Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 270

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ж даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Х банкны Архангай аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ө.Б-д холбогдох 

2934633 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ө.Б нь Х банктай 2010 оны 03 сарын 24-ний өдөр 46003099 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5500000 төгрөгийг жилийн 21.3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай 2010.04.13-ны өдөр 49000106 дугаартай зээлийн гэрээ байгуулан 699000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Дээрх байдлаар зээлдэгч Банктай байгуулсан 46003099 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2010 оны 10 сарын 02-ны өдрөөс эхлэн төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2658 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. Мөн зээлдэгч нь оршин суугаа хаяг дээрээ байхгүй олдохгүй байсан тул шүүхэд эрэн сурвалжлах хүсэлт өгөн 2012 оны 09 сарын 10-ны өдрийн 406 дугаар шийдвэрээр зээлдэгчийг эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон бусад бичиг баримтыг шүүхэд баримтаар өгөхөд нотариатаар гэрчлүүлсний хөлс 15000 төгрөг, нийт 2934633 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах, зээлдэгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны болон хуулиар төлбөр гаргуулахаар хориглосноос бусад хөрөнгө орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б Х банктай 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 5 500 000 төгрөгийг хашаа байшин худалдан авах зээлээр авсан. Мөн 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулан  399 000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй гэрээний үүргээ биелүүлээгүй. 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 5 500 000 төгрөгийн зээл 2677 хоног хугацаа хэтэрсэн. Нөгөө зээл нь 2658 хоног хугацаа хэтэрсэн байна. 2 зээлийн нийт үлдэгдэл 181 810 төгрөг, хүү 2 281 519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 456 304 төгрөг, нийт 2 934 633 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлдэгч нь зээлээ сайн дураараа төлөхгүй, олдохгүй болохоор нь эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж шийдвэр гаргуулсан. Зээлийн хувьд 181 000 төгрөгийн үндсэн үлдэгдэл нь хашаа байшинг зараад үндсэн зээл рүү нь хийсэн. Тэгээд 181 000 төгрөг үлдсэн. 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй. Хашаа байшинг зарж үндсэн зээл рүү нь хийсэн гэв.

Хариуцагч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хашаа байшинг зарж төлбөрөө хийхэд үлдсэн мөнгө тэдэн төгрөг гэж хэлээгүйг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Н гэдэг хүн хашаа байшинг чинь зарсан шүү, зээлийг чинь дарсан гэсэн мэдээлэл өгсөн. Үлдэгдэл мөнгө тэд үлдсэн гэж хэлсэн зүйлгүй. Намар миний цалингаас 2 20 000 төгрөг авсан. Тэр яагаад энд яригдахгүй байгаа юм бол. Миний ажиллаж байгаа газар цалингаа Хас банкаар дамжуулан авдаг байсан. Х 2 сая хэдэн зуун төгрөгийн зээл байна гэж байсан. Би болохгүй бол та нар цалингийн зээл гаргуул, би бага багаар төлнө гэсэн. Би яг ийм учиртай гэж мэдээгүй.  Гэтэл Хас банк хуралдаад шийдвэр нь болоогүй. Тэгээд миний 09 дүгээр сараас цалингаас 120 000 төгрөгөөр 2 удаа татан авсан. Тэгээд 11 дүгээр сараас цалингаа Хаан банкаар олгодог болсон. Шүүхээр шийдүүлсний дараа төлнө гэж бодоод 120 000 төгрөгөө өгөх өө больсон. Миний 2 удаа өгсөн 2 20 000 төгрөгийг ярихгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банкны Архангай аймаг дахь салбар нь хариуцагч Ө.Б-оос үндсэн зээлийн төлбөр 181810 төгрөг, хүү 2281519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 456304 төгрөг, шүүхэд нотлох баримтуудыг өгөхөд нотариатаар гэрчлүүлсэн хөлс 15000 төгрөг, нийт 2934633 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ө.Б хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ. 

Нэхэмжлэгч Х банкны Архангай аймаг дахь салбар нь гэрээний үүргээ биелүүлээгүй Ө.Б-ийн хаягийг олж тогтоохоор 2012 онд шүүхэд хандаж Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 09 сарын 10-ны өдрийн 406 дугаартай шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.Б-ийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэснээр хариуцагч Ө.Б-оос гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч байгаа хугацаа буюу хариуцагчийн хаягийг олж банк төлбөрөө нэхэмжилсэн 2017 оны 09 сараас хөөн хэлэлцэх хугацааг тооцоход нэхэмжлэгч Хас банк Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул шүүх хариуцагч Ө.Б-д холбогдуулан гаргасан энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

          Хариуцагч Ө.Б нь 2010 оны 03 сарын 24-ний өдөр 49000106 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 5500000 төгрөгийн зээл, 2010 оны 04 сарын 13-ны өдөр 46003099 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 699000 төгрөгийн зээл тус тус авсан болох нь 49000106 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон барьцаа хөрөнгийн жагсаалт, 46003099 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, иргэдэд орон сууц худалдан авахад зориулан олгох зээлийн үйлчилгээнд хэрэглэгдэх эскроу дансны үйлчилгээний 20100116 дугаартай гэрээгээр нотлогдож байна. Хариуцагч Ө.Б нь тус банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэн 2012 оноос хойш зээлийн төлбөрийг төлөөгүй тул банк зээлийн барьцаа хөрөнгийг зарж борлуулан хариуцагч Ө.Б-ийн үндсэн зээлүүдээс төлбөрийг хааснаар үндсэн зээл 181810 төгрөг, 2010 оны 03 сарын 24-нөөс үндсэн зээлийн  төлбөрийг хаах хүртлэх хугацааны үндсэн зээлд тооцогдох хүү 2281519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 456304 төгрөг төлөгдөөгүй үлдсэн болох нь Ө.Б-ийн хашаа байшин худалдан авах зээлийн төлөлтийн дансны 2010 оны 03 сарын 19-нээс 2012 оны 11 сарын 30 хүртэлх хугацааны хуулга, Ө.Б-ийн  харилцах дансны 2012 оны 09 сарын 01-нээс 2012 оны 09 сарын 30-ны өдөр хүртлэх хугацаанд зээл эргэн төлөлт 2  сая төгрөг Алтай гэх хүнээс төлсөн гүйлгээний мэдээллийн баримт, Ө.Б-ийн хэрэглээний санхүүгийн түрээсийн зээл 699 000 төгрөгийн 2010 оны 03 сарын 01-нээс 2017 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд эргэн  төлөлтийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Х банк хариуцагч Ө.Б-ийн харилцах данснаас 2012 оны 09 сарын 28-нд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл шүүхэд гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүхийн шийдвэргүйгээр үндэслэлгүйгээр суутган авсаныг үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.3, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан үндсэн зээл 111610 төгрөг, хүү 2281519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 456304 төгрөг буюу зээлийн төлбөрт 2849433 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан нотариатын үйлчилгээний хөлс 15 000 төгрөг, нийт 2864433 төгрөгийг хариуцагч Ө.Б-оос гаргуулж нэхэмжлэгч Хас  банкны Архангай аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61905 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Б-оос нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ буюу 2 864 433 төгрөг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 60780 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч Ө.Б-оос үндсэн зээл 111610 төгрөг, хүү 2281519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 456304 төгрөг, нотариатын хөлс 15000 төгрөг, нийт 2864433 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 61905 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 60780 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                   

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН