Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 585

 

188/2019/0382/Э

 

 

 

 

2019           6             13                                           2019/ДШМ/585                                    

 

 

П.О-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Ариунтуяа,

шүүгдэгч П.О- , түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.О- гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1808056071591 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн П-ын О-, ..............тоотод оршин сууж байсан,

 

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймгийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаар захирамжаар 1 жил, 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон,

2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

3. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

4. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 16 дугаар захирамжаар “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсан,

5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон /ДЕ:............../;

 

П.О-  нь:

2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9-06-6 тоотод оршин суух иргэн Г.Янжинлхамын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ишгэний үстэй монгол дээл 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, бэлнээр 2,380 төгрөг, зоосон мөнгө 14 ширхэг, удирдлага 1 ширхэг, “Самсунг галакси жи-3” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг галакси эс-2” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг” загварын цагаан өнгийн цэнэглэгч 1 ширхэг, Орифлэймийн 50 граммын үнэртэй ус /хэрэглэсэн/ 1 ширхэг, үнэгний арьс 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2,404,380 төгрөгийн шууд хохирол, гэрийн цоожийг /5,000 төгрөг/ эвдлэн нийт 2,409,380 төгрөгийн хохирол учруулсан;

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 12-33 тоотод оршин суух иргэн З.Ариунболдын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, морин хуур 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 150,000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.О- гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хяналтын прокуророос шүүгдэгч П.О- г хохирогч Г.Янжинлхамын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2,404,380 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэх эрүүгийн хэргээс 285,000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.О- г хүн байнга амьдрах зориулалтын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.О- г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч П.О- н нийт эдлэх ялын хэмжээг 5 /тав/ жил 10 /арав/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д оногдуулсан 5 жил 10 сар 6 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О- н 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.О- гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч З.Ариунболдод төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.О- гөөс 15,000 /арван таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Янжинлхамд олгохоор, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч П.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч П.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.О-  давж заалдах гомдолдоо: “...П.О-  миний бие 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 сар 6 хоногийн нээлттэй хорих ангид ял эдлэхээр шийтгүүлсэн.

Миний бие хохирол гомдлоо бүрэн барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогч Янжинлхамын хохирол болох 15,000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Миний бие цаашид согтууруулах ундааны эсрэг зорилготой архины хамааралтай хүмүүсийг эмчилдэг “Гоё амьдрал” Төрийн бус байгууллагын гишүүнээр элсэж, архи хэрэглэх зуршлаа орхиж, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, үлдсэн амьдралаа утга учиртай зөв замаар туулах хүсэл эрмэлзэлтэй тул миний энэхүү хүсэлтийг ойлгож надад оногдуулсан хорих ялын хугацааг зохих хэмжээгээр багасгаж өгнө үү.   

Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Цаашид дахин ийм үйлдэл хийхгүй гэж бодож байгаа ба ажил эрхэлж амьдарна. Би ганц бие учир урд өмнө алдаж явсан. Иймд эрхэм шүүгчид та бүхэн надад итгэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч П.О- гийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол 15,000 төгрөгийг П.О- гийн ах Л.Баяраа хохирогч Г.Янжинлхамд өгөх гэсэн боловч авахгүй, илүү мөнгө нэхэмжилж, утсаа авахгүй, дансны дугаараа өгөөгүй учраас хохирол төлөх боломжгүй. 15,000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг. Бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хохирол төлбөргүй гэж дүгнэсэн. П.О-д оногдуулсан 5 жилийн хорих ялаас тодорхой хугацаагаар багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч хохиролд 15,000 төгрөгийн хохирлоо төлсөн мэтээр давж заалдах гомдолд гаргасан.  Хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тухай баримт хавтас хэрэгт авагдаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн тохиолдолд энэ хуульд заасан.

 

Нөгөөтэйгүүр, шүүгдэгч П.О-д Төр хангалттай боломж олгосон. Гэтэл Төрийн үзүүлсэн боломж, бололцоог шүүгдэгч ухаарч ойлголгүйгээр дахин 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн учраас түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

П.О-  нь:

1. 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 9-06-6 тоотод оршин суух иргэн Г.Янжинлхамын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, ишгэний үстэй монгол дээл 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, бэлнээр 2,380 төгрөг, зоосон мөнгө 14 ширхэг, удирдлага 1 ширхэг, “Самсунг галакси жи-3” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг галакси эс-2” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг” загварын цагаан өнгийн цэнэглэгч 1 ширхэг, Орифлэймийн 50 граммын үнэртэй ус /хэрэглэсэн/ 1 ширхэг, үнэгний арьс 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2,404,380 төгрөгийн шууд хохирол, гэрийн цоожийг /5,000 төгрөг/ эвдлэн нийт 2,409,380 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Янжинлхамын “...Би 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 09 цаг 20 минутын орчим гэрээсээ гар утас худалдааны “Тэди” төв дэх ажил руугаа явсан. Ажил дээрээ байхад манай дүү Мядагмаа яриад “танай гэрийн цоожийг чинь эвдээд гэр рүү чинь хулгай орсон юм шиг байна, гэрийн чинь хамаг юмыг чинь онгичсон байна” гэж хэлсэн. ...Такси бариад гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт хулгайч ороод хоёр үстэй дээл, задгай мөнгөн дэвсгэртүүд, зоосон мөнгө 14 ширхэг, зурагтын хүлээн авагчийн удирдлага, “Самсунг Жи-3” загварын гар утас, “Самсунг Эс-2” загварын гар утас, “Самсунг” загварын цагаан өнгийн гар утасны цэнэглэгч, “Орифлэйм”-ийн 50 грамм үнэртэй ус, үнэгний арьс зэрэг алдагдсан байсан. Би хоёр ширхэг үстэй дээл задгай мөнгөн дэвсгэртүүд, зоосон мөнгө, “Самсунг Жи-З” загварын гар утас, зурагтын хүлээн авагчийн удирдлага зэргийг хүлээн авсан. Харин “Самсунг Эс-2” загварын утас, үнэгний арьс, гар утасны цэнэглэгч, үнэртэй ус зэргийг буцааж аваагүй. ...Манай хаалга болон бусад эд зүйлд ямар нэг эвдрэл гэмтэлгүй. Харин цагаан никел цоож эвдэрсэн байсан. Би цоожоо 2017 онд 5,000 төгрөгөөр авч байсан. ...” /хх 17-18/,

гэрч Г.Мядагмаагийн “...2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 15 цаг 40 минутын орчим гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг салгаад үүдэнд газарт хаясан, хаалга онгорхой байсан. ...Гэртээ орсон чинь гэрийн хойд шүүгээг онгойлгоод хувцаснууд гаргаад хаясан, бусад эд зүйлийг онгичсон байсан. Тэгэхээр нь би шууд Янжинлхам эгч руу залгаад “хулгайч орсон байна” гэж хэлсэн. ...Гэрээс хоёр үстэй дээл, хоёр ширхэг гар утас, зоосон мөнгө, задгай мөнгө, үнэртэй ус, үнэгний үс, гар утасны цэнэглэгч, зурагтын хүлээн авагчийн удирдлага зэрэг эд зүйлс алга болсон байсан. ...” /хх 21/,

шүүгдэгч П.О- гийн “...2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 15 цагийн орчим ганцаараа архи уугаад явж байгаад мөнгө хэрэгтэй болоод баруун салаанд цэнхэр өнгийн төмөр хаалгатай модон хашаа руу шагайж үзэхэд Монгол гэрийн хаалга түгжээтэй байхаар нь хашаан дотор байсан машины пүрштэй амортизатор байхаар нь гэрийн хаалганы том цагаан никл цоожийг хөшиж эвдсэн. Тэр айлын ширээн дээр “Самсунг” загварын гар утас байхаар нь авсан. Зурагтын доод талын шүүгээг уудлаад бор өнгийн болон цэнхэр өнгийн үстэй дээл, жижиг улаан цүнхэнд байсан задгай мөнгийг авсан. Тэгээд гарч явж байгаад гудамжинд хоёр цагдаад баригдаад айлаас хулгай хийснээ хэлсэн. ...Тэр айл руу мөнгө олох зорилгоор орж хулгай хийсэн. ...” /хх 54-55/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 3-7/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх 11-14/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/132 дугаартай үнэлгээ /хх 46-47/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эргүүлийн офицер Ж.Өлзийсайхан, И.Энхбаяр нарын 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн илтгэх хуудас /хх 9/,

 

2. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 12-33 тоотод оршин суух иргэн З.Ариунболдын Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, морин хуур 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 150,000 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь:

хохирогч З.Ариунболдын “...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай ээж Золжаргал над руу утсаар яриад манай гэрт хулгай ороод морин хуур алдагдсан талаар хэлсэн. Тэгээд гэртээ очиход морин хуур алдагдсан байсан. ...200,000 төгрөгөөр үнэлнэ. Би морин хуураа буцаагаад авсан. Надад одоо хохирол байхгүй учир гомдол саналгүй. ...” /хх 73-74/, “... Манай гэрийн цоожийг үүдэнд хаясан байсан. Дараа нь цоож зүгээр цоожлогдож байсан. Би цоожоо үнэлэхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. ...” /хх 75/,

гэрч С.Золжаргалын “...2018 оны 10 дугаар сараас хойш хүү маань гэртээ амьдрахгүй, би гэрийг нь эргэж тойрч байдаг байсан. Өнөөдөр өглөө эмнэлэг рүү явсан. 10 цаг 20 минутын үед эргэж ирсэн. ...Тэр үед хашааны баруун жалганд морин хуур барьсан 160-170 см орчим өндөр хар куртиктай бор царайтай 20-25 орчим насны эрэгтэй явж байсан. Морин хуур нь танил харагдсан боловч хүүгийн гэрийнх гэж бодоогүй гэртээ орох гэтэл хүүгийн гэрийн хаалга онгорхой байсан. Орж хартал морин хуур нь алдагдсан байсан. ...” /хх 76-77/,

            гэрч Д.Наранцэцэгийн “...Намайг гэртээ унтаж байхад манай нөхрийн төрсөн дүү болох П.О-  гаднаас орж ирсэн. Гартаа морин хуур барьсан “эгчээ би хазаар гүйлгэчихсэн” гэж хэлж байсан. Би “хазаар гүйлгэх гэж юу байдаг юм бэ” гэхэд хогон дээрээс олсон юм гэж хэлсэн. ...” /хх 78/,

            гэрч П.Жаргалсайханы “...Өнөөдөр намайг гэртээ унтаж байхад манай дүү О-  гартаа морин хуур барьсан орж ирсэн, “хаанаас морин хуур авсан юм бэ” гэхэд “хогон дээрээс олсон” гэж хэлсэн. ...” /хх 79/,

шүүгдэгч П.О- гийн “...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр архи уугаад согтуу явж байгаад мөнгөний хэрэг болоод Баруун салаанд Монгол гэртэй хашаа руу ороод гэрийнх нь цоож нь түгжээтэй байхаар нь хаалганы цоожийг татаж эвдээд гэр лүү нь ороод 1 ширхэг модон морин хуур аваад гарч яваад баруун салаанд байдаг нэг айлын хашаанд аваачиж нуусан. ...” /хх 55/, ...Би тухайн айлаас морин хуурыг ганцаараа архи ууж байгаад хулгайлсан нь үнэн. Энэ хэргийг ганцаараа үйлдсэн. ...” /хх 116/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 63-65 дугаар тал/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 68-69/,

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч Г.Мягмардоржийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “...Хэргийн газар биечлэн ажиллагаа хийж тэмдэглэсэн илтгэх хуудас /хх 70/,

“Дамно” ХХК-ийн үнэлгээ /хх 95-96/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч П.О- гийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн ” гэсэн гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч П.О-  “...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.  ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаас анхан шатны шүүх П.О- г 5 жил хорих ялаар шийтгэж, өмнө эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5  жил 10 сар 6 хоногийн хугацаагаар тогтоосон нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.О- гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагатай.

 

Гэтэл П.О-  нь урд шүүхээр 5 удаа ял шийтгүүлсэн байхад анхан шатны шүүх П.О- гийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор ямар зүйл, заалтаар хэдэн жил оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нь нэмж нэгтгэж байгаагаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тодорхой бичээгүй тул нэмэлт оруулж зөвтгөн өөрчилсөн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч П.О- н нийт эдлэх ялын хэмжээг 5 /тав/ жил 10 /арав/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ялаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч П.О- н нийт эдлэх ялын хэмжээг 5 /тав/ жил 10 /арав/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ялаар тогтоосугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч П.О- гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ