Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00412

 

  Чингис хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02308 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1876 дугаар магадлалтай,

 Чингис хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Грийт өүшн пикчерс ХХК, Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг, Т.Батзулд тус тус холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 225,882.64 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Батзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн төлөөлөгч Б.Тэнгэс нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн, Л.Шагдарсүрэн, хариуцагч П.Тунгалаг, хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн төлөөлөгч Б.Тэнгэс, хариуцагч Т.Батзулын өмгөөлөгч Т.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нар нь 2017.05.18-ны өдөр Чингис хаан банк ХХК-тай, ББГ-2017/ЗГ/45 дугаар зээлийн гэрээ байгуулж, 157,000 ам.долларыг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, гэрээний үүргийг хангуулахаар 2017.05.18-ны өдөр хариуцагч Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг нартай ББГ-2017/БГ/45/01 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг, хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул, Б.Тэнгэс нартай ББГ-2017/БГ/45/02 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 48-р байрны 58 тоот, улсын бүртгэлийн Ү-2205002743 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, ГД-00013299 гэрчилгээтэй, үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, ГД-00033383, ГД-000313382, ГД-000313381 гэрчилгээтэй, үр тарианы зориулалттай газар эзэмших эрх, дээрх гэрчилгээ бүхий 4 газар дээр баригдаж байгаа агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станц зэрэг хөрөнгөнүүд, Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2017.02.16-ны өдрийн А/185 тоот тушаалаар олгогдсон Зохиогчийн эрхийн 8449 дугаар гэрчилгээ, Чингис хаан киноны дотоод болон гадаадаас орж ирэх борлуулалтын орлого, зээлдэгч Т.Батзулын цалин, түүнтэй адилтгах орлого, бусад аж ахуйн нэгж, байгууллагад Б.Тэнгэс, Т.Батзул нарын эзэмшиж байгаа хувьцаа, бизнесийн орлого зэргийг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2017.11.18-ны өдөр дуусах ёстой байсан боловч зээлдэгчийн хүсэлтээр 2018.03.05-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1 гэрээг байгуулж, зээлийн ББГ-2017-ЗГ/45/01 тоот гэрээний хугацааг 8 сараар сунгасан. Зээл нь зээлдэгч нарын хийж, гүйцэтгэж байгаа Чингис хаан нэртэй бүрэн хэмжээний, анимейшн кинонд олон улсын стандарт шаардлага хангасан англи дуу оруулга оруулах зориулалттай болно. Зээлдэгч нар зээлийг эргүүлэн төлөх гэрээний үүргээ зөрчиж, уг зөрчлийг арилгахыг удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Т.Батзул болон Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг нар зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүрэг хүлээхээр харилцан тохирч, гэрээ байгуулсан туп хариуцагчаар татсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээл болон зээлийн хүүд ямар ч эргэн төлөлт хийгээгүй тул 2019.04.08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 157,000 ам.доллар, зээлийн хүү 63,735.98 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 5,146.66 ам.доллар, нийт 225,882.64 ам.доллар төлөх үүрэгтэй болсон. Иймд зээлдэгч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нараас зээлийн гэрээний үүрэгт 225,882.64 ам.доллар буюу 1 ам.долларыг 2019.04.08-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 2,631.58 төгрөгөөр тооцож, нийт 594,364,991 төгрөг гаргуулах, шийдвэрийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч, барьцаалуулагч нар болох Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг нарын барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Батзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Грийт өүшн пикчерс ХХК нь Чингис хаан нэртэй бүрэн хэмжээний анимейшн төрлийн кинонд олон улсын стандарт шаардлага хангасан англи дуу оруулга хийх зориулалтаар Чингис хаан банк ХХК-иас 157,000 ам.долларын зээлийг хүссэн бөгөөд Чингис хаан банк ХХК-ийн зээлийн хорооны 2017.05.16-ны өдрийн шийдвэрээр иргэн Т.Батзулыг зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай гэж үзсэн учраас 2017.05.18-ны өдөр зээлийн ББГ-2017/ЗГ/45 тоот гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны ББГ-2017/БГ/45/02 тоот гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэвч нэхэмжлэгчийн олгосон зээл хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-д олгогдож байгаа, түүнийг Т.Батзул авч ашиглах гэсэн хүсэл зориг байгаагүй буюу иргэн Т.Батзул өөрөө хүсч гэрээнд оролцоогүй, хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг байхгүйг мэдсээр байж, гэрээнд оролцуулж гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзнэ. Иймд Т.Батзул дээрх зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцах үндэслэл байхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул Т.Батзул дээрх зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцах үндэслэл байхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор зохицуулсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг. Гэтэл зээл авах хүсэлтийг Грийт өүшн пикчерс ХХК нь Чингис хаан банкинд гаргаж, авсан зээлээ өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа ба зээлийг буцаан төлөх үүргийг зээлдэгч хүлээж байгаа болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа Грийт өүшн пикчерс ХХК, иргэн Т.Батзул, Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг нарт холбогдуулан гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нараас зээлийн гэрээний үүрэгт 225,882.64 ам.доллар буюу 1 ам.долларыг 2019.04.08-ны өдрийн Монгол банкны ханш 2,631.58 төгрөгөөр тооцож, нийт 594,364,991 төгрөг гаргуулах, шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч болон барьцаалуулагч Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг нарын барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох үүрэгтэй боловч дээрх шаардлага нь ойлгомжгүй, хариуцагч нарын хэнээс хэдэн ам.долларыг шаардаж байгаа нь тодорхой бус байх тул Т.Батзулд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн төлөөлөгч Б.Тэнгэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингис хаан банк ХХК-иас зээлсэн 157,000 ам.долларыг манай компани хариуцан төлөх үүрэгтэй. Учир нь, уг зээлийг Чингис хаан анимейшн хүүхэлдэйн киноны англи дуу оруулалтад зарцуулсан бөгөөд энэ киноны гадаад зах зээлийн борлуулалт саатсан учир зээлээ төлөх боломжгүй байдалд орсон. Манай компанитай хамт хариуцагчаар татагдсан компани, хувь хүмүүс зээлийг аваагүй учраас бусад хариуцагч нар зээл хариуцан төлөх ёсгүй. Киноны гадаад зах зээл дэх борлуулалт яриа хэлэлцээрийн шатанд явагдаж байгаа тул 2019 оны 12 сард борлуулалтын мөнгө орж, зээлээ төлөх боломжтой болно. Нэхэмжлэлд зээлийн хүүг илүү тооцсон гэж үзэж байна. Манай компанийн авсан зээлийн жилийн хүү 21.6 хувь бөгөөд үүнийг 12 сард хуваахад сарын 1.8 хувь буюу 157,000 ам.долларын сарын хүү 2,826 ам.доллар байхад банк сарын хүүг дунджаар 2,880 ам.доллараар тооцсон байна гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02308 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нараас 594,364,991 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингис хаан банк ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нар төлбөрийг сайн дураар эс төлбөл Грийт өүшн пикчерс ХХК-ийн өмчлөлд буй Чингис хаан нэртэй, анимейшн төрлийн бүтээлийн 8449 дугаар гэрчилгээгээр баталгаажсан зохиогчийн эрх, бусад аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшиж байгаа Б.Тэнгэс, Т.Батзул нарын хувьцаа, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 48-р байрны 58 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205002743 дугаарт бүртгэгдсэн, П.Тунгалагийн өмчлөлийн, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, хариуцагч Цэцэрлэгт хүрээлэн ХХК эзэмшиж буй, Сэлэнгэ аймаг, Шаамар сумын нутагт байрлалтай, ГД-00013299 гэрчилгээтэй, нэгж талбарын 171705289 дугаар бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай 17,4 га газар, ГД-000313383 гэрчилгээтэй, нэгж талбарын 18575553371308 дугаар бүхий, үр тарианы зориулалттай, 24,6 га газар, ГД-000313381 гэрчилгээтэй, нэгж талбарын 18575554348088 дугаар бүхий, үр тарианы зориулалттай 18,07 га газар, ГД-000313382 гэрчилгээтэй, нэгж талбарын 18576552166878 дугаар бүхий, үр тарианы зориулалттай, 67,3 га газруудыг эзэмших эрхүүд, эдгээр дөрвөн газрууд дээр баригдаж байгаа агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станцын хамт албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгчийн 2019-05-15 өдрийн 102/ШЗ2019/06305 захирамж, шүүхийн 2019-05-29 өдрийн 102/ШТ2019/00196 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т.Батзулын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60, 63 дугаар зүйлийн 60.1, 63.1.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 3,200,290 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нараас 3,200,290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1876 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Батзулын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Батзул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,643,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсний улмаас давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгтээ ...Хариуцагч Т.Батзул 2017.05.03-ны өдөр Чингис хаан банк ХХК-д зээлдэгчийн хувиар өөрийн мэдээллээ ирүүлснээр зээлдүүлэгч тал 2017.05.16-ны өдөр зээлийн хорооны шийдвэр гаргаж, хамтран зээлдэгчээр оролцуулах, гэрээнд гарын үсэг зуруулах болсон байна. Энэхүү үйл баримтаас дүгнэвэл, хариуцагч Т.Батзул зээл авах хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн нь түүний гар бичмэл бүхий зээлдэгчийн анкетаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тодруулбал Т.Батзул нь нэхэмжлэгч талд гэрээ байгуулах санал илгээсэн, уг саналыг зээлдүүлэгчид хүлээн авч, зээл олгохыг зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1.3, 196.1.2-т заасантай нийцнэ... гэжээ.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор зохицуулсан. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгө хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээл олгогдсонд тооцохоор байхад давж заалдах шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтанд ямар нэг тайлбар, дүгнэлт өгөөгүй мөртлөө хариуцагч Т.Батзулаас нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэснийг хангасангүй.

Иргэн Т.Батзулын хувьд нэхэмжлэгч банкнаас зээл авах хүсэлт гаргаж байгаагүй төдийгүй нэг ч төгрөгийн зээл аваагүй, нэхэмжлэгч банкнаас нэг ч төгрөгийн зээл олгоогүй. Хариуцагч Грийн өүшн пикчерс ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа зарцуулахаар зээл авах хүсэлтийг банкинд гаргаж, өөрийн дансанд зээлийг авч, өөрийн үйл ажиллагаандаа зарцуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой нотлогддог. Мөн иргэн Т.Батзулыг энэхүү зээлийн зарцуулалтанд оролцоогүй, хариуцлага хүлээхгүй гэдгээ шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан байхад давж заалдах шатны шүүх зээлийг иргэн Т.Батзулаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэсэн агуулгаас үзэхэд Т.Батзул нь хэргийн хариуцагч биш юм.

Дээрх хуулийн холбогдох заалт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Т.Батзулыг хариуцагчаар татахдаа зөвхөн банкинд анкет бөглөж өгсөн, гэрээнд гарын үсэг зурсан гэх хэлбэрийн шаардлагыг үндэслэл болгосон нь зээлийн гэрээний ерөнхий нөхцөл, хуулийн шаардлагатай зөрчилтэй болж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч Т.Батзулд давхар ногдуулж шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.

Хариуцагч Т.Батзулын хувьд Грийт өүшн пикчерс ХХК-ийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох нөхцөл боломж байхгүй. Зээлийг захиран зарцуулаагүй. Анхан шатны шүүхийн үндэслэлгүй шийдвэрээс үүдэн бусдын өмнөөс хариуцлага хүлээж, иргэн хүний хувьд цаашид орлого олох эх үүсвэрийг хааж, ажил хөдөлмөр эрхэлж, бизнесийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн саад учраад байгаа болно.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.06-ны өдрийн 1876 тоот магадлалд өөрчлөлт оруулж, иргэн Т.Батзулд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн төлөөлөгч Б.Тэнгэс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Энэ зээл 2017.05.22-ны өдөр манай дансанд шилжиж орсон бөгөөд зээлийн гэрээний 6 сарын хугацаа 2017.11.22-ны өдөр дууссан. Ингээд 2018.03.05-ны өдөр 8 сарын хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгасан бөгөөд 2018.07.22-ны өдөр 8 сарын хугацаа дуусахаар нэмэлт гэрээнд заасан боловч 2018.07.05-ны өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрт манай авсан зээлийн хүүг тооцохдоо буруу тооцсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өгсөн зээлийн хүү тооцсон хэргийн 31-р хуудсанд байгаа зээлийн тооцоолол дээр Үндсэн хүү гэсэн хэсэгт зээлийн үндсэн хүүг 2,826 байх байтал 2,880 ам.доллараар тооцон бичсэн байна. Ийнхүү үндсэн хүүг буруу тооцсон байгаа тул энэхүү шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 594,364,991 төгрөгийг гэснийг 870,421 төгрөгөөр бууруулж, 593,494,570 төгрөгийг гэж өөрчилж өгнө үү.

Би энэхүү гомдлоо давж заалдах шатны шүүхэд гаргаж амжаагүй, гадагшаа явсан байсан бөгөөд энэ шалтгаанаар энэхүү гомдлоо хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа болно гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Чингис хаан банк ХХК нь Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул, П.Тунгалаг, Цэцэрлэгт хүрээлэн ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 225,882.64 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн төлөөлөгч Б.Тэнгэс зээлийг төлнө, гэхдээ зээлийн хүүг илүү тооцсон байна гэж, хариуцагч Т.Батзул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж, хариуцагч Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг нар хариу тайлбар өгөөгүй байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нараас зээлийн төлбөрийг гаргуулах, төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Т.Батзул, Грийт өүшн пикчерс ХХК-ийн төлөөлөгч Б.Тэнгэс нар хяналтын журмаар гомдол гаргажээ.

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн төлөөлөгч Б.Тэнгэсийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Т.Батзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 1. Чингис хаан банк ХХК болон Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нарын хооронд 2017.05.18-ны өдөр №ББГ-2017/ЗГ/45 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Чингис хаан банк ХХК нь 157,000 ам.долларыг жилийн 21.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэгч нарт олгох, зээлдэгч Т.Батзул, Грийт өүшн пикчерс ХХК нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн, 2018.03.05-ны өдөр Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1 гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 8 сараар сунгаж, гэрээг 2018.07.05-ны өдөр дуусгавар болохоор харилцан тохиролцжээ.

 Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, өөрсдийн цалин орлого, компанийн хувьцааг барьцаалан Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулжээ.

 Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1., 156 дугаар зүйлийн 156.1., 156.2., 451., 452. дугаар зүйлд нийцжээ.

 2. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зохицуулсан.

 Зээлдүүлэгч Чингис хаан банк ХХК зээлийг Грийт өүшн пикчерс ХХК-ийн гүйцэтгэж буй Чингис хаан нэртэй анимейшн кинонд Англи хэлээр дуу оруулга хийх зориулалтаар шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

 Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 157,000 ам.доллар, хүү 63,735.98 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 5,146.66 ам.доллар, нийт 225,882.64 ам.долларыг гаргуулахыг хүссэн зээлдүүлэгчийн нэхэмжлэл хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй, ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлж, хариуцагчаас 594,364,991 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад тулгуурласан, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 3. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

 Хариуцагч Т.Батзул нь Грийт өүшн пикчерс ХХК-ийн үйл ажиллагааг дэмжиж, Чингис хаан банк ХХК-ний гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож, гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 Хоёр шатны шүүх зээлийн гэрээний тал, хамтран үүрэг гүйцэтгэгчийг зөв тодорхойлсон байна.

 Зээлдүүлэгч зээлийг зээлдэгчийн зорилгод нийцүүлэн үйл ажиллагаа явуулж буй Грийт өүшн пикчерс ХХК-д шилжүүлсэн, гэрээний үүргийн биелэлтийн талаар Т.Батзул Чингис хаан банк ХХК-д холбогдуулж ямар нэг гомдол гаргаж байгаагүй, зээлийн хөрөнгийг зээлдэгч нарт хуваарилж шилжүүлэхээр гэрээнд заагаагүй тул зээлийг аваагүй гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч Т.Батзулын гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 4. Хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК зээлийн хүүг буруу тооцоолсон гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргажээ.

 Зээлдэгч нь 157,000 ам.долларыг 2017.05.22-ны өдөр авч, 2019.04.08.-ны өдөр буюу нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зээлийг огт төлөөгүй тул хүүг сарын 1.8%-иар тооцож, төлөгдөөгүй 22 сар 17 хоногт нийт /157,000х1.8%х22сар=62,172 ам.доллар, 157,000х1.8%:30/хоног/х17/хоног/=1,601.4 ам.доллар, 62,172+1,601.4=63,773.4 ам.долларыг хүүнд төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нь 63,735 ам.долларыг нэхэмжилсэн нь илүү төлбөр шаардаагүй байна.

 Нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх тул жилийн /21.6%х20%/ 4.32%, сарын /4.32:12сар/ 0.36% болно.

 Зохигчдын хооронд байгуулсан 2018.03.05.-ны өдрийн нэмэлт гэрээнд зааснаар зээлдэгч 2018.07.05-ны өдөр үндсэн зээл 157,000 ам.долларыг төлөх үүрэг хүлээсэн, үүнээс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх 9 сар 3 хоногийн хугацаанд үндсэн зээлээс ямар нэг төлбөр төлөөгүй тул энэ хугацааны нэмэгдүүлсэн хүү нь нэхэмжлэлд заасан 5,146.66 ам.доллартай тэнцэж байна.

 Иймд төлбөрийг буруу тооцоолсон үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах, үнийн дүнг 870,421 төгрөгөөр бууруулах тухай хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн төлөөлөгч Б.Тэнгэс бидний хийсэн Чингис хаан анимейшны зар сурталчилгаагаар Чингис хаан банк ХХК-ийг 100% сурталчилж, 83,000,000 төгрөгийн маркетингийн зардал гаргасан тул энэхүү зардлыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 Тэрээр дээрх үндэслэлээр анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад маргаагүй, хэрэгт энэ талаар баримтгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 5. Чингис хаан банк ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд иргэн П.Тунгалаг, Цэцэрлэгт хүрээлэн ХХК-ийн №ББГ-2017/БГ/45/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээ байгуулжээ.

 Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

 Хариуцагч Цэцэрлэгт хүрээлэн ХХК, П.Тунгалаг нар нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул тэдгээрийг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3., 100 дугаар зүйлийн 100.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1., 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй тул барьцааны зүйл тодорхой байх ёстой.

 Гэтэл талуудын хооронд байгуулсан №ББГ-2017/БГ/45/02 тоот барьцааны гэрээний 3.2.-т зээлдэгч Грийт өүшн пикчерс ХХК болон хувьцаа эзэмшигч Б.Тэнгэс, хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Батзул нарын өөр бусад аж ахуйн нэгж байгууллагад эзэмшиж буй хувьцаа, бизнесийн орлого-ыг барьцаалжээ.

 Гэрээний дээрх заалтаар зээлдэгч нарын ямар аж ахуйн нэгж байгууллагад эзэмшдэг хувьцааг болон ямар бизнесийн орлогыг барьцаалсан нь тодорхой бус байх тул талууд гэрээний гол зүйлийн талаар тохиролцоогүй гэж үзнэ.

 Иймд ...бусад аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшиж байгаа Б.Тэнгэс, Т.Батзул нарын хувьцаа-г худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 Шүүх хариуцагчаас гаргуулахаар заасан төлбөрт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон байх тул энэ талаар гаргасан хариуцагч Т.Батзулын гомдлыг хангаж, дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1876 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02308 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...бусад аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшиж байгаа Б.Тэнгэс, Т.Батзул нарын хувьцаа гэснийг хасч, 4 дэх заалтын ...хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нараас 3,200,290 төгрөгийг... гэснийг ...Грийт өүшн пикчерс ХХК, Т.Батзул нараас 3,129,775 төгрөгийг... гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн төлөөлөгч Б.Тэнгэсийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Т.Батзулын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагч Грийт өүшн пикчерс ХХК-ийн 25,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн 1,643,870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.ЗОЛЗАЯА

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Г.АЛТАНЧИМЭГ

                    ШҮҮГЧИД                      Г.БАНЗРАГЧ

                                                        Б.УНДРАХ

                                                                    Х.ЭРДЭНЭСУВД