Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 624

 

185/2019/0421/Э

 

 

 

 

 

2019           6             20                                           2019/ДШМ/624                        

 

Д.Б- холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

прокурор Б.Мөнгөншагай,

хохирогч Ч.Баттогтох,

шүүгдэгч Д.Б- ,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Баттогтохын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Б- холбогдох эрүүгийн 1909012610379 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Д-ийн Б-  /РД:.........../, .....................тоотод оршин суух бүртгэлтэй,

 

1. 1991 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 141 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

2. 1993 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 99 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

3. 1996 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар,

4. 1999 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

5. 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

6. 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан;

 

Д.Б-  нь 2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 24 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн дээд сургуулийн оюутны дотуур байрны үүдэнд иргэн Ч.Баттогтохтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Б- гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б- г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б- г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Б- анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Б-  нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.Баттогтох нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлаар хохирол төлбөр шүүгдэгчээс нэхэмжлэхээр бол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.Б-  урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ч.Баттогтох гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ч.Баттогтох нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 00 цагт Худалдаа хөгжлийн дээд сургуулийн оюутны дотуур байрны үүдний жижүүр болох үл таних хүнтэй үл ойлголцож маргалдаж, намайг түлхэж гаргаж байгаад хана руу шахаж, боож цохисны улмаас миний шүд хугарсан. Би өөрөө дуучин мэргэжилтэй учраас гоо сайхнаараа хохирч ажилд орох шалгалт өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл ажилд орж чадахгүй байна.

Хохирогч миний бие хэд хэдэн шүдний эмнэлгээр явж үзүүлэхэд, шүдийг минь аваад зүслэг хийж хиймэл ёзоор суулгаж хиймэл авагддаггүй шүд хийлгэхээр болсон. Шүд янзлуулах нийт төлбөр 3,500,000 төгрөг болно гэсэн байгаа. Би өөрөө энэ бүх мөнгийг гаргах бололцоогүй учраас миний хохирлыг эхлээд барагдуулж, гомдолгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б-  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ажил үүргээ биелүүлж байхдаа Ч.Баттогтохтой маргалдаж, нүүрэн тус газарт нь цохисон нь үнэн. Би гараараа цохисондоо гэмшиж байна. Хохирогч Ч.Баттогтохтой мөрдөн шалгах ажиллагааны үед огт таараагүй, мөрдөгч уулз гэж хэлээгүй учраас хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж бодсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Ч.Баттогтох нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлаар хохирол төлбөрөө Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэх шийтгэх тогтоол гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хохирогч Ч.Баттогтоход учирсан гэм хорын хохирлыг шүүх тогтоох боломжгүй нотлох баримтаар нотлогдох учраас дараах шийдвэр гарсан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Д.Б-  нь 2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 24 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн дээд сургуулийн оюутны дотуур байрны үүдэнд иргэн Ч.Баттогтохтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Ч.Баттогтохын “...Цонхыг нь тогшоод “найз Пүрэвгялыг дуудаад өгөөч” гэсэн чинь гарч ирээд намайг шууд заамдаж аваад хананд шахаад миний ороолтоор боосон. Тэгэхээр нь би зөрүүлж түлхээд цамцнаас нь бариад авсан. Тэгээд би гараа тавьсан чинь миний уруул руу гараараа цохисон. Би тонгойсон чинь миний шүд хугарсан байсан. Тэгээд миний амнаас цус гоожоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” /хх 4-5/,

шүүгдэгч Д.Б- гийн “...2019 оны 3 дугаар сарын 24-ний орой Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн оюутны дотуур байранд хамгаалагчийн үүрэг гүйцэтгээд байж байтал дотуур байранд амьдардаггүй гадны хүн орж ирээд “би хүн дуудаадахъя” гэж орж ирэх гээд байхаар нь “чи гар” гэж хажуунаас нь татсан чинь намайг заамдаж аваад шанаан тус газарт нэг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа цохисон, тэгээд тухайн хүүхэд гараад яваад өгсөн. ...” /хх 17-19/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3863 дугаар “...Ч.Баттогтохын биед үүдэн баруун дээд 2 дугаар шүдний булгарал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Нэг шүдний булгарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б- г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б- гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тус зүйл хэсэгт заасан ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Хохирогч Ч.Баттогтох “...Мөнгө төгрөгний бололцоогүйн улмаас эмчлүүлж чадахгүй байгаа тул шүд эмчлүүлэх 3,500,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Д.Б- гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Баттогтохын эрүүл мэндэд цаашид эмчлүүлэх “...үүдэн баруун дээд 2 дугаар шүдний булгарал...” гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа боловч уг шүдийг хэвийн болгохуйц байдлаар эмчлэхэд гарах зардлыг урьдчилан нотлох баримтгүйгээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хэрхэн шийдвэрлэхийг Иргэний хуулийн 505 дугаар  зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан  асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэй хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасан.

 

Иймд хохирогч нь гэм хорын хохирлыг нотлох баримтаа гарган иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Гэхдээ анхан шатны шүүх хохирогчийн гэм хорын хохирлыг хэрэгсэхгүй болгоогүй, гаргуулахаар зааж эцэслэн хянан шийдвэрлээгүй атлаа  “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай...” гэж Иргэний хуулийн 497,505 дугаар зүйлийг зааж жич нэхэмжлэх эрхийг нь дурдсан нь ойлгомжгүй байх тул тус заалтад өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Хохирогч Ч.Баттогтох нь цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлаар хохирол төлбөр шүүгдэгчээс нэхэмжлэхээр бол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай...” гэснийг “...Хохирогч Ч.Баттогтох нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.Б- гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Ч.Баттогтохын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ