Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 392

 

                                                   

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ж даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.З-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Н.А-д холбогдох

  2800000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, 

  Хариуцагч Н.А, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.А нар оролцов.

                                                             

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.З  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.А нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийн 180000139654 тоот Төрийн банкны холбогдох дансаараа дамжуулан 2800000 төгрөгийг З  надаас зээлж авсан. Тухайн үед Н.А нь өөрийн Хас банкин дахь зээлээ хаачихаад буцаагаад зээл авахаараа төлнө гэж хэлсэн ба миний бие хариуцагч Н.А-г Монгол банкны Архангай аймаг дахь салбарт нягтлан бодогчоор ажилладаг байсан болохоор түүнд итгэж ямар нэгэн барьцаа эд хөрөнгө нэхэлгүй зээлийн гэрээ байгуулж хүү, алданги бодолгүй 2800000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Э гэдэг хүнээс зээлж Н.А-ын дансанд бүрэн шилжүүлсэн. Гэтэл Н.А нь мөнгөө авсан өдрөөс хойш өнөө маргаашгүй өгнө гэж хэлж явсаар өнөөдрийг хүртэл зээлж авсан мөнгөнөөсөө нэг ч төгрөг өгсөнгүй. Түүгээр зогсохгүй сүүлдээ би аваагүй, манай дүү Н.А авсан мэтээр худал хэлж үүргээсээ мултрах санаатай байна. Н.А-ын энэ үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахад өөрөө зээлж аван зориулалтынх нь дагуу ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байцаалт өгч байсан ба тухайн хэрэг одоо хэрэгсэхгүй болсон байгаа. Иймд хариуцагч Н.А-аас зээлийн үндсэн төлбөр 2800000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Н.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би иргэн Т.З гэх хүнийг танихгүй, би энэ хүнээс мөнгө авч байгаагүй, санхүүгийн ямар нэгэн харилцаа тогтоож байгаагүй болно. Иргэн Т.З-ийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Т.З гэх хүн үндэслэлгүй зүйлээр намайг гүжирдэн шүүхийн байгууллагад өгч нэр төрд халдаж байгаад гомдолтой байна гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр З-д зээлийн гэрээ байгуулах саналыг тавьсан. Энэ саналыг ямар байдлаар тавьсан бэ? гэвэл өөрийнхөө 99330404 дугаартай утсаар өөрийн дүү А-ийн 94701465 дугаарын утас руу холбогдож З рүү “надад 2 800 000 төгрөг хэрэгтэй байна. Банкны зээл хаачихаад удаахгүй 2, 3 хонуулаад өгнө” гэж хэлсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нар санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ утгаараа дээд байгууллагад нь буюу санхүүгийн төв байгууллагад ажилладаг хүнд итгэж 2 800 000 төгрөгийг Э гэдэг хүнээс зээлж түүний эзэмшлийн Төрийн банкны данс руу нь шилжүүлсэн. Үүнийг Э гэрчийн мэдүүлгээрээ нотолдог. Би Монгол банкинд ажилладаг найдвартай зээлдүүлэгчид зээлдүүлэх гэж байгаа гэж зээл авсан байдаг. Тухайн үед нэхэмжлэгч гэрээг бичгээр байгуулах талаар санал тавихад “боломжгүй байна” гэж хэлсэн. Мөн А гэдэг хүн зуучилсан учраас А-ын өмнөөс гэрээ байгуулъя гэхэд “Манай ах авч байгаа учир  би гэрээ байгуулах боломжгүй” гэж хэлсэн. Ингээд албан ёсоор хүү, алданги, хоног хугацаагаа тохирч бичгээр гэрээ байгуулаагүй. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс тодорхой хэмжээнд 2 800 000 төгрөгөө олж авахын тулд хөөцөлдсөн. Анхтуяа, Анхбаяр нартай утсаар ярьсан. Цагдаагийн байгууллагад А гэдэг хүн А-ын нэрийг барьж залилан хийсэн гэж шалгуулсан. Цагдаагийн байгууллагаас А А-ын нэрийг барьж залилан хийгээгүй гэдгийг тогтоосон. Залилангийн шинжтэй гэмт хэрэг биш, иргэний журмаар шийдвэрлэх иргэний эрх зүйн маргаан гэдэг үндэслэлээр л хэргийг хэрэгсэхгүй болсон. Энэ нь А, А нарыг авсан, аваагүй гэдгийг нотлоогүй тогтоол юм. Тухайн үед А 99330404 дугаарын утсыг барьж байсан гэдэг нь тогтоогддог. Энэ нь хэрэгт авагдсан банкны хуулганд 99330404 дугаарын утсанд энэ хүний банкны орлого, зарлагын мэдээлэл ирдэг байсан. Энэ дугаар руу залгаагүй гэх үндэслэл байхгүй. Тухайн үед А  ч бас 94701465 дугаарын утсыг барьдаг байсан гэдэг нь өөрийнх нь өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. А эргэлзээтэй мэдүүлэг өгсөн. Энэ талаар дараагийн тайлбар дээр хэлье. А-н хувьд Монгол банкинд ажилладаггүй гэдэг нь талуудын тайлбар, бодит байдлаар тогтоогдож байна. Харин Н.А нь Монгол банкинд ажилладаг нь тогтоогдсон. З А-н данс руу 2 800 000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. З А-ын данс руу мөнгө шилжүүлснээр А-т өөрийнх нь дансанд орсон мөнгийг захиран зарцуулах эрх нь нээгдэж байгаа. А дансандаа орсон мөнгөө ах, дүү хамаатан садныхаа зээлийг хаах ч юм уу? аливаа нэгэн байдлаар захиран зарцуулах эрх нь энэ хүний өөрийнх нь эрхийн асуудал. А 2 800 000 төгрөгийг З-д төлөх үүрэг хүлээж байгаа. Гэтэл энэ үүргээсээ мултрах  зайлсхийх зорилгоор үүргээ зөрчиж өөрөө аваагүй бусад хүн авсан мэтээр тайлбар мэдүүлэг өгч байгаа нь хуульд нийцэхгүй юм. Иймд иргэн З-ээс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн А-ын эзэмшлийн Төрийн банкны 180000139563 тоот данс руу шилжүүлсэн 2 800 000 төгрөгийн зээлийг гаргуулж иргэн З-г хохиролгүй болгож өгнө үү. Энэ зээлийг тухайн үед бичгээр байгуулсан гэрээгүй учир хүү, алданги тооцоогүй. Үндсэн зээл болох 2 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг дүгээрт хүний дансанд мөнгө хийснээр тухайн мөнгийг зээлүүлсэн гэж үзэж болохгүй байх. Миний картыг манай дүү 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр авсан байсан. Тэгээд таны дансны дугаар хэд юм бэ? гэж миний дансны дугаарыг авсан. Үдээс хойш хүнээс мөнгө зээлсэн Хас банкныхаа зээлийг хаах гэж байгаа гэж хэлсэн. Орой нь миний дансаар яагаад гүйлгээ хийсэн бэ? гэхээр нэг дүгээрт Хас банк тухайн үед 17 цагаас хаадаг байсан. Над руу 17 цагаас хойш ярьсан учраас бэлнээр гүйлгээ хийх боломжгүй. Надаас интернет банктай юу, интернет банкаар гүйлгээ хийж болох уу? гэхээр нь би интернет банктай. Гүйлгээ хийж болох эсэхийг сайн мэдэхгүй байна эдийн засагчаасаа асуу гэж хэлсэн. Эдийн засагчаас асуухад гүйлгээний нэр дээр тухайн хүнийхээ нэрийг томоор бичээд зээл төлөх мөнгөө бичээд болно гэж хэлсэн. Тухайн үед зээлийн гүйлгээг хийж өгөх шаардлагатай байсан. Учир нь Анхтуяагийн зээл хугацаа хэтрэлтэй байсан учир бүх дүнгээр нь хаах боломжгүй байсан. Монгол банкны ерөнхийлөгч болон сангийн сайдын баталсан тушаалын дагуу зээлийг 15, 30-ны өдөр гэсэн 2 өдөр хийдэг. Тухайн өдрөө хийж чадаагүй бол хэвийн бус, анхаарал хандуулах гээд ангилал руу шилждэг. Энэ ангилал руу шилждэг учраас зээлээ бүтнээр нь хаахгүй, байх ёстой үндсэн төлбөрөө хаагаад сар гарсны дараа ангилалд хэвийн шилжихээр хаах нь зүйтэй гэж А-д хэлсэн байсан. А 714 000 төгрөгийг шилжүүлбэл болох юм байна гээд би 714 000 төгрөгийг интернет банкаар шилжүүлж өгсөн. Надад санал тавьсан гэж ярьж байна. Манай дүү шүүх, цагдаа дээр асуудалтай байсан учир А-ийн  утсанд ямар дуудлага ирэхийг хянах зорилгоор дугаар, утсыг нь авсан байсан. Би тэр дугаар дээр ирсэн нэг ч дуудлагыг авдаггүй байсан. Дуудлага авахгүй болохоор чи ямар сонин юм бэ? гэх мэтчилэн мессеж бичихээр нь та ямар учиртай хүн бэ? гэж ярихгүйгээр мэдээлэл авдаг байсан.

Хоёр дугаарт Мобайл банкаар мессеж ирсэн байна гэж байна. Манай арилжааны аль ч банк Скайтелын дугаартай утсанд ухаалаг банк ч юм уу? мессеж мэдээлэл суулгаж чаддаггүй. Тийм учраас 99330404 дугаар дээр хяналт тавих зорилгоор суулгуулсан. Мөн нэхэмжлэгч талаас намайг санал тавьсан гэж байна. Би З-тэй нэг ч удаа ярьж байгаагүй. А-аар дамжуулж ч яриагүй. Би А-тай 2 удаа ярьсан. Нэг дэх нь Хас банкны гүйлгээ дуусаж байна шүү. Чи гүйлгээгээ хийлгэх юм бол хурдан хийлгэ гэсэн. Хоёр дахь нь орой 18 цаг өнгөрч байсан учир цэцэрлэг рүү явах гэж байна. Гүйлгээгээ хийлгэх юм бол хурдан хийлгэ. Хийлгэхгүй бол явлаа гэж залгасан. Өөрөөр А-тай дахиж яриагүй.

Гурав дугаарт Би З болон З мэтийн хүүтэй мөнгө зээлдэг хүнтэй нэг ч удаа харьцаж байгаагүй. Надад З-ээс мөнгө зээлэх шаардлага ч байхгүй. Би өөрөө дансандаа 10 000 000 төгрөгтэй. З-ээс хаах гэж байгаа гэж нэг ч төгрөг авахгүй. Би Хаан банкинд орон сууц, цалингийн зээлтэй.  Хас банкнаас зээл авах болон зээл авч байсан түүхгүй. Хас банкинд харилцах нэг данстай.  Тийм учраас З гэдэг хүн миний нэрийг барьж Э гэдэг хүнээс мөнгө зээлсэн. Энэ дээр миний нэр төрд халдсан учраас би өөрөө гомдолтой байна. Найдвартай зээлдэгч гэж хэлсэн гэж байна. Иргэн хүмүүс хоорондоо найдвартай, найдваргүй зээлдэгч гэж ярьдаггүй. Зээлийн мэдээллийн түүх нь хэвийн ангилалтай байгаа хүнийг найдвартай зээлдэгч гэж ярьдаг. Тэгэхээр найдваргүй зээлдэгч гэдэг ойлголт байхгүй. Прокурорын 156 тоот тогтоолд “Иргэн А нь  З-ээс ахынхаа дансаар дамжуулан мөнгө зээлсэн нь нотлогдсон ” гэсэн өгүүлбэр байсан. Тэгэхээр намайг З-ээс мөнгө зээлээгүй гэдэг нь миний өгч байгаа тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа байх. Шударга шүүхээр ч нотлогдох байх гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.З хариуцагч Н.А-аас 2018 оны 03 сарын 25-ны өдөр Төрийн банкны дансаарааа дамжуулан Хас банкны зээлээ төлөх зорилгоор зээлж авсан 2 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.А хүлээн зөвшөөрөхгүй, дүү Н.А миний дансаар дамжуулан зээлж авсан гэж маргажээ. 

Төрийн банкин дахь Н.А-ын эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар  / хх-46х / түүний дансанд 2 800 000 төгрөг нэхэмжлэгч Т.З-ээс шилжүүлсэн нь нотлогдож байна. 

Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны шатанд 2016 оны 03 сарын 25-ны өдөр хариуцагч талын Н.А зээлсэн гэж эсэргүүцэж байгаа 2 800 000 төгрөг, Н.А-т зээлүүлсэн гэж нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2 800 000 төгрөг бол нэг зээлийн 2 800 000 төгрөг, тусдаа хоёр удаагийн 2 800 000 төгрөг биш гэж тайлбарласан болно. 

Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 156 тоот прокурорын тогтоолоор  /хх 49-50х / нэхэмжлэгч Т.З  нь “ Н.А  2018 оны 03 сарын 25-ны өдөр 2 800 000 төгрөгийг зээл хаана гэж аваад өгөхгүй байна” гэж гэмт хэргийн талаар мэдээлэл өгч шалгуулан иргэд хоорондын аман хэлцэлтэй зээлийн эргэн  төлөлттэй холбоотой шүүхээр шийдвэрлэвэл зохих маргаан хэмжээн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болох нь тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ хариуцагч Н.А Хас банкны зээлээ хаагаад эргүүлж өгнө гэхээр зээлүүлсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч Н.А нь Хас банкнаас зээл авч байгаагүй болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч Н.А нэхэмжлэгч Т.З-тэй уулзаж болон утсаар ярьж байгаагүй гэсэн тайлбар гаргаж байгаа бөгөөд хариуцагчийг нэхэмжлэгчээс мөнгө зээлэхээр өөрөө болон өөрийн нэрийн өмнөөс итгэмжлэгдсэн хүнээр дамжуулан хүсэлт тавьж байсан эсэхийг нэхэмжлэгч тал баримтаар нотлосонгүй.

Иймд  хариуцагч Н.А-ын данс руу нэхэмжлэгч Т.З 2 800 000 төгрөг шилжүүлсэн боловч хариуцагчид зээлүүлсэн, хариуцагч эргэн төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч тал шүүхэд гэрчээр М-г асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд гэрчийн мэдүүлэг авах үед хариуцагч гэрчийн бүтэн нэр М-г  М гэж андуурсан болохоо илэрхийлж нэхэмжлэгч тал зөвшөөрсөн тул нэхэмжлэгч, хариуцагч талуудыг байлцуулан Э.М-аас гэрчийн мэдүүлэг авсан болно. 

Нотлох баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 4 ширхэг зээлийн гэрээг энэхүү нэхэмжлэлд хамааралгүй гэж үзэж, мөн гэрч Э.М, Н.А, Б.Б нар шүүхэд мэдүүлэг өгөхийн өмнө энэ талаар хоорондоо ярилцсан болох нь гэрч Б.Баярхүүгийн мэдүүлгээр тогтоогдож байх тул үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59 750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж байна. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Н.А-аас 2 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.З-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН