Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2020/0799

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Ш.О,

Нэхэмжлэгч: С.Өийн хууль ёсны төлөөлөгч Ш.О,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Д.О

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...дугаар захирамжийн иргэн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нар цахимаар оролцож, гуравдагч этгээд Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нар биечилж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:   

Нэхэмжлэгч Ш.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны ...дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны акт нь олон иргэдэд холбогдуулан газар эзэмших эрх олгосон болохыг мэдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны ...дугаар захирамжийн иргэн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” хэмээн өөрчилж байна. Маргаан бүхий захиргааны актын Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл, нэхэмжлэгч нарын эрх ашгийг хэрхэн хохироож байгаа тухайд: Баянгол дүүргийн Засаг даргын зүгээс 2019 оны ...дугаар захирамжаар иргэн Д.Од гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон боловч бодит байдал дээр Д.О нь 80 м.кв газарт контейнер дотор автомашины дугуй засварын үйлчилгээг эрхлэн явуулж байхад Баянгол дүүргийн газрын албанаас уг иргэнийг Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасны дагуу газрыг эзэмшиж ашиглаж байгаад хяналт тавихгүйн дээр иргэн Д.Од уг газрыг олгох шийдвэр гаргаснаас болж бидний өөрийн газар дээрээ гэр бүлээрээ тайван амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаад байна. Д.Од газар эзэмших эрх олгосноос болж тэрээр манай урд залгаа контейнер байрлуулж дугуй засвар ажиллуулснаас болж өдөр шөнийн цагаар байнга машин сигналдах, тос масло асгах, ОО-гуйн улмаас хашаа руу шээх, манай хаалгыг “..дугуй засвар ажиллах уу..” гэх мэтээр амраахгүй нүдэх, хашааны хаалгыг машин таглаж зогсох мэтийн хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэхийн дээр автомашины дугуй засварын үйлчилгээг зөвшөөрөлгүй эрхэлж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан үүргээ биелүүлэхгүй бусдын газар эзэмших эрхэд халдан, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн хөрш залгаа газрын эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй, хэвийн ажиллах, аж төрөхөд саад учруулах зэргээр бидний эрх хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны ...дугаар захирамжийн иргэн Д Од холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ш.О нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... тоотод төрсөн цагаасаа буюу 1975 оноос хойш  амьдарч байгаа. Энэ газар нь анх ээжийнх нь нэр дээр байсан. Ээжийнхээ нэрээс өөрийн болон охин С.Өийн нэр дээр хууль ёсны дагуу 556 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Гэтэл энэ газрын залгаа урд талд нь иргэн Д.Од Баянгол дүүргийн Засаг даргаас 2019 онд ...дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 80 м.кв газар олгосон. Энэ газрыг олгохдоо Д.О нь анх хүсэлт гаргахдаа дугуй засвар ажиллуулах хүсэлт анх өгсөн. Үүний дагуу Баянгол дүүргийн Засаг даргаас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар энэ хүнд газар олгосон. ...“Г” гэсэн хаяг энэ хороонд байдаггүй. Тухайн хорооны Засаг дарга тодорхойлолт хийж өгсөн байгаа. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтад хавсаргаж өгсөн. ...“Г” гэсэн хаяг үүсгээд энэ хүнд 80 м.кв газар олгосон. Газрыг дугуй засварын зориулалтаар олгохдоо ашиглах зориулалтаар олгох ёстой. Гэтэл гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3-т газрыг ямар ямар зориулалтаар олгох талаар тодорхой заасан. Энэ зориулалтад заасан газраа хуульд заасан үндэслэлээр эзэмшиж, ашиглаагүй бол мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар хүчингүй болгуулахаар заасан. Гэтэл энэ хүн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар биш зөвшөөрөлгүйгээр дугуй засвар ажиллуулсаар байтал Баянгол дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангахгүйгээр өдийг хүртэл энэ хүнийг дугуй засвар ажиллуулаад байгаад нэхэмжлэгч гомдол гаргаж байгаа юм. Дугуй засвар ажиллуулах гол нөхцөл нь Монгол Улсын стандарт буюу MMS5025 гэх стандарт байдаг. Уг стандартын 5.1-д зааснаар дугуй засварын ажил, дугуй бланс тохируулах ажил нь зөвшөөрөлтэй явагдах ёстой. Яагаад гэвэл уг стандартын 6.1-д дээр нутаг дэвсгэрийнхээ бүртгэх байгууллагад тогтоосон журмын дагуу бүртгүүл, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байх ёстой талаар заасан байдаг. Гэтэл Д.О нь ямар нэг зөвшөөрөлгүйгээр буюу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар энэ газрыг эзэмшихгүй байгаад нэхэмжлэгч Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...дугаар захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүүргийн Засаг даргын 2019 оны ...дугаар захирамжаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ...“Г” тоот хаягтай 80 м.кв газрыг иргэн Д.Од гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ...-н “Г” тоот хаягтай 556 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны ... дугаар захирамжаар иргэн н.Лд өмчлүүлсэн. Иргэн н.Лд өмчлүүлсэн энэхүү газар болон гуравдагч этгээд иргэн Д.Од эзэмшүүлсэн энэхүү газар нь хоорондоо ямар нэгэн байдлаар Баянгол дүүргийн газрын кадастрын мэдээллийн санд хоорондоо давхцалгүй. Энэ Геодези, зураг зүйн газрын албан бичгээр нотлогддог. Нэхэмжлэгчийн зүгээс дугуй засвар гэж хүсэлт гаргаж байхад гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгосон гэдэг зүйл ярьж байна. Нэхэмжлэгч нь өргөдлөө Баянгол дүүргийн Засаг даргад гаргахдаа ...“Г” тоот гэж хаягаа авсан байдаг. Энэ хаягаа авсан байгаа нь Засаг даргын нэхэмжлэгчийн өргөдлийг цохсон цохолтод 46-н “Г” тоот хаягтай гээд хаягийн цохолт хийсэн байдаг. Ямар тохиолдолд хаяг өөрөө өгөгддөг вэ гэхээр оршин суудаг, амьдардаг тохиолдолд хаяг өгөгддөг. Засаг даргын зүгээс гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газрыг эзэмшүүлсэн байгаа. Энэ нь иргэн Д.Оын хүсэлтийн дагуу байгаа. Иймд нэхэмжлэгч Ш.Оы хуулиар хамгаалагдсан эрх сонирхол нь Д.Оын газар эзэмшүүлсэн захирамжтай холбоотой зөрчигдөөгүй гэж үзэж байна. Энэхүү 2 газар нь хоорондоо ямар нэгэн байдлаар давхцалгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэлгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна”

Гуравдагч этгээд Д.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Д овогтой О /РД:_/ нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн наран, 4-67 тоот хашааны урд талд 2007-2017 он хүртэл контейнер дотор дугуй засварын уйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд тус газарт газар эзэмших хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын ...тоот захирамжийн хавсралтаар надад Баянгол дүүргийн 11-р хороо, 4-67г тоот хаяг олгон тус хаягт байрлах ... нэгж талбарын дугаартай 80 м.кв газрыг Газрын тухай хууль болон Газар эзэмших, ашиглах эрх олгох журамд заасныг үндэслэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгож, ...бүртгэлийн дугаартай ... тоот гэрчилгээг олгосон. Миний эзэмшлийн газар нь газрын кадастрын нэгдсэн системд нэхэмжлэгч Ш.Оы өмчлөлийн газартай давхцалгүй харагдаж байгаа бөгөөд газрын албаны хээрийн судалгаа болон кадастрын мэргэжилтний хэмжилтээр иргэн Ш. О нь нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах миний эрхэд саад учруулж дур мэдэн өөрийн өмчлөлийн газрын хэмжээг нэмэгдүүлэн хашаа барьсан нь тогтоогдож, түүний улмаас дулааны цагаар өөрийн байшинг барих боломжгүй болгосон нь миний газар эзэмших эрхэд ноцтой халдсан үйлдэл болж байна. Мөн нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан байх бөгөөд захирамжаар нийт 33 иргэнд газар эзэмших эрх олгосон байна. Тус захирамжаар газар эзэмших эрх олгогдсон бусад этгээд нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн эсэх талаар нөхцөл байдал
тогтоогдохгүй байхад нэхэмжлэгч тус захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Ш.О нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ганц шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Баянгол дүүргийн Засаг даргын 11 дүгээр сарын 01-ний өдрийн А...дугаар захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ газар давхцаж байна гэсэн тайлбар ярьж байгаад 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа тухайн шаардлагын үндэслэлээ бас өөрчилсөн. Тэгэхээр бүх гаргаж байгаа үндэслэлд нь тайлбар өгье. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 12 дугаар сарын 04-ний өдөр тодруулахдаа Баянгол дүүргийн Засаг дарга Д.Од гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон боловч бодит байдалд Д.О нь 80 м.кв газарт дугуй засварын үйлчилгээ явуулснаас хөрш залгаа газар эзэмшигчийн буюу өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөж байна гэсэн ийм үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. 12 дугаар сарын 04-ний өдөр болсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар давхацсан асуудал байхгүй гэдэг нь тодорхой болж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гуравдагч этгээд Газрын тухай хуульд зааснаар газраа ашиглаагүйгээс, зориулалт зөрчсөнөөс манай эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл захиргааны хууль бус шийдвэр үйл ажиллагааны улмаас биш, энэ маргаан бүхий акт буюу Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А...дугаар захирамжаар Д.Од газар эзэмшүүлсний улмаас биш харин иргэн Д.О нь захиргаанаас гарсан шийдвэрийг зөрчиж, газар эзэмших зориулалтыг өөрчилсөн буюу дугуй засвар ажиллуулснаас манай эрх ашиг зөрчигдөөд байна гэсэн үндэслэлийг тайлбарлаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3  дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагаа улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан байгаа. Иргэн, хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхийг хамгаалах сэргээх эрх хэмжээ Захиргааны хэргийн шүүхэд хуулиар олгогдоогүй. Захиргааны байгууллагын бус харин иргэн Д.Оын хууль бус үйл ажиллагааны улмаас хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөд байгаа юм бол энэ үндэслэлд заагаад байгаагаар Д.Оын хууль бус үйл ажиллагааны улмаас хууль ёсны сонирхол зөрчигдөж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслээд байгаа учраас энэхүү нэхэмжлэл нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалал бус нэхэмжлэл байна гэж үзэж байна.

Мөн энэхүү тодруулгад гуравдагч этгээд газар зориулалтын бусаар эзэмшиж байхад Баянгол дүүргийн Газрын алба хяналт тавиагүйн улмаас Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаад байна гэж тайлбарлах боловч энэ нь хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны актыг хууль бус захиргааны акт болохыг нотлох, улмаар түүнийг хүчингүй болгох ийм   хууль зүйн үндэслэл болохгүй. Тэр захирамжийн дагуу газар эзэмшиж байгаа этгээд хэрвээ газар эзэмших явцдаа Газрын тухай хуулийг зорчоод байгаа явдал нь гаргасан шийдвэр нь хүчингүй болгох үндэслэл болохгүй байгаа учир энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс 2 нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаад хурлыг хойшлуулсан. Үүний дагуу нотлох баримт хариуцагчаас ирсэн. Түүнтэй танилцсан. Хариуцагчаас ирүүлсэн Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний 2 дахь хэсгийн эзэмшүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай гэсэн 2 дахь хэсгийн 2.1 дүгээр хүснэгтийн 3-т тус дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 4 дүгээр гудамжинд 2 иргэнд 0.04 га буюу 400 метр к.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн байна. Баянгол дүүргийн Засаг даргын маргаан бүхий акт буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  А...дугаар захирамжийн Д.Од холбогдох хэсэг нь бусдын орц, гарцыг хаагаагүй, бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд олгогдсон газартай давхцаагүй. Мөн дүүргийн тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгагдсан байршилд олгогдсон байгаа учраас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагад бүрэн нийцсэн. Нэхэмжлэгчийн газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөөгүй, хууль ёсны захирамж байна гэж үзэж байна. Нэгэнт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байгаа учраас нэхэмжлэгч энэ маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж үзэж байна.

Тайлбарын гуравдугаарт нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрын хил хязгаараас хэтрүүлэн гуравдагч этгээдийн эзэмшилд олгосон газарт хашаа  барьсан зөрчлийн улмаас гуравдагч этгээд эзэмшилт газраа захирамжид заасан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших, ашиглах боломжгүй болж байгаа гэдгээ удаа дараа тайлбарласан. 80 м.кв газрын тал дээр 40 м.кв орчим газрыг өөрийн өмчлөлд олгогдсон газраас хэтрүүлээд татсан учраас гуравдагч этгээд өөрийнхөө газар дээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших буюу орон сууцны байшин барих боломжгүй болоод жил гаруй өнгөрч байна. Тухайн нэхэмжлэгчийн хашаалсан газрыг чөлөөлөх хүртэл үлдсэн бага хэмжээнийхээ газар дээр ямар нэгэн байдлаар, тухайн газраа ашиглах зорилгоор дугуй засварын үйл ажиллагаа явуулж байгаа. Ажиллаад байгаа дугуй засвар нь стандартад нийцсэн байна уу, нийцээгүй байна уу гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал биш гэж үзэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дугуй засварыг стандарт заасан зориулалтаар ашиглаад байвал эрх, ашиг нь зөрчигдөхгүй юм уу. Энэ дугуй засвар ажиллахдаа стандартыг зөрчөөд байгаа учраас эрх, ашиг нь зөрчигдөөд байгаа юм уу. Энэ байдлаа тодорхойлж, тайлбарлаад нотлох баримт ирүүлэхгүй байгаа учраас энэ гаргаад байгаа стандартад нийцэхгүй байна, стандартад нийцэж байгаа эсэх талаар мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргуулахаар хандсан гэдэг тайлбар нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, нотлох баримт гарч ирэхгүй гэдэг ойлгомжтой. Энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой тайлбар биш байна гэж үзэж байна. Тийм учраас энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээр дурдсан гурван үндэслэлийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хэргийн харьяалал зөрчсөн, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.    

        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч  гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч С.Өийн хууль ёсны төлөөлөгч, Ш.О өөрөө тус шүүхэд хандаж “Баянгол дүүргийн засаг даргын, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...дугаар захирамжийн иргэн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган, түүний үндэслэлээ “...бидний хууль ёсны эзэмшил  газартай давхацсан, орц гарц хаасан...” гэж тодорхойлж байгаад уг үндэслэлээ “...Д.Од гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон боловч бодит байдал дээр автомашины дугуй засварын үйлчилгээ явуулж байхад хариуцагч Баянгол дүүргийн газрын албанаас хяналт тавиагүй, тухайн газрыг Д.Од олгох шийдвэр гаргаснаас болж бид өөрийн газар дээрээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байна...” гэж өөрчилсөн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, иргэн Д.О нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн газрын албанд хандаж Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 4 дүгээр гудамжны 67 тоотын урд талд байрлах газрыг эзэмших хүсэлт гарган түүндээ тухайн газрын кадастрын зураг, фото зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг хавсаргаж өгсөн,

            Үүний дагуу маргаан бүхий захиргааны акт болох Баянгол дүүргийн Засаг даргын, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...дугаар захирамжаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21.5.3, 29.1, 29.2, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10/09 дүгээр тогтоол...-ыг тус тус үндэслэн Баянгол дүүргийн...11... дүгээр хорооны нутаг дэвсгэрт ...г тоот хаягт байрлах 80 м.кв газрыг иргэн Д.Од гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу түүнд тухайн газрыг гэр орон сууц, хашааны газрын зориулалтаар, эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэж, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны  өдөр 39997 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгч Ш.О, С.Ө нарын тухайд, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 4 дүгээр гудамжны 67 тоот хаягт байрлах газрыг Ш.Оы ээж Д.Л өмчилж байсан, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 387090 тоот Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр уг газрыг Шийнэнгийн О, Сн Ө нарын хууль ёсны өмчлөлд бүртгэж эрхийн улсын бүртгэлийн ...дугаар олгосон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

Түүнчлэн шүүхээс хийсэн газрын үзлэг болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/3210 дугаар албан бичгээр ирүүлсэн, кадастрын мэдээллийн сангийн  зурган мэдээллээр нэхэмжлэгч Ш.О, С.Ө нарын өмчлөлийн газар болон гуравдагч этгээд Д.Оын эзэмшил газрын нэгж талбарууд нь хоорондоо ямар нэгэн давхцалгүй, бусад нэгж талбаруудын орц, гарцыг хаагаагүй болох нь тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 21.5-д “Дүүргийн засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “...дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу...дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх...асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж, 32 дугаар зүйлийн 32.1-д “иргэн...газар эзэмших хүсэлтээ тухайн шатны засаг даргад...гаргана”, 32.2-т “иргэн...хүсэлтэд дараахь зүйлийг тусгана” гэж, 33 дугаар зүйлийн 33.4-т “аймаг нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл иргэн Д.Оын газар эзэмших тухай хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна тухайн газар нь Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд “Баянгол дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Зүүн нарангийн 4 дүгээр гудамж хаягт Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0,04 га” гэж заагдсан, энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт нь Газрын тухай хуулийн 33.4-т заасныг зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.Од гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон боловч бодит байдал дээр дугуй засварын үйлчилгээ явуулж байгаагаас хөрш залгаа газар эзэмшигчийн эрх зөрчигдөж байна...” гэж тодорхойлон маргасан хэдий ч энэ нь гуравдагч этгээд Д.Од газар эзэмших эрх олгосон Баянгол дүүргийн Засаг даргын, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...дугаар захирамжийн түүнд холбогдох хэсгийг хууль зөрчсөн гэж үзэх, улмаар уг захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “...захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтаас үзвэл хариуцагчийн гаргасан, маргаан бүхий захиргааны актаар иргэн Д.Од гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон хэдий ч Д.О тухайн газарт дугуй завсрын үйлчилгээ явуулсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдсөн гэж үзэх боломжгүй, тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх нь маргаан бүхий захиргааны акттай шалтгаант холбоо үүсгэхгүй  байна гэж шүүх үзлээ.

Тухайлбал, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д зааснаар газар эзэмшигч нь “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй” ба Д.Оын “дугуй засварын үйлчилгээ явуулж байгаагаас хөрш залгаа газар эзэмшигчийн эрх”-ийг зөрчсөн гэх асуудал нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Ш.О, С.Ө нарын зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол биш.

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...дугаар захирамжийн Д.Од холбогдох хэсэг нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан, хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт байх ба уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д “хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хөршийн нөлөөллийг хориглон хязгаарлах үндэслэлтэй гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, энэ тохиолдолд гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон захиргааны актыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ө, Ш.О нараас Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...дугаар захирамжийн иргэн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.ДУЛАМСҮРЭН