Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х банк ХХКын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2017/00270 дугаар шийдвэртэй

Х банк ХХКын нэхэмжлэлтэй

Ө.Бид холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 2 934 633 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний

хэргийг

хариуцагчийн өмгөөлөгч Б.Аийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Ө.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Иргэн Ө.Б нь Х банктай 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 46003099 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5 500 000 төгрөгийг жилийн 21.3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар хашаа байшин худалдан авах зориулалтаар, 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 49000106 дугаартай зээлийн гэрээ байгуулан 699 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар тус тус авсан. 2010.10.02-ны өдрөөс эхлэн зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж эхэлсэн. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 5 500 000 төгрөгийн зээл 2 677 хоног, нөгөө зээл нь 2 658 хоног хугацаа хэтэрсэн байна. Х банк нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. Мөн зээлдэгч нь оршин суугаа хаягтаа байхгүй, олдохгүй байсан тул шүүхэд эрэн сурвалжлах хүсэлт өгөн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 406 дугаар шийдвэрээр зээлдэгчийг эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 46003099 дугаартай гэрээний 5.2, 49000106 дугаартай гэрээний 3.3-д заасны дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 181 810 төгрөг, хүү 2 281 519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 456 304 төгрөг, нийт 2 919 633 төгрөг, манай банктай байгуулсан зээлийн гэрээ болон бусад бичиг баримтыг шүүхэд баримтаар өгөхөд нотариатаар гэрчлүүлсний хөлс 15 000 төгрөг, бүгд 2 934 633 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах, зээлдэгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны болон төлбөр гаргуулахаар хуулиар хориглосноос бусад хөрөнгө орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү. Хашаа байшинг зарж үндсэн зээл рүү нь хийсэн.” гэжээ.

 

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Хашаа байшинг зарж төлбөрт хийхдээ хэдэн төгрөг төлөгдөөгүй үлдснийг надад хэлээгүй. Тухайн үед Нэргүй гэдэг хүн “хашаа байшинг чинь зарсан шүү, зээлийг чинь дарсан” гэж л хэлсэн. Хишигжаргал 2 сая гаруй төгрөгийн зээл байна гэхээр нь би “болохгүй бол та нар цалингийн зээл гаргуул, би бага багаар төлнө” гэж хэлсэн. Гэтэл Х банк хуралдаад зээл олгоогүй. Тэгээд миний 09 дүгээр сарын цалингаас 120 000 төгрөгөөр хоёр удаа татан авсан. Миний ажиллаж байгаа газар цалингаа Х банкаар дамжуулан олгодог байсан. Тэгээд 11 дүгээр сараас цалингаа ХААН банкаар олгодог болсон. Шүүхээр шийдүүлсний дараа төлнө гэж бодоод би 120 000 төгрөг төлөхөө больсон. Миний хоёр удаа төлсөн 220 000 төгрөгийг ярихгүй байна.” гэжээ.

 

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2017/00270 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч Ө.Боос үндсэн зээл 111 610 төгрөг, хүү 2 281 519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 456 304 төгрөг, нотариатын хөлс 15 000 төгрөг, нийт 2 864 433 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 61 905 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 60 780 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Аийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 270 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд шүүх хариуцагч Ө.Боос үндсэн зээл 111 610 төгрөг, хүү 2 281 519 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 456 304 төгрөг, нотариатын хөлс 15 000 төгрөг, нийт 2 864 433 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Х банкны нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаас харахад 49000106 дугаартай зээл нь 2012.09.27-нд төлөгдөж дууссан, 9 700 000 төгрөгийн үнэ бүхий хашаа, газрыг барьцаалсан 460003099 дугаартай зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах, зарж борлуулахад зөвшөөрөлтэйгээр зарахаар заасан бөгөөд уг 5 500 000 төгрөгийн зээл нь мөн адил төлөгдсөн байна. /дууссан/ Шүүх нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцож үндсэн зээлд 111 610 төгрөг, хүүнд 2 281 519 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 456 304 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байна.

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Ө.Боос зээлийн гэрээний үүрэгт 2 934 633 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч зээлийг бүрэн төлж дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзсан байна.

Хариуцагч Ө.Б 2012.09.27-ны өдөр зээлийн эргэн төлөлтөд 2 000 000 төгрөг төлсөн талаар Х банкны дансны хуулганд тусгасан байх ба тухайн өдөр хариуцагчийн төлөх ёстой хүү болон нэмэгдүүлсэн хүү хэдэн төгрөг байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Дансны хуулгуудад тусгаснаар энэ өдөр 2010.03.24-ний өдрийн 49000106 дугаартай гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1 457 238 төгрөг, 2010.04.13-ны өдрийн 46003099 дугаартай гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 654 372 төгрөг байжээ.

Иймд хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2017/00270 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 60 780 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                               М.МӨНХДАВАА

                                                                Д.БЯМБАСҮРЭН