Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/01251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ЦК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Н-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 135.808.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЦК ББСБ ХХКнь зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд хариуцагч О.Н нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 15/003 дугаартай зээлийн гэрээ байгуулан 80.000.000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан.  Зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр комбинатын гудамж, 92 дугаар байрны 12 тоот хаягт байрлах 92.98 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалж уг гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байдаг. Түүнээс хойш хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээл болон зээлийн хүү, алдангийн төлбөрт нэг ч төгрөг  төлөөгүй байна. Хариуцагчийн төлөх ёстой үнийн дүн нь үндсэн зээл болох 80.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх өдрийн байдлаар хүү нь 45.013.333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.267.000 төгрөг, нийт 135.808.000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч нь зээл болон зээлийн хүү алдангийг төлөөгүй учир ЦК ББСБ ХХК-иас удаа дараа бичгээр болон амаар шаардаж байсан. Иймээс Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн шаардлагыг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Н нь ЦК ББСБ ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 80.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамжны 93 байрны 12 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206039648 дугаартай улсын бүртгэлд бүртгэгдсэн 92.98 м.кв  3 өрөө орон сууц барьцаалсан. Барьцааны гэрээг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газар бүртгүүлж, баталгаажуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгч талаас хариуцагчийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан. Хариуцагч О.Н зээлээ төлнө, барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан. 2016 оны 06 дугаар сард барьцаа хөрөнгө маргаантай болсон. Энэ асуудлыг мэдээд нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасан. О.Н, ЦК ББСБ ХХК, Г.Эрдэнэчимэг нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд маргаан 3 шатны шүүхээр хянагдаж, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна гэх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байдаг. Хариуцагч О.Нийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 80.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүнд 46.506.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9.301.333 төгрөг, нийт 135.808.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан. Өмнө хэрэг хэлэлцсэн шүүх хуралдаанд О.Н өөрийн биеэр оролцохдоо зээлийн гэрээний төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжид тодорхой дурдагдсан байдаг. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг учраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.   

 

Хариуцагч О.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ЦК ББСБ ХХК-иас 80.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн объектийг би захиалан бариулж, миний эзэмшилд байх хугацаанд дээрхи зээлийн гэрээг байгуулан барьцааны хөрөнгө болгосон. Харин одоогийн байдлаар уг орон сууц нь Г.Эрдэнэчимэг гэдэг хүний нэр дээр захиалгатай, 55.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд уг асуудлаар хэрэг үүсгэгдэн иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд явж байгаа. Нэхэмжлэгч талын гаргасан үндсэн зээлийн төлбөр болох 80.000.000 төгрөг түүний хүү алданги зэргийг нэхэмжилсэн үнийн дүнг  хүлээн зөвшөөрч байна. Гэрээ байгуулан гэрээний үүргээ биелүүлээгүй нь үнэн.  Г.Эрдэнэчимэг нь одоо тухайн орон сууцанд амьдарч байгаа. Мөн энэ асуудлаар тус дүүргийн иргэний хэргийн шүүхэд маргаантай явж байгаа. Энэхүү маргаанд ЦК ББСБ ХХКнь гуравдагч этгээдээр оролцож байгаад шүүгчийн захирамж гарснаар хэргийн оролцогчоос хасагдаж, тусдаа нэхэмжлэл гаргасан.  Нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай асуудал дээр Г.Эрдэнэчимэг гэдэг хүний эрх ашиг хэрхэн зөрчигдөхөөс хамаарах байх гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЦК ББСБ ХХКнь хариуцагч О.Нид  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 135.808.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч О.Н нь зээлийн төлбөрийн талаар маргаагүй бөгөөд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд барьцааны хөрөнгийн өмчлөгчийн маргаантай байгаа гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч нь нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ЦК ББСБ ХХКнь хариуцагч О.Нтой  2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №15/003 тоот зээлийн болон баталгаат ипотетикийн гэрээгээр Ү-2206039648 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 12 тоотын 92.98 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан, 80.0000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 80.000.000 төгрөг, зээлийн хүү 46.506.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.301.333 төгрөг, нийт 135.808.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч ЦК ББСБ ХХКнь зээлдэгчид гэрээгээр тохирсон 80.000.000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 66.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 14.000.000 төгрөгөөр хувааж, О.Нид бэлнээр өгсөн нь кассын зарлагын баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож, зээлдэгч нь үндсэн зээлийг хүүтэй нь хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

            Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар маргаагүй, зээлийн гэрээний 3.1.4-т хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг авахаар тохиролцож, энэ дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

 

            Иймд хариуцагч О.Ноос үндсэн зээлийн үлдэгдэлд 80.000.000 төгрөг, зээлийн хүүнд 46.506.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9.301.333 төгрөг,  нийт 135.808.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЦК ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

 ЦК ББСБ ХХК-ийн  хариуцагч О.Нтой  2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №15/003 тоот баталгаат ипотетикийн гэрээний 2.1 заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Г.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 00201 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж,  дээрх барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоосон байна.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай.

 

Иймд хариуцагч О.Н  нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №15/003 тоот зээлийн болон баталгаат ипотетикийн гэрээгээр Ү-2206039648 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 12 тоотын 92.98 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 907.190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч О.Ноос 135.807.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЦК ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч О.Н үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ү-2206039648 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 12 тоотын 92.98 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 907.190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ