Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 123/2022/0062/З |
Дугаар | 221/МА2024/0065 |
Огноо | 2024-01-25 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2024/0065
Б.Х-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
Нэхэмжлэгч: Б.Х
Хариуцагч: Т а Б С З Д
Хариуцагч: Т а Б с Г д
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 дугаар актыг хууль бус болохыг тогтоолгож, Б.Х-ны өмчлөлийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын газрын даамал нарт даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0035 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М
Хариуцагч М.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 123/2022/0062/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-оос Т а Б С З Д, тус сумын Газрын даамал нарт холбогдуулан “...Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, Б.Х-ны өмчлөлийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын газрын даамал нарт даалгах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0035 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 23 дугаар зүйлийн 23.2, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг тус тус баримтлан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 дугаар актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх ... дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Шүүх маргаан бүхий 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/360 гэх захирамжийн асуудлыг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу сумын Засаг дарга, газрын даамал шийдвэрлэх нь зүйтэй гэсэн нь үндэслэлгүй.
3.2. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч тал харилцан маргаж байгаа бөгөөд хуулийн дагуу гараагүй захирамжийг төрийн байгууллага хүчингүй болгох, эсхүл түүнийг баталгаажуулсан захиргааны акт гаргахаар дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
3.3. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.12-ны өдрийн 123/ШШ2023/0035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн, мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
3. Б.Х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-оос анх Т а Б С З Дд холбогдуулан “Б.Х-ны Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэхгүй байгаа захиргааны үйл ажиллагаа, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэхийг Т а Б С З Дд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж,
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, Б.Х-ны өмчлөлийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэхийг Т а Б С З Дд даалгах” хэмээн тодруулж,
5. 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 тоот шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, Б.Х-ны өмчлөлийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын газрын даамалд даалгах” гэж нэхэмжлэлийг шаардлагыг дахин тодруулсан.
5.1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 123/ШЗ2023/0150 дугаар захирамжаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх тодруулсан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд үүнд гомдол гаргаагүй байна. (Хэргийн I хавтасны 61-62, 73-75 дахь талд)
5.2. Гэтэл тус шүүхийн 2023 оны 35 дугаар шийдвэрээр, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/273 дугаар актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бол нэхэмжлэлийн шаардлагын “Б.Х-ны өмчлөлийн газрын кадастрын бүртгэлийг сэргээн Газрын мэдээллийн нэгдсэн санд оруулж бүртгэхийг Төв аймгийн Баянчандмань сумын газрын даамалд даалгах” хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтоох хэсэгт тусгаагүй, үндэслэлийг дурдалгүй орхигдуулжээ.
5.3. Нэхэмжлэлийн өргөдөлд захиргааны акт гэж тодорхойлсон албан бичиг, түүнд хамаарах нэхэмжлэлийн шаардлагын төрөл өөрчлөгдөөгүй, харин зарим шаардлагыг өөр хариуцагчид холбогдуулах байдлаар 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тодруулан байтал тус нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх эхлээд хүлээн авахаас татгалзсан, мөн шүүх хуралдаанаар хэлэлцэж, зарим хэсгийг шийдвэрлэхгүй орхигдуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзнэ.
6. Хариуцагч Баянчандмань сумын Засаг дарга, газрын даамал нар “... ямар захирамжаар газар өмчилсөн нь тодорхойгүй, сумын Засаг даргын 2017 оны А/360 дугаар захирамжийн хавсралтад Б.Х-ны нэр байхгүй, газрын байршил нь кадастрын мэдээллийн санд Жарын даваа биш Хөшөөтийн ар гэж бүртгэгдсэн, кадастрын зураг нь Поошигт гэж хийгдсэн гэх зэргээр татгалзлын үндэслэлээ тайлбарлах боловч татгалзлын үндэслэлийг нотлох, мөн шүүхийн шаардсан А/360 дугаар захирамжид нэр дурдсан бусад 9 иргэнд газар өмчлүүлсэн талаарх холбогдох баримтыг ирүүлээгүй байх тул шүүх тэдгээр баримтыг бүрэн цуглуулж, дээрх захирамжаар нэр бүхий 10 иргэнд өмчлүүлэн шийдвэр нь бодитой эсэхийг харьцуулж дүгнэх шаардлагатай.
7. Түүнчлэн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 07/74 дүгээр албан бичгээр “... 4116036252 нэгж талбарын дугаартай газар нь сумын 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд олголт хийгдсэн байна”, 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 07/207 дугаар албан бичгээр “Б.Хд өмчлүүлсэн 4116036252 нэгж талбарын дугаартай 5000 кв.м газрыг газрын кадастрын шинэчилсэн системд бүртгэсэн нь хүчин төгөлдөр хэвээр байгаа” гэж, Баянчандмань сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/84 дүгээр албан бичгээр “ ... 4116036252 нэгж талбарын дугаартай газрыг кадастрын шинэчилсэн сангаас хугацаа дуусч хаасан” гэж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн Улсын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийн лавлагаанд “Б.Х газар нэг удаа үнэгүй өмчлөөгүй болохыг тодорхойлов” гэж тус тус дурдсаныг, Төв аймгийн Улсын бүртгэлтийн хэлтсээс ирүүлсэн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны А/360 дугаар захирамжийн 1 дэх заалтад “... хүсэлт ирүүлсэн иргэнд ... гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлсүгэй” гэж заасантай харьцуулан үзэхэд, тус захирамжийн хавсралтын №8-д зааснаар Б.Хд өмчлүүлсөн гэх 5000 кв.м газрын байршил болон түүнийг кадастрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэсэн эсэх нь зөрүүтэй, газрын байршлаас хамаарч сумын 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх нь тодорхойлогдохоор байх тул шүүхээс уг үйл баримтыг эргэлзээгүй байдлаар шалган тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Хэрэг үүсгэсэн шүүгч дараах ажиллагаа явуулна:” гээд 56.1.3-д “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, ... шаардлагатай бусад ажиллагаа явуулах”, 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг ..., Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж заасныг хамтатган тайлбарлавал, шүүгч тухайн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулах хугацаандаа л нотлох баримт цуглуулах ажиллагааг гүйцэтгэнэ.
9. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ЗТ2023/0094 дүгээр тогтоолоор, хэргийг Ерөнхий шүүгч Д.З-т шилжүүлж, албажуулсан байтал тус хэрэгт 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүгч Ч.О-ээс Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын архив, газрын даамалд хадгалагдаж байсан баримт бичигт шүүхийн үзлэг хийж, нотлох баримт цуглуулсан, хэргийг шийдвэрлэхэд уг үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлсэн нь дээрх хуулийн зохицуулалтад үл нийцнэ.
10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлага хийгээд хэргийн нөхцөлд байдлыг бүрэн тодруулж дүгнээгүй, хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
11. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр баримт бичигт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг зэрэг хэрэгт бүрдүүлбэл зохих шүүхийн ажиллагааны баримтуудыг шүүгч гарын үсэг зурж баталгаажуулаагүй болохыг тэмдэглэж, цаашид анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2023/0035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ