахын машины хойд хэсэгт нь мөргөөд тэгээд 16 байр талаасаа зам хөндлөн гарч байсан залууг мөргөөд машин доогуураа оруулсан. Тэгээд төв зам дээр яг урд талд нь зогсож байсан Стима маркийн машиныг араас нь мөргөөд зогсохоор нь бид нар яваад очиход хүн мөргөсөн жижиг цагаан машины доор мөргүүлсэн хүн нь орчихсон жижиг цагаан машины жолооч хаазаа хаазлаад байсан.” гэх мэдүүлэг /хх 27/, гэрч Э.Б- өгсөн: “...нөгөө жижиг цагаан машин зам дээр гарч ирсэн хүнийг чигээрээ мөргөсөн. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь нэлээн их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хажуу талын залуу нь урд талд нь согтуу унтаж байсан.” гэх мэдүүлэг /хх 29/, гэрч Т.Б- өгсөн: “...хүн мөргөсөн жижиг цагаан машины доор нь нөгөө хүн жижиг цагаан машины доор нөгөө хүн чинь орчихсон жижиг цагаан машины жолооч хаазаа хаазлаад байсан. Машин нь хүн дээр гараад зогсчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх 32/, гэрч Н.Мөнхзаяагийн өгсөн: “...Тухайн үед миний машин дотор 0.33 граммын шилтэй архи байхаар нь бид 2 баарны гадаа зогсож байгаа машин дотроо хувааж шилтэй архиа уусан. Тэгээд баар руу ***од М.Д- бид 2ын таньдаг хүн таараад архи пиво авч өгөхөөр нь хамт сууж байгаад би тасарчихсан байсан. Тэрнээс юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаагийн газар ирчихсэн сууж байсан.” гэх мэдүүлэг /хх 38/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт: Л.Л.Т-ын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний язрал урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, цус алдалтын шок, хурц цус алдалтын дараах хурц цус багадалтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 болон 3.3.1, 3.3.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх 71-72/, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт: “3.1 М.М.Д- нь ******** улсын дугаартай Honda fit aria маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Үүнд 1-т Замын хөдөлгөөний дүрмийн Гурав: жолоочийн үүрэг болох 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний үед аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох /12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. /12.2/ харанхуй болон үзэгдэлт хангалтгүй жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч М.М.Д- замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь шүүгдэгчийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д тус тус заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Л.Л.Т-ын иргэний нэхэмжлэл 4596978 төгрөгийг нотлох баримтад үндэслэн эмийн зардал 316900 төгрөг,  эмчилгээний зардал Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2022.05.17, 2022.05.24-нд 2 удаа хэвтэн эмчлүүлсэн 3166000 төгрөгөөс 2691100 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байх тул  иргэнээс төлөгдсөн 474900 төгрөгийг, эх Д.Ц- тэтгэврийн зээл авч эмчилгээнд зарцуулсан 2176385.13 төгрөгийн 769185.13 төгрөг нь өмнөх зээлийн үлдэгдэл байх тул 1407200 төгрөгийг, бусад зардал ундаа 1600 төг, эргэлтийн түлш 108200 төг, эрүүл мэндийн даатгалын санд 139200төг, иргэний үнэмлэх нөхөн авах 34243 төгрөгийг хангаж, шүүгдэгч нийт эмчилгээний зардалд 3050000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч Л.Л.Т-ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийн хор уршиг  эмчилгээний үр дүнгээс хамаарах тул цаашид гарах эмчилгээний зардал 25000000 төгрөгийг гэм буруутай этгээдээс тооцон гаргуулахад нотлох баримтгүй, мөн түүний төрсөн ах Л.М- эмнэлэгт сахиур хийсэн, тухайн үеийн ажилгүй байсан хугацаа цалин 2400000 төгрөг нэхэмжлэсэн боловч хэзээ, хаана, хэнийг эмнэлэгт сахисан тухай нотлох баримт ирүүлээгүй тул иргэний нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Гэмт хэргийн улмаас Н.Б- ****СЭҮ дугаартай “Тоёота Эстима” автомашинд 550000 төгрөгийн хохирол, Б.Гэрэлмандахын **** ДАУ “Тоёота премио” автомашинд 1230000 төгрөгийн хохирол учирсан байх ба Б.Г- шүүхэд ирүүлсэн...”шүүгдэгч М.М.Д- миний машиныг засуулж, надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан” гэх тодорхойлолт, Н.Б- нас барсан учраас түүний эхнэр Т.Гандолг ***ос ирүүлсэн...”уг хохирлыг нөхөн төлж барагдуулсан” гэх тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний,  нас барсны гэрчилгээний хуулбарын хамт ирүүлсэн, хөнгөн хохирол учирсан  насанд хүрээгүй Г.Г-н эцэг Б.Г- эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж тус тус үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол хүлээсэн Б.Г-, Н.Б-, эд хөрөнгийн бус хохирол насанд хүрээгүй Г.Г- нарыг тус тус иргэний нэхэмжлэгчээр, мөн хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих **** *** автомашины өмчлөгч С.-иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ***лцуулаагүй зөрчил гаргажээ.

 

Шүүх яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд иргэний нэхэмжлэлтэй холбогдох ажиллагааг шүүгдэгчийн ***лцоотойгоор хийж байгаа нь шүүхийн хараат бус, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчих үндэслэл болох тул цаашид анхаарах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.М.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, бага насны 4 хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б- шүүхэд гаргасан дүгнэлтдээ...”шүүгдэгч М.М.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: шүүгдэгч болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн хэдий ч өөрийгөө хянах чадваргүй болтлоо архидан согтуурч тээврийн хэрэгсэл жолоодсон, нийгмийн аюулын хэр хэмжээ их, хохирогчид хүнд хохирол учирсан, хор уршиг, сэтгэл санааны гэм хор арилаагүй нь хуульд заасан хорих ял оногдуулахгүй тэнсэх журмыг хэрэглэх боломжгүй үзсэн болно.

 

Шүүгдэгч М.М.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ******** дугаартай тээврийн хэрэгслийн 0302***** гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны өмчлөгч С.Х- буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д тус тус зааснаар шүүгдэгч М.М.Д-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Д-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

   4.Шүүгдэгч М.М.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0302******* дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С.Х-  буцаан олгосугай.

 

   6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Л.Л.Т- нь цаашид гарах эмчилгээний зардал 25000000 төгрөг, хохирогчийг сахих үеийн ажилгүй байсан хугацааны цалин 2400000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                З.ТӨМӨРХҮҮ