Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1752

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

Г.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01165 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Ө-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Н” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Ц.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ө- нь 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс “Н” ХХК-д ажилласан бөгөөд ажил олгогчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдөж мөн өдрөө ажлаа хүлээлгэн өгсөн. Ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэх хэсэгт ...гэрээний зөвлөхийн орон тоог хассан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгон... гэсэн нь үндэслэлгүй. Учир нь тус компанийн үйл ажиллагааны чиглэлд ямар нэг өөрчлөлт орж орон тоо хасагдаагүй бөгөөд зөвхөн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор өмнөх гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажиллаж байсан ажилтнуудыг ажлаас халах зорилготойгоор энэхүү тушаалыг гаргасан.

Компанийн удирдлагууд хоорондоо санал зөрөлдсөнөөс цаашид ажиллуулах боломжгүй гэх дүгнэлтэд хүрсэн байх. Уг нь Г.Ө- цалингаа нэмүүлэх хүсэлтэй байсан. Нэхэмжлэгч гэрээний зөвлөхөөр ажиллахдаа хуулийн талаас бус харин байгууллагын засаглал, санхүүгийн талаас нь өөрийн туршлага, танил тал, холбоогоо ашиглаж тус компанид их хувь нэмэр оруулсан боловч цалин нэмэх амлалтаа биелүүлээгүй атлаа ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалын төслийг нэхэмжлэгч бэлтгэсэн нь үнэн, ингэхдээ өмнө гарч байсан тушаалын төсөл дээр бэлтгэж өгсөнийг тэр чигээр нь гаргасан байсан. Тэтгэмжийн хэмжээг 4 сар гэж тавьсаныг харин 2 сар болгосон байсан. Тушаалын төсөл бэлтгэх, тушаал гаргах хоёр тусдаа асуудал. Гэрээний зөвлөхийн орон тоо нь байнгын ажлын байр тул ажил олгогчтой байгуулсан гэрээг контракт бус хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Г.Ө-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 081 521,74 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн бус контрактыг 1 жилийн хугацаагаар байгуулсан. Түүний ажлын байр түр байсан учир 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрээний хугацаа нь дуусах байсан. Нэгэнт гэрээний хугацаа дуусч байгаа учир Г.Ө-тай уулзаж, цаашид хамтарч ажиллах боломжгүй тухайгаа ярилцсан. Хүний нөөцийн ажилтан буруу үндэслэлээр тушаал гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа тул 2018 оны 4 дүгээр сарын 08-ныг хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамж нөхөн төлнө. Г.Ө- өөрөө ажлаа өгөх санал гаргасан. Гэхдээ тэтгэмж хэрэгтэй гэж тушаалын төслийг тэрээр өөрөө бэлдэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 гэсэн үндэслэл бичиж өгсөн учир тэр төслөөр нь тушаал гаргасан. Гэрээний мэргэжилтэн өөрөө боловсруулсан тул үндэслэл нь тохирч байгаа байх гэж бодсон. Талууд тохиролцож контрактыг цуцласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Г.Ө-ыг “Н” ХХК-ийн гэрээний зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н ХХК-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7 907 000 төгрөгийг гаргуулж Г.Ө-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Г.Ө-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Н” ХХК-ийн удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Ө-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Н” ХХК-аас 141 462 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Н” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Хариуцагч "Н" ХХК-ийн хувьд эрхэлдэг аж ахуйн үйл ажиллагааны тухайн үеийн онцлогийг харгалзан нэхэмжлэгч Г.Ө-ын ажлын туршлагыг үнэлж 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 125 дугаартай 1 жилийн хугацаатай менежмент-/контракт/-ийн гэрээ байгуулсан. Г.Ө- нь гэрээний хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 6 өдөр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан, нөгөө талаар түүний ажлын байрыг түр бий болгосон зэргээс шалтгаалан Г.Ө-тай байгуулсан контрактыг цуцлах болсон тул компанийн удирдлага 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Г.Ө-тай биечлэн уулзаж түүний гэрээний хугацаа дуусах болж байгаа болон орон тоо хасагдах болсныг мэдэгдэхэд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх санал гаргасан. Иймээс ажил олгогч нь түүний ажил үүргээ гүйцэтгээгүй үеийн 2018 оны 2, 3 дугаар сарын цалин 5 659 083 төгрөгийг бүрэн олгож, ажлаас чөлөөлсөн бөгөөд тушаалын төслийг өөрөө боловсруулсан. Гэтэл шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг харгалзалгүй нэг талыг баримталсан дүгнэлт хийж шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болоогүй. Тодруулбал, нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх санал гаргасан гэдгээ зөвшөөрч шүүх хуралдаанд "...тэтгэмжийн хэмжээг 4 сар гэж тавьсан байсныг 2 сар болгон зассан байсан" гэсэн тайлбараар нотлогдсоор байхад шүүх ажилд нь эгүүлэн тогтоосон нь буруу. Мөн шүүх контрактад заасан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасан үндэслэл бий болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байхад тайлбарыг үнэлээгүй.

Түүнчлэн Г.Ө- "гэрээний зөвлөх" албан тушаалаа ашиглан "ажлаас чөлөөлөх тухай" 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0218/34 тушаалыг ашиг сонирхлын зөрчилтэйгөөр өөрт ашигтайгаар боловсруулсан нь нотлогдож байхад шүүх дан ганц ажил олгогчийг буруутгасан дүгнэлт хийсэн нь талуудад тэгш хандаагүйг харуулна. Контрактын хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед дуусгавар болсныг шүүх харгалзаагүйн гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасан контрактын гэрээ цаашид сунгагдах үндэслэлгүй нь талуудын тайлбараар тогтоогдсоор байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр чолөөлөгдөх саналаа амаар гаргасан 2 сарын цалингийн 5 659 083 төгрөгийг нэхэмжлэгч авсан болохоо үгүйсгээгүй байхад шүүх уг мөнгийг ажилгүй байсан хугацааны цалингаас хасаж тооцохгүй, цалинг давхардуулан гаргаж хариуцагчийг хохироосон. Уг мөнгийг авсанаа нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилгүй хугацааны цалин олговорт гаргасан 7 907 000 төгрөгөөс өмнө авсан 5 659 083 төгрөгийг хасч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Г.Ө- нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 1 жилийн хугацаатай контракт буюу менежментийн гэрээ байгуулагдсанаар хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 02-18/34 тоот тушаал гарган, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Г.Ө-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалын төслийг өөрөө боловсруулсан тул үндэслэл нь тохирч байгаа гэж бодсон, контрактыг талууд харилцан тохиролцож цуцласан” гэж тайлбарлан мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч ажил олгогчид хандан илэрхийлсэн зүйлээ “...анх цалин хөлсөө нэмэгдүүлэхээр ажил олгогчтой ярилцаад, улмаар 10 сарын тэтгэмж өгөх юм бол ажлаас гарахыг зөвшөөрч тушаалын төслийг би боловсруулсан, ... харин удирдлагуудын зүгээс 4 сарын тэтгэмж өгнө гэсэн боловч тушаалд 2 сарын тэтгэмж олгохоор заасан” гэж шүүх хуралдаанд тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх бус цалин хөлсөө нэмэгдүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарах тул талуудын дээрх тайлбараар ажилтны санаачлагаар контрактын гэрээ цуцлагдаагүй болох нь тогтоогдож байна. Тодруулбал, нэхэмжлэгч өөрөө тушаалын төслийг боловсруулсан гэх нөхцөл байдал нь түүнийг ямар ч болзолгүйгээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасны дагуу ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож контрактын гэрээг дуусгавар болгосон гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэл болохгүй.

Иймээс нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй тул түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл бий болоогүй гэдэгт маргадаггүй учир мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй. Энэ талаар хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлдээ өмнө олгосон тэтгэмжийг харилцан тооцуулах шаардлагатай талаар тайлбарлаж байх тул хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр олгогдсон ажилгүйдлийн тэтгэмж болох 5 659 083 төгрөгийг нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны олговор 7 907 000 төгрөгөөс хасч тооцон зөрүүг гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “7 907 000” гэснийг “2 247 917” гэж, 4 дэх заалтын “141 462 ” гэснийг “50 917” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 462 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Ч.ЦЭНД