Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 418

 

                                                                                     

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК-ий нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Архангай аймгийн Ж сумын бүрэн дунд сургуульд холбогдох

  3600000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.А,

Нэхэмжлэгч талын өмгөөлөгч: Д.Н,

  Хариуцагч байгууллагын  төлөөлөгч: Г.М,

  Гэрч: Ц.П, Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.А нар оролцов.

                                                             

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК нь Архангай аймгийн Ж сумын бүрэн дунд сургуульд хяналтын камерын ажлыг 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. Тус ажлыг хийж гүйцэтгэхэд 3600000 төгрөг болсон. Тус сургууль нь төлбөрийг 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 2 хувааж төлнө гэсэн боловч тус төлбөр төлөгдөөгүй байна. Иймд 3600000 төгрөгийг Архангай аймгийн Ж сумын бүрэн дунд сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ. 

  Хариуцагч Архангай аймгийн Ж сумын бүрэн дунд сургууль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А тайж ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Манай байгууллага тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Ж сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажлыг хүлээж авсан ба намайг хүлээж авахад сургуулийн орчин тойронд камер байсан хэдий ч ажилладаггүй байсан. Би ямар компани болон хувь хүн, ямар гэрээгээр тус камерийг суурилуулсан болохыг мэдээгүй. Манай сургуульд энэ талаарх нотлох баримт ч байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учир хариу тайлбараа өгч чадаагүй болно гэжээ. 

 

Нэхэмжлэгч А тайж ХХК-ий төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ компанийг үүсгэн байгуулсан. Энэ ажлыг хийдэг. Анх Ж  сумын сургууль дээр очиж Б гэдэг хүнтэй уулзсан. Ц захирал уулзаарай гэсэн. Танайд хэдэн төгрөгний боломж байна. Манай тооцоогоор нэг ширхэг нь 90 долларын үнэтэй камер байна. Гадна талын камер монгол мөнгөөр 320 000 төгрөг гэсэн. Бид нар эндээс 30 хувь л хардаг.  Ц захирал нь сонгуулийн ажил болж байгаа учир уулзах боломжгүй байна гэсэн. Б ах “3 635 000 төгрөг болж байна уу?” гэхэд Ц захирал “Болж байна. Бид нар нэг дор мөнгийг нь өгөх боломжгүй. 2-3 хувааж өгч болох уу?” гэсэн. Тэгэхээр нь болж байна гэсэн. Тэгээд бид нар ажлаа хийж дууссан. Араас мөнгийг нь өгнө гэсэн. Гэтэл төсөв ороогүй байна гэсэн. 07 дугаар сарын 20-д гэхэд би 2 удаа очсон. Одоо болохоор “Захирал солигдсон” гэж байна. Бид нар гэрээгээ хийе гэхэд Ц захирал сонгуулийн ажилтай байна гэсэн.  Би бичсэн паданаа өгч байсан. Гэхдээ хэнд өгсөн гэдгийг нь мэдэхгүй байна. Сургуульд 400 м кабел, 5 ширхэг дотор камер, гадна талд 2 ширхэг камер тавьсан. Бид нар хийсэн ажилдаа баталгаа өгч чадна. Энэнээс өмнө хийсэн ажил асуудалгүй байгаа. 09 дүгээр сараас мөнгөө авъя гэхэд шалтаг тоочдог. Хэрвээ эвдэрсэн гэвэл бид нар очоод янзалж өгнө. Утсаар ярих гэхэд утсаа авдаггүй. Мөнгөө авбал бид нарын хувьд эвдрэлийг нь янзалж өгье гэсэн гэв.

 

Хариуцагч Ж сумын дунд сургуулийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас өмнөх хурал дээр “Бид нар анх уулзахдаа сургуулийн захиралтай уулзаж байсан” гэсэн мэдүүлэг өгч байсан. Одоо болохоор Б гэдэг хүнтэй уулзсан гэж байна. Анх очихдоо сургуулийн захиралтай уулзаж байсан. Сургуулийн захирал сургуулийн дотуур байранд байрлуулж сургуулийн байрнаас хоол идэж байсан гэсэн. Одоо өөр юм ярьж байна. Тухайн үед манай сургуулийн нягтлан, нярав бид нарт ямар ч төсөв байхгүй, хаанаас гаргаж өгөх юм бэ? гэж хэлж байсан. Харин сургуулийн захирал ямар ч байсан камерыг суулгуулгачих тэгээд боломжоороо өгнө гэсэн зүйл ярьсан юм байна лээ. Бид нарын хувьд төсөв мөнгө байхгүй учир төлөх боломж байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А тайж ХХК нь Архангай аймгийн Ж сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан 3600000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал болох Архангай аймгийн Ж  сумын бүрэн дунд сургууль нь гэрээ байгуулсан баримтгүй, санхүүжилт байхгүй, тухайн үед камер тавиулсан албан тушаалтан нь хариуцах ёстой, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байсан болно. 

Хариуцагч тал бичгээр гэрээ байгуулсан баримт байхгүй гэх боловч нэхэмжлэгч байгууллагын зөвшөөрлөөр камерийг сургуулийн дотор, гадна байрлуулж камерийн хяналтын тоног төхөөрөмжийг хариуцагч Ж сумын сургуулийн захирлын албан өрөөнд суурилуулсан болох нь зохигчдын болон гэрч нарын тайлбараар тогтоогдож байна. Бичгээр гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэгч А тайж ХХК нь хариуцагч Ж  сумын сургуульд камер болон бусад дагалдах тоног төхөөрөмийг худалдаж уг бараагаа суурилуулан өгч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулсан байна. Иймд нэхэмжлэгч тал худалдсан камер болон дагалдах тоног төхөөрөмжийн үнийг хариуцагч Жаргалант сумын бүрэн дунд сургуулиас нэхэмжлэх эрхтэй байна. 

Гэвч нэхэмжлэгч тал 3600000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолсонгүй. Тодруулбал камер нэг бүрийн үнэ, дагалдах тоног төхөөрөмж нэг бүрийг хэдэн төгрөгөөр худалдан авсан болон хэдэн төгрөгөөр хариуцагчид худалдсанаа баримтаар нотолсонгүй. Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад гар утсаар авсан 3 ширхэг гэрэл зурганд үзлэг хийлгэх хүсэлт гаргаж нотлох баримт бүрдүүлсэн боловч интернет сүлжээгээр камер, дагалдах тоног төхөөрөмжийг ямар үнээр худалдан авсаныг уг баримт нотлохгүй байна. Иймд камер, дагалдах тоног төхөөрөмжийн үнэнд 3 600 000 төгрөг нэхэмжилж байгаа шаардлагын үнийн дүнгээ баримтаар нотлоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 72 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн Ж сумын Бүрэн дунд сургуулиас 3 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А тайж ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН