Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1165

 

 

 

 

        

 

2018 оны 05 сарын 21 өдөр     Дугаар 181/ШШ2018/01165         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: ИМ овогт Г Ө /РД: /-ын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: “НБИК” ХХК /РД: /-д холбогдох, 

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Ц.С, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд түүний болон өмгөөлөгчийнх нь гаргасан тайлбарт:

Г.Ө тус компанид 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн, өнгөрсөн хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан боловч 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ажил олгогч тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Мөн өдрөө ажлаа хүлээлгэн өгсөн байгаа.

Ажил олгогчийн зүгээс гаргасан ажлаас чөлөөлөх тухай 0218/34 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт “... гэрээний зөвлөхийн орон тоог хассан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгон...” гэж тусгасан нь үндэслэлгүй болно. Учир нь тус компанийн үйл ажиллагааны чиглэлд ямар нэг өөрчлөлт орж орон тоо хасагдаагүй бөгөөд зөвхөн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор өмнөх гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажиллаж байсан ажилтнуудыг ажлаас халах зорилготойгоор энэхүү тушаалыг гаргасан гэж үзэж байна.

Компанийн удирдлагууд хоорондоо санал зөрөлдсөнөөс цаашид ажиллуулах боломжгүй гэх дүгнэлтэд хүрсэн байх. Уг нь Г.Ө цалингаа нэмүүлэх хүсэлтэй байсан. Нэхэмжлэгч гэрээний зөвлөхөөр ажиллахдаа хуулийн талаас бус харин байгууллагын засаглалын талаас нь, санхүүгийн талаас нь өөрийн туршлага, танил тал, холбоогоо ашиглаж тус компанид их тус болсон, хувь нэмрээ их оруулсан боловч цалин нэмэх амлалтаа биелүүлээгүй атлаа ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Ажлаас чөлөөлсөн тушаалын төслийг нэхэмжлэгч бэлтгэсэн нь үнэн, ингэхдээ өмнө гарч байсан тушаалын төсөл дээр бэлтгэж өгсөнийг тэр чигээр нь гаргасан байсан. Тэтгэмжийн хэмжээг 4 сар гэж тавьсан байсныг харин 2 сар болгон зассан байсан. Тушаалын төсөл бэлтгэх, тушаал гарах хоёр тусдаа асуудал.

Гэрээний зөвлөхийн орон тоо нь байнгын ажлын байр тул ажил олгогчтой байгуулсан гэрээг контракт бус хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэстэй тул ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардаж байгаа.

Иймд Г.Өыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,081,521.74 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн бус контрактыг 1 жилийн хугацаагаар байгуулсан. Түүний ажлын байр байнгын бус, түр ажлын байр учир 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрээний хугацаа нь дуусах байсан. Нэгэнт гэрээний хугацаа дуусаж байгаа учир Г.Өтай уулзаж, цаашид хамтарч ажиллах боломжгүй тухайгаа ярилцсан.

Хүний нөөцийн ажилтан буруу үндэслэлээр тушаал гаргасан байдаг, үүнийгээ бид хүлээн зөвшөөрч байгаа тул 2018 оны 4 дүгээр сарын 08-ныг хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж нөхөн төлье гэж байгаа.

Г.Ө өөрөө ажлаа өгөх санал гаргасан байдаг. Гэхдээ тэтгэмж хэрэгтэй гэж тушаалын төслийг тэрээр өөрөө бэлдэж өгсөн учир тэр төслөөр нь тушаал гаргасан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 гэсэн үндэслэлийг нэхэмжлэгч өөрөө бичсэн. Уг нь гэрээний мэргэжилтэн өөрөө боловсруулсан тул үндэслэл тохирч байгаа л гэж бодсон.

Талууд тохиролцож контрактыг цуцласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч “НБИК” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,081,521.74 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч нь тушаалын төслийг нэхэмжлэгч өөрөө боловсруулахдаа хууль зүйн үндэслэлгүй боловсруулж өгсөн байна, талууд тохиролцож контрактыг цуцласан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

“НБИК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 02-18/34 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн гэрээний зөвлөхийн орон тоог хассан үндэслэлээр 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон Г.Өтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын дээрх тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан учир шүүх хуулиар харьяалуулсан шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан уг гомдлын дагуу ажил олгогчийн гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэв.

 

Зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 125 тоот менежментийн гэрээ байгуулагдсанаар тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байх ба уг гэрээгээр 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Г.Өыг гэрээний зөвлөхийн ажил албан тушаалд, сарын 2,500,000 төгрөгийн цалин хөлстэй ажиллуулахаар тохиролцсон байна.

 

Энэхүү гэрээний агуулгаас үзэхэд ажилтны гүйцэтгэх үүрэг нь Г.Өын мэдлэг, ур чадвар, туршлагад суурилсан үйл ажиллагаа байх бөгөөд тэрээр компанийг гадаад, дотоод харилцагч, түнш, төрийн болон төрийн бус байгууллага, мөн хууль, шүүхийн байгууллагад төлөөлөх, их хэмжээний хэлцлээс бусад гэрээ хэлцэл байгуулах, гэрээ хэлэлцээр, тендер, компанийн цаашдын бизнесийн үйл ажиллагаатай холбоотой саналыг ажил олгогчид тавьж шийдвэрлүүлэх зэрэг компанийн удирдлагаас олгосон эрхийн хүрээнд өмчлөгчийн зарим эрх, үүргийг хэрэгжүүлэхээр байна.

 

Дээрх гэрээний зүйл нь ажилтны ердийн ажиллах хүч бус харин тодорхой мэдлэг, эзэмшсэн туршлага, өндөр мэргэжил бүхий ажилтны ажиллах хүч байхын зэрэгцээ гэрээний үндсэн дээр өмчлөгч этгээдээс зарим эрх, үүргийг шилжүүлэн авсан этгээд байгаа шинжээрээ дан ганц хөдөлмөрийн харилцаанаас гадна иргэний эрх зүйн өмчийн харилцаатай холбоотой асуудлыг зохицуулсан гэж үзэх үндэслэлтэй тул шүүх талуудын хооронд энгийн хөдөлмөрийн гэрээ бус харин Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан контракт байгуулагдсан гэж үзлээ.

 

Өмчийн болон бусад төрлийн хуулийн этгээдийн хувьд хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнээс батласан “контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил, албан тушаалын жагсаалт”-д ороогүй явдал нь контракт байгуулахад саад болдоггүй тул шүүх зохигчдын хооронд байгуулагдсан контрактыг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.  

 

Талууд гэрээний 7 дахь заалтаар гэрээ цуцлах үндэслэлийн талаар харилцан тохиролцсон байх боловч ажил олгогч нь гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дуусахаас 2 сар 3 хоногийн өмнө тохирсон үндэслэлээс өөр үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр гэрээг цуцласан нь гэрээ буюу хуульд нийцээгүй байна.

 

Контракт нь хөдөлмөрийн гэрээний 1 төрөл болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт уг гэрээнд хамаарах боловч ажил олгогчийн гэрээ цуцласан үндэслэл контрактад хамаарах хуулийн зохицуулалт биш юм.

 

Талуудын тайлбараар 02-18/34 тоот тушаалын төслийг Г.Ө өөрөө боловсруулсан болох нь тогтоогдсон боловч энэ үйл баримт нь үндэслэл бүхий тушаалаар ажилтныг ажлаас чөлөөлөх ажил олгогчийн үүрэг зөрчигдөх үндэслэл болохгүй болно.

 

Хэргийн баримтаар талууд тохиролцож гэрээг цуцласан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагч талын тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан контрактыг ажил олгогчийн санаачилгаар цуцласан 02-18/34 тоот тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын байгуулсан контрактын хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон боловч уг гэрээг хугацаанаас өмнө цуцласан нь үндэслэлтэй эсэх маргааныг шийдвэрлэж байгаа утгаараа шүүх Г.Өыг гэрээний зөвлөхийн ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь хууль зөрчихгүй гэж үзэв.

 

Харин энэхүү шийдвэр нь талуудыг контрактыг цааш үргэлжлүүлэх эсэх, эсхүл хугацаа дууссан үндэслэлээр дуусгавар болгох эсэх асуудлыг хожим шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Хөддөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заасан байдаг бөгөөд манай тохиолдолд контрактыг хугацаа дууссанаар дуусгавар болсон гэж шууд дүгнэх боломжгүй тул хуулийн энэ зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны олговрыг тооцохоор шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь “гэрээний зөвлөхийн” ажлын байранд сарын 2,500,000 төгрөгийн дундаж цалин хөлстэй ажиллаж байсан нь хэрэгт авагдсан менежментийн гэрээгээр тогтоогдож байх тул Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу Г.Өт ажилгүй байсан хугацааны /ажлаа хүлээлгэн өгсөн 2018.02.12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2 сар 25 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговорт 7,907,000 төгрөг /(2,500,000:21,5х25)+(2,500,000x2)/-ийг хариуцагчаас гаргуулав.

 

Ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгч Г.Өын ажилгүй байсан 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “НБИК” ХХК-д даалгах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Г.Өыг “НБИК” ХХК-ийн гэрээний зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосугай. 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “НБИК” ХХК-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,907,000 төгрөгийг гаргуулж Г.Өт олгосугай.   

 

3.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Г.Өын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “НБИК” ХХК-ийн удирдлагад үүрэг болгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Өын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “НБИК” ХХК-аас 141,462 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА