Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Т.Згийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2018/00392 дугаар шийдвэртэй

Т.Згийн нэхэмжлэлтэй

Н.Ат холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 2 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний

хэргийг

нэхэмжлэгч Т.Згийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.З, хариуцагч Н.А, нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.     

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:      

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Хариуцагч Н.А нь 2016.03.25-ны өдөр Төрийн банкны 180000139654 тоот өөрийнхөө дансаар 2 800 000 төгрөгийг Т.З  надаас зээлж авсан. Тухайн үед Н.А нь Хас банкин дахь зээлээ хаачихаад буцаагаад зээл авахаараа төлнө гэж хэлсэн ба миний бие хариуцагч Н.Аыг Монгол банкны Архангай аймаг дахь салбарт нягтлан бодогчоор ажилладаг байсан болохоор түүнд итгэж ямар нэгэн барьцаа эд хөрөнгө нэхэлгүй, зээлийн гэрээ байгуулж хүү, алданги бодолгүй 2 800 000 төгрөгийг 2016.03.25-ны өдөр Энхжаргал гэдэг хүнээс зээлж Н.Аын дансанд бүрэн шилжүүлсэн. Үүнийг Энхжаргал гэрчийн мэдүүлэг нотолдог. Би Монгол банкинд ажилладаг найдвартай зээлдүүлэгчид зээлдүүлэх гэж байгаа гэж зээл авсан. Тухайн үед би бичгээр гэрээ байгуулах санал тавихад хариуцагч “боломжгүй байна” гэсэн. Мөн зуучилсан Анхтуяатай гэрээ байгуулах гэхэд “манай ах авч байгаа учир би гэрээ байгуулах боломжгүй” гэж хэлсэн. Иймээс хүү, алданги, хоног хугацаагаа тохирч албан ёсоор бичгээр гэрээ байгуулаагүй. Гэтэл Н.А нь мөнгө авсан өдрөөс хойш өнөө маргаашгүй өгнө гэж хэлж явсаар өнөөдрийг хүртэл зээлж авсан мөнгөнөөсөө нэг ч төгрөг өгсөнгүй. Түүгээр зогсохгүй сүүлдээ “би аваагүй, манай дүү Н.А авсан” мэтээр худал хэлж үүргээсээ мултрах санаатай байна. Өнгөрсөн хугацаанд миний зүгээс 2 800 000 төгрөгөө олж авахын тулд тодорхой хэмжээгээр хөөцөлдөж Анхтуяа, Н.А нартай утсаар ярьсан. Цагдаагийн байгууллагад Анхтуяа гэдэг хүн Н.Аын нэрийг барьж залилан хийсэн гэж шалгуулахад Н.А өөрөө зээлж аван зориулалтынх нь дагуу ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч байцаалт өгч байсан ба тухайн хэргийг залилангийн шинжтэй гэмт хэрэг биш, иргэний журмаар шийдвэрлэх иргэний эрх зүйн маргаан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед Н.А 99330404 дугаарын утастай байсан нь хэрэгт авагдсан дансны хуулгаар уг дугаарын утсанд энэ хүний дансны орлого, зарлагын мэдээлэл ирдэг байснаар тогтоогддог. Энэ дугаар луу залгаагүй гэх үндэслэл байхгүй. Тухайн үед Анхтуяа 94701465 дугаарын утастай байсан нь өөрийнх нь мэдүүлгээр, мөн тэрээр Монгол банкинд ажиллаж байгаагүй нь талуудын тайлбар, бодит байдлаар тус тус тогтоогдож байна. Харин Н.А Монгол банкинд ажилладаг нь тогтоогдсон. Би Н.Аын данс руу 2 800 000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд Н.Ат өөрийнх нь дансанд орсон мөнгийг захиран зарцуулах эрх нь нээгдэж байгаа. Н.А дансандаа орсон мөнгөөр ах дүү, хамаатан садныхаа зээлийг хаах ч юм уу аливаа нэгэн байдлаар захиран зарцуулах нь энэ хүний өөрийнх нь эрхийн асуудал. Н.А 2 800 000 төгрөгийг надад төлөх үүрэг хүлээж байгаа. Гэтэл энэ үүргээсээ мултрах, зайлсхийх зорилгоор үүргээ зөрчиж өөрөө аваагүй бусад хүн авсан мэтээр тайлбар мэдүүлэг өгч байгаа нь хуульд нийцэхгүй юм. Тухайн үед бичгээр байгуулсан гэрээгүй учир хүү, алданги тооцоогүй, үндсэн зээл болох 2 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч Н.Ааас зээлийн үндсэн төлбөр 2 800 000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Би иргэн Т.З гэх хүнийг танихгүй, энэ хүнээс мөнгө авч санхүүгийн ямар нэгэн харилцаа тогтоож байгаагүй болно. Иргэн Т.Згийн 2018.02.01-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Т.З гэх хүн үндэслэлгүй зүйлээр намайг гүжирдэн шүүхийн байгууллагад өгч нэр төрд халдаж байгаад гомдолтой байна. Учир нь нэгдүгээрт, хүний дансанд мөнгө хийснээр тухайн мөнгийг зээлдүүлсэн гэж үзэж болохгүй байх. Миний картыг манай дүү 2016.03.25-ны өдөр авсан. Үдээс хойш “хүнээс мөнгө зээлсэн, Хас банкныхаа зээлийг хаах гэж байгаа” гэж хэлсэн. Орой нь миний дансаар гүйлгээ хийсэн. Яагаад гэвэл Хас банк тухайн үед 17 цагаас хаадаг байсан. Над руу 17 цагаас хойш ярьсан учраас бэлнээр гүйлгээ хийх боломжгүй. Надаас “интернет банктай юу, интернет банкаар гүйлгээ хийж болох уу?” гэж асуухаар нь би “интернет банктай, гүйлгээ хийж болох эсэхийг сайн мэдэхгүй байна, эдийн засагчаасаа асуу” гэж хэлсэн. Тэгтэл эдийн засагч нь гүйлгээний нэр дээр тухайн хүнийхээ нэрийг томоор бичээд, зээл төлөх мөнгөө бичээд болно гэж хэлсэн байсан. Тухайн үед зээлийн гүйлгээг хийж өгөх шаардлагатай байсан. Учир нь Анхтуяагийн зээл хугацаа хэтрэлттэй байсан учир бүх дүнгээр нь хаах боломжгүй байсан. Монгол банкны ерөнхийлөгч болон Сангийн сайдын баталсан тушаалын дагуу зээлийг сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд ангилдаг. Тухайн өдрөө төлж чадаагүй бол хэвийн бус, анхаарал хандуулах гэсэн ангилал руу шилждэг учраас зээлээ бүтнээр нь хаалгүй үндсэн төлбөрөө төлөөд, дараа сард хэвийн ангилалд шилжихээр хаах нь зүйтэй гэж Анхтуяад хэлсэн байсан. Анхтуяа 714 000 төгрөгийг шилжүүлбэл болох юм байна гэхээр нь би 714 000 төгрөгийг интернет банкаар шилжүүлж өгсөн. Манай дүү шүүх, цагдаа дээр асуудалтай байсан учир Анхтуяагийн  утсанд ямар дуудлага ирэхийг хянах зорилгоор утсыг нь авсан байсан. Би тэр утсанд ирсэн нэг ч дуудлагыг авдаггүй байсан. Дуудлага авахгүй болохоор “чи ямар сонин юм бэ?” гэх мэтчилэн мессеж ирэхээр нь “та ямар учиртай хүн бэ?” гэж хариу мессеж бичин ярихгүйгээр мэдээлэл авдаг байсан. Хоёрдугаарт, мобайл банкаар мессеж ирсэн гэж байна. Манай арилжааны аль ч банк скайтелын дугаартай утсанд ухаалаг банк ч юм уу мессеж мэдээлэл суулгаж чаддаггүй. Тийм учраас 99330404 дугаар дээр хяналт тавих зорилгоор суулгасан. Мөн нэхэмжлэгч талаас намайг мөнгө зээлэх санал тавьсан гэж байна. Би Т.Зтэй нэг ч удаа ярьж байгаагүй, Анхтуяагаар дамжуулж ч яриагүй. Би тухайн өдөр Анхтуяатай хоёр удаа ярьсан. Эхлээд “Хас банкны гүйлгээ хааж байна шүү, чи гүйлгээ хийлгэх юм бол хурдан хийлгэ” гэсэн. Дараа нь орой 18 цаг өнгөрч байсан учир “цэцэрлэг рүү явах гэж байна, гүйлгээ хийлгэх юм бол хурдан хийлгэ, хийлгэхгүй бол явлаа” гэж залгасан. Өөрөөр Анхтуяатай дахиж яриагүй. Гуравдугаарт, би Т.З болон Т.З мэтийн хүүтэй мөнгө зээлдэг хүнтэй нэг ч удаа харьцаж байгаагүй. Надад Т.Згээс мөнгө зээлэх шаардлага ч байхгүй. Би өөрөө дансандаа 10 000 000 төгрөгтэй. Т.Згээс зээл хаах гэж байгаа гэж нэг ч төгрөг авахгүй. Би ХААН банкинд орон сууцны болон цалингийн зээлтэй. Хас банкнаас зээл авч байсан түүхгүй. Хас банкинд харилцах нэг данстай. Тийм учраас Т.З гэдэг хүн миний нэрийг барьж Энхжаргал гэдэг хүнээс мөнгө зээлсэн. Ингэж миний нэр төрд халдсан учраас би гомдолтой байна. Прокурорын 156 тоот тогтоолд “Иргэн Анхтуяа нь Т.Згээс ахынхаа дансаар дамжуулан мөнгө зээлсэн нь нотлогдсон” гэсэн өгүүлбэр байсан. Тэгэхээр би Т.Згээс мөнгө зээлээгүй гэдэг нь миний өгч байгаа тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа байх. Шударга шүүхээр ч нотлогдох байх” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2018/00392 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Ааас 2 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Згийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Т.З би Н.Ат 2 800 000 төгрөгийг данс руу нь шилжүүлж зээлдүүлсэн ба Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2018/00392 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж Н.Ааас 2 800 000 төгрөг гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрт дараах алдаа байгааг дурдах нь зүйтэй байх. Нэхэмжлэгч Т.З гэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З гэсэн, хариуцагч Н.А гэхийг хариуцагч Д.Дэлгэрсайхан гэсэн, мөн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 281.1-т гэж тус тус алдаатай бичсэн байна. Би Н.А, Н.А нарын хоёулангийнх нь талаар цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан боловч цагдаагийн байгууллага Н.Ат холбогдуулж надад ямар нэгэн хариу өгөөгүй байгаа.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Н.Ааас зээлийн гэрээний үүрэгт 2 800 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй” гэж маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 281.1” гэж хуулийн зүйлийг буруу бичсэн алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв. Харин шийдвэрт өөрчлөлт оруулж, Н.Ааас 2 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Н.А нь 2016.03.25-ны өдөр 2 800 000 төгрөгийг Хас банкин дахь зээлээ хаачихаад буцаагаад зээл авахаараа төлнө гэж ямар нэгэн хүү, алдангигүй зээлж авсан гэж Т.З нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгчийн зүгээс 2016.03.25-ны өдөр 2 800 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон байх хэдий ч бодит байдалд мөнгө зээлэх талаар зохигчийн хооронд тохиролцоо байгаагүй гэж хариуцагч нь маргасан, нөгөө талаас “Би өөрийн Хас банкны зээлийг хаана гэж 2016.03 сарын сүүлээр 2 800 000 төгрөгийг Т.Згээс зээлсэн” гэх гэрч Н.Агийн мэдүүлгийг харгалзан зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэв.

Хэрэгт байгаа баримтаар зохигчид зээлийн гэрээ байгуулах талаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж тохирсон гэж үзэх бодитой үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь 2 800 000 төгрөгийг хариуцагчид зээлсэн гэж нэхэмжилсэн боловч баримтаар нотлоогүй байна. Хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь 2 800 000 төгрөгийг хариуцагчид зээлсэн нь тогтоогдохгүй байх тул уг мөнгийг хариуцагч нь төлөх үүрэггүй.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2018/00392 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “218” гэснийг “281” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 59 750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БЯМБАСҮРЭН

     ШҮҮГЧИД                                      Г.УЛАМБАЯР

                                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ